Top StoriesГадаад мэдээ

Кристофер Нолан: Кино бол тодорхой бус, нарийн төвөгтэй байдлаар хөгждөг урлаг

Холливудын алдарт найруулагч, бүх цагийн үеийн хамгийн шилдгүүдийн нэгт зүй ёсоор тооцогддог Кристофер Ноланы “Interstellar” кино арван жилийн ойн баяраар дэлхий даяар театруудад дахин нээлтээ хийсэн. “Forbes” агентлаг мэдээлснээр тус кино дахин цацагдахдаа 24.5 сая ам.долларын орлого олсон юм. Ийнхүү тус кино IMAX-д дахин нээлтээ хийхдээ хамгийн өндөр орлого олсон кино болсон байна. Нолан одоог хүртэл гаргасан кинонууд нь нийтдээ 6 тэрбум ам.долларын ашиг олсон.

Зургийн эх сурвалж: The Guardian

2023 онд цацагдсан түүний найруулсан “Oppenheimer” кино нь 957 сая ам.долларын орлоготой байсан юм. Тус кино нь шүүмжлэгч, үзэгчдээс сайн үнэлгээ хүртэж, олон улсын кино наадмуудын 305 төрөлд нэр дэвшиж нийтдээ 194 шагнал хүртсэн. Тэгвэл “Oppenheimer” нээлтээ хийсний дараа Ноланы “The Talks” сэтгүүлд өгсөн ярилцлагыг орчуулж хүргэе.

-Ноён Нолан, "Interstellar"-ээс эхлээд "Prestige", "Tenet", одоо “Oppenheimer” хүртэл таны олон кинонд шинжлэх ухааны элемент оршдог. Энэ юунаас үүдэлтэй вэ?

-Физик, шинжлэх ухаан, ертөнц зэрэгт сонирхолтой болсон минь миний хүүхэд наснаас эхтэй гэж боддог. Би 1970-аад оны хүүхэд. Намайг бага байхад Жорж Лукасын "Оддын дайн" анх гарч байсан. Шинжлэх ухааны уран зөгнөл бол төсөөллийг ихээхэн өдөөж өгдөг зүйл. Үүнтэй холбоотойгоор, шинжлэх ухааныг тухай нэвтрүүлгүүд, ялангуяа Карл Саганы "Космос" гэх мэт хөтөлбөрүүд шинжлэх ухааны уран зөгнөлийн сонирхлыг хүмүүст өдөөхийг оролдож байсан. Энэ миний оюун санаанд гүн үлдэж, "Interstellar" зэрэг кинонд ихээхэн нөлөөлсөн. Тэр киноны үеэр би Нобелийн шагналт эрдэмтэн Кип Торнтой хамтран ажилласан. Түүнтэй ажилласан нь бидэнд шинжлэх ухааны үүднээс ертөнцийг харах нь хэрхэн драмыг үзүүлэх шинэ боломж бололцоог харуулсан.

Кип Торн мөн "Tenet" дээр тантай хамтарч ажилласан уу?

Кип дахин тусалсан, тийм ээ. Киног физикийн хуулиудтай хэрхэн нийцэх талаар зөвлөгөө өгсөн. "Tenet"-ийн хувьд, "Interstellar"-ээс хойш би илүү шинжлэх ухааны уран зөгнөлт сэтгэлгээнд шилжсэн байсан. Харин "Oppenheimer"-т 1920-иод оны шинжлэх ухааныг суурь дээрээс нь дахин харж, дэлхийг бүхэлд нь өөрөөр харсан эрдэмтдийн тухай өгүүлнэ. Тэдний шинжлэх ухааныг харах өнцөг драматик, бараг ид шидтэй мэт. Өнөөдөр ч гэсэн квант физикийг классик физиктэй бүрэн нийцүүлээгүй байна, энэ бол одоог хүртэлх хамгийн том нууцуудын нэг.

-Тийм ээ, энэ бол гайхалтай нууц

Хамгийн гайхалтай нууцуудын нэг. Зохиолыг өрнүүлэх талаас харвал залуу Оппенхаймер квант онолыг ойлгох гэж хичээж, Эйнштейний нээлтүүдийг цаашид хөгжүүлэхээр оролдож, үнэхээр бүх зүйлийн цаадах нууцыг харж байжээ. Киноны эхэнд тэр энергийг эрчим хүчний долгион байдлаар харна. Энэ нь бараг л ид шидийн мэт. Энэ нь драмын хувьд үнэхээр хүчтэй, үзэгчдэд ч таалагдахуйц зүйл гэж бодож байна. Тэд шинжлэх ухааныг нь бүрэн ойлгох шаардлагагүй, зүгээр л энэ хувьсгалт сэтгэл хөдлөлийг мэдрэхэд хангалттай. Оппенхаймер тухайн үед ид шидтэн болсон мэт мэдрэмжийг нь мэдрэхэд хангалттай. Энэ нь миний хувьд шинжлэх ухаан бол драмын гайхалтай боломжийг олгодог зүйл гэсэн үг.

-Аливаа зохиолыг өгүүлэхдээ таны ашигладаг шугаман хүүрнэмжийн бус гэх мэт арга барилуудтай энэ шинжлэх ухааны драм хэрхэн нийцдэг вэ?

Би өгүүлэх гэж буй түүхдээ тохирсон бүтцийг сонгодог. "Oppenheimer"-ийн хувьд, үзэгчдэд тухайн хүний амьдралыг бүхэлд нь мэдрүүлэхийг зорьсон. Үүнийг уламжлалт намтар киноны бүтцээр биш, харин олон өнцгөөс харж буй мэт хийх нь цорын ганц арга гэж би бодсон. Түүний амьдралын өөр өөр цаг үеийн талуудыг хооронд нь харьцуулж, хувийн онцлог болон хөгжлийг үзэгчдэд мэдрүүлэхийг хичээсэн.

-Тэгэхээр киноны бүтэц нь гол өгүүлэмжийн салшгүй хэсэг гэж хэлж болох уу?

-Тийм ээ, энэ нь салшгүй нэг хэсэг. Би зохиолоо бүтээхдээ тухайн бүтцээ сайтар ойлгосны дараа л бичиж эхэлдэг, хэзээ ч сүүлд нь нэмэлт оруулдаггүй. Кино бол хамгийн уламжлалт үзэлт, бүтэцтэй урлагуудын нэг гэж би боддог. Роман, жүжгийн зохиолын бүтэцтэй харьцуулахад энэ киног бүтцээр нь их хатуу шүүмжилдэг. Телевизийн олон жилийн нөлөө киноны бүтцийг хялбар, шугаман хүүрнэмжийн хэлбэртэй болгосон гэж бодож байна. Гэвч бид DVD, стриминг гэх мэт шинэ технологиудтай ажиллах болсон цаг үед үзэгчид кино үзэхдээ илүү нарийн бүтэцтэй байхыг хүлээн зөвшөөрдөг болсон.

-Энэ нь та кино зураг авалтыг хэрхэн явуулдагт нөлөөлдөг байж боломж юм. Гэхдээ "Oppenheimer"-ийг ердөө 57 хоногт зураг авсан гэхэд итгэмээргүй.

Тийм ээ, зураг авалт маш хурдан явагдсан. Энэ нь киноны эрч хүчийг дэмжиж байсан. Төсөв болон нөөцөө хэрхэн зохицуулах нь бидний ажилд ихээхэн нөлөөлдөг. Бид Лос-Аламос хотыг эхнээс нь барих гэх мэт маш их хэмжээний ажлуудыг хийх хэрэгтэй болсон. Гэхдээ хурдан ажиллах нь миний өмнөх жижиг хэмжээний кинонуудад ажиллаж байсан шиг зураг авалтын энергийг нэмэгдүүлсэн. Жүжигчид дүрүүдээ судалж, бүх зүйлээ сайтар бэлдээд ирдэг байсан. Энэ нь жүжигчдийн бүтээлч эрч хүчийг дэмжиж, тухайн дүрүүдийн жинхэнэ мэдрэмжийг гаргах боломж олгосон.

-Хурдацтай зураг авалт хийх нь кинонуудаас тань юугаараа ялгаатай вэ?

Мэдээж хэрэг, зарим кинон дээр жижиг хэсгүүдийг маш нарийн задалж, жүжигчдэд тодорхой хязгаарлалтуудыг тавьж ажиллах хэрэгтэй болдог. Гэхдээ энэ кинонд хүмүүсийн эрч хүч голчлон удирдлага болж байсан. Жүжигчид бэлэн байдалтай, маш өндөр эрч хүчтэй ирдэг байсан тул бид тэдний энергийг барьж, камер тэднийг дагах байдлаар ажилласан. Энэ нь “Oppenheimer”-ын хувьд хамгийн тохиромжтой арга байсан.

Зургийн эх сурвалж: IMDb

-Та жүжигчдээ маш ухаалгаар сонгох шаардлагатай болсон байх, ийм төрлийн сорилтыг бүх жүжигчид хийх чадамжгүй байдаг шүү дээ.

-Би зохиол бичихдээ тэр жүжигчнийг тоглуулна гэж бодолгүйгээр, маш сахилга баттай байхыг хичээдэг. Хэрэв жүжигчинд зориулж бичиж эхэлбэл, та тэдний өмнө нь бүтээж байсан дүрүүдийг л төсөөлж бичих болно. Тиймээс зохиолыг бичихдээ д дүрийг илүү цэвэр, жинхэнэ байдлаар бүтээх нь маш чухал гэж би боддог, ялангуяа Оппенхаймер шиг бодит хүний дүр дээр ажиллах үед. Хэн хэрхэн амилуулах, хэн энэ дүрд тоглох вэ гэдгийг огт бодолгүйгээр, тухайн түүхэн хүнийг л төсөөлж бичих хэрэгтэй. Гэхдээ зохиолоо дуусгасны дараа би энэ дүрийг хэн чадна гэдгийг мэдэж байсан. Миний 20 жилийн турш хамт ажилласан найз Киллиан л үүнийг хийж чадна гэдгийг ойлгосон. Би анх түүнийг "Batman Begins"-д зориулж туршилтын дүрд тоглуулсан. Тэр үеээс л Киллиан бол гайхалтай авьяастан, хамгийн шилдэг жүжигчдийн нэг гэдгийг ойлгосон. Тиймээс энэ дүрд түүнийг сонгох нь надад маш зөв сонголт мэт санагдсан.

-Яг яагаад?

-Би гол дүрийн жүжигчнээс их хэмжээний субъектив байдлыг хүссэн. Үүнийгээ ч зохиолд оруулсан юм. Би үзэгчдийг киноны үйл явдлыг Оппенхаймерийн нүдээр харж, мэдрээсэй гэж хүссэн. Кино үзсэн хүмүүсийг түүнийг шүүмжлэхэд хүргэх маягаар өгүүлэх биш  түүний оюун санаанд байгаа мэт мэдрэмж төрүүлэхийг хүссэн. Тиймээс киноны төгсгөлд үзэгчид түүнийг хэн болохыг, зарим үйлдлүүдээ яагаад хийснийг ойлгож эхэлнэ гэж найдаж байна. Харин кино дууссаны дараа үзэгчдийг зовоохуйц асуултууд үлдэх ёстой. Магадгүй тэд үзсэн зүйлээ, мэдэрсэн зүйлээ дахин тунгааж үзэх шаардлагатай болно.

-Тэгэхээр, энэ киноноор дамжуулан ямар нэг тодорхой мессеж хүргэх гэсэн үү?

-Хэрэв мессежийг хэтэрхий тодорхой өгвөл, эсвэл эдгээр хэцүү асуултын хариултыг бид мэдэж байгаа мэт сэтгэгдэл төрүүлэх юм бол, энэ нь киног драматик болгож чадахгүй. Кино урлаг тодорхой бус, нарийн төвөгтэй байдалаар цэцэглэн хөгждөг. Би түүний түүхийг Роршахийн тест шиг харуулахыг хүссэн. Үзэгчид киног өөр өөрсдийнхөөрөө ойлгоосой гэж хүссэн. Энэ түүх надад анхнаасаа сонирхолтой санагдсан шалтгаан нь нарийн төвөгтэй байдал, тавьж буй хүнд хэцүү асуултууд байсан. Тиймээс би тодорхой нэг мессеж өгөхийг зориогүй. Бид баримтат кино эсвэл сурталчилгаа хийж байгаа биш. Кино бол хүмүүст юу бодох ёстойг заадаг зүйл биш. Тийм зүйлийг үзэгчид цаанаасаа эсэргүүцэх хандлагатай байдаг гэж би боддог.

Эх сурвалж: The Talks

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button