BRICS: Энэтхэгийн ерөнхий сайд Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг уриалжээ

“BRICS” холбооны дээд хэмжээний уулзалт ОХУ-ын Казан хотод өчигдөр /2024.10.22/ эхэлсэн. Тэгвэл уулзалт эхлэхээс өмнөхөн Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзаж Украинд энх тайван тогтоохыг хүсэж байна гэж хэлжээ. Тэрбээр Шинэ Дели дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Европт тохиолдсон хамгийн олон хүний амь хохирсон дайныг зогсооход туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
Путин Модид Казан хотод айлчлах урилгыг нь хүлээн авсанд талархсанаа илэрхийлж, ОХУ Энэтхэг хоёр нь стратегийн түншлэлийн харилцаатай гэжээ. Моди хоёр улсын хүчирхэг харилцаанд талархаж буйгаа Путинд илэрхийлж, “BRICS” холбооны хамтын ажиллагаа өргөжиж байгааг сайшаасан байна. Тэрбээр нэмж хэлэхдээ “Энх тайван, тогтвортой байдлыг эрт сэргээхийг бүрэн дэмжиж байна. Бид хүн төрөлхтнийг эн тэргүүнд тавьдаг. Энэтхэг улс энх тайван тогтооход бүх талын дэмжлэг үзүүлэхэд бэлэн” гэжээ.
Модигоос гадна БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Путинтэй уулзаж Украины асуудлаар хэлэлцжээ. Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Ши Жиньпин Путин хоёр уулзсан гэснээс өөр мэдээлэл өгөөгүй юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.