Сурвалжилга: Шүдний кабинет, автомат худагтай, сургууль, цэцэрлэг нь боловсон нойл бүхий Шинэжинст сум

Баянхонгор аймгийн Шинэжинст сум 1 сая 600 мянган га газартай. Монгол улсын Дархан газрын А бүсэд хамардаг говь, тал хээр хосолсон нутаг. Тус сум 2482 хүн амтай, 161 мянган толгой малтай, өмнө хэсгээрээ БНХАУ, хойд талаараа аймгийнхаа Баян-Өндөр сум, урд талаараа Өмнөговь аймгийн Гурвантэс, аймгийнхаа Баянговь, Баянцагаан сумадтай хиллэдэг. Шүлэг найрагт мөнхөрсөн “Сэгс цагаан богд” хайрхан, нутгийн иргэдийн шүтээн “Залаа жинст” хайрхан, Залаа жинст, Идрэн үүлдрийн цагаан ямаа нь жинстийхний тэргүүн бахархал.
Бид намрын дунд сарын сүүлээр Шинэжинст сумыг зорилоо. Налгар намрын өдрүүд таатай үргэлжилсэн энэ өдрүүдийн аяллын зорилго нь орон нутагт үйл ажиллагаа явуулж буй алтны үндсэн ордын Баянхөндий төсөл, орон нутаг малчидтай хэрхэн зэрэгцэн оршиж буйг сурвалжлах ажил юм. Шинэжинст суманд уул уурхайн ашиглалтын болон хайгуулын 32 лиценз бий. Үүнээс ашиглалтынх нь 20 гаруй ч өдгөө лиценцээ ашиглаж байгаан нь ганцхан “Баянхөндий” төсөл юм. Төслийг хэрэгжүүлэгч нь “Эрдэнэ монгол” ХХК.
Геологи хайгуул судалгааны ажил нь арваад жил үргэлжилсэн уг төсөл 2025 онооос олборлолтоо эхэлнэ. Одоо үйлдвэрлэл уурхайн барилга угсралтын ажил ид өрнөж байна. Үүний зэрэгцээ олборлолт эхлэхэд ажиллах хүчийг бэлтгэх зорилгоор Ухаахудагт орон нутгийн залуусыг мэргэжлийн сургалтад хамруулан жолооч нараа бэлдэж, суманд иргэдийн эрүүл мэнд, ахуй орчин, эдийн засагт нь дэмжлэг болох хэд хэдэн төслийг хэрэгжүүлээд байна.
-Шүдний төвтэй анхны сум-
Говийн ус хатуулаг ихтэй. Тэр нь шүдний эрүүл мэндэд нөлөөлдөг. Сумын хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндийн үзлэгээр 46,1 хувь нь шүдний өвчтэй гарсан. Ингээд “Эрдэнэ Монгол” компани, сумын удирдлага, холбогдох байгууллагууд ярилцаж Эрүүл мэндийн төвийн нэг өрөөг шүдний кабинет болгохоор тохирчээ. Уг тохироо амжилттай хэрэгжиж аравдугаар сарын 5-нд нээлтээ хийв. Шүдний энэ кабинетийг суурин иж бүрдэл, амны хөндийн камер, чулуу авагч, нано гэрлийн аппарат, шүлс сорогч, ус нэрэгч, сувгийн урт хэмжигч, ломбо хатууруулагч, үзлэгийн болон мэс заслын багаж гэх мэт цогцоор тоноглож, тохижуулжээ. Цаашид иргэд амны хөндийн эрүүл мэндийн цогц үйлчилгээг сумандаа хийлгэж, үзлэг, оношилгоо, мэс засал бүгдийг эндээ шийднэ.
Нийслэл хотоос 1000 км, аймгийн төвөөсөө 250 км алслагдсан иргэд сумынхаа эмнэлэгт шүдээ өнгөлүүлж, ломбодуулж, чулуугаа түүлгэж, авахуулж бүр хиймэл шүд ч хийлгэнэ. Уг төсөл сумын төвд байгуулсан шүдний кабинет гэдгээрээ анхдагч. Одоо энд мэргэжлийн эмч нарыг сургах ажил бий. Үүнийг мөн л “Эрдэнэ монгол” компанид санал тавьснаар хэлэлцээрт хүрчхээд байгаа. Тодруулбал, энэ шүдний кабинетад ажиллах эмч, техникчийг бэлтгэх сургалтын төлбөрийг эднийх хариуцана гэсэн үг.
-Иргэд цэнгэгжүүлсэн усыг 24 цагаар ажиллах автомат худгаас авдаг боллоо-
Мөн л өнөөх усны хатуулгийн асуудал. Олон жилийн турш хатуулаг усыг шууд ууж хэрэглэснээс үүдэж иргэдийн дунд элэг цөс, ходоод, шүдний өвчлөл зонхилон тохиолдсоор иржээ. Иргэд олон жил Задгай гэх булгаас ундны усны хэрэгцээгээ хангаж ирсэн. Харин 2020 онд орон нутгийн хөгжлийн сангийн санхүүжилтээр ус түгээх худаг барьсан ч хоёр өвөл дараалан хөлдөж, иргэдийг тухгүйтуулсан учир “Эрдэнэ Монгол” компанид ундны усны асуудлыг шийдэж өгөөч гэсэн санал тавьжээ. Ингэснээр сумын урд талд Ус цэнгэгшүүлэх цэвэр усны байгууламж болон ус түгээх автомат худгууд бий болов.
Худгийн цонх хэсэгт ундны усны шинжилгээний бичгийг байршуулжээ. Суманд ажиллах хугацаандаа ажиглахад иргэдэд хүндрэлгүй, хялбар байгаа нь илт. Машин, мотоцикл, явганаар ирж, автомат худгаас зааврын дагуу усаа авна. Өдөр шөнө, өглөө орой хэдийд ч ирсэн автомат худаг ажиллаж байх тул иргэдэд ундны усанд санаа зовохоо байсан гэж ярив.
-Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүд шүүсэн усаар шүдээ угааж, боловсон ариун цэврийн өрөөтэй боллоо-
Энэ бол дээрх төслөөс үүдсэн үр дүн юм. Тодруулбал, цэвэр усны гол шугамын хос суурилуулалт, ундны ус цэнгэгжүүлэх байгууламжийн суурь, бүс бетон цутгах, сургуулийн гүний худгаас хичээлийн байр хүртэлх, сургуулийн дотуур байрнаас спорт заал хүртэлх шугамын холболт суурилуулалт, ус түгээх байгууламжаас цэцэрлэг хооронд 196 метр шуудуу ухлаг, ус дамжуулах хоолойн дулааны суваг, шугам сүлжээний ажлуудыг хийжээ.
Ингэснээр хүүхдүүд цэнгэгшүүлсэн усаар шүд, гар нүүрээ угааж, боловсон ариун цэврийн өрөөтэй болсон. Өвлийн цагт 2-5 насны хүүхдүүд гадаах модон жорлонг хэрэглэдэг байсан бол одоо нөхцөл байдал нь ийн дээрджээ. Сургуулийн сурагчид ч мөн ялгаагүй ийм тохь тухтай болсон. Цаашлаад Засаг даргын тамгын газрыг боловсон нойлтой болгохоор залгаа өргөтгөл бариад байна.
-Иргэд сумандаа мод тарьж, үүнийгээ тоогоор урамшуулал авч эхэллээ-
Уул уурхайн компаниуд МУ-ын ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн идэвхтэй хэрэгжүүлэгчид. Үндэсний томоохон төслүүд сая сая мод тарих амлалттай ажиллаж буй. “Эрдэнэ монгол” компани байгаль орчныг хамгаалах чиглэлээр болон “Тэрбум” мод хөтөлбөрийн хүрээнд уурхайн талбар орчим 2 га газрыг мод, ургамал үржүүлгийн талбайн зориулалтаар ашиглаж байна. Уг талбайд мазаалайн гол тэжээл болох бажууна мөн заг, хайлаас тарьж байна. Анхны тариалалт үр дүнгээ өгч ирэх хавар тариалах үрээ нөөцөлжээ. Түүнчлэн мазаалай амьдарч буй орчинд өөрсдийн тэжээлийн савыг байршуулан, ичээнээс гарах үеэр нь тэжээл хүргэдэг болжээ.
Энэ бүхнээс онцлоход дөрвөн багц газрыг сонгож нутгийн иргэдийг мод тарих суулгац, тоног төхөөрөмж, усалгаа шийдлээр нь дэмжих ажлыг эхлүүлээ. Жишээ нь, сумын иргэн Д.Жамсран уг хөтөлбөрт хамрагдаж 50Х50 хэмжээтэй газарт 1800 ширхэг заг, хайлаас, сухай тарьжээ. Тэрбээр энэ намар модныхоо урамшуулалд 9 сая төгрөг авах болзол хангажээ.
Сумын төвийнхний аж байдал, амьдралын чанарт “Баянхөндий” төсөл ийн өгөөжөө өгч эхэлжээ. Орон нутагт уул уурхайн төслийг хэрэгжүүлэхэд иргэд, оршин суугчдын эсэргүүцэлтэй тулгардаг. Бидний өгүүлж буй уг төслийн цөөнгүй жилүүд ийм эсэргүүцэл, тэмцэл дунд явж ирсэн билээ. Харин үүнийг хэрхэн даван туулж, зохицож нийцэх нь орон нутгийн болон төслийн орон нутаг дахь захиргааны байгууллагын гол ажил юм. Энэ сэдвээр холбогдох хүмүүстэй ярилцлаа.
-Т.Ганболд: Баянхонгороос Шинэжинст болон уурхайн талбар хүртэл 350 км зам тавина-

“Эрдэнэ монгол” ХХК-ийн салбарын захиргааны албаны дарга Т.Ганболдтой ярилцлаа.
-“Эрдэнэ монгол” компани, “Баян хөндий”-н төслийн ерөнхий цогц мэдээллийг товчхоноор та өгөөч?
-Баянхонгор аймгийн Шинэжинст суманд хэрэгжиж байгаа алтны үндсэн ордын төсөл. “Эрдэнэ монгол” компани геологийн хайгуул судалгааг 10 гаруй жил хийсэн түүхтэй. 2023 оноос “Эрдэнэ Монгол”, “Энержи ресурс” компаниуд 50:50 хувиар хөрөнгө оруулалт хийж алтны ордыг хөгжүүлэх, алт боловсруулах үйлдвэр байгуулах, уурхайг олборлох төсөл дээр хамтарч ажиллаж байгаа. 2023 оны дөрөвдүгээр сараас үндсэндээ үйл ажиллагаа явагдаж, 7 дугаар сараас барилга угсралтын ажил эхэлсэн. Одоогийн байдлаар боловсруулах үйлдвэрийн барилгын үндсэн ажлууд өрнөж, 2025 оны I улирлаас ажил эхлэх төлөвлөгөөтэй явж байна. Энэ уурхай бол алтны үндсэн ордын үйл ажиллагаатай. Гарсан бүтээгдэхүүнийг үйлдвэртээ оруулж угаагаад Монгол банканд тушаах төлөвлөгөөтэй. Миний хувьд “Энержи ресурс” компанид 10 гаруй ажилласан. Шинэ төслийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулах нь зүйтэй гэсэн удирдлагын чиглэл үүргийн дагуу томилогдон ирээд ажиллаж байна.
-Уурхайн нөөц хэрхэн тогтоогдсон бэ. Эл уурхайг хэдий хугацаанд ашиглах бол...?
-Нөөц нь жилд 2 тонн орчим алт олборлох араад тонны нөөцтэй. Үүгээрээ бол долоон жил ажиллана. Цаашдаа нөөцийг нарийвчлан тогтоож бусад уурхайн жишгээс харахад 17-18 жил ажиллаж ашиглана гэсэн төлөвлөгөөтэй бий.
-Нутгийн иргэдтэй хэрхэн ойлголцож байна. Өнгөрсөн хугацаанд маш их эсэргүүцэлтэй тулгарч байсан шүү дээ?
-Нутгийн иргэдтэй хариуцлагатай уул уурхайг явуулахын тулд тодорхой хэмжээний зөвшилцөл, харилцан ойлголцол, үйл ажиллагаагаа зөв талаас тайлбарлах, буруу ойлголттой хүмүүст зөв мэдээлэл өгөхөөр тодорхой ажлууд хийгдээд явж байдаг. Манай компанийн захиргааны албаны бүрэлдэхүүн дотор орон нутгийн харилцааны хэлтэс ажилладаг. Тэдний үүрэг зорилго бол нутгийн ард иргэдэд зөв мэдээлэл өгөх, буруу ойлголтыг засч залруулах, тодорхой хариуцлага хүлээсэн компани урт хугацаанд үйл ажиллагаа явуулж, нөхөн сэргээлтээ хийж хууль дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулна гэдэг ойлголтыг өгөх юм.
Монгол улсын хэмжээнд уул уурхай ялангуяа говийн эмзэг хөрс, зам гээд тодорхой шалтгааны улмаас орон нутгийн иргэд эсэргүүцэх, санал бодлоо илэрхийлэх үйл ажиллагаанууд явагддаг. Тэр болгонтой бид тулж уулзаад зөв ойлголтыг өгсөөр доогийн байдлаар иргэд тодорхой хэмжээний ойлголттой боллоо. Улайн цайм эсэргүүцдэг байдал байхгүй болсон гэж ойлгож болно. Гэхдээ бас 100 хувь зөв ойлголттой болсон гэж хэлэхэд бас учир дутагдалтай. Уурхайн олборлолт, үйлдвэрлэл эхлээд төсөл санхүүгийн хувьд тогтвортой болоод ирэхийн цагт улам хамтын ажиллагаа улам хөгжих боломжтой.
Яг өнөөдрийн байдлаар нийгмийн чанартай хөтөлбөр хэрэгжүүлэх, орон нутгийн соёлын өвийг дэмжих, боловсрол, боловсон хүчний дутагдлыг бодлогоор зохицуулах гэх мэтээр хэд хэдэн багц ажлуудыг хийгээд л байна.
-Компанийн зүгээс иргэдэд хамгийн эхэнд ойлгуулах зөв мэдээлэл нь юу вэ?
-Үндсэн мессеж бол энэ төсөл монгол улсын эдийн засаг, орон нутгийн төсөвт оруулах хувь нэмэр нь өндөр. Дараагийн нэг агуулга нь уурхайд 300 гаруй хүн ажиллана. Үүний 70-80 хувийг ажлын байрыг Шинэжинст сум болоод Баянхонгор аймгийн сумдаас бүрдүүлнэ. Бэлтгэл ажил аль хэдийн эхэлж, уурхайн оператороор мэргэшиж ажиллах нутгийн иргэдийг Ухаахудгийн нүүрсний уурхай мэргэшүүлэх 28 хоногийн курст суулгаад, дадлагажуулаад цалинжуулаад явж байна. Бусад дагалдах ажлууд дээр ч гэсэн болж л өгвөл бүгдийг нь Баянхонгор аймгаас авах төлөвлөгөөтэй. Удирдлагын багийн хувьд туршлагатай хамтарсан багийг жигдэртэл авч яваад, алхам алхмаар нутгийн иргэдэд шилжүүлэх холын ирээдүй бий.
-Нөлөөллийн бүсийн тухайд?
-Сумаар нь авч үзвэл анхан шатны үйл ажиллагаа явуулж байгаа Баянхөндийн төсөл Шинэжинст сумын нутагт, тэлээд дараагийн хайгуул судалгаа хийх газар нь Баян-Өндөр сум дээр явагдана.
-Байгаль орчны сөрөг нөлөөллийг хэрхэн зохицуулах вэ. Ард иргэдэд дараа нь нэг том хар нүх л үлдэнэ гэсэн төсөөлөл байдаг?
-Мэдээж уурхай тодорхой нөөцтэй учраас хэсэг хугацааны дараа дуусна. Харин үүнийг хэрхэн нөхөн сэргээх нь хуульчлагдсан асуудал. Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээлт хийх хуулийн хүрээнд хариуцлагатай гүйцэтгэлээр явах нь тодорхой. Энэ уурхайн онцлог бол ухаж тээвэрлэн зөөхгүй. Үйлдвэр нь эндээ баригдаж байна. Харин яг одоо уурхайн тоног төхөөрөмж, барилга байгууламжийн ажлын тээвэр нэлээд том асуудал болж байгаа.
Барилга угсралтын тээвэр зам дагуух ард иргэдэд төвөг учруулж байгаад энэ ташрамд малчдаасаа уучлал гуйя. Уурхайн үйл ажиллагаа явуулах гэж амгалан тайван байдлыг алдагдуулж байгаа нь үнэн. Цаашид нүүрснийх шиг том тээвэр явахгүй. Жилд хоёр тонн л олборлох учраас хамгаалалттай жижиг машинаар явчихна гэсэн үг. Харин одоо тоног төхөөрөмж тээвэрлэх ажлыг дараа оны эхний нэг, хоёр сард багтаагаад хийчихнэ. Үүнээс хойш олон тээврийн үйл ажиллагаа явахгүй. Өнөөдөр үүсээд байгаа энэ сөрөг нөлөөллийг буулгахаар Баянхонгор аймгийн засаг даргын тамгын газартай зам тавих техник эдийн засгийн үндэслэл боловсруулж байгаа. Энэ ондоо багтаагаад ТЭЗҮ-ээ өгнө. Баянхонгор аймгийн төвөөс төслийн талбай хүртэл 350 км зам тавих юм.
-Шинэжинст сумын засаг дарга Б.Бат-Эрдэнэ: Малчин уурхайг дэмждэггүй, манай төрийн бодлого дэмждэг-

-Танай сум дээр уул уурхай ашигт малтмалын бараг гучаад лиценз байдаг гэсэн. Яг одоо идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа нь хэд вэ?
-Ашиглах гээд үйлдвэрээ бариад явж байгаа нь ганцхан “Эрдэнэ монгол” байна. Манай сумаас 100 км-т оршдог алтны үндсэн чулуун ордын “Баянхөндий” төсөл хэрэгжүүлээд үйлдвэрээ бариад жил гаруй болж байна. Манай сумын хойд талд 7 км зайд нүүрсний уурхай үйл ажиллагаа эхлүүлэх гээд иргэд маань эсэргүүцээд байж байна. Малчид арай ажиллуулахгүй байх, хэрвээ энэ нүүрсний уурхай ажиллаад эхэлбэл мал, малчин хоёр оршин тогтоноход төвөгтэй байдал үүснэ.
-“Эрдэнэ монгол” орон нутгийн эсэргүүцэлтэй удаан хугацаанд тулгарсан. Одоо барилгын ажил эхэлжээ. Хэрхэн зохицож хамтран ажиллаж байна вэ?
-Бодит амьдрал дээр уул уурхайн төсөл үйл ажиллагаатай орон нутгийн засаг захиргаа, мал малчин зохицоод найртай шийдэм амьдарна гэдэг бол өрөөсгөл ойлголт. Уул уурхай, мал аж ахуй хоёр бол эсрэг тэсрэг. Малчдын эсэргүүцэл байнга өдөр тутам өрнөж байдаг. Ойрын үед л гэхэд уурхайн үйлдвэрийн барилга байгууламж нь баригдаж материал, түүхий эдийг зөөвөрлөж байгаа учраас машин тэрэгний хөдөлгөөн, тоосжилт их үүсч байна. Бэлчээрийн талхлалт, газар эвдрэх нь их байна гэсэн шүүмжлэл байнга ирж байгаа. Бодит байдал ийм ч нөгөө талдаа төр засаг нь зөвшөөрчихсэн, нөгөө компани хууль дүрмийн дагуу ашиглаад явж байдаг. Энэ хоёрын хооронд үйл ажиллагааг зохицуулах гэдэг бол тухайн нутгийн засаг захиргааны хувьд маш төвөгтэй асуудал байдаг.
Мал малчнаа бодмоор байдаг, гэтэл төрийн бодлого бас хуулийн дагуу явах ёстой. Энэ хоёрын зохилдолгоог олно гэдэг ярвигтай. Ямартай ч үйлдвэр баригдаад энэ машин тэрэгний хөдөлгөөн багасвал бидний зөрчил дагаад буурна. Малчдаас замын нөхцөл байдлыг дээрдүүлж тоосжилт багасгах, олон зам салаалахгүй нэг замаар явуулаач гэх мэтээр гомдол ирдэг. Бид компанид шаардлага хүргүүлнэ. Малчид ч бид нараар дамжуулахгүй замыг нь хаах, уурхай дээр өөрсдөө очиж хэлэх зэргээр янз янзаар л тэмцэж байна.
Түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах журамдаа өөрчлөлт хийнэ гээд яаман дээр шинээр зөвшөөрөл гаргахгүй байгаа гэсэн ийм ойлголттой байгаа. Түгээмэл тархацтай ашигт малтмалыг ашиглах эрхийг аймгийн засаг дарга захирамж гаргадаг. Аймгийн засаг даргад энэ компаниуд уламжлаад эрхээ авах гэхээр яаман дээрээс зөвшөөрөл нь ирэхгүй. Энэ хооронд цаг хугацаа алдагдаж, малчид хохирч бэлчээрийн талхагдалт нэмэгдэж байна.
-Тухайн компани ус цэнгэгшүүлэх байгууламж барьж байгууллагуудыг холбоод эхэлж, шүдний кабинеттай болгож, спортын талбай ч бас барьж байх шиг харагдлаа. Энэ бүхний дунд та нарын нэгдмэл ойлголт юу байна?
-“Эрдэнэмонгол” компани ашиглах эрхээ аваад бид нартай ирж уулзсан. Сумын удирдлагын чиг үүрэг бол төрийн бодлогыг хэрэгжүүлэх учраас ямар шаардлага тавьсан бэ гэхээр иргэдийн эрүүл ахуй, хүсэл шаардлагад нийцсэн үйл ажиллагааг нийгмийн хариуцлагынхаа хүрээнд явуулах ёстой гэсэн зарчмын байр суурийг хэлж байгаа.
Тухайн компани санал тавьсан бүхэн дээр орж ирж, бид хэлэлцээр хийснээр таны сая дурьдсан бас дурьдагдаагүй олон ажлыг хийсэн. Хамгийн сүүлд л гэхэд бид суманд нэн шаардлагатай мэргэжлийн хүмүүсээр хангах, энэ чиглэлээр сурч байгаа оюутнуудын төлбөрийг “Эрдэн монгол” компани хариуцах гэрээ хийлээ. Нэн шаардлагатай боловсон хүчний жагсаалт гаргасан.
-Цаашдаа уул уурхайн төсөл үргэлжилнэ. Энэ хугацаанд сум орон нутаг ямар хүсэл эрмэлзэлтэй байх бол?
-Үйлдвэр эхлэхэд одоогийн энэ ачаа тээвэр зогсож, хоол унд, ажилчдын ээлжийн гэх мэт цөөхөн тээвэр явах байх. Энэ үед иргэд маань бага ч гэсэн тайвшрах болов уу. Цаашдаа төсвийн тухай хуулиараа уурхайгаас орж ирж байгаа орлого орон нутгийн хөгжлийн санд төвлөрдөг. Хуулийнхаа дагуу татвар, түрээсээ өгч мөн ирсэн саналыг эрэмбэлээд нутаг орондоо томоохон бүтээн байгуулалт хийж, сум орон нутаг маань хөгжөөд явна гэж хардаг. Бид тал талаасаа асуудал дэвшүүлээд, тэмцэхдээ тэмцээд, ойлголцохдоо ойлгоод өдий хүрсэн.
Гэхдээ л эцсийн эцэст бид хуулиа л мөрдөх ёстой байдаг.
Хууль талаасаа харахаар жишээ нь, орон нутгийн замыг аль нэгэн компани, хувь иргэн харгалзахгүйгээр ашиглах ерөнхий заалт байна. Тэнд тоос гарч байгааг мэргэжлийн байгууллага тогтоогоод болохгүй гэдэг дүгнэлт гаргаагүй тохиолдолд ачаа тээвэр явна. Тийм учраас компани, орон нутаг хоёр хоорондоо салшгүй холбоотой ажиллахаас өөр аргагүй.
Замын асуудал дээр малчдын санал шүүмжлэлийн дагуу услах шийдвэр гаргасан. Гэтэл тоосыг дарж чадахгүй говьд хамгийн чухал усыг үр дүнгүй цацаж байна гээд гомдол санал гарсан. Бас өөр маршрутаар явж байтал тухайн сумуудаас гомдол ирсэн. Тийм учраас аймгийн ЗДТГ-аас ажлын хэсэг гарч Баянхонгор-Шинэжинст-Баянхөндий төслийн талбай гэсэн чиглэлд л явуулах шийдвэр гарсан. Бас нөлөөллийн бүсийн айлуудтай зохицоод тодорхой хэмжээний нөхөн төлбөр олгож байна. Зохицоод чимээгүй болчихсон юм алга, байнгын л эсэргүүцэл тэмцэл дунд л байна.
-Иргэдийн чин хүсэл юу байдаг вэ?
-Малчин иргэдийн чин хүсэл бол уурхайг дэмждэггүй. Манай төрийн бодлого уурхайг дэмждэг. Эдийн засгийн агуулгаар ярих юмбол бидний 100 төгрөгийн 94 төгрөгийг нь уул уурхайгаас олж байна. Үнэн байдал нь ийм.
Тэгэхээр бодлогогүйгээр, ашгийг нь хүртэж чадахгүйгээр олон уурхайг зэрэг ажиллуулах нь иргэддээ ч, газар нутагтаа ч хор хөнөөлтэй. Оюутолгойгоос монгол хүн бүр яг юу хүртсэн бэ. Тиймээс нэг, хоёр уурхайг ажиллуулж тэрнээсээ иргэдэд хувьцаа үр ашгийг зөв хүртээх талаар хариуцлагатай ажиллах ёстой байх. Хоёр талаасаа маш сайн ярьж, ажиллуулаад байгальд, хүнд ээлтэйгээр харилцан ашигтай хамтран ажиллаж нутгийн иргэдэд үр ашгийг хүртэх нь зөв.

Хариуцлагатай уул уурхайг орон нутагт хэрэгжүүлэх үүднээс “Эрдэнэ Монгол” ХХК нутгийн иргэдэд тулгамдаж буй асуудлууд руу хариуцлагатай, үр дүнтэйгээр оролцож байгаа нь энэ. Уурхайн захиргааны албаны даргын хэлсэнчлэн төсөл хэрэгжүүлэгч, орон нутгийн иргэд хоёр хоорондоо 100 хувь яв цав нийцэж нэгдээгүй ч тэд хэн, хэндээ хүндэтгэлтэй хандаж, нэг нь хариуцлагатай байх, нөгөө нь өөрсдөдөө хэрэгцээтэй байх утгаар ухаалгаар шийдэж урагшилж байна.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өмнө нь тарьсан 1 ширхэг мод �##�га байна ш дээ.
ашиггүй болохоор л хүмүүс уурлаад байна шүү дээ Нээрээ Оюу толгой юу өгсөн юм вэ
Хаанаас нь харсан уншсан мөнгөө төлөөд бичүүлсэн бичвэр гэдэг нь тодорхой байна шдээ! ер нь 20 оод жилийн өмнө сонин радио тв ашиглаж хүмүүсийн тархи уга�##�т буюу пропагандаа яг ингэж бичиж эхлэсэн байдаг юм
Байгаа зүйлийг байгаагаар нь бичиж , болж байна.