Bet: Инфлюнсерүүд мөрийний 5 хувиар цалинжиж, иргэд мөрийтэй тоглоомд бүхнээ алдсаар...
Мөрийтэй тоглоом гэх үгийг сонсох төдийд дугуй ширээ тойрон хясаагаа хурааж,, мөрий хаялцаж, тоглодог гэх бүдэг бадаг дүр зураг төсөөлөгддөг. Гэвч техник технологийн шинэ эрин зуунд мөрийтэй тоглоом “Хялбаржиж”, гар утаснаасаа шуудхан мөрий тавьдаг болтлоо амархан болсон. Дугуй ширээнээс шилжиж, дүрээ хувиргасаар өнөөгийн нийгэмд "Койн, бэт, цахим покер" болж бидний дунд чимээгүй тахал болон ууссаар хэдэн жилийг үдлээ.
Энэ удаагийн нийтлэлээрээ хэлбэр дүрсээ хувиргасан мөрийтэй тоглоомын нэгээхэн хэсэг болох "бооцоо" тавих байдлаар оролцдог бэт болон онлайн покерын талаарх эх сурвалжуудын олон талт мэдээллийг хүргэж байна.
-Н.П: Эхнэртэйгээ бал сараа тэмдэглэхээр хуримтлуулж байсан мөнгөөрөө бэт тавиад алдчихсан-
-Анх хуримаа хийсэн өдрөөсөө хойш таван жилийн ойгоороо Бали явахаар төлөвлөсөн. Хурим хийсэн жил корона вирус гарч, хэсэгтээ л хөл хорионд орсон. Тухайн үеэр эхнэр бид хоёр аяллын мөнгөө нэлээн сайн хадгалсан.
Гэвч өнгөрсөн зуны, тэр нэг гайтай орой, "Евро 2024"-ийн тоглолтыг найзуудтайгаа үзэж, суухдаа бэт тавиад байгаа найзыгаа харсан. Уг нь би ийм зүйл буруу, болохгүй гэдгийг мэддэг учраас тоодоггүй байсан. Тэгсэн өнөө найз маань нүдэн дээр мөнгөө хэд дахин өсгөөд авчихсан. Тэрийг хараад л “Би яагаад болохгүй гэж” гэсэн бодол төрөөд, эхлээд нэг зуун мянгаар бэт тавьсан. Яалт ч үгүй би мөнгөө өсгөөд, авчихсан. Нэг зуун мянга чинь хэд дахин өсчихсөн. Тэгэхээр нь урамшаад хэдэн өдөр л бэтлэсэн. Намайг бэт тавьж, мөнгөө татуулж эхэлснийг эхнэр ч анзаараагүй Бали явахаасаа өмнө аав, ээж дээрээ очихоор хөдөө явсан.
Эхнэрээ явуулчхаад хийх юм олдохгүй холхиж байгаад, ерөөсөө л бэт тоглоё. Мөнгөө хоёр дахин өсгөчихвөл Бали байтугай аялана гэж бодогдоод, дансанд дахь хэрэглээний бүх мөнгөө татуулсан. Дөрөв орчим сая төгрөг татуулаад, гурав дахин өсгөж, 12 сая төгрөг болгосон. Тэр мөнгөө данс руугаа зүгээр татаад авчхалгүй, ахиад бэт тоглоод, алдчихсан. Саяхан л 12 сая төгрөгтэй байсан хүн хэдхэн секундийн дотор ямар ч мөнгөгүй болохыг хараад балмагдаад, гацалтад орчихсон. Гэсэн ч ахиад өсгөөд, алдсан мөнгөө олно гэж бодоод, аяллын хадгаламж руугаа орчихсон. Бага багаар хадгаламжийн мөнгөө тавиад, өсгөөд, алдсан.
Ингэсээр байгаад би хоёр хоногийн дотор бүх мөнгөө алдчихсан. Ганцхан удаа л мөрий тавьчихвал мөнгөө олоод авчих юм шиг санагдаад, найзаасаа мөнгө зээлж байгаад хэд хэдэн удаа бэт тавьсан. Тэр үед мөнгөө өсгөсөн болохоор, бүх мөнгөө олж чадна л гэж бодсон. Наадмын амралт дуусаж, эхнэр ирэхэд, би хэрэглээний мөнгөгүй, аяллын мөнгөө алдчихсан угтсан. Үнэндээ эхнэр маань түүнийг сонсоод уурлаагүй ч гэсэн миний сэтгэлд нэг юм үлдчихсэн. Дахиад ганцхан л таталт хийлгэчихвэл ёндоороод алдсан бүхнээ олчих юм шиг санагдаад, байж суухын аргагүйд хүрсэн. Тэгээд л эхнэртээ хэлэлгүй ээж, ааваасаа, найз нөхдөөсөө мөнгө зээлээд бага багаар өр тавьсан.
Нэг мэдсэн 100 орчим сая төгрөгийн өртэй болсон. Өрөө дарахын тулд байраа зарж, түрээсийн байранд амьдарч эхэлсэн. Үнэндээ хоёр талын маань аав, ээжийн минь авч өгсөн байр шүү дээ. Би өөрийгөө зүхэх ч багадаад, хоолойгоо боолгож байгаа юм шиг нэг тийм хүнд мэдрэмжтэй байсаар өдийг хүрлээ. Өр бол өр шүү дээ. Өрөө өгч л байж ямар нэгэн юмнаас сална. Хагас жилийн өмнө өөрийн нэр дээрх байртай байсан. Одоо харин айл айлын байраар эсвэл өөр хүний байр түрээсэлж байдаг болсон. Алга урвуулахын хооронд хэдхэн хоногт л би хамаг юмаа алдчихсан.
-О.С: Аав ээж хоёр Солонгос руу их сургуульд зуучлах компанидаа шилжүүлээрэй гээд өгсөн мөнгийг нь өсгөнө гэж л бодсон…-
Бэт-д донтож, их хэмжээний мөнгөө алдсаны дараа л ямар зүйлд орооцоолдсоноо мэдэж харамсах нэгэн байхад, дахиад олно гэж илүүг тавиад алдах тохиолдол их байна.
-Ахлах сургуулиа төгссөнөөс хойш ажил хийж, аав ээждээ тус нэмэр болж хоёр жил амьдарсан. Өнгөрсөн жилээс намайг Солонгос руу сургах талаар гэр бүлийнхэн маань ярьж, мөнгө хурааж, цуглуулж эхэлсэн. ЭЕШ-ын оноо дөрөв, таван жил хүчинтэй байдаг учраас шууд зуучлалаар явахаар төлөвлөв. Миний ажил төрөл ч сайн бүтэж, аав ээж хоёр ч цалингийн зээл аваад, зуучлалын төлбөрийг маань бүрдүүлж байсан.
Хавар нь материалаа өгөөд намар явах хуваарьтай байсан. Ер нь тэр үед миний бүх юм саадгүй сайхан бүтэж, би ч тэр гэрийнхэн ч тэр бүгд л баяртай байж билээ. Би Солонгос явахын өмнө ажил хийж, хэрэглээний мөнгөтэй байя гэж бодоод хуучин ажилдаа эргэж ортол, ажлын хоёр ах бэтлээд мөнгөө өсгөөд байхыг харсан. Сонирхол татаад эхний ээлжид дансанд байсан 70 мянган төгрөгөө татуулсан. Тэгсэн 140 мянга болчихсон.
Мөнгө олох чинь ийм амар юм байна. "Ингээд мөнгө олчихвол хэрэглээний мөнгөтэй болохын тулд ажил хийх шаардлагагүй" гэж бодсон. Тэр үетэй зэрэгцээд "Зуучлалын компанидаа мөнгөө өг" гээд, аав ээж хоёр маань хорь гаруй сая төгрөг өгсөн. Тухайн үед надад өгөхдөө “Эхний ээлжид урьдчилгаа болгож, хийе. Хэд хоногоос үлдсэнийг нь өгье. Компанитай нь ярихад, хувааж болно гэсэн” гэж хэлсэн.
Үнэндээ их мөнгө дансанд байхыг хараад, баярлаад, энэ мөнгийг бэтлэвэл, би бүр их мөнгөтэй болно доо” гэсэн бодол төрөөд, шууд бэтэнд татуулчихсан. Овоо өсгөөд байсан юм гэнэт л уначихсан. Ингээд би ээж аав хоёрынхоо хурааж, цуглуулсан мөнгийг алдчихсан. Энэнээсээ болоод гэртээ харьж чадахгүй, найзуудынхаараа хонож, өнжиж байгаад нэг л өдөр баригдсан. Өөрт олдсон боломжоо ашиглаж чадаагүй болохоор одоо аав ээж хоёрынхоо өр зээлийг дарахаар хоёр ажил хийж эхэлсэн.
Ийнхүү спорт бэттингэд донтож, их хэмжээний мөнгөө алдсан иргэдэд тохиолдсон явдлыг ямар ч нэмэлт хасалтгүй, өөрсдийн ярьснаар нь бүрэн эхээр нь хүргэлээ. Тэгвэл одоо энэхүү спорт бэттинг нь ямар байдлаар ажилладаг болохыг тайлбарлая.
Bet бол онлайн мөрийтэй тоглоомын платформ бөгөөд спортын тэмцээн, казино тоглоом, виртуал спорт, бинго зэрэг төрөл бүрийн мөрийтэй тоглоомыг санал болгодог. Энэ платформ нь дэлхийн олон оронд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд хэрэглэгчдэд төрөл бүрийн спортын болон тоглоомын үйл явдалд мөрий тавих боломжийг олгодог.
-Бэт ямар байдлаар ажилладаг вэ-
1. Бүртгүүлэх
- Хэрэглэгч Bet платформ дээр данс нээх шаардлагатай.
- Бүртгүүлэхэд утасны дугаар, имэйл хаяг эсвэл нийгмийн сүлжээ ашиглах боломжтой.
- Бүртгүүлсний дараа хэрэглэгч өөрийн дансанд мөнгө байршуулах боломжтой.
2. Мөнгө байршуулах
- Платформ нь олон төрлийн төлбөрийн системийг дэмждэг. Жишээ нь:
- Банкны карт (Visa, MasterCard)
- Цахим хэтэвч (PayPal, Skrill)
- Криптовалют (Bitcoin, Ethereum)
- Зарим орнуудад бэлэн мөнгөний орд хийх сонголт байдаг.
3. Мөрий тавих
- Спортын мөрий: Хэрэглэгч спортын тэмцээн, баг, тоглогчид дээр мөрий тавьж болно. Жишээ нь, хөлбөмбөгийн тоглолтод аль баг хожихыг таах, эсвэл тоглолтын нийт гоолын тоог таах гэх мэт.
- Казино тоглоом: Слот, рулет, карт тоглоом гэх мэт шууд тоглолтууд дээр мөрий тавих боломжтой.
- Виртуал спорт: Хиймэл оюун ухааны тусламжтайгаар бүтээгдсэн виртуал спортын тоглолтууд дээр мөрий тавих.
- Онцгой мөрий: Улс төр, кино, хөгжмийн наадам зэрэг төрөл бүрийн сэдэвтэй үйл явдлууд дээр ч мөрий тавих боломжтой.
-Г.Б: Хамтдаа ажиллаж, хөдөлмөрлөж, амьдрал дээшлэх байтал, бидний амьдрал улам уруудчихсан-
-Ковидын хөл хорионд байх үед хүн бүр л нэгэнтэйгээ онлайнаар тоглож өдөр хоногийг өнгөрөөж эхэлсэн. Миний хувьд найзуудтайгаа Among us тоглож, найз залуу маань ML, Pubg л тоглодог байсан. Гэтэл найз залуу маань цахим покер тоглодог болсон. Би тэр үед мөнгөөр тоглож байна гэж боддоггүй байсан болохоор тоодоггүй байсан. Нэлээн хэдэн долоо хоногийн дараа дансанд дахь мөнгө маань алга болчихсон байсан. Яаж алга болов оо, гэж гайхаад найз залуугаасаа асуутал “Би тоглочихсон” гэж хариулсан. Тэр үед дотор нэг л сонин болчихсон. “Юугаар тоглосон гэнэ ээ” гэж асуугаад л цахим покертой холбоотой анхны хэрүүл үүссэн.
Үүний дараагаас эхлээд, бид хоёрын харилцаа муудаж, найз залуу маань ч найзуудаасаа, гэрийнхээсээ, ах эгчээс, сүүлдээ ажлынхнаасаа мөнгө зээлээд тоглож эхэлсэн. Би эхэндээ хорих гээд чадаагүй. Сүүлдээ “Буянаараа болог” гээд орхичихсон. Тэгсэн үнэхээр их өр тавьж эхэлсэн.
Бүр “Хоёулаа машинаа зарах уу” гэж асуух хүртэл нь тэвчиж байгаад, би тэсэрчихсэн. Тэгээд ам нээх тоолондоо муудалцдаг болоод би шантарчихсан. Намайг өөртөө ойртуулахаа ч болиод дөрвөн хананы хоёр талд тусгаарлагдаж эхэлсэн. Тэр үедээ даргаасаа их хэмжээгээр нь мөнгө зээлээд авчихсан байсан. Мөнгөө алдахаараа өрөөндөө чангаар орилоод, сарын өмнөхөн намайг халамжилдаг байсан найз залуу маань тэс өөр хүн болчихсон. Би чинь хадаг сүүгээ аваад, сүйгээ тавьчихсан байсан учраас гэр лүгээ гүйгээд байж чадахгүй. Хаашаа ч явж чадахгүй байдалтай учраас орилох чимээ, элдэв аашийг нь тэсэхээс өөр сонголт үлдээгүй.
Энэ байдалтай нэлээн удаан байсны эцэст ковидын хорио цээр суларч, энгийн амьдралдаа шилжсэн. Ажлаа хийж, олны дунд орсон ч найз залуу маань тоглосон хэвээр байсан. Бидний дунд хайр гэдэг зүйл байхгүй болчихсон юм шиг аашилдаг байсан. Нэг өдөр над руу танихгүй дугаар залгаад, “Мөнгөө авъя гэсэн гээд нөхөртөө хэлээд өгөөрэй” гэхэд л би бүгдийг нь ойлгосон. Тийм дуудлага авсан орой найз залуутайгаа ярилцахад 80 саяын өрөнд орчихсон байсан.
Тийм их мөнгө босгоход их хүнд шүү дээ. Ядахдаа ахиж нэмж битгий өр тавиарай, гэж гуйсаар байгаад тоглохыг нь багасгасан. Хоёр талын аав ээждээ хэлж, хорин саяыг босгосон. Дэрээс нь приус 20-ио зарсан, ээж аавуудын өгсөн мөнгөн аяга, ээмэг бөгж, зүүлт гээд бүгдийг нь зарж, үрж, ломбардаад, цалингийн зээл, хүнээс хүүтэй мөнгө төгрөг зээлж байж эхний өрөө дарсан.
Арай гэж өрөө дарлаа гэсэн чинь цалингийн зээл, хүүтэй мөнгө төгрөг гээд өртэй л үлдэж байсан. Дөнгөж 25 настай байж ийм их мөнгөний өрөнд орсон найз залуудаа гомдсон ч хамтдаа даваад гарахыг хичээсэн. Би чадлынхаа хэрээр хичээж байхад, найз залуугийн маань ааш, сэтгэлзүйн байдал нь тэс өөр хүн болсон. Цочмог ууртай, дүрсхийсэн хүн болсон. Бид хоёр одоо ч өр зээлээ дарсаар л байгаа. Гэхдээ л мөнгө л олдвол тоглочих гээд байдаг. Үе үе чанга хашхична. Ер нь сэтгэл санааны асар их өөрчлөлт орсон найз залуугаа хуучных шигээ болно гэдэг нь итгээд амьдарч л байна.
-Покер ямар байдлаар ажилладаг вэ-
Онлайн покер бол интернэтээр дамжуулан тоглогддог покерын хэлбэр бөгөөд тоглогчид өөр хоорондоо өрсөлдөх боломжтой байдаг. Энэ төрлийн покер нь уламжлалт покерын дүрмийг дагадаг ч онлайнаар тоглож байгаагаараа өвөрмөц хүмүүсийн анхааралд өртдөг аж. Мөн өмнө нь дурдсанчлан Бэттэй ижил байдлаар бүртгүүлж, мөнгө татаж, татуулдаг байна.
Онлайн покерын платформд олон төрлийн покер байдгаас дурдвал,
- Texas Hold'em: Хамгийн түгээмэл хэлбэр.
- Omaha: Тоглогчид дөрвөн картыг ашиглаж тоглодог.
- Seven Card Stud: Хуучны алдартай тоглоом.
- Spin & Go: Богино хугацаанд өндөр хожих магадлалтай тэмцээн.
- Cash Games: Бодит мөнгөөр тоглох.
- Тэмцээн (Tournaments): Том шагналын сантай олон шатны өрсөлдөөнтэй покерууд байдаг.
Товчхондоо дээрх төрлүүдээс сонгож, тоглогчид өрсөлдөгчтэйгээ виртуал ширээн дээр тоглоомоо эхлүүлдэг. Яг энгийн покерын дүрмийн дагуу бооцоо тавих, хөзөр солих, ялалт байгуулах зэрэг үйл явц явагддаг.
Харин одоо онлайн покер болон бэт ажиллуулдаг хүмүүс буюу агентуудын талаар эх сурвалжийн мэдээлсэн мэдээллийг хүргэе.
-Агентууд бооцоонд тавьсан мөнгөн дүнгийн 5 хувиар цалинждаг-
Бэт нэгэнт тоглоод эхэлчихсэн хүн биеэ татахаас илүүтэй улам бүр донтдог. Ингээд бэт тоглодог хүмүүсийг тоглуулдаг агентууд нь хоорондоо сүлжээ үүсгэж, түүнээсээ ашиг олдог. Агентаар ажиллаж, бүхнийг дэргэдээс нь харж, оролцож байсан агентаас дараах тодруулгыг авсан юм.
-Хэзээ агентаар ажиллаж байсан бэ? Яаж тоглуулдаг вэ?
-Оюутан байхдаа агентаар ажиллаж байсан. Утсаараа ажиллах боломжтой учраас их амар байдаг байсан. Гэхдээ агентууд нь нэг дор цуглаж, дансаараа гүйлгээгээ хийж, хамт байдаг.
Зарим тохиолдолд олон нийтийн сүлжээнд "Мөнгөний ажил байна" гэх худал зар байршуулж, тус зарын доор сэтгэгдэл бичсэн хүмүүстэй хуурамч хаягаар холбогдож, дансыг нь ашигладаг байсан. Нэг өдөрт их хэмжээгээр мөнгөн гүйлгээ хийдэг учир нэг дансыг хамгийн ихдээ хоёр сар ашигладаг. Нэг агент дор хаяж таваас зургаан дансны гүйлгээ хянадаг байсан.
Биднийг ажиллуулдаг байсан хүмүүс инфлюнсерүүдийг агент болгож, платформдоо шинэ хэрэглэгчид татах, тэдний бүртгэлийг дэмжих, болон платформын бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчлуулдаг байсан. Тэдгээр агентууд нь аффилиэйт хөтөлбөрт оролцож, ашиг олдог байсан. Нэмээд бооцоот тааварт оролцож буй хүмүүсийн мөрийний мөнгөн дүнгийн 5 хувиар нь цалинждаг байсан.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгүүлч нь бараг яаж бэтний апп-д бүртгүүлэх үү? Юу шаардлагатай вэ? Эхлээд хэдэн төгрөгөөр мөрийн тавиад хэд болох боломжтой вэ? гээд сурт�##�члаад өгчихлөө.
Хохь нь муу шун�##�ын бузрууд!