СПОРТ

Эрэгтэй хүүхдүүдтэй уралдан, аавынхаа үргэлжлэл болж яваа эгч, дүүс

Өнгөрсөн жил болсон мото спортын нэгэн уралдаанд эгч, дүү хоёр өөрөөсөө насаар ах, эрэгтэй хүүхдүүдтэй ана мана уралдсаар барианд ороход нь тэднээр өөрийн эрхгүй бахархан, басхүү өхөөрдөж билээ. Урдаа таарсан бартаа саадыг эгдүүтэй гэгч нь туулж, чадмаг жолоодсоор эрэгтэй хүүхдүүдээс ер дутахгүй ур чадвартай, хор шартай өрсөлдөхийг нь хараад ёстой шоконд орж билээ. “Пөөх, эмэгтэй хүүхэд мотоциклийг ийм мундаг унаж чаддаг юм аа, тэгээд бүр эгч, дүү хоёр” гээд дуу алдсанаа тод санадаг юм. Уралдааны үеэр лав нэг тамирчны найз нь “Еэ еэ бөөвөө, охин гүйцдэггүй” гээд дооглосон юм даг. Нийтлэлийн маань гол баатруудыг спортын мастер А.Анар, спортын дэд мастер А.Алтжин гэдэг. А.Анар 16, дүү нь 14 настай. Тэд мото спортын олон улсын хэмжээний мастер Э.Амгалангийн охид гэдгийг спортын хүрээнийхэн сайн мэднэ.

МОНГОЛД ӨӨР УРАЛДААНЧ ОХИН БАЙХГҮЙ ТУЛ ТЭД ЭРЭГТЭЙ ХҮҮХДҮҮДТЭЙ УРАЛДДАГ

Эмэгтэй байтугай эр хүн ч төдийлөн хичээллэж зүрхэлдэггүй мото спорт яахын аргагүй жинхэнэ эр зоригийн шалгуур. Эл спорттой зөвхөн зоригтой, цөс ихтэй хүн л амьдралаа холбодог гэхэд хилсдэхгүй. Тэгвэл эрчүүдийн гэх тодотголтой мото спортоор эгч, дүү хоёр хичээллэн, бас болоогүй ээ чамлахааргүй өндөр амжилт гаргаж явна. Мото спортоор хичээллэдэг эрэгтэй хүүхэд Монголд хуруу дарам. Насных нь ангилалд өрсөлддөг тэднээс өөр эмэгтэй тамирчин Монголд байхгүй болохоор эгч, дүүс эрэгтэй хүүхдүүдтэй хурд сорьдог. Гэхдээ эрэгтэй хүүхдүүдтэй ана мана, ач тач өрсөлдөн, ур чадвар, бяр тэнхээ, авхаалж самбаагаар ер дутдаггүй юм билээ. Хоёр жилийн өмнөх УАШТ-д эгч нь түрүүлж, дүү нь мөнгөн медаль хүртсэн нь үүний илрэл. А.Анар 250 cc, А.Алтжин 150 сс ангилалд уралддаг. “Улаанбаатар Эмпати” сургуульд сурдаг тэд 2012 онд анхныхаа тэмцээнд оролцож байжээ.

ААВААСАА ҮЛГЭРЛЭН МОТО СПОРТОД ХӨЛ ТАВЬЖЭЭ

Тэд мото спортоор хичээллэсэн нь аавтай нь салшгүй холбоотой. Э.Амгалан уралдаанд охидоо дагуулж явах дуртай байсан нь тэдний эл спортод дурлан, хорхойсоход их нөлөөлжээ. Энэ тухай А.Анар “Бид хоёр багаасаа мото спорт сонирхож, олон улсын уралдаан, дэлхийн шилдэг тамирчдын үзүүлбэрийг цахимаар үзэж өссөн. Өндөрт дүүлэн, харайхад нь “Ямар гоё юм бэ. Ингэж сурах юм сан” гэж догдолдог.  Аав бэлтгэлдээ бид хоёрыг дагуулж явах дуртай байсан нь энэ спортод дурлахад их нөлөөлсөн. Одоогоос найман жилийн өмнөх шинэ жилийн орой аав бид хоёрт мотоцикл бэлэглэсэн нь санаанаас гардаггүй юм. Аав бүгдээрээ гадаа гарч, цасаар тоглох гэхээр нь гэрээсээ гараад иртэл хоёр хайрцагтай юм байна. Энэ юу юм бэ гэсэн чинь “Харин юу юм бол. Үз дээ” гэхээр нь задлатал мотоцикл байсан. Тэгэхэд бид хоёр бие биенээ тэврээд, бөөн баяр болсон. Тэр жил дүүтэйгээ хамт Гавьяат дасгалжуулагч Эрдэнэбилэг, Азийн аварга Э.Халиунболд багшийн шавь болж байлаа” гэсэн.

Мотоцикл унаж сурах тэдэнд хамгийн амаргүй, бэрх даваа байсан гэнэ. Энэ тухай А.Алтжин “Найзууд “Унаж сурахынхаа өмнө айж, түгшсэн үү” гэж надаас асуудаг. Би тэгээгүй ээ. “Мотоцикл унаж сурна аа, гоё байх” гэж л бодсон. Анх унахад ёстой догь мэдрэмж төрж, хүчтэй хазлахад сандраад зүрх “Түг, түг” гээд цохилсон. Хүмүүс мотоцикл унах амархан, хаазлаад л байхад болно гэж боддог байх. Гэхдээ тийм биш. Ялангуяа мал хариулдаг бус уралдааны мотоцикл бүр ч хэцүү. Амьгүй, техник болохоор би юу гэж хэлсэн ч ойлгохгүй. Тийм болохоор би өөрөө хичээж, өөрийн болгох нь чухал” хэмээн инээмсэглэв. Харин эгч нь “Үнэнийг хэлэхэд тухайн үед би дугуй унаж чаддаггүй байсан юм аа. Хэчнээн хичээсэн ч нэг л болж өгдөггүй байсан. Эвсэл муутай байсан юм болов уу, бүү мэд. Тэгсэн харин мотоциклыг арай амархан унаж сурсан. Анхандаа мотоциклоо удирдах бус удирдуулдаг байлаа. Хаашаа л явна, тийшээ нь жирийлгээд л. Одоо тэгэхээ больсон. Хүссэн зүг рүүгээ хурд мэдэн давхиж сурсан” гэж нэлээд додигор өгүүлэв.

УРАЛДААНЫ ҮЕЭР ХООРОНДОО МӨРГӨЛДӨН, МӨРӨӨ ГЭМТЭЭЖ БАЙЖЭЭ

Хоёр жилийн өмнө УАШТ-д тэд түрүү булаалдсан. Төрсөн эгч, дүү хоёр эрэгтэй хүүхдүүдтэй уралдаад алт, мөнгөн медаль хүртсэн нь яах аргагүй ховор амжилт. Хоёулаа хамт уралдахад их түшигтэй, гоё байдаг гэнэ. А.Анар их хэрсүү юм билээ. Тэрбээр “Анх хичээллэж эхлэхэд дүү минь надаас илүү байсан. Дахиад дийлдвэл уралдахаа болино гэж өөртөө амлаж байсан шүү дээ, нээрэн (инээв). Учир нь би эгч нь болохоор үргэлж шилдэг байж, дүүдээ үлгэрлэх нь зүйтэй. Дүүтэйгээ хамт медаль хүртэн, шагналын тавцанд зогсох хамгийн сайхан. Үргэлж тусалж дэмждэг аав, ээж, багш, найз нөхөддөө хайртай шүү” гэхэд нь А.Алтжин “Өө, та тэгдэг юм уу. Би уралдааны үеэр таныг өрсөлдөгч л гэж боддог” гээд бөөн хөхрөлдөөн болов. Тэгснээ А.Алтжин “Аав ээжтэй гэрлээгүй байсан бол бид хоёр энэ спортоор хичээллэхгүй ч байсан юм бил үү. Миний сайхан аавтай ханилсан ээждээ баярлалаа” гээд ээжээрээ бахархан хэлээд инээмсэглэв.

Мото спорт эрсдэл ихтэй. Тэд уралдааны үеэр зөндөө олон удаа бэртэж байсан. Бэлтгэл болон уралдааны үеэр уначих вий, бэртчих вий гэж айх хамгийн хэцүү гэнэ. Дөрвөн жилийн өмнө нэгэн тэмцээнд оролцож байхдаа хоорондоо үл ойлголцсоны улмаас мөргөлдөн, мөрөө гэмтээсэн гэнэ. А.Алтжин нэг том толгод дээгүүр даваад буухдаа доор нь эгчийгээ явж байсныг мэдэлгүй мөргөлдчихсөн гэнэ. Аав нь хоёр охиндоо “Амжилт хүсье. Түрүүлээрэй” огт хэлдэггүй гэнэ. Зүгээр л “Болгоомжтой байгаарай. Ээ дээ бэртэж, гэмтэв” л гэж захидаг юм билээ.

ААВ, ЭЭЖ НЬ ОХИДЫНХОО ТӨЛӨӨ БҮХНЭЭ ЗОРИУЛДАГ

Мото спорт өртөг өндөртэй. Аав ээж нь охиддоо хамгийн чанартай гэсэн бүхнийг авч өгдөг юм билээ. Тэд бэлтгэлээ Морингийн даваа, Хүй долоо худагт долоон хоногт тав, заримдаа зургаан өдөр базаадаг. Хамгийн ойр нь болох Морингийн даваа л гэхэд Улаанбаатар хотоос 20 гаруй км зайтай. Тэгэхээр гэрээс гарахдаа дугуй, гинж, бензин зэрэг бүх зүйлээ сайтар шалгах нь чухал. Ганцхан зүйл мартвал тэр өдрийн бэлтгэл “будаа” болдог гэнэ.

А.АНАР 2014, 2017 ОНД ОНЫ ШИЛДЭГ ТАМИРЧНААР ШАЛГАРСАН

Аавынхаа үргэлжлэл болж яваа хоёр тамирчны эгч нь болох А.Анар 2014, 2017 онд насныхаа ангилалд оны шилдэг болжээ. Мэдээж эрэгтэй тамирчидтай өрсөлдөөд, эл спортоор хоёрхон жил хичээллээд шилдэг болсон гэсэн үг. Тэгэхдээ тухайн жилүүдэд нэг ч уралдаанд урдаа тамирчин гаргаагүй гэнэ. Улмаар 2015 онд спортын дэд мастер, өнгөрсөн жил спортын мастер цол хүртжээ. Тэрбээр ирэх онд олон улсын хэмжээний цолны болзол хангахаар зорьж яваа гэнэ. Гурван жил дараалан цолоо ахиулах гээд л зорьж явна, лут юм аа. А.Анар энэ жил аваргуудтай мөр зэрэгцэн уралдаж байгаа. Азийн аварга Э.Халиунболд багштайгаа нэг ангилалд уралдаж байгаа гэсэн үг. Нэг гараанаас шилдэг тамирчидтай уралдах юм сан гэх хүслээ биелүүлэн, Э.Халиунболд багштайгаа өрсөлдөөд мөнгөн медаль хүртсэндээ их урамшжээ. А.Анар зөвхөн энэ онд л гэхэд мото кроссын УАШТ-ий нэг, хоёрдугаар шатанд хоёр, гуравдугаар шатанд гурав, дөрөвдүгээр шатанд тусгай байр эзэлсэн юм.

А.АЛТЖИН СПОРТЫН МАСТЕР ЦОЛНЫ БОЛЗОЛ ХАНГАЖЭЭ

А.Алтжин уралдааны үеэр аль болох өндөрт дүүлэн харайх дуртай. Тухайн үед тэнгэрт нисэж байгаа юм шиг мэдрэмж авдаг гэнэ. Тэрбээр энэ онд л гэхэд УАШТ-ий нэгдүгээр шатанд түрүүлж, хоёр, дөрөвдүгээр шатанд хүрэл медаль хүртжээ. Улмаар спортын дэд мастер цолны болзол хангасан гэнэ. Түүний шинэ жилээр авах гээд догдлон сууна лээ.

Аавынхаа үргэлжлэл болж, амжилтыг буухиалан яваа ийм нэгэн эгч, дүү хоёр мото спортоор ур чадвараа гайхуулан, алдартай тамирчин болохын төлөө зүтгэж явна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button