Top StoriesАнализУЛС ТӨРУлс төрийн мэдээ

Айлчлалын тойм: Монгол Улсыг Евроазийн эдийн засгийн холбоонд түр элсүүлэх асуудлыг хөндсөн үү

Өчигдөр /2024.10.29/ Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев Монгол Улсад төрийн айлчлал хийж хоёр улс стратегийн түншлэлийг хөгжүүлэх тал дээр хэд хэдэн хэлцлүүд хийлээ.

Айлчлалын үеэр Монгол, Казахстаны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачих асуудлыг хөндсөн юм. Айлчлалын үеэр Монгол, Казахстаны эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ түвшинд аваачих асуудлыг хөндлөө. Дэлхийн банкны албан ёсны мэдээллээр Казахстаны дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2023 онд 261.42 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь Казахстаны ДНБ-ий хэмжээ нь дэлхийн эдийн засгийн 0.25 хувь эзэлж буй дүн бөгөөд нэг хүнд ногдох хэмжээ 14 мянга 750 ам.доллар байна.

Харин Монгол Улсын ДНБ-ий хэмжээ 5033 ам.доллар буюу 43 их наяд төгрөг буюу манай улсын хувьд экспортын өргөн боломж үүсч буй дүр зургаар айлчлалыг харж болно. Монголоос Казахстан руу ноос ноолуур, арьс шир зэрэг бүтээгдэхүүн экспортлох, зөрүүлээд жимс жимсгэнэ, хүнсний ногооны бүтээгдэхүүн импортлох хэмжээг нэмэгдүүлэхээр болов. Казахстаны хувьд хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдал дээр онцгой анхаардаг төдийгүй ОХУ гол импортлогч улсуудынх нь нэг юм.

Казахстаны “Astana Times”-д айлчлалын талаар бичихдээ “Казахстан, Монгол хоёрын худалдааны эргэлт 2024 оны 1-8 дугаар сард 83.9 сая ам.долларт хүрээд байна гэжээ.

Мөн Философи, улс төрийн шинжлэх ухаан, шашин судлалын институтийн Улс төрийн судалгааны төвийн захирал Айдар Амребаевын хэлснээр Казахстан улсын хувьд Хятад, Орос зэрэг томоохон гүрнүүдтэй харилцах гадаад бодлогодоо ялгамжгүй ханддаг. Казахстан, Монгол улс аль аль нь улс төрийн шинэчлэлийн шатанд яваа. Казахстан улс нөөц баялагт суурилсан эдийн засгаас үйлдвэрлэлд суурилсан эдийн засаг, ялангуяа хөдөө аж ахуйн боловсруулалт, мал аж ахуйн салбарт шилжихэд анхаарлаа хандуулж байгаатай Монголын улсын энэ талбар дээрх амбиц давхцаж байна” хэмээн бичжээ. Айлчлалын үеэр Монгол, Казахстан улс хөдөө аж ахуйн салбарт, мал аж ахуй, газар тариалан, хөнгөн үйлдвэр болон жижиг дунд үйлдвэрлэлд хамтран ажиллахаар болов. Мөн өргөн уудам тал нутаг, бэлчээрийн аж ахуйг үр ашигтай ашиглан хөдөө аж ахуйн чиглэлээр хамтарсан томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хэлцэл яригдлаа.

Түүнчлэн Казахстаны хэвлэлд мэдээлснээр хоёр орон боловсрол шинжлэх ухаан, мэдээлэл технологи, археологи, нүүдэлчдийн түүх зэрэг өргөн хүрээнд хамтран ажиллахаас гадна хамтарсан музей нээхээр төлөвлөж буй талаар дурдсан байна. Ингэхдээ “Хоёр орны хооронд түүх соёлын холбоо бий. Казахстанд Зүчи хааны бүтээн байгуулалтыг хийж буй бөгөөд Монголын үндэсний соёлын онцлог болсон Чингис хааны өв дээр тулгуурлан хөгжүүлэх болно. Улс орнууд боловсрол, шинжлэх ухаан, мэдээлэл, археологи, нүүдэлчдийн түүх зэрэг хоёр талын санаачлагыг дэмжих хамтарсан музей нээхээр төлөвлөж байна” гэжээ.

Талууд Стратегийн түншлэлийн харилцаанд

Монгол, Казахстаны батлан хамгаалах салбарт цэргийн атташег харилцан томилох, цэргийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, хамтарсан хээрийн сургууль зохион байгуулахаар

Терроризм, шашны хэт даврах үзэл, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт болон түүнтэй адил бодис, зэвсгийн хууль бус наймаа, үндэстэн дамнасан зохион байгуулалттай гэмт хэрэг, цөмийн материалын хууль бус наймаа зэрэг асуудлуудад тусгай албадын хамтралыг бэхжүүлэхээр,

Цөмийн энергийн салбарт хамтран ажиллах тал дээр Цөмийн энергийн комисс болон Казахстаны Эрчим хүчний яам хооронд хамтрахаар харилцан тохиролцлоо. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиглах хүрээнд ураны олборлолт, тусгай зөвшөөрөл, цацрагийн аюулгүй ажиллагаа зэргээр туршлага солилцох, хамтран ажиллах, мэргэжил дээшлүүлэхэд хамтран ажиллахаар болов. Казахстан улсын хувьд цөмийн эрчим хүчний түүхий эд болох ураны үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч улсын нэг.

Мал амьтны эрүүл мэнд, түүний дотор вакцинжуулалтын чиглэлээр хамтын ажиллагааг үргэлжлүүлнэ.

Баялаг бүтээгчдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, Монголын Үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхим болон Бүгд Найрамдах Казахстан Улсын Олон улсын худалдааны танхимын дэргэд Бизнес зөвлөл байгуулав. Цаашид аж ахуйн нэгжийн төлөөлөл, баялаг бүтээгчдийн харилцан айлчлалыг хэрэгжүүлэх, хоёр улсад зохион байгуулагдах үзэсгэлэн худалдаанд оролцох, хоёр талын бизнес форумыг тогтмол, үр дүнтэй зохион байгуулах,

Тээвэр, логистик, аялал жуулчлалын салбарт, агаарын болон авто тээврийн шууд харилцааг өргөжүүлэх, “Транс-Каспийн олон улсын тээврийн маршрут”-ын (Дунд Коридор) хүрээнд хамтран ажиллах, хоёр улс хоорондын шууд нислэгийн давтамжийг нэмэгдүүлж, тогтмолжуулах зорилгоор Улаанбаатар-Астана чиглэлд шууд нислэг үйлдэх ажлыг судлуулахаар болжээ.

Казахстаны талаас “Хоёр улсыг холбосон Усть-Каменогорск, Риддер болон Оросын Туэкта суурингаар дамжин Монголын хил хүртэл зорчих боломжттой хурдны замыг ашиглалтад оруулснаар цаашид хоёр орны тээвэр, аялал жуулчлал, эдийн засаг, соёлын солилцоог дэмжихэд томоохон хувь нэмэр оруулна” гэв. Казахстаны нутаг дэвсгэрт уг хурдны замын 189 км аль хэдийнэ баригдсан бөгөөд үүний гуравны нэгийг нь засварлах шаардлагатай бий. Энэхүү төслийг Оросын тал батлавал замын дийлэнх хэсэг нь Оросын нутаг дэвсгэрийг дайран өнгөрөх төдийгүй 837 км зам нэмж тавигдах юм.

Айлчлалын талаар Казахстаны хэвлэлд “Казахстан улс Евроазийн эдийн засгийн холбоо (ЕАЭС) болон Монгол улсын хооронд түр хугацаагаар худалдааны гэрээ байгуулахаар бэлтгэж байна. Нэг талаас Евразийн эдийн засгийн холбоо болон түүний гишүүн улсууд, нөгөө талаас Монгол улсын хооронд түр хугацаагаар худалдааны гэрээ байгуулах тухай Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгчийн тогтоолын төслийг Казахстан Улсын Ерөнхийлөгчийн хэлэлцүүлэгт танилцуулна” хэмээн мэдээлжээ. Харин Казахстаны ерөнхийлөгч Касым Жомарт Токаев айлчлалын үеэр хийсэн мэдээлэлдээ “Монгол Улсын Евразийн эдийн засгийн холбоотой чөлөөт худалдааны хэлэлцээр хийх эрмэлзлийг дэмждэг” гэснээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй юм.

Казахстаны хувьд Евроазийн эдийн засгийн холбоонд нөлөө бүхий улс бөгөөд Монгол Улсыг тус холбоонд элсүүлэх асуудлыг ажил хэрэг болгох, ингэснээр манай улсад эдийн засгаа тэлэх боломж бий болох ч уг холбооны гишүүн орнуудын хувьд өөрсдөө томоохон үйлдвэрлэгч улс орнууд гэдгийг санах нь зүй биз ээ.

Ц.ТАМИР, Ж.МЯДАГБАДАМ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button