М.Мягмар: Ахынхаа гүйцээж чадаагүй оргилд хүрэхийн тулд шагайн харваанд дурласан

Ахыгаа алдсаны дараа, зургаан жилийн өмнөөс "Үргэлжлэл нь болно" гээд шагайн харваагаар хичээллэж эхэлсэн түүнийг М.Мягмар гэдэг. Тэрбээр 24 настайгаасаа эхлэн шагайн харваагаар хичээллэж ахынхаа үлдээсэн түвшинд эн тэнцэхийн тулд тасралтгүй хөдөлмөрлөсөөр иржээ.
-Та өөрийгөө танилцуулбал?
-Би Баян-Өлгий аймгийн харьяат. Одоо МГБИ гээд барилга угсралтын компанид менежерээр ажилладаг. Миний хувьд энэ спортоор хичээллээд зургаан жил болж байна. Одоогийн байдлаар ажлынхаа хажуугаар хааяа нэг зав гарган сум тавьдаг.
-Анх энэ спорттой хэрхэн танилцаж байв, танд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Ах маань М.Болд гээд аймгийн гоц мэргэн харваач хүн байлаа. Ахыгаа л их харж өссөн. Надад үргэлж "Чи шагай харваж үз, яг чадах хүн" гэж хэлдэг байсан юм. Би тэр үед нэг их хүлээж аваагүй. Харин сүүлд ахыгаа алдчихаад "Гүйцээж чадаагүй оргилд нь хүрье" гэж бодоод шагайн харваагаар хичээллэж эхэлсэн дээ.
-Шагайн харваагаар хичээллэхэд, тулгамдаж байсан асуудал байсан уу?
-24 нас гэдэг бол зурхайнаас эхлэн есөн тохой газраас эхэлж харвах нас. Энэ нь надад их хол санагддаг байлаа. Гар хурууны байрлал болон техникээ сайн сураагүй учраас багахан хүндрэлтэй сагнагддаг байсан. Харин одоо дуртай зүйлдээ гаргах цаг маань багассан нь сэтгэл өвтгөж, хэцүү санагддаг болсон.
-Одоо үед хүүхэд, залуучууд уламжлалт тоглоом наадгай, спортоос их алсарсан. Харин та шагайн харваагаар хичээллэж эхлээд, юуг хамгийн ихээр өөртөө шингээж авсан гэж боддог вэ?
-Санал нийлж байна. Одоо үеийн хүүхдүүд уламжлалт тоглоомоосоо их хол өсөж байна. Нийгэм нь ингээд таарчихсан байж магадгүй л юм. Гэхдээ бид томчуудынхаа үүргийг гүйцэтгээд хүүхдүүдэд эдгээр уламжлалаа таниулах хэрэгтэй байх гэж боддог. Шагайн харвааны спорт бол тэсвэр, тэвчээр хатуужилтай болгодог. Ямар ч нөхцөлд анхаарлаа дээд цэгт төвлөрүүлж сурдаг гэж хэлж болно. Тэмцээний үеэр уухайлах дуунд омогших мэдрэмж авдаг. Их сайхан бахархмаар спорт шүү дээ.
-Би ахынхаа хийгээгүйг арай гүйцээж амжаагүй явна-
-Та сая хэлэхдээ, шагай харваанд их цаг зарцуулж чадахгүй байна гэж хэлсэн. Үүнээс өөр одоогийн нөхцөл байдалд хэцүү санагдаж байгаа зүйл бий юу?
-Яг хүнд, хэцүү биш л дээ. Гэхдээ би хөдөө орон нутгийн харьяалалтай учраас нийслэлд ямар нэгэн баг, клубт одоогоор орж чадаагүй байна. Сүүлийн үед цаг зав зарцуулж амжихгүй байгаа тул хүмүүстэй танилцаж, багт орж чадаагүй явна.
-Ярилцлагын эхэнд хэлсэнчлэн та ахынхаа "Гүйцээгээгүй оргилд хүрье" гэсэн. Хүрээгүй явна гэж өөрийгөө голдог уу?
-Тийм ээ, хүрээгүй л явна. Эхлээд багт харьяалагдаж, дараа нь улсын цолонд хүрэх хэрэгтэй. Ер нь ахынхаа хийснээс маш сайн давуулсан цагт л би зорилгодоо хүрчээ гэж бодох байх аа /инээв.сурв/.
-Таны малгайн дээрх тэмдэг их сонирхолтой санагдлаа?
-Шагайн харваа ч бөх шиг цолны эрэмбэтэй. Улсын цолонд хүрвэл малгайн дээрх тэмдэг дугуй хэлбэртэй болно. Шагайн харваа ер нь бүх талаараа маш сайхан спорт.
-Ярилцлагын төгсгөлд хүүхэд, залуучуудад хандаж үг хэлбэл?
-Аливааг сурахын тулд сууж сурах хэрэгтэй. Тэгээд ямар ч нөхцөлд анхаарлаа төвлөрүүлдэг байх хэрэгтэй. Эдгээрийг бүхэлд нь шагайн харваанаас сурч болно. Тиймээс монгол уламжлалт тоглоом наадгайгаар хичээллэж сураарай гэж захимаар байна.
-Цаг гарган ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.