СПОРТ

Гавьяат дасгалжуулагч Л.Сандагдоржийг эцсийн замд нь үдлээ

Монголын хөлбөмбөгийн шигшээ багийн анхны тамирчин, анхны зургаан спортын мастерын нэг, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч, Монгол улсын шигшээ багийн дасгалжуулагч Лувсандоржийн Сандагдорж агсныг эцсийн замд нь үдэх ёслол МХБХ-ны футзалын ордонд боллоо.

Хөлбөмбөг, хоккейн спортын төлөө тоглогч, дасгалжуулагчийн хувиар олон арван жилийг зарцуулахдаа зуу зуун шавь нарыг бэлдэн Монголын спортын ертөнцөд үнэлж барамгүй хувь нэмэр оруулсан. Мөн Монголын хөлбөмбөгийн холбоог үүсгэн байгуулцаж, 1999-2003, 2005-2009 оны хооронд МХБХ-ны нарийн бичгийн даргаар ажиллаж, Монголын хоккейн холбоог 1991 онд гардан байгуулж, дэд ерөнхийлөгч, тэргүүлэгчээр сонгогдон ажиллаж байсан билээ.

Монголын хөлбөмбөгийн 60 жилийн түүх Л.Сандагдорж гавьяаттай салшгүй холбоотой. 1956-1959 оны хооронд БНМАУ-ын анхны шигшээ багийн тоглогч болсон цагаас Монголын хөлбөмбөгийн түүхэн хүний замнал эхэлсэн байдаг.

"Алдар", "Замчин" нийгэмлэг, Ардын армийн 016 дугаар нэгдэл, МУИС-т хөлбөмбөгийн спортын цагийн багш, Засгийн газрын дэргэдэх Залуучууд спортын хороонд хөлбөмбөгийн дасгалжуулагч, “Мон Сол”, “Дэлгэр”, “Ирээдүй” клубт дасгалжуулагчаар ажиллаж, өөрийн ухамсарт амьдралаа биеийн тамир, спортын хөгжилд зориулсан хүндэт сурган хүмүүжүүлэгч байсан юм.

Л.Сандагдоржийн хөдөлмөр зүтгэлийг төр, засаг, салбарын зүгээс өндрөөр үнэлж, Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цол, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, Байлдааны гавьяаны улаан тугийн одон, Алтан гадас одон, Байлдааны гавьяаны одон, Ардын хувьсгалын 70 жил, Халхголын ялалтын 30 жил, Ардын армийн 50, 60 жилийн ойн медалиар шагнаж байв.

Талийгчийн хийж бүтээсэн үйл хэрэг, хөдөлмөрч хичээнгүй, шударга, тууштай, хүнлэг даруу зан чанар, гэгээн дүр төрх бидний сэтгэл зүрхэнд мөнхөд үлдэнэ.

Эх сурвалж: Монголын хөлбөмбөгийн холбоо

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button