Жавар тачигнаж, баяр дөхсөн эл өдрүүдэд хоёр сартай нярайгаас 18 хүртэлх настай хүүхдүүд ханиадны улмаас эмнэлгийн тусламж горилон нэг өрөөнд эцэг эх, асран хамгаалагч, хүүхэд нийлсэн 15 хүн хэвтэж, өрөө хүрэлцээгүй хэсэг нь аяны ор дэлгэн коридорт ханиадтайгаа тэмцэж байна. Бид Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгээс дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Өдрийн 15.00 цаг. Амбулаторийн хэсэгт хүүхдээ тэвэрсэн эцэг, эх асран хамгаалагчид эмчийн өрөөний үүд сахина, дарааллаа хүлээнэ. Хаа нэгтэйгээс тариагаа хийлгэж буй нярай хүүхдийн чангаар уйлах чимээ, аргадан бүүвэйлэх дуу, эмчид үзүүлэхгүй хэмээн ээжийнхээ хормойноос атгах дөрвөн наст гээд эл эмнэлгийн коридорт амьдрал буцална.
Харин эмнэлгийн таван давхарт гарч ирэхэд аниргүй ноёлох бөгөөд хэвтэн эмчлүүлэгчдийн өрөөний цонхоор харвал 8-15 хүн байрлаж, өрөөнд багтаагүй хэсэг нь коридорт ор дэлгэн байрлаж байлаа. Бид тус эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч Баярмаатай одоогийн нөхцөл байдлынх нь талаар ярилцлаа.
-Эмнэлэгт байх хугацаанд хатгалгаа бүрэн эдгэрсэн гэж эцэг эхчүүд ойлгоод гэрийн асаргаагаа сулруулчихдаг. Энэ үед бүрэн эдгээгүй вирус сэдэрч хүндрэх нөхцөл үүсэж байна-
-Танай эмнэлэгт яг одоогийн байдлаар хэчнээн хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ, дийлэнх нь ямар оноштой байна?
-Манай эмнэлгийн хувьд хүүхдийн хоёр тасагтай 100 орны багтаамжтай. Гэтэл яг одоогийн байдлаар 178 хүүхэд хэвтэж буй. Хүүхдийн тасгаас гадна уламжлалт эмчилгээний тасагт хүүхдүүдээ шилжүүлээд ажиллаж буй.
Ирж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь амьсгалын замын халдвар буюу уушгины хатгалгаа, гуурсан замын бөглөрөлт өвчин, мөн цөөнгүй тоогоор суулгалт өвчнөөр өвчилсөн хүүхдүүд хэвтэн эмчлүүлж байна.
-Ойрхон хугацаанд дахин хатгалгаа аваад хэвтэж буй хүүхдүүд олон байгаа тухай сонслоо. Гадуур дэгдэж буй вирус болон эмчилгээний тухайд?
-Хэвтэн эмчлүүлэгчдийн хувьд ор хоногийн 7-8 хоног эргэлт, сахиуртайгаар антибиотик эмчилгээ болон бусад шинж тэмдгийн эмчилгээ хийгдэж байгаа.
Хамгийн сүүлд ХӨСҮТ-өөс гаргасан мэдээллээр бол амьсгалын замын гурван төрлийн вирус орчилд орон эргэлдэж, улмаар бага насны хүүхдүүдэд уушгины хатгалгаа, багтраа, бөглөрөлт болон хүндэрч байгаа нь судлагдсан.
Эмнэлэгт байх хугацаанд хатгалгаа бүрэн эдгэрсэн гэж эцэг эхчүүд ойлгоод байгаа нь буруу юм. Та эмнэлэгт байгаа хугацаанд эм, тарианы эмчилгээгээ сайн авсан бол гэртээ очоод гэрийн асаргаа сувилгааг сайн хийх ёстой. Мөн ханиалга намдаах болон бусад төрлийн шинж тэмдгийг намдаахаар бичиж өгсөн эм бэлдмэлийг цаг, хуваарийн дагуу хэрэглэх хэрэгтэй. Ингээгүйн улмаас бүрэн эдгээгүй вирус дахин сэдэрч хүндрэх тохиолдол гарч байна гэсэн үг.
Эмчийн өрөөнөөс гарч хэвтэн эмчлүүлэгчдийн давхар руу гарвал хамгийн түрүүнд таарсан эл эмэгтэй хүүтэйгээ сүүлийн сарын хугацаанд хоёр ч удаа энд хэвтэж буй нь энэ гэнэ. Өмнө хэвтэхдээ өрөөнд сахиур хүүхэд нийлсэн 10 гаруй хүнтэй нэг өрөөнд хамт эмчлүүлсэн аж.
-Өрөөний гадна ч гэлээ эмчилгээ хийлгээд хэвтэх газар олдоно гэдэг аз-
"Хүү бид хоёр дөнгөж сая хэвтлээ. Өрөө хүрэлцээгүй байгаа учир коридорт л эмчилгээгээ хийлгэнэ дээ. Өрөөний гадна ч гэлээ эмчилгээ хийлгээд хэвтэх газар олдоно гэдэг аз.
Бид хоёр уг нь өмнө нь ханиад авахдаа бас хүндэрсэн учир энд хэвтээд долоо хоногийн өмнө гарсан юм. Гэтэл дахин хүндрээд хүрээд ирлээ. Өмнө хэвтэхдээ цагийн тариа болон утлагын эмчилгээ хийлгүүлсэн. Мөн гэртээ уух эм бэлдмэлээ ч гарахдаа авсан, хэрэглэсэн. Гэсэн ч дээрдэхгүй байсаар буцаад ирлээ" хэмээв.
-Хоёр хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтэж буй ээж: Хүний нөөцийн дутагдалтайн улмаас цагийн тариа цагтаа орж ирэхгүй байна-
-Эмнэлэгт хэвтээд хэр удаж байна, эмнэлгийн ор дэрний хүртээмжийн тухайд?
-Хоёр хүүхэдтэйгээ эмнэлэгт хэвтээд гурав хонож байна. Эмнэлгийн ор дэрний хүртээмж маш их дутагдалтай байна. Дан ганц Чингэлтэй дүүргийн эмнэлэг ч гэлтгүй Улс даяараа хүртээмжгүй байгаад миний хувьд эмзэглэлтэй байна.
Хувийн эмнэлэг нь хүртэл ачааллаа дийлэхгүй "ханиадтай хүүхдээр дүүрсэн, дахиж хүүхэд нэмж хэвтүүлэхгүй" гээд биднийг яах аргагүй байдалд оруулж байна. Одоо миний хэвтэж буй эл эмнэлэг гэхэд 10 давхар. Гэтэл 3-7 давхарт зөвхөн хүүхдийн тасаг ажиллаж байна. Ханиадтай хүүхдүүд энд ор, байрлал харгалзахгүй, тасгаас гадна коридор, лифтний хэсэгт хүртэл хэвтэж байна.
-Ямар төрлийн эмчилгээ хийгдэж байна, эмч сувилагч хүртээмж хэр зэрэг байна вэ?
-Энд хэвтэж байгаа хүүхдүүдийн тухайд 2,3 сартайгаас 14, 15 настай. Ихэвчлэн уушгины хатгалгаагаар өвдсөн хүүхдүүд. Мөн хавсарсан оноштой нь ч их. Гэтэл энэ эмнэлгийн зүгээс хавсарсан оноштой хүүхдүүдэд тохирсон эмчилгээг хийж чадахгүй байна. Хараад байхад дандаа антибиотикоор "бөмбөгдөөд" хэдэн дусал хийгээд л орхичих жишээний.
Эмчийн бичиж өгсөн дусал тариа болон шахмал эм бэлдмэл цагийн дагуу уугдаж байна. Эл эмнэлэгт хэдийгээр бичигдсэн эмчилгээ хийгдэж байгаа ч хүний нөөцийн дутагдалтай. Яаж мэдэгдэж байна вэ гэхээр, цагийн тариа цагтаа орж ирэхгүй байна. Манай давхарт гэхэд таван хүний бүрэлдэхүүнтэй баг хүүхдүүдэд зэрэг үйлчилж байна шүү дээ. Жишээ нь 12 цагт хийгдэх ёстой тариа 14,15 цагийн үед л орж ирж байна. Угтаа эмчилгээнд цаг их чухал. Гэтэл өдрийн нэг тариа хойшлоход дараагийн товлолт цагууд хойшлох нөхцөл үүсчхэж байгаа юм.
Ер нь нийтээрээ амьсгалын замын өвчлөлтэй байгаа энэ үед удирдлагууд сайн анхаараасай гэж бодож байна. Миний хувьд утаанаас болж л ийм нөхцөл байдалд хүрч байна гэж анзаарсан. Яг үнэндээ эсэргүүцлийн жагсаалд оролцох хүсэлтэй хүмүүс маш их байгаа. Гэсэн ч тэр хүмүүсийн тал нь цалингүй чөлөө авч эмнэлэгт хүүхдээ асарч үлдсэн хэсэг нь амьдралаа авч явах гээд ажиллаж байна шүү дээ.
-Ханиадны эмчилгээнд багагүй хугацааг зарцуулж буй талаараа ярилаа шүү дээ, өрх гэрийн санхүүд хэр нөлөөлж байна?
-Сард хоёр удаагийн давтамжтайгаар антибиотик хэрэглэж өвлийг давах хэцүү. Байнга давтамжтайгаар эм хэрэглэх эрүүл мэнд болоод гэр бүлийн санхүүд хүнд тусаж байна.
Боломжтой тулдаа хувийн эмнэлэгт хүүхдээ оношлуулсан. Тэгэхэд л нэг удаагийн л оношилгоонд 600 мянган төгрөг гарч байсан. Оношлуулсныхаа дараагаар хэвтэх гэж хоёр хоног хөөцөлдсөн. Ингээд хэвтэн эмчлүүлэхэд хамгийн багадаа 120 мянган төгрөг гарлаа шүү дээ.
-Сарын хугацаанд хоёр дахь удаагаа хатгаатай хүүтэйгээ хамт эмнэлэгт хэвтэж буй ээж: Эдгэж байсан хүүхдүүд өөр төрлийн вирусээр өвчлөх тохиолдол нэмэгдэж байна-
Хүү бид хоёр хэвтээд тав хонож байна. Саяхан бас хэвтээд тав хоног эмчлүүлээд гарсан ч дээрдээгүй. Эргэн энэ эмнэлэгт хоёр удаа ирж үзүүлэхэд "хэвийн байна, хэвтэх шаардлагагүй" гээд буцаасан. Гэтэл маргаашаас нь эхлүүлээд өдрийн 17.00 цагаас шөнийн 23.00 цаг хүртэл зогсолтгүй ханиалгасан. Тэгэхээр нь СХД-ийн эмнэлэгт очиж үзүүлэхэд "Та хоёр хэвтэхээр болчхож, хоолой идээлж байна хатгаа авчихсан байна шүү дээ, харьяа дүүргийнхээ эмнэлэгт очиж хэвтээрэй" гээд бичиг хийж өгсөн.
Энд байгаа хүүхдүүдийг харахад их л хүнд санагдаж байна. Тариа хийлгэхийн тулд судас нь олдохгүй олон хатгуулах, нэг өрөөнд агаарын хүрэлцээгүй олноороо хэвтэж байна. Гадна коридорт байгаа хүмүүсийг ярих ч юм биш.
Хэдэн зуугаараа ханиадны вирустэй нэг эмнэлэгт хэвтэж байгаа учир эдгэж байсан хүүхдүүд өөр төрлийн вирусээр өвчлөх тохиолдол нэмэгдэж байна. Таны харж байгаачлан нэг өрөөнд ийм олуулаа байхад нэгнээсээ халдвар авахгүй гээд ч яах билээ дээ. Хэрэглэж байгаа эмдээ ч дарагдахгүй байна" гэв.
-СХД-т байрлах Сэлбэ нэгдсэн эмнэлэг рүү манай дүүргийн таван хорооны хоёроос дээш насны хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг шилжүүлэх чиглэл ирсэн-
-Ханиадны тархалт, нөхцөл байдлыг өмнөх жилтэй харьцуулбал. Ачааллаа цаашид хэрхэн зохицуулах вэ?
-Өмнөх жилтэй харьцуулаад харахад давамгай байдлаар нэмэгдээд байгаа зүйл алга. Дундаж үзүүлэлттэй л байна. Жил бүрийн яг энэ үеэр ханиад томуу, томуу төст өвчнүүд нэмэгдэж эргэлтэд орж байдаг. Энэ үеэр эмнэлэгт хөл тавих зайгүй байдаг нь бараг хэвшил болчихсон.
Харин зохицуулалтын тухайд СХД-т байрлах Сэлбэ нэгдсэн эмнэлэг рүү манай дүүргийн таван хорооны хоёроос дээш насны хэвтэн эмчлүүлэх шаардлагатай хүүхдүүдийг шилжүүлэх чиглэл ирсэн. Энэ нь 12 дугаар сарын 20-ноос хэрэгжээд эхэлсэн.
-Эцэг эхчүүд болоод асран хамгаалагчдад хандаж?
-Бага насны хүүхдүүдийг олон хүн цугласан газруудаар авч явахгүй байх, дулаан хувцаслах, амны хаалтыг тогтмол зүүж гарын ариун цэвэрт мөн анхаарах хэрэгтэй байна. Хамгийн гол нь гэрийн асаргаа чухал байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.
Сэтгүүлчийн тэмдэглэл: "Яг энэ цагаар хамгийн ачаалал багатай бөгөөд коридор эзгүй шахам байдаг" хэмээн тухайн эмнэлгийн сувилагч нар хэлж байлаа. Гэсэн ч тортой хувцас, ойрын хэрэглээгээ нэг гартаа, харин нөгөө гартаа хүүхдээ тэвэрсэн хүмүүсийн хөл биднийг эмнэлгийн хаалгаар гарах хүртэл лав тасарсангүй. Ачаалалтай, орны хүртээмжгүй, хүний нөөц багатай хүн хэвтэж болох бүх булан тохойд ханиадтай тэмцсээр буй Чингэлтэй дүүргийн нэгдсэн эмнэлгийн бодит дүр төрх энэ байлаа. Одоогоор тус эмнэлэгт ханиадны нөхцөл байдал өрөөнөөс хальж коридорт гарсан байдалтай байна. Хэрэв үүнээс хүндэрвэл хэрхэх бол...
Томуу, томуу төст өвчний халдварын үед ямар хариу арга хэмжээ авах талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс өгсөн зөвлөгөө
Эмнэл зүйн хувьд ямар шинж тэмдгийг анзаарах хэрэгтэй вэ?
Хүүхдийнхээ амьсгалыг олширч байна уу гэдгийг харж үнэлэх шаардлагатай байдаг. Хүүхэд тайван, уйлаагүй, халуураагүй үед нэг минутад амьсгалыг тоолно. Хоёр сартай хүүхэд 60 ба түүнээс дээш, 2-12 сар хүртэлх хүүхэд 50 буюу түүнээс дээш, 1-5 настай хүүхэд нэг минутад 40 буюу түүнээс дээш давтамжтай амьсгалах, амьсгалын тоо олшрох нь уушгины хатгалгаагаар өвдөж хүндэрч байгааг илтгэдэг.
Хүүхдийн хамар, уруулын гурвалжин хэсэг хөхөрч байвал уушгины хатгалгаа хүндэрч байгааг илтгэдэг эмнэл зүйн шинж бөгөөд мөн усгүйжилтийн шинжийг ажиглана.
Таны хүүхэд сүүлийн найман цагийн хугацаанд хангалттай хэмжээний шингэн уусан хэрнээ шээхгүй, уйлж байгаа хэрнээ нулимс гарахгүй, уруул омголтож хуурайших нь гол шинж тэмдэг.
Мөн булчингаар өвдөх бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн хувьд цээжээр өвдөх болон толгой өвдөг зовуурьтай. Бага сартай хүүхдүүд уйлагнах, алхах дургүй тэврүүлэх хандлагатай бол ажиглах шаардлагатай. Хүүхдийн халуурах зай ойртох буюу 6-8 цаг, 3-4 цагийн зайтай халуурч байвал гэрийн эмчилгээ үр дүнгүй, өвчин хүндэрч байгааг илтгэдэг.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөж байгаагаар 0-5 насны хүүхэд Монгол оронд амьдарч байгаа нөхцөлд бүс нутгийн онцлогоос шалтгаалаад витамин Д уух хэрэгтэй.
Д витамины тун хэмжээ болон эмчилгээний зарчим нь улирлаас шалтгаалдаг. Мөн тухайн хүүхэд сульдаа буюу рахит өвчнөөр өвдсөн эсэхээс хамааран тун харилцан адилгүй. Хүүхэд сульдаа буюу рахит, цус багадалт, тураал өвчнөөр өвдөөгүй нөхцөлд дархлаа сайн ажиллаж байна гэж үздэг. Энэ үед нэмэлт витамин хэрэглэх шаардлагагүй.
- Хэрэв хүүхдийн өвчин хүндэрсэн нөхцөлд эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлнэ. Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлэхэд эцэг, эхийн гаргадаг түгээмэл алдаа,
- Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдээ эргэж ирэхдээ маш их сахар агуулсан бүтээгдэхүүн авчирдаг. Мөн гэрээс эргэлтээр ирж байгаа хоолонд саримс, сонгино огт хийхгүй, чихэрлэг бүтээгдэхүүн авчрахгүй байх шаардлагатай
- Шар өнгийн жимс ногоог хориглоно. Эдгээр жимс болон саримс, сонгино харшил төрүүлэх эрсдэлтэй
- Хүүхдийн дэргэд тамхи татахгүй, хурц үнэр гаргахгүй байхыг зөвлөе. Хатгалгаатай нөхцөлд хүүхдийн дэргэд тамхи татах тохиолдлууд бий. Энэ нь хурц өвчин сэдрээж, ханиалга нэмэгдүүлж нялуун үнэр гаргадаг. Хүүхэд хатгалгаагаар өвдсөн нөхцөлд үнэр гаргахгүй байх дэглэм маш чухал. Ингэснээр өвчний хатгалгааг хүндрүүлэхгүй.
Мэргэжлийн эмч нартай ярилцсан нийтлэлийг уншихыг хүсвэл доорх хоёр линк дээр дарна уу.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Маскаа зүү.том жижиггүй.Ариун цэвэр сахи.Гараа сайн угаа.Хүүхдийн хүзүүнд сармис зүү.Нэмэр болдог.Тан уугаарай.
Эмнэлгүүдийн бодит төрх ердөө энэ, элдэв эм уулгаж тариа тарихаас өөр чадах зүйлгүй л байна
Uur yahiin
Утаанаас л болж байгаа
Эцэг эх нь ганц 2 хүүхдээ арчилж чадахгүй арчаагүй царайлж байхад, эмнэлэг яаж түмэн хүүхдийг асрах юм.Буруугаа бусад руу чихдэг х�##�амж хэтэрсэний гай