СПОРТ

Эгэл бус амьдрал: Бэртлээс эргэн ирээд дэлхийн аварга болсон тамирчин

Тамирчин хүний хамгийн том дайсан бол бэртэл гэмтэл. Ид гялалзан, шуугиулж явахдаа бэртсэний улмаас цөөнгүй тамирчин замналаа харамсалтайгаар дуусгасан байдаг. Үүний сацуу өөрийгөө төдийгүй бэртлээ ялан дийлж, өмнөхөөсөө өндөр амжилтад хүрсэн олон шилдэг бий. Тэдний нэг нь бодибилдинг, фитнессийн тамирчин Балтавын Хүсэлтүвшин.

Олон улсын хэмжээний мастер цолтой тэрбээр гардан тулааны спортоор 13 жил хичээллэж, чамлахааргүй амжилт гаргажээ. Дараа нь самбо, кик бокс, карате, мэргэжлийн боксын спортоор хичээллэжээ. Тулааны спортоор ийм олон жил хичээллэн, цөөнгүй удаа хүнд бэртсэн гэнэ.

Сүүлдээ бэртлээ эдгээх, “Монголын хамгийн гоё залуу болно” хэмээн өөртөө зорилго тавиад  2014 онд бодибилдинг, фитнессийн спортод хөл тавьжээ. Тэрбээр зорилгодоо тийм амар хүрч чадаагүй, тамирчны замнал нь дардан байгаагүй.

Хичээллэж эхэлсэн жилээ буюу 2014 оны арванхоёрдугаар сард Энэтхэгт болсон ДАШТ-д оролцохоор бэлтгэл хийж байгаад нуруугаа бэртээжээ. Хүнд юм өргөөд юм уу барилдаж байгаад бэртээгүй гэнэ. Удаан хугацаанд нуруу нь шохойжсоны улмаас тэгж бэртэж. Бэлтгэл хийх, тэмцээнд оролцох нь байтугай амьсгал авах, хөдөлж ч чадахгүй байсан гэнэ. Эмч нар мэс засал хийлгэхийг зөвлөж, ер нь өөр арга байхгүй гэх харамсалтай мэдээ дуулгажээ. Тэглээ гээд Б.Хүсэлтүвшин бууж өгөөгүй. Бэртлээ хэрхэн эдгээх талаар судалж эхэлжээ. Зөв дасгал сургуулилалт хийн, гам барьж зүтгэсээр сарын дараа бэртлээ овоо илааршуулж байгаад ДАШТ-д оролцохдоо мөнгөн медаль авсан юм. Тэр жил Б.Хүсэлтүвшингийн багш, Гавьяат тамирчин Ж.Нурлан бодибилдинг, фитнессийн ДАШТ-д түрүүлсэн Монголын анхны тамирчин болсон билээ.

Хүнд бэртлээ ялан дийлээд, дэлхийн дэд аварга болсныхоо дараа Б.Хүсэлтүвшин тэмцээнд гурван жил оролцоогүй. Тэр хугацаанд бэртлээ улам сайн эдгээн, нурууны бэртэлтэй хүмүүс, спортынхонд үнэгүй зөвлөгөө өгч, дасгал зааж өгөх болжээ. Уйгагүй хөдөлмөрлөн, бусдын төлөө хичээж яваа сайхан сэтгэлийнх үр шимээр хөл дээрээ боссон хүн олон. Өдөрт түүнтэй цөөндөө 10 гаруй хүн цахим хуудсаар нь холбогдон, зөвлөгөө авдаг гэнэ. Нурууны өвчтэй хүмүүст зөвлөгөө өгөх, өвчнийг нь эдгээх, бусдад өөрөөрөө үлгэрлэх нь түүний гол зорилго.

Б.Хүсэлтүвшингийн бэртэл өдгөө ч бүрэн эдгээгүй ч бэлтгэлээ хийн, амжилтын төлөө зүтгэсээр байгаа юм. Тэрбээр 2017 онд ДАШТ-ий классик бодибилдингийн төрөлд өрсөлдөөд хүрэл медаль авсан. Дэлхийн хос медальтай болсон тэр. Тэглээ гээд тэрбээр амжилтдаа ханаагүй. Дэлхийн аварга болж, дэлхийн дэвжээнд Төрийн дууллаа эгшиглүүлэх мөрөөдлөө энэ жил биелүүлсэн. Ингэснээр ДАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтан болж, давтахад амаргүй амжилт гаргаад байгаа юм.

Түүний гаргасан амжилт:

2006 он: -Олон улсын таэквондогийн “Хурд хүч” тэмцээний хүрэл медаль

2007 он:

-Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” спортын гуравдугаар зэрэг
-Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” спортын хоёрдугаар зэрэг
-Үндэсний бие хамгаалах “Монгол-Зо” спортын нэгдүгээр зэрэг
2010 он: “Сонсогчийн алдар” тэмцээний 70 кг-д хүрэл медаль

2011 он: -“Ирээдүйн мистер 2011” тэмцээний алтан медаль

2013 он:

-“Мисс мистер” тэмцээний алтан медаль
-“Мисс мистер” тэмцээний эрэгтэй шилдэг тамирчин
2014 он:

-“Ирээдүйн мистер 2014” тэмцээний ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль

-“Ирээдүйн мистер 2014” тэмцээний багийн төрөлд түрүүлсэн

-“Монголын мистер 2014” тэмцээний +80 кг-д хүрэл медаль
-Азийн АШТ-ий эрэгтэйчүүдийн фитнесс ангилалд мөнгөн медаль

-ДАШТ-ий фитнесс ангилалд мөнгөн медаль

2017 он:

-УАШТ-ний атлетик ангилалд түрүүлсэн
-Хөх хотын гран при тэмцээний хүрэл медаль
-ДАШТ-ий эрэгтэйчүүдийн атлетик ангилалд хүрэл медаль

2019 он: -ДАШТ-ий эрэгтэйчүүдийн атлетик ангилалд алтан медаль хүртэн, дэлхийн аварга болсон.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button