Төв номын сан 3 сая судар номоо авч үлдэж, үйл ажиллагаа хэвээр явуулна

Монгол Улсын Үндэсний Номын Сан энэ 5 дугаар сард шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, үйл ажиллагаагаа нээхтэй холбогдуулан уншигч, олон нийтийн зүгээс хамгийн их санаа тавьж, лавлан асууж буй асуулт бол одоогийн хуучин барилгыг хэрхэх талаарх асуултад хариулт өглөө.
Тодруулбал, Төв номын сан "Төв номын сан" хэвээр үлдэнэ. Монгол Улсын Үндэсний Номын Сан шинэ барилгаа ашиглалтад хүлээн авч, зөвхөн салбар номын сангаа нээж байгаа юм. Монгол Улсын Үндэсний Номын Сан сан хөмрөгтөө байгаа ном хэвлэлийн 534 мянгыг нь шинээр нээж буй салбар номын сандаа шилжүүлж, үлдсэн 3.0 сая орчим судар бичиг, сурвалж судлалын эх хэрэглэхүүн, ном хэвлэлээр Төв байр /хуучин барилга/-ндаа Эрдэм шинжилгээний номын сангийн үйл ажиллагаа эрхлэн явуулна.
Мөн Ерөнхийлөгчийн нэрэмжит Эрдэм шинжилгээний уншлагын танхим, Нийтийн уншлагын танхимуудаараа дамжуулан эрдэмтэн судлаачид, уншигч олондоо үйлчилж ажиллана.
Неоклассик загвартай, сонгодог шийдэл бүхий уг архитектурын дурсгалт барилгыг Нийслэлийн Засаг даргын 2015 оны А/529 дүгээр захирамжаар нийслэлийн хамгаалалтад авч, Соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд бүртгэсэн.
Анх 500 мянган ном хэвлэлийг агуулан хадгалах зориулалтай баригдсан уг барилгад үйл ажиллагаа явуулж байгаа Монгол Улсын Үндэсний Номын Сангийн сан хөмрөг дэх ном хэвлэлийн тоо 3.5 саяд хүрсэн тул шинэ барилга барьж байгуулах ажил 2014 оноос эхэлж, 2024 онд ашиглалтад оруулснаар Төв номын сан өрх өсгөж, хаяа тэлэн салбар номын сангийнхаа үүдийг нээж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.