"Өсвөрийн боксын УАШТ 60 саяын төсөвтэй ч тамирчдын хоол, байранд зарцуулж хүрэхгүй"

Боксийн өсвөр үеийн Монгол Улсын аварга шалгаруулах тэмцээн Өмнөговь аймгийн Даланзадгад хотод 2024.04.21-27-ны өдрүүдэд болж байна.
Тэмцээнд нийслэлийн 9 дүүрэг 21 аймаг нийт 33 байгууллагын 300 гаруй тамирчид өрсөлдөн оролцож байгаа ч тамирчдыг байрлуулж буй байр сууц нь наад захын эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ор байхгүй, нэг өрөөнд хэт олноор байлгаж байгаа зэрэг олон асуудалтай байгаа аж.
Тус тэмцээнд оролцож буй багш, тамирчид "Өсвөрийн тамирчдыг байрлуулж байгаа дотуур байр, хоол ундаас эхлээд аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангахгүй байна" гэх гомдол мэдээллүүд нийгмийн сүлжээнд хөврөөд байна.
Угтаа бол улсын хэмжээний томоохон тэмцээнийг аймагтаа зохион байгуулж байгаа Өмнөговь аймаг 2024 оныг "Хүүхдийн хөгжил, хамгааллын жил" болгон зарласан боловч энэ мэт жижиг асуудал дээр анхаарал хандуулсангүй.
Харин дээрх асуудал дээр Монголын боксын холбоо “Тэмцээний зааврын 7 дугаар бүлэгт “Тэмцээнд оролцох бүх дасгалжуулагч, тамирчдын тээврийн болон байр хоолны зардлыг тухайн багийн орон нутгийн холбогдох байгууллага хариуцна.” гэж бий. Гэсэн ч Өмнийн говийн сайхан сэтгэлтэй ард түмэн өөрсдөд буй бүх бололцоогоо ашиглан тэмцээнд оролцогч 30 гаран байгууллагын 400 орчим багш дасгалжуулагч, тамирчдын байрны асуудлыг үнэ төлбөргүйгээр шийдэж өгсөн. Энэ удаагийн “Өсвөрийн боксчдын улсын аварга шалгаруулах тэмцээн"-д гэхэд 60 сая төгрөг төсөвлөн гаргаж Монголын боксын спортын залгамж халаа болсон хүүхэд залуусыг дэмжин, ирээдүйн тив, дэлхий, олимпын тавцанд улс эх орныхоо нэр алдрыг цуурайтуулах тамирчдыг бэлтгэн гаргах үйлст үнэтэй хувь нэмрээ оруулж байгааг дурдах хэрэгтэй.
Аливаа тэмцээн уралдаан төсөв мөнгөнөөс гадна зөв зохион байгуулалт, хамтын хүчин чармайлт, энэхүү спортын төлөө гэсэн сэтгэлтэй ямар ч бэрхшээлийг даваад гарах тийм л хүмүүсийн хоёргүй сэтгэлээр бүтдэг юм. Бид гарсан зөрчилд маш яаралтай анхаарч холбогдох байгууллагын зөвлөмж, чиг үүргийн дагуу арга хэмжээ авч ажиллаж байгаа болно” хэмээн хариу тайлбар мэдээллийг өглөө.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын хамгийн баян боломжтой аймаг. Миний дуулснаар гэр нь эйркондишнтэй. Наад хүүхдүүд чинь таны, манай, Монгол хүүхдүүд. Гадаад хүүхдүүд онгоцоор очихоор сүйд болдог байж. Арай арай. Дарга нар очихоор яадаг билээ.