Цастай өдөр унших 4 шүлэг
Намрыг умартсан завгүй хүмүүс гудамжаар дүүрэн. Тэдгээрээс хэн нь цасыг мөрөөсөж явсныг тааж үл барна. Жиндэх дургүй их хотын хүмүүсийг тайвшруулах цор ганц зүйл нь цас гэлтэй. Ямартай ч өнөөдөр цас орж, нүднээс далдуур хайлан одсоор. Хамгийн гайхалтай нь хамгийг анагаах "эм" мэт цас орлоо. Та бүхэнд цастай өдөр хайрлаж уншмаар 5 шүлгийг хүргэж байна.
Ялимгүйхэн гунигтай цас орж байна,
Яагаад ч би инээж чадахгүй нээ
Энэ л агшин хамгийн үнэтэй тул
Инээд шиг хямдхан зүйлээр арилжмааргүй байна…
Ялимгүйхэн гунигаа ертөнцийн хүмүүст үлдээгээд
Яруухан хайлж одох ч гэлээ
Яг ингээд л зогсолтгүй будран ахуйдаа
Ямар үзэсгэлэнтэй харагддагаа мэддэг болов уу, энэ цас
Үүлнээс тасарсан бяцхан амь,
Үйлийн минь үр, гэмгүйхэн гуниг
Алган дээр минь буун хайлна, будран хайлна
Ай, би яг одоо л инээж чадахгүй нь ээ...
Ц.Дэлгэрмаа
Би цас болно
Буй биеэрээ би цас болно
Бүрхсэн их цас болно
Бүүр том хот тосгодыг ч
Бүгдийг хучсан цас болно
Гуу жалга дүүрэн цас болно
Гуниг зовлонг дарсан цас болно
Гуйлгачин ядууг умдаалсан цас болно
Гурвалсан морьд шиг галт тэрэгний
Дуун дохио дун бүрээ цас болно
Хамаг биеэрээ би цас болно
Хавирган сарны сэвэлзээнд
Хашаан доторх хэцэн дээр
Хяруулж сувдарсан цас болно
Хамгийн эхлээд би чинийхээ
Хатаахаар салхинд өлгөж тавьсан
Хавчаартай хөөрхөн нэг “алаг шувууг”
Хамгаас нуун далдлах цас болно
Хайрлаж дурлаж явсан
Он цаг минь цас болно
Хандмаагаас ирсэн захиа
Хөх-нуурын шүлгүүд минь ч цас болно
Энэ биеэрээ би цас болно
Их үс гэзэг шигээ цас болно
Эргэж төрөхдөө би цас болно
Эрээнцавынхаа л цас болно
Эцэст нь чамдаа гишгүүлж дагтаршсаар
Энгэрийн бэлд тавьсан
Эрдэнийн гурвалжин чулууны
Эрхин цагаан судалд шингэнэ
Тэргүүний минь үс тэр цагт үсэг болж
Тэнгэрийн орноо билиг болон одно
Цагийн жамаар гэзэг минь аясхан бударч
“Цагаан шүхэрт” ном болно…
Д.Нямсүрэн
Чамтай л харсан цас
Жинхэнэ цас байсан
Жигүүртэй цас байсан
Түүнээс хойш
Тийм цас ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойронд
Одоо ч цас орсоор л байна.
Чамтай л харсан бороо
Жинхэнэ бороо байсан
Жигүүртэй бороо байсан
Түүнээс хойш
Тийм бороо ороогүй
Ороогүй гэж бодсон
Ой дурдатгалын минь тойрон
Одоо ч бороо орсоор л байна...
Ц.Доржсэмбэ
Хав хар тэнгэрээс цагаахан од дусална Харанхуйд хэн нэг нь уйлж байна... Энэ яасан сэвсгэр зөөлөн! Энэ яасан сэрүүн аниргүй! Гэрэлтдэг, нимгэн, шөнийн өмсгөлтэйгээ Гэрийнхээ тагтан дээр би хөл нүцгэн зогсож байнa Өнө мөнхөд өвөл л байсан юм шиг... Шөнө дунд цас орж байна Гэмгүй сайхан юм ертөнц даяар бударч хэн нэг нь аяархан санаа алдаж байна Яагаад ч юм гуниг... харанхуйн цасны гэгээнд Яг над шиг нэгэн унтаж чадахгүй зогсож байна.
Л.Өлзийтөгс












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
????
Цас орох сайхан Цалин буух шг сайхөн.царай зүс мнь гэрэлтээд цааш нааш гулсаж халтираад гээч
А.л .т.а.н хаан гж яаж бчихү дүү нар аа А л хаан глээ гэд хасчих юм