Сонсголуудаа салхинд хийсгээгүй ч хэлэлцэх асуудлаа дуусаагүй отгон чуулган маргааш хаана

УИХ-ын 2024 оны хаврын ээлжит чуулган гуравдугаар сарын 15-нд нээлтээ хийсэн. Энэ удаагийн хаврын чуулган Г.Занданшатарын парламентийн сүүлийн чуулган гэдгээрээ онцлог. Мөн 76 гишүүнтэй сүүлийн парламент. Учир нь 2024 оны УИХ-ын ээлжит сонгуулиар 126 гишүүнтэй парламент бүрдэх учиртай.
Энэ хаврын чуулганаар хэлэлцүүлэхээр байнгын хороодоос 39, Засгийн газраас 50, УИХ дахь МАН-ын бүлгээс 24, АН-ын бүлгээс 37, давхардсан тоогоор нийт 150 хууль тогтоолын төслийн санал ирүүлсэн. Үүнээс 44 хууль, тогтоолын төслийг хэлэлцэхээр тогтсон.
Гэсэн ч эдгээр хууль тогтоолын төслийг бүгдийг нь хэлэлцэж амжилгүй чуулган өндөрлөж байна. Тодруулбал маргааш буюу гуравдугаар сарын 5-ны өдөр хаврын чуулган хаалтаа хийнэ. Энэ чуулганаар тоотой хэдэн хуулийн төслийг хэлэлцэн баталж, ихэвчлэн ирц хүрэхгүй, гишүүд сонгуулийн сурталчилгаандаа голчлон анхаарав. Харин нээлттэй дөрвөн том сонсголоос гурвыг нь зохион байгуулсан.
Тодруулбал, хотын газар олголт, ногоон автобус, уул уурхайн лиценз олголт, эмийн чанарын сонсгол ихээхэн анхаарал татаж байсан юм. Эдгээрээс эмийн чанарын сонсгол, ногоон автобусны сонсгол, уул уурхайн лиценз олголтын сонсгол гэсэн дарааллаар болж харин хотын газар олголтын сонсгол болоогүй. Учир нь энэ асуудлыг Нийслэлд даатгаад үлдээсэн. Дээрх гурван сонсгол тус бүр хоёр хоног үргэлжилж, холбогдох гэрчүүдийг дуудаж мэдээлэл сонссон.
Автобус болоод эмийн сонсгол төдийлөн олны анхаарлыг татаагүй. Өөрөөр хэлбэл нам жимхэн, сул болоод өнгөрсөн. Харин уул уурхайн лиценз олголтын сонсгол тодорхой хэмжээнд анхаарал татаж, улс төрчдийн болоод Монголд хамгийн олон уул уурхайн лиценз эзэмшиж буй хүмүүсийн мэдээлэл шүүмжлэл дагуулсан. Мөн сонсголыг өөрөө уул уурхайн лицензтэй гишүүн ахалсан нь агуулга хэлбэрийн зөрчил гэж харагдав.
Хууль, тогтоолын төслүүдийн тухайд УИХ-ын гишүүд сонгуулийн сурталчилгаанд ашиглаж, иргэдээс оноо авч болох, тэдэнд ашигтай хуулийн төслүүдэд голлон ач холбогдол өгсөн. Бусад үед байгаагүй. Жишээлбэл шуурхай горимоор хэд хэдэн хуулийг баталсан. Үүнд Үндэсний баялгийн сан, орон сууцжуулах хөтөлбөр зэрэг багтаж буй.
Харин чухалд тооцогдож байсан ч хэд хэдэн хуулийн төслийг огт хэлэцэлгүй чуулган ийн өндөрлөв. Тухайлбал,
Нэг. Ерөнхийлөгчийн тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Хоёр. Иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл;
Гурав. Бүсчилсэн хөгжлийн удирдлага зохицуулалтын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/;
Дөрөв. Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн төсөл /Шинэчилсэн найруулга/ зэргийг хэлэлцсэнгүй.
Ингээд харвал энэ удаагийн хаврын чуулган 76 гишүүнтэй парламентын отгон чуулган гэгдэж анхаарал татаж байсан ч үр дүнд хүрсэнгүй. Хот, хөдөөгөөс сонгогдсон гишүүд дөрвөн жил нам гүмхэн байснаа гэнэт эдгээр өдрүүдэд хөдөлгөөнд оров. Бүгд адил буюу хийж бүтээгээгүй зовлонтой тул чуулганд тэр, энэ суусангүй гэж нам дотроо байтугай намаараа ч талцсангүй. Энэ парламентын хугацаанд тэд ингэж л ганц удаа эвтэй юм шиг харагдав. Харин чуулган маргааш албан ёсоор хаана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.