Италид амьдардаг 100 настай барриста Анна Посси

Италийн хамгийн өндөр настай хүмүүсийн нэг болох 100 настай Анна Посси одоо ч гэсэн ажилладаг байна. Тэрбээр Новара мужид оршдог Неббуино тосгонд Bar Centrale нэртэй газар ажиллуулдаг юм. Посси 07:00 цагт баараа нээгээд 19:00 цаг орчим хаадаг байна.
Тэр “The Guardian” агентлагт “Би үргэлж ажилладаг, ням гараг, Улаан өндөгний баяр, Зул сар. Хэзээ ч амардаггүй” хэмээжээ. Посси 1958 оны тавдугаар сарын нэгэнд нөхөртэйгөө тус баарыг нээснээс хойш ингэж ажилласан аж. Тэд эспрессо, капучиногоор үйлчилж ирж 1971 онд зөвшөөрөл авсны дараа алкохолтой уух зүйлээр үйлчилж эхэлжээ.
Нөхөр нь 1974 онд нас барсны дараа тэр хоёр хүүхдээ өсгөн, баараа ажиллуулахад амьдралаа зориулсан байна. Түүний охин Кристина хэлэхдээ “Аав өнгөрсний дараа тэр өөр хүнтэй харилцаа үүсгэхийг хүсээгүй. Бидэнд л анхаарлаа хандуулж, ажилласан” гэжээ. Посси 1960-1980-аад оныг баарных нь хамгийн сайхан жилүүд гэж тодорхойлсон юм. Түүний баараар үйлчлүүлдэг байсан алдартай хүмүүс дунд AC Milan багийн хөлбөмбөгч Жианни Ривера, Фулвио Колловати гэх мэт алдартнууд багтаж буй.

Одоо түүний байнгын үйлчлүүлэгчдийн ихэнх нь тус тосгонд амьдардаг тэтгэврийн насныхан аж. Заримдаа тэд зүгээр л Посситэй буу халах гэж утсаар ярьдаг байна. Тэгвэл түүний 100 насны төрсөн өдрөөр гаднаас олон хүн ирж хамтдаа тэмдэглэсэн аж. Посси “Хүмүүс надтай уулзахаар ирдэг, учир нь тэд намайг одоо хүртэл ажиллаж байгаа гэдэгт итгэж өгдөггүй. Тэд явахдаа баяр хөөрөөр дүүрэн, эрч хүчээр цэнэглэгдээд гардаг” гэжээ.
Үнэн хэрэгтээ бусадтай хамт байх нь түүний урт наслалтын түлхүүр гэж Посси итгэдэг аж. Тэр “Би гунигтай байхыг хүсэхгүй байна. Хүмүүстэй хамт байж, амьдармаар байна” хэмээсэн юм. Посси ажлаа зогсоох бодолгүй. Тэр “Миний бие л сайн байвал би үргэлжлүүлэн ажиллана” гэж хэлээд залуу хүмүүст хийхийг хүсдэг ажлаа сонго гэж зөвлөсөн байна.
Посси бол жил ирэх тусам тоо нь нэмэгдэж буй Италийн зуун настнуудын нэг. “Istat”-аас гаргасан мэдээллээс харвал 2023 оны сүүлээр Италид 22,552 хүн 100-гаас дээш насалжээ. Энэ нь урьд өмнө байгаагүй их тоо юм. Италийн зуун настнуудын дийлэнх нь эмэгтэйчүүд байдаг. Италийн хамгийн өндөр настай хүн бол 114 настай Клаудиа Баккарини юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хөөрхөн юмаа мундаг эмээ бна шүү
Гоё мэдээ уншлаа баярл�##�оо