БНСУ-д долоодугаар сард төрөлт 12 жилд байгаагүйгээр нэмэгджээ

Өмнөд Солонгост долоодугаар сард төрөлт сүүлийн 12 жилд байгаагүйгэрэ нэмэгдсэн байна. Тус улс дэлхийн хамгийн бага төрөлтийн түвшинтэй. Хүн ам зүйн асар том аюул тулгараад байгаа учир төрөлтийг нэмэхийн тулд БНСУ тусгай яам хүртэл байгуулах гэж байгаа юм. Өмнөд Солонгосын төрөлтийн түвшин 0.71 байгаа. Эрдэмтэд хөгжингүй улс орнууд хүн амынхаа тоог тогтвортой барихын тулд төрөлтийн түвшин 2.1 байх хэрэгтэй гэж үздэг.
Тэгвэл БНСУ-ын Статистикийн газраас мэдээлснээр долоодугаар сард 20,601 хүүхэд төрсөн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 7.9 хувиар буюу 1,516 нярайгаар өссөн үзүүлэлт. Энэ нь 2012 оноос хойш долоодугаар сард шинээр төрсөн хүүхэд өмнөх онтой харьцуулахад хамгийн ихээр нэмэгдсэн тоо аж.
Төрөлт долоодугаар сард нэмэгдсэн нь ковидийн цар тахлын үеэр гэрлэлтээ хойшлуулсантай холбоотой. Цар тахлын хязгаарлалтууд дууссаны дараа буюу 2022 оны хоёрдугаар хагас, 2023 оны эхний хагаст олон тооны хос хуримаа хийжээ. Хэдийгээр долоодугаар сард төрсөн хүүхдүүдийн тоо өмнөх оны мөн сараас их байгаа ч энэ жилийн эхний долоон сард нийт төрсөн хүүхдийн тоо буурсан байна. Тодруулбал 2024 оны эхний долоон сард БНСУ-д 137,913 хүүхэд шинээр төржээ. Энэ нь өмнөх оны мөн хугацаатай харьцуулахад 1.2 хувиар буурсан үзүүлэлт.
Эх сурвалж: Yonhap News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.