Top StoriesГадаад мэдээ

Ганц үг хэлснээрээ АНУ төдийгүй бусад улсын санхүүгийн зах зээлд нөлөөлөх чадвартай Жером Пауэллийн нөлөө

АНУ-ын Холбооны нөөцийн сангийн (ХНС) өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо (FOMC) лхагва гарагт /2024.12.18/ мэдэгдэл хийхдээ бодлогын хүүг 0.25 хувиар бууруулж 4.25-4.50 хувь болгосон. Энэ нь 2023 оны нэгдүгээр сараас хойш үзэгдээгүй бага хувь юм.

Холбооны нөөцийн сангийн дарга Жером Пауэлл хэвлэлийн бага хурлыг нээн үг хэлэхдээ “Бид эдийн засгийнхаа бат бэх байдлыг хадгалахын тулд ажил эрхлэлтийг дээд хэмжээгээр дэмжиж, инфляцыг зорилтот хоёр хувийн түвшинд буцаахыг зорьж байгаа. Үүний хүрээнд өнөөдөр Холбооны нээлттэй зах зээлийн хороо бодлогын хүүг 0.25 хувиар бууруулж, бодлогын хязгаарлалтыг багасгах чиглэлд дахин нэг алхам хийх шийдвэр гаргалаа” гэжээ.

Ийнхүү мэдэгдэл хийсний дараа АНУ-ын хөрөнгийн зах зээлд томоохон капиталын урсгал явагдаж, донсолсон. Тодруулбал S&P 500 индекс 178 нэгжээр буюу 2.9 хувиар буурсан юм. Энэ нь наймдугаар сарын эхээс хойш үзэгдээгүй том уналт байв. S&P 500 бол АНУ-ын хөрөнгийн биржид бүртгэлтэй хамгийн том 500 компанийн хувьцааны гүйцэтгэлийг хянадаг индекс билээ. Dow Jones индекс 1,123 нэгжээр буюу 2.2 хувиар буурсан юм. Харин Nasdaq индеск 716 нэгжээр унаж 3.6 хувиар буурсан байна.

АНУ-д лхагва гарагийн арилжаа хаагдахад Пауэллын танилцуулсан бодлогын хүүг бууруулах шийдвэрийг хөрөнгө оруулагчид таамаглаж байсан учир хүмүүс нэг их ач холбогдол өгөөгүй. “Bradwine Global” компанийн портфолио менежер Жак МакИнтайр хэлэхдээ бодлогын хүүг буруулсныг мэдэгдсэн нь хамгийн ач холбогдол хэсэг байсан гэжээ. МакИнтайр Wall Street оронд нь ХНС-гийн 2025 он болон цаашдын хэтийн төлөвт анхаарлаа төвлөрүүлсэн хэмээсэн юм. Пауэлийн хэлснээр инфляц зорилото түвшнээс өндөр хэвээр байгаа тул ХНС 2025 онд бодлогын хүүг илүү бага хэмжээгээр бууруулах төлөвтэй байгаа юм.

ХНС лхагва гарагт тусдаа гаргасан нэгэн баримт бичиг дээр бодлого боловсруулагчид 2026 он хүртэл инфляц зорилтот 2 хувьд хүрэхгүй гэж таамаглаж байгааг тусгажээ. Тэдний тооцооллоор хол 2025 онд инфляц 2.5 хувьтай байх аж. Өнгөрсөн есдүгээр сард ХНС бодлогын хүүг таамагласнаас их буюу 0.5 хувиар бууруулахдаа 2025 онд инфляц 2.1 хувь байна гэж таамаглаж байсан билээ. Ийм учир ХНС одоо 2025 онд хоёр л удаа бодлогын хүүг бууруулах төлөвтэй байна. Өмнө нь тэд дөрвөн удаа бууруулахаар төлөвлөж байсан.

“Northlight Asset Management” фирмийн хөрөнгө оруулалтын ахлах ажилтан Крис Заккарали “Зах зээл ирээдүйг ажиж, өнөөдөр бодлогын хүү бууруулсан сайн мэдээг тоож үзсэнгүй. Дараа жил бодлогын хүү бууралт бага байх тал дээр л анхаарлаа” гэжээ. Ийнхүү ирэх жил бодлогын хүүг илүү бага хэмжээгээр бууруулах төлөвтэй болсон нь дан ганц АНУ-ын зах зээлд нөлөөлөөгүй юм. Тодруулбал Персийн булангийн хэд хэдэн орон ХНС-гийн шийдвэрийг даган бодлогын хүүгээ бууруулжээ.

Канадын гол хувьцааны индекс арилжаа хаагдахад 2 хувиар буурч, сүүлийн 10 сард үзэгдээгүй хэмжээгээр доошилжээ. Мөн алтны үнэ 2.1 хувиар буурч унц нь 2589.91 ам.доллар болсон байна. Энэ нь арваннэгдүгээр сарын дунд үеэс хойш үзэгдээгүй бага ханш. Дээрээс нь Пауэлл ХНС биткойн худалдан авах эрхгүй гэж хэлсний дараа криптовалюттай холбоотой хувьцаанууд унажээ.

Пауэллийн нөлөө

"Investopedia" сайтын үүсгэсэн тайлбартай графикийг орчуулж хэрэглэв. Энэ график нь Жером Пауэлл 2023.05.03-нд хийсэн хэвлэлийн хурал нь S&P 500 индекст хэрхэн нөлөөлснийг харуулж буй.

Ийнхүү Пауэллийн хэлсэн үг, ХНС-гийн мэдэгдэл АНУ төдийгүй бусад улсын санхүүгийн зах зээлд нөлөөлж буй. Өмнөх үеийн ХНС-гийн даргууд мэдэгдэл хийхэд зах зээл хөдөлдөг байсан ч Пауэлл тэднээс илүү нөлөөтэй байгаа юм. Энэ талаар Намрата Нарайн, Кунал Сангани нэртэй Харвардын хоёр судлаач өнгөрсөн жил анализ хийж байжээ. Тэрхүү судалгаа нь Пауэлл санхүүгийн хөрөнгөд үзүүлж буй нөлөөг онцолж, ХНС аль болох урьдчилан таамаглах боломжтой хэвлэлийн хурал хийнэ гэдэг зорилгыг алдагдуулж болзошгүй гэж үзсэн юм.

Арилжаачид ХНС-гийн бодлогын хүүгийн хэтийн төлөв хэрхэх вэ гэдгийг таамаглан арилжаа хийдэг. “FOMC” бодлогын хүүгийн талаар мэдэгдэл хийсний дараа ХНС-гийн дарга нар хэвлэлийн бага хурал хийж үг хэлэн, асуултад хариулдаг. Хэдийн “FOMC”-ын мэдэгдэл арилжаачдын таамаглалд нөлөөлөх ч ХНС-гийн даргын хэвлэлийн бага хурал, асуулт хариулт таамаглалд нэмж нөлөөлж байгаа юм. Тэдгээр судлаачид бичихдээ “Пауэлл дарга зах зээлд томоохон нөлөө үзүүлж, “FOMC”-ын мэдэгдлийн эсрэг нөлөө үзүүлэх магадлалтай” гэжээ. Судлаачид хувьцаа, бондын үнэ Пауэллийн үед өмнөх хоёр даргатай харьцуулахад илүү өсөж, доошилдог хэмээсэн байна.

Нарайн, Кунал хоёр бичихдээ “FOMC”-ын мэдэгдэл нь мөнгөний бодлогын чиглэлийг зах зээлд хүргэдэг “үг байхаа больсон бололтой" гэсэн юм.

Эх сурвалж: Reuters, CBS News, Investopedia

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button