Нийгмийн

Хуулийн мэдлэгт #9: Цахим орчинд хувийн мэдээллийг хамгаалах тухай

Хуулийн мэдлэгийн ес дэх дугаарт цахим орчинд хувийн мэдээллийг хамгаалах тухай мэдээг бэлтгэн хүргэж байна.

Техник технологи хөгжсөн өнөө үед хүний хувийн мэдээллийг зөвшөөрөлгүйгээр цуглуулах, анх цуглуулсан зорилгоос өөр зорилгоор ашиглах, зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулах, хувь хүний мэдээлэл алдагдах зэрэг эрсдэлүүд улам нэмэгдсээр байна.[1] Иймд эдгээр эрсдлэлийг бууруулах, хувь хүний мэдээллийг цахим орчинд хамгаалах эрх зүйн орчныг бий болгох зорилгоор Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг баталж, 2022 оны 05-р сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна.

Зарим аппликейшн, вэбсайтад нэвтэрч бүртгүүлэхийн өмнө хувийн мэдээлэл, гэрийн хаяг, утасны дугаар, картын дугаар зэрэг мэдээллүүдийг шаарддаг болсон. Иймд тус хуулиар энэхүү мэдээллийг зөвхөн эзний зөвшөөрлийн үндсэн дээр мэдээлэл хариуцагч нь ашиглаж, цуглуулж, боловсруулахаар зохицуулсан.[2]Мөн мэдээлэл авахдаа мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үндэслэл, зорилгоо танилцуулах, мэдээллийг нийтэд ил болгох, мэдээллийг бусдад дамжуулах эсэхийг танилцуулж, зөвшөөрөл авна.[3]

Мэдээлэл хариуцагч гэж хуульд заасны дагуу эсхүл мэдээллийн эзний зөвшөөрлийн дагуу мэдээлэл цуглуулж, боловсруулж, ашиглаж байгаа хүн, хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй байгууллагыг ойлгоно.[4]Мэдээлэл хариуцагч нь цахим орчинд үйл ажиллагаагаа танилцуулах, мэдээллийг хэрхэн цуглуулах, боловсруулах, ашиглах журмыг баталж, нийтэд ил байдлаар тавих үүрэгтэй. Энэ нь мэдээллийн эзэнд хувийн мэдээллээ найдвартай хамгаалж буй баталгаа болдог. Мөн та хувийн мэдээллээ өгөхөөс татгалзах эрхтэй.

Мэдээлэл хариуцагчийн мэдээлэл цуглуулах, боловсруулах, ашиглах үйл ажиллагаанд холбогдох гомдлыг эрх бүхий байгууллагад, эсхүл Хүний эрхийн Үндэсний Комисст гаргаж шийдвэрлүүлнэ. Дээрх байгууллагуудын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргана. [5] Мэдээлэл хариуцагч нь хүний хувийн мэдээллийг өөр зорилгоор ашигласан, хууль бусаар олж авсан зэрэг зөрчил илэрвэл Зөрчлийн тухай хуулиар хүнийг 500,000 төгрөгөөр, хуулийн этгээдийг 50,000,000 төгрөгөөр торгох зохицуулалттай.[6][7] Харин хувь хүний нууцад хууль бусаар халдсан бол Эрүүгийн хуулиар 450,000-5,400,000 төгрөг хүртэл торгох, 240-720 цаг хүртэл нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1 сараас 1 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ. Харин хувь хүний нууцад харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж халдсан бол 5,400,000-27,000,000 төгрөг хүртэл торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ял оногдуулна.[8]

Хувь хүний нууцыг задруулсан бол 1,300,000-10,000,000 төгрөг хүртэл торгох, 6 сараас 2 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэнэ. Хувь хүний нууцад харилцаа холбоо, цахим хэрэгсэл ашиглаж халдсан бол 5,400,000-27,000,000 төгрөг хүртэл торгох, 1-5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ял оногдуулдаг.[9]

Дүгнээд хэлэхэд та цахим орчинд хувийн мэдээллээ өгөхөөс өмнө платформын үйлчилгээний нөхцөл болон нууцлалын бодлоготой сайтар танилцаж бүрэн гүйцэд уншсаны дараа гарын үсэг зурах эсвэл зөвшөөрөх товчийг дарахыг зөвлөе.

Эх сурвалж:

[1] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн үзэл баримтлал

[2] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1

[3] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2

[4] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 4.1.8

[5] Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийн 28 дугаар зүйл

[6] Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 1

[7] Зөрчлийн тухай хуулийн 6.27 дугаар зүйлийн 3

[8] Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.10

[9] Эрүүгийн хуулийн 13 дугаар зүйлийн 13.11

Мэдээллийг бэлтгэсэн: Өмгөөллийн “Авалон Лекс” ХХК

https://www.avalon-lex.com/

Хууль зүйн зөв шийдлийг танд хүргэнэ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button