ОХУ-ын эмч нар Улсын I төв эмнэлэгт ирж, элэг шилжүүлэн суулгах туршлага судалж байна

ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлгийн мэс заслын баг Улсын нэгдүгээр төв эмнэлэгт ирж амьд донороос элэг шилжүүлэн суулгах туршлага судаллаа.
Энэ талаар ОХУ-ын Красноярск мужийн төв эмнэлэг мэс заслын эмч Соболев Павел “Красноярск мужийн төв эмнэлэг 2016 оноос хойш амьгүй донороос элэг шилжүүлэн суулгаж байна. Харин одоо бид амьд донороос элэг шилжүүлэн суулгахын тулд туршлага судлах зорилгоор Монгол Улсын нэгдүгээр эмнэлэгтэй гэрээ байгуулсан.
Гэрээний дагуу манай эмч нар улсын I төв эмнэлэгт ирж ажиллаж монголын эмч нараас мэс заслын техник, бүх талын мэдлэг мэдээллийг хуваалцаж суралцлаа. Цаашид элэг шилжүүлэн суулгах мэс заслыг мужийнхаа эмнэлэгт амжилттай үзүүлнэ гэдэгт найдаж байна” гэж сэтгэгдлээ илэрхийлжээ.
Донорын тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт бэлдэж бэлэн болгосон эрүүл мэндийн 26 дахь сайд А.Цогцэцэг “Тархины үхжилттэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах асуудлыг хуульчилж, эрхтний наймаанаас сэргийлэх олон заалтыг оруулж, донор хүн реципент хэн байх вэ гэдгийг зааглаж эрхзүйн орчныг бүрдүүлсэн. Ингэснээр технологийн хамгийн том шийдлийг илэрхийлдэг эрхтэн шилжүүлэн суулгах хагалгаа Монгол улсад хөгжсөн. Энэ нь эргээд гадаадаас манайд валют оруулж ирэх боломж ч бүрдэх суурь нь тавигдсан гэж боддог. Хөххотоос Красноярск хүртэл Мянганы замын ард иргэд эрхтэн шилжүүлэн суулгах төвгүй. Хэрвээ монгол улс энэ салбараа хөгжүүлбэл эрүүл мэндийн аялал жуулчлалыг хөгжүүлж эх орондоо валют оруулж ирэх боломжтой” хэмээн ярьсан.
Тухайн хуулийн ач холбогдол нь зөвхөн эрүүл мэндэд төдийгүй аялал жуулчлал, эдийн засгийн салбарт ч бодит үр өгөөж өгч байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.