Д.Цолмон: Хүйтний улиралд 5-6 удаа ханиад хүрэх нь дархлаа хэвийн, эрүүл хүүхдийн шинж
Хүүхдийн тэргүүлэх зэргийн эмч, “Долоон одой” эмнэлгийг үүсгэн байгуулагч Д.Цолмонтой ярилцлаа. Тэрбээр ЭХЭМҮТ-д 23 жил харшлын эмчээр ажиллаж байгаад 2011 оноос “Долоон одой” эмнэлгээ байгуулсан юм.
Бид энэ удаа нийтлэг тохиолдож буй ханиад, үүнээс хэрхэн сэргийлэх даван туулах болон бусад хэрэгцээтэй зөвлөгөө мэдээллийг авч ярилцлаа.
-Жил бүрийн намар сургууль цэцэрлэг эхлэхээр хүүхдүүд хямарч, ханиад хүрч, хоолой нь өвддөг. Энэ жил ч бас тийм байна. Нийгмийн сүлжээнд өндөр халуурч, хатгаа болдог вирусын гаралтай ханиад гэж бичигдэж байна. Энэ талаар та бидэнд ямар мэдээлэл өгөх боломжтой вэ?
-Жил болгоны намар яагаад өвчлөл ихэсдэг вэ гэхээр амарч яваад ирсэн хүмүүс нийгэмших бөөгнөрөх процесс эхэлдэг. Нөгөө талаас сэрүүний уур амьгал орохоор амьсгалын замын үүсгэгчүүд идэвхждэг. Манай монгол шиг жилийн дөрвөн улиралтай газар хүйт орохоор амьсгалын замын өвчлөл нэмэгддэг зүй тогтолтой гэж ойлгож болно.
Хамгийн гол нь бид нарын дунд сөрөг эсвэл таагүй гэмээр зүйл нь халдвар авсан хүүхдээ тусгаарлаж чаддаггүй. Амьдралын боломж нөхцөл нь ч тэгж таардаг байх. Ээж, аав нь ажилтай учраас сургууль, цэцэрлэгт нь аваачаад өгчихдөг, ингээд халдвар бүр хавтгайрдаг.
Мөн хүмүүс хүүхэд ойр ойрхон ханиад хүрээд дархлаа нь муу байна гэж ярьдаг. Энэ бол буруу ойлголт. Хүний дархлааны систем ялангуяа өсөж торниж байгаа хүүхдүүдийн хувьд байнга хүнд өвдөж элдэв эмийн эмчилгээ аваагүй л бол хэвийн дархлаатай байдаг. Ханиад хүрээд амьсгалын замын халдвараар өвдөөд байна гэдэг нь хүүхдийн дархлаа муу байгаа асуудал ерөөсөө биш. Үүнийг яагаад анхааруулж хэлэв гэхээр хүүхдийнхээ дархлааг сайжруулна гээд замбараагүй сурталчилдаг нэмэлт бүтээгдэхүүн витаминууд авч өгдөг. Би үүнийг маш их эсэргүүцдэг хүн байгаа юм.
-Сөрөг үр дагавар нь...?
-Үгүй ядаж л маш их хэрэггүй юм уугаад байна шүү дээ. Хүүхдийнхээ дархлааг сайн байлгая, бага өвтгөе гэвэл тогтмол цагт эрт унтуулж хэвш, сайн хоолло, Д витамины хэрэглээг бүү тасал. Ингэхэд амьсгалын замын өвчнөөр өвдөхөд хүндрэхгүй даван туулах боломжтой.
ХӨСҮТ сайтаараа эмнэлгүүдээс авсан сорьциуд дээр тулгуурлаж ямар вирүс зонхилж байгааг мэдээлдэг. Эндээс харахад сүүлийн 14 хоног давамгай риновирүс, аденовирүс, мөн улирлын ковид зонхилж байна. Ковид маш их байгаа. Гэхдээ үүнийг сүрдэж, стресстэж хүлээж авах хэрэггүй. Угаасаа л бид ковидтой зэрэгцэн оршоод эхэлчихсэн томчууд ч, хүүхдүүд ч өвдөж л байгаа. Тэр болгон сорил тавих шаардлагагүй болсон, тийм боломж ч байхгүй.
Манай эмнэлэгт хандсан байдлыг миний ажигласнаар 2-3 хоног өндөр халуурч байгаад уушгыг сонгомлоор гэмтээж байгаа вирүсийн халдвар бол байна. Гэхдээ айхтар түгээмэл биш учраас ээж, аавууд айж сандрах хэрэггүй. Ер нь хүүхэд тань 2-3 хоног өндөр халуураад байвал эмнэлэгт хандаарай. Уушги гэмтээдэг ханиад байгаа нь үнэн. Ковид улирлын томуу, ханиад шиг л байгаа нь ч үнэн. Туссан болгон хүндрэхгүй ч аденовирүс, риновирүс, ковид зэрэг хэдэн вирүс эргэлдэж байгаа бөгөөд бүгд өөр өөрийн онцлогтой гэдгийг мэдэж байхад илүүдэхгүй.
-Жишээ нь...?
-Аденовирүсийн хамгийн түгээмэл шинж тэмдэг нь нүд, амьсгалын дээд зам ларингит, фарингит гэх мэтээр дээд замын хаваншилт үрэвслээр давамгай өвддөг. Хүндрэх юм бол уушги гэмтээнэ. Хүүхэд эрүүл ерөнхий суурь гайгүй бол тодорхой хугацааны дараа эдгэнэ. Риновирүс нь ихэвчлэн хамрын салстыг гэмтээдэг учраас маш их нус гардаг. Амьсгалын дээд замыг гэмтээх нь гайгүй ч бронхит хэлбэрээр хүндэрч бас болдог.
-Ханиадтай хүүхдээ сургууль, цэцэрлэгт явуулах нь амиа бодсон үйлдэл-
-Хичээл, цэцэрлэг дөнгөж эхэлж байгаа болохоор эхнээс нь хоцроохгүй гээд “аргалаад” явуулаад байгаа нь буруу юу?
-Хамгийн буруу үйлдэл. Хүүхэд халуураад нус нь гоожоод, нүд нь нуухтаад эхэлбэл аль ч талаа бодсон цэцэрлэг, сургуульд нь өгөхгүй байх хэрэгтэй. Нэгдүгээрт,хүүхдээ бод. Халдвар нь улам гүнзгийрч, хүндрэх магадлалтай. Хоёрдугаарт, хэт амиа бодсон байж болохгүй. Тухайн хүүхэд өөрөө халдварын эх үүсвэр учраас ангийнхандаа тараана. Тиймээс эмчдээ үзүүлээд зөвлөснийх нь дагуу эмчилж, асарч, халдвартай үеийг гэрт нь өнгөрүүлэх хэрэгтэй.
-Үнэндээ бол өөрсдийн сайн мэддэг хэдэн эмийг өгөх нь нийтлэг байдаг. Тэгэхээр ойрын өдрүүдэд давамгайлж байгаа энэ гурван төрлийн вирүсийн үед бид хэрхвэл зохистой вэ?
-Энгийн ханиад шуухнаа гэж бий. Нус бага зэрэг гоожоод халуурч бүлээрэхгүй тэгсгээд намдчихна. Монголчууд хүүхдээ халуурвал халуун буулгах, харшил хөдөлбөл бас нэг мэдээд өөрсдөө эм өгчихдөг дураараа хэрэглээтэй. Тэр ч бүү хэл түрүүн өвдөхдөө ийм эм ууж байсан тэрийг нь авчихья гэдэг. Үнэн чанартаа энэ бүгд буруу үйлдэл. Ханиад хүрсэн л бол эмчид үзүүл. Тухайн үүсгэгч өөр өөр байхаас гадна хүүхэд яг тэр үеийг яаж давах туулахаар байдалтай байна вэ гэдэг нь хамгийн чухал. Магадгүй зарим нь хоёр өдөр халуураад зүгээр болчихдог бол зарим нь халуурахгүй байж байгаад хүндэрчихдэг.
-Энэ мэтээр хүүхдүүд өвөлжин ханиад хүрдэг. Суурь шалтгааныг та энгийн үгээр тайлбарлаж өгөөч?
-Дахиад л нөгөө дархлаагаа л ярина даа, эмч нь. Хүүхэд чинь дархлаа муутайдаа вирүсийн халдвараар өвдөөд байгаа юм биш ээ. Хэвийн өсөж бойжиж байгаа эрүүл саруул хүүхэд улирлын хүйтэнд амьсгалын замын халдвараар 5-6 удаа өвдөх нь хэвийн асуудал. Хамгийн гол нь хүндрэхгүй, эмнэлэгт хэвтэх түвшинд очихгүй, антибиотекийн хэрэглээнд хүрэхгүй байх ёстой.
Аав ээжийнхээ асаргаагаар гэрийн нөхцөлд зөв дэглэм бариад хүүхэд эдгэж байгаа бол үүнд ердөө шаналах хэрэггүй. Ингээд 5-7 хоног гэртээ байж байгаад цэцэрлэг сургуульдаа явлаа. Сарын дараа дахиад нэг вирүсийн халдвараар өвдөж болно. Эмзэглэх огт хэрэггүй. Өвдөх давтамж нь бол харанга цохиод байх зүйл биш. Сандрах хэрэггүй, асраад хооллож ундлаад, гэрийнхээ дэглэмд байлгаад давж чадаж байгаа бол санаа зовох асуудал биш шүү.
-Дархлаа нь хэвийн байгааг хэрхэн мэдэх вэ. Бид дархлааг дэмжинэ гэж С, Д бусад амин дэмийг дур мэдэж өгдөг. Энэ агуулгаар зөв мэдээлэл өгөөч?
-Манайхны шүүмжлэлтэй хандмаар зүйл нь эмийн замбараагүй сурталчилгаа бас хэрэглээтэй. АНУ, Австрали, Солонгосоос оруулж ирсэн гээд нийгмийн сүлжээгээр сурталчилдаг. Харин энэ аравдугаар сарын 1-нээс эхлээд олон нийтийн сүлжээгээр биологийн идэвхт бүтээгдэхүүнийг рекламдахыг хориглож байгаа нь маш зөв.
Витамин гэдэг бидний бодисын солилцоог идэвхжүүлдэг зарим нь синтез болдог, заримыг нь гаднаас авдаг бүтээгдэхүүн. Хэвийн өсөж бойжиж, хоол ундаа идэж, айхтар өвдөж их эм хэрэглээгүй бол витамины дутагдалд орно гэж байдаггүй. Яагаад гэвэл хэрэгцээтэй зүйлээ зөв хоол хүнсээрээ авчихдаг. Тиймээс байнга л поливитамин хэрэглэх ямар ч ач холбогдолгүй. Бас л нэг химийн бодис гэж ойлгох хэрэгтэй. Витамин хэрэглээд танай хүүхэд ханиад хүрэхгүй байна гэвэл тэрэн шиг үлгэр байхгүй шүү. Харин үүнийхээ оронд хүүхдээ зөв цагт унтуулж, цахим хэрэглээнээс хол байлгаж, ядраах цуцах байдалд оруулахгүй, сайн хооллож шингэний хэрэглээ сайн байх ёстой. Хэвийн өсөж бойжиж, хэвийн нойр, хоол ундаараа хэрэгцээт зүйл аваад витамин Д-гээ таслахгүй зөв хэрэглэдэг бол нэг их сандраад байх шаардлагагүй. Дархлааны эсүүдийг шинжилгээгээр өгдөг. Дархлааны эсийг хянадаг шинжилгээнүүд маш өндөр өртөгтэй. Бас ач холбогдлоор бага. Яахын хүүхдээ тэгж хатгуулаад, эмч чинь зөвлөөгүй бол дураараа энэ шинжилгээг өгөх хэрэггүй.
-Хоолны дуршилыг витамин уулгаж сайжруулдаггүй-
-Хүүхдүүд хоолонд маш дургүй байх нь нийтлэг. Үүний шалтгаан нь юу вэ, яаж засч залруулах вэ?
-Хоолны дуршил хүүхдийн нас болгонд өөр, өөр. Үнэхээр хоолонд дургүй өгөх гээд ч иддэггүй хүүхдүүд бий. Гэхдээ хоолны дуршилыг витамин уулгаад сайжруулна гэж байхгүй шүү. Ухаан санаа хэвийн, эрүүл бойжиж байгаа хүүхэд хэзээ хоол идэх, идэхгүйгээ мэднэ. Дургүй бол битгий шах. Цагаа тулахаар өөрөө идчихнэ. Өглөө идэхгүй байсан ч орой өлсөөд иднэ.
Хамгийн гол нь уургийг нь алдахгүй л нөхөж байх ёстой. Монгол хүмүүс мах, сүү, тараг, өндөгнөөс авдаг. Бид амьд оршин тогтнохын хамгийн чухал зүйл бол нүүрс ус, өөх тос, уураг. Үүний балансыг зөвөөр барьсан хоол тэжээлээр хүүхдээ хооллох ёстой. Манай хүүхэд ерөөсөө хоол идэхгүй юмаа гээд хоол бариад, дагаад явдаг. Энэ хамгийн буруу. Тэр хүүхэд өөрөө иднэ. Бүр тэр байтугай өнөөдөр идэхгүй байж болно, маргааш яалт ч үгүй хэрэгцээ нь гараад иднэ. Гүйж, харайж, тоглож тэр бүртээ энерги зарцуулж байгаа учраас ямар нэгэн байдлаар нөхөх хэрэгтэй л болно. Яалт ч үгүй огт идэхгүй, унжийгаад, хөдөлгөөний идэвхгүй, өдөр тутмын идэвх муутай байвал бид нар шалтгааныг хайх нь зүйтэй. Түүнээс биш бид нар л анзаарахгүй болохоос биш тэд нар чинь боов, талх, алим гээд бага багаар идэж л байгаа. Огт юм идэхгүй өлсөөд яваад байж чадахгүй. Энэ асуудал бүр зовоогоод байвал хоол зүйч эмч нараас зөвлөгөө аваад ямар нэг гаргалгаанд хүр.
-Та хүүхдийн нусыг нь нийлгээрэй гэж зөвлөдөг...?
-Улиг болтол хэлдэг. Амьдрал дээр нусаа маш сайн нийж чаддаг хүүхэд, нусаа нийж чаддаггүй хүүхэд хоёрын хооронд асуудал байдаг. Энд бас нэг зүйлийг онцолж анхааруулмаар байна. Ялангуяа өнгөрсөн жилээс хүүхдийн хамар угаадаг хэрэгсэл, бодисыг буруу хэрэглэснээс дунд чихний үрэвслийн тохиолдол нэмэгдсэн. Хамар дунд чихний хөндий хоёрыг холбосон сонсголын гуурс гэж бий. Хамрыг буруу байрлалаар, хүүхдийн ямар нэг эсэргүүцэлтэй угаахад 14-21 хоногийн дараа дунд чих заавал өвддөг. Зөв угаавал яах ч үгүй. Хэдийгээр дунд чихний үрэвсэл үүсгэгчтэй холбоотой байж болох ч тодорхой хувь нь хамрыг буруу угааснаас болсон. Буруу угаахаар хүүхэд орилоод сонсголын гуурс руу бохир уусмал орчихдог. Тэгээд 10-14 хоногийн дараа өвдөөд сайнаар яривал антибиотект орно, муугаар яривал нээлгэж цэвэрлүүлдэг. Хүүхэд эрүүл байя гэвэл хамрын хөндий эрүүл байх ёстой байдаг юм шүү.
-Өөр та ямар зөвлөгөөг өгмөөр байна вэ?
-Бид нийгэмшил, хүйтрэл, утааг зохицуулж чадахгүй. Тэгэхээр энэ үеийг зөв л өнгөрүүлэх ёстой. Гэр, сургууль, цэцэрлэг, ажлын өрөөндөө агааржуулалт сайн хийж байя. Хоёр цаг тутам агаарын сэлгээ хийх хэрэгтэй. Гэхдээ учиргүй айхтар хүйтэнд цонхоо 20 минут онгойлгоно гэж юу байхав. Дээрээс нь ариун цэврийн дэглэм, гар угаах, давстай, содтой усаар хоолой зайлах зэрэг нутагшсан дадлаа давтаад л байна.
Хүүхдийн дархлаа гэдэг тийм ч хялбархан гэмтээд байдаг эрхтэн биш. Энэ дархлааг нь сайн байлгая гэвэл дахин хэлэхэд эртхэн унтуул, зөв хооллоё, витамин Д-гийнхээ хэрэглээг бүү тасал.
-Ярилцсанд баярлалаа.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайхан зөвлөгөө бна цаг үеэ олсон бна ээж нар маань бүгд уншаасай хүүхэд өвдөх өөрөө өвдөхөөс ч хэцүү бдаг зөв эмчилж суръяа манайхаан
hudalaa hutsats bj hatgaatai bolgohne tamine mgl emch nar yu sirsan blod engej hudala yum yriad suuj bdg bna tamine hunii uwchingur togloom hiiged hudala yriad suuj bhar meddeg negend ajila ugumur yumaa tamine
Haha yu yariad bgan be. 3sard 5-6udaa xaniad xvrex ni zvgeer vv tegeed. Xudlaa soliorhiimoo covidoo engiin xaniad shig bolgood bvren emchilj chadaxgvi bj
dan gants uvul bish nmar havarch gsen huitn l bdgshude bi ghedl jild neg uda hniad hurdg huuhd erulsed bh um bhguee