Г.Мягмарнаран: Одоо энэ эрчээрээ театр хөгжинө

Тэмдэглэл: МУАЖ Гомбын Мягмарнарантай хоёр жилийн өмнө ярилцсан маань тухайн үед олон нийтэд хүрч чадалгүй өнгөрсөн юм. “Мөрөөдлийн театр”, найруулагч Э.Ёндоншарав Ц.Балдорж агсны “Шөнө буусан аадар” жүжгийг шинэчлэн тавьж, Г.Мягмарнаран тоглохын өмнө юм. Бэлтгэл ид өрнөх үеэр түүнтэй машинд сууж ярилцсан сан. Тухайн үед хүү М.Батболд нь “Фауст”, “Гэм зэм”-ийг тавьчихсан, Э.Ёндоншарав “Сычуанийн сайн хүн”-ээр өөрийгөө зарлачихсан, театрын сэргэлтийн салхи ид сэвэлзэж байв даа. Харин Г.Мягмарнаран гуай хагалгааны дараа хамгийн анх тайзан дээр гарах гэж байснаараа онцлог юм. Одоо санахад жүжиг тун амжилттай. Г.Мягмарнаран саяхан дахиж хүүгийнхээ “Амьдрахуй” жүжигт түр бүтээчхээд байна.
2023 оны гуравдугаар сард бид ингэж товч хөөрөлдөж байжээ.
-Ц.Балдорж агсны жүжиг... Өмнөх найруулгад нь та тоглож байсан бил үү. Одоо хүү нь түүчээлж буй хувийн театрын сэргэлтийн он жилүүдэд та дахиад тайзнаа гарах нь ээ?
-Ц.Балдорж бид хоёр уран бүтээлийн нөхөд, нэлээд дээрээс танина. Өөрчлөн байгуулалт, ил тод байдлын асуудал яригдаж, нэг намын үзэл суртлын эсрэг урлаг, хэвлэл мэдээллийнхэн дуугарч байсан тэр үеэс. Театр ч мөн дуугардаг л байсан. Энэ чиглэлд залуу уран бүтээлчид туурвиж, тэрсэж байлаа. Би Ц.Балдоржийн “Элсний нүүдэл” кинонд, гурван ч жүжигт нь тоглосон. Энэ жүжгийг 2000-аад онд тавьсан, би тоглоогүй, харин үзэж байсан. Яах аргагүй өөрчлөн байгуулалтын үеийн сэдэвтэй жүжиг юм. Нийгмийн тодорхой хэсэг рүү, дээд давхарга руу хандсан, хурц хэлбэрээр бичигдсэн жүжиг. Монгол ахуй, монгол гэр бүл, монгол хүн эвдэрч, авлига, хээл хахууль гаарч буйг хөндсөн. Энэ чанараараа өнөөдөр ч хурц хэлэгдэх тайзны бөгөөд дэлгэцийн бүтээл болоход болохгүй гэх газаргүй. Цаг үеэсээ хоцроогүй. “Мөрөөдлийн театр”-ын уран бүтээлчид автораа маш зөв сонгосон. Өнөөдрийн үзэгчдэд ёстой л хүчтэй дуу хоолой болох учиртай юм. Монгол хүний ёс суртахууны эвдрэл, хөрөнгө мөнгөний шунал өнөөдөр асар чухал сэдэв мөн. Үзэгчдийн оюун сэтгэлд хурцаар хүрнэ. Г.Ёндоншарав гэж найруулагч тавьж байна.
-Сычуанийн сайн хүн жүжгээрээ мөн л тэсрэлт хийж буй залуу найруулагч.
-Тийм. Б.Брехтийн стилиэр тавьж байна, энэ нь ч маш зөв. Театрын шинэ урсгал түрж орж ирж буй хэлбэр юм л даа.
-Яагаад тэр таныг сонгосон юм бол?
-Жүжигт 70 эргэм насны өвгөний дүр бий. Өмнө нь МУГЖ С.Дамдин тоглож байсан юм. Нас биеийн хувьд ойролцоо байна л даа. Эд ярилцаж байгаад намайг сонгосон байна билээ. Оны өмнө тавина гэж байсан жүжиг юм. Хойшилсоор байгаад гуравдугаар сарын 1-нд тавигдах боллоо. Ширээний сургуулилт ид дундаа явж байна. Жүжгийг задлан уншиж, бүтээл болгож буй уран бүтээлчидтэйгээ аргагүй л хөл нийлүүлж байна.
-Та тайзан дээр гаралгүй яг хэдэн жил болчхов оо?
-Цар тахлын үед л хөндийрөв үү дээ. Коронавирус гарахын өмнө, 2020 оны сонгууль хүртэл тайзан дээрээ л байсан.
-Удаагүй байна шүү дээ?
-Удаагүй.
-Таны хүү бол “Орфей” театрын найруулагч М.Батболд. “Фауст”, “Гэм зэм”-ийг цоо шинээр тавьж, хурцаар дуугарсан. Салбарынхандаа дохио өгсөн. Түүнээс хойш театр идэвхжээд ирлээ гэж харцгааж байгаа.
-Ингээд ярихаар энэ нөхрийг магтсан болох гээд байна л даа. Театр бол амьд урлаг юм. Амьд урлаг учраас дэлхийн урлагийн хөгжилтэй зэрэгцэн хөгжих ёстой. Зогсонги байж болохгүй. Уламжлалаа хадгална гээд хазаарлаад зогсчихож болохгүй юм. Аль болох дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэх ёстой.
М.Батболд гэж нөхөр бол 2018 онд ГИТИС гэж (ОХУ-ын Театр урлагийн академи) том сургуулийг төгсөж ирснийхээ хувьд хийх л ёстой. Москвагийн уран сайхны театрын ерөнхий найруулагч, Юрий Бутусов нарын шавь байхгүй юу. Юу сурсан юм, түүнийгээ үзүүлэх ёстой.
“Фауст” өөрөө 250 жилийн өмнө зохиогдсон роман. Үүгээр диплом хамгаална гэхэд нь айж байсан шүү. Ойлгоход ч хүнд, үзэгчдээс хол хөндий гэж харж байсан. Уншигчид зах зээлийн нийгэмд ном зохиолоос холдсон. “Энэ нөхөр ер нь юу барьчихав” гэж айж байсан. Харин их гайгүй давсан, үүнд нь их баярласан л даа. Дараа нь Ф.Достоевскийн тэр том романыг жүжиг болгоно гэсэн, сэтгэлд буудаг ажил биш л дээ. Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр ярилцлагадаа “Ф.Достоевскийн романыг жүжиг болгоно гэдэг батальон цэргийн өмнөөс ганцаар байлдаж буйгаас ялгаагүй, хүч сорьсон тэнцвэргүй тулаан” гэж ярьсан байсан. Үнэхээр тийм. Би хүүгээ “Гэм зэм”-ийг хийх гэж байхад романыг нь барьж авч, уншсан. Эхийн захидал гэхэд л дөрөв, таван хуудас. Залхуу хүрээд л, ойлгоход тун хэцүү, уйтгартай. Яаж жүжиг болгодог юм бэ гэж гайхшаа барсан. “Энэ ч ёстой дурак юм даа. Сүйрнэ дээ. Хад хясаан дээрээс халтирах шиг л болно доо” гэж бодсон шүү. Зайлуул, анхны үзлэгээ надад л үзүүлсэн. Үзээд би их баярласан. Ингэж жүжиг болдог юм байж. Жүжиг жүжигдээ яг орчин үеийн хэллэгээр. Ямар их ойлгомжтой болж вэ. Үргэлжилсэн үгийн зохиолыг яаж тайзны хэл рүү ийм чадмаг хувиргав аа гэж. Зохиол дээр Я.Баяраа ажилласан л даа. Тэдэнд би их баярласан. Гайхалтай.
Тэр том сургуулиас академик боловсрол гэдгийг олж авсан юм байна, найруулагч гэдэг мэргэжлийг аргагүй л эзэмшиж гэж их баярлан ойлгосон.
-Урмын үг багахан шиг хэлж байсан бололтой юм аа?
-Өө, бид хоёр их хэрэлдсэн. Би өдий хүртэл театрын тайзнаа амьдарсан гэдгээрээ түрий барьж, хүүгээ их дарамтална л даа. Тэгдэггүй юм, ингэдэггүй юм гээд л. Би хоцрогдож байгаа юм байна гэдгээ нэг л зүйлээс ойлгосон. Анхны үзлэгийн дараа миний хас гэсэн хоёр хэсгийг хасаагүй байхгүй юу, Батболд. Хасаагүй нь үзэгчдэд ямар аймаар хүчтэй хүрсэн бэ. Тэгээд л би бол хоцрогдож дээ, театраа хуучнаар нь л хардаг хүн байна гэж өөрийгөө ойлгож авсан. “Та дахин боловсрох ёстой, дахин театрыг шинээр унших хэрэгтэй болжээ” гэдгийг өөртөө мэдэрсэн.
-Тэр ямар хоёр хэсэг байсан юм бэ?
-Мармеладовын ард амьд хөгжмийн хамтлаг тоглодог хэсэг. “Үхснээ хийж амьд хөгжим тоглоод байгаа юм бэ. Чи орой болгон энэ залуусыг авчрах юм уу. Олдохгүй, наад хүмүүс чинь. Цаанаа ажилтай, төрөлтэй улс. Зүгээр л хөгжим тавьчхаач” гэхээр хүлээж аваагүй. Нэг. Хоёр гэвэл, Раскольников сандал үүрээд дээш гардаг хэсэг. “Пүү, чёрт. Наадах чинь ямар төвөгтэй, юу юм бэ. Төгсгөлөө сунжруулаад л” гэсэн чинь тэр их амьдралын тээшийг үүрч, авч явааг театрын хэлээр илэрхийлж байсан.
Намайг өөр баярлуулсан зүйл бол эхийн захиаг үйл хөдлөлтэй болгосон явдал. Хоёрт, авгайг алахад фантоми хэлбэрээр, зөвхөн сандалтай, их гоё хийсэн. Тэр чинь театрын хэл. Романд шүүх хурал, шүүгч байхгүй шүү дээ. Гэх мэтээр хийсэнд нь баярласан. Ингээд “За за, дуугүй байя, больё. Би бол ерөөсөө хэрэггүй юм байна” гэж бодсон.
-Аавууд хүүгээ их барьдаг л даа. Өөрийг нь давах гээд ирэхэд таагүй ханддаг. Та урлагийн салбарыг сонгоход нь ч дургүй хандаж байсан гэсэн. Харин хийж буй зүйлээрээ таныг мад тавьсан байна?
-Мад тавьсан, хүлээн зөвшөөрүүлсэн. Ээж бид хоёр нь найруулагч болоход нь асар дургүй байсан. Тайзны үйл тамтай ажлыг би өөрөөрөө дуусгая. Миний хүүхдүүд больж үз. Мөр мөрөөрөө багш, эмч болцгоо гэдэг байсан юм. Тийм ч учраас Батболд сэтгэцийн эмч мэргэжил эзэмшээд, бүр ажиллаж байсан. Мөртлөө гэнэтхэн урлаг руу ороод явчихсан.
-Хүсэл мөрөөдлийнхөө араас ингэж хүчтэй тэрслэх зан чанар танд байсан уу. Үүнийг танаас авсан юм болов уу?
-Байна аа. Намайг цэргийн хүн, геологич болгох гэж их ярьж байсан. Би тас зөрөөд л театрт орж ирсэн хүн л дээ. 1965 онд.
-Хүүгээ хараад өөрийнхөө тийм залуу насыг нүднээ үзэх шиг болж байв уу?
-Дуртай мэргэжлээрээ уйгагүй ажиллавал амжилтад хүрэхийг би биеэрээ үзсэн хүн. Тиймээс үнэхээр авьяастай, өгөгдөлтэй юм бол хийг гэж хүлээн зөвшөөрөхөд хүрсэн. Энэ муугүй эмч байсан юм шүү дээ. Анагаахын оюутан байхдаа л УДЭТ-д “Тамгагүй төр”-ийг 17 удаа үзсэн гэсэн. Үйлчлэгч нартай найз болчихсон. Надад хэлдэггүй, тэгээд очиж үзээд байдаг. Би сүүлд нь мэдээд, мэдрэлийн өвчтэй болчихсон юм биш байгаа гэж боддог байхгүй юу. Нэг жүжгийг 17 удаа үзнэ гэдэг чинь солиорол биз дээ. Тэгж театрт бэтгэрч дурласан байгаа юм.
-Таны театрт шунан дурласан үеийг яриулмаар байна. Та нэг жүжгийг 17 удаа үзтэлээ бол дурлаагүй юм уу?
-Би Б.Дашдаваа гэж агуу их жүжигчнийг хараад л, ийм сайхан жүжигчин болъё гэж дурласан. Гадаад уран зохиол их уншдаг байсан болохоор “Лир ван”, “Хар санаа, хайр сэтгэл”, “Отелло” мэтийн жүжиг үзэх дуртай байлаа. Би хөдөөний хүүхэд, дөрөвдүгээр ангидаа хотод орж ирээд л “Учиртай гурван толгой” үзэж, дурласан. Тэгээд л шүлэнгэтэж орсон юм байлгүй дээ. Би тийм авьяастай ч хүн биш. Хөгжимд дүлий, бүжигт дөргүй. Миний бүжиглэхийг хараад СУИС-ийн багш “Чамаар хийлгэх бүжиг олчихлоо” гэхээр нь, “Юу юм бэ” гэтэл “Мангасын бүжиг” гэсэн. Миний ээж их авьяастай, билгүүн, хурц ухаантай хүн байсан. Тэр юм л хүүхдүүдэд өвлөгдөж явдаг юм уу гэж боддог. Комеди хийж яваа Б.Батбилэг чинь миний ач. Учрыг нь олохгүй л байсан. Одоо хавийн амьтан цуглуулаад л, гадаад дотоодоор яваад л байх юм. Яах ч аргагүй театрын хэлбэр л дээ. Урлаг гэдэг чинь ийм халдвартай юм биш үү.
-Та аавын хувьд хүмүүжил, төлөвшилд нь нөлөөгөө тусгасан байж таарна. Харин яг урлагийн сонгоход нь шууд бусаар нөлөөллөө гэх үү, жам ёсоороо л явчихлаа гэж өнөөдөр харж байна уу?
-Би эднийг багад нь театрт их авчирдаг байсан. Театр үзүүлнэ, баярын арга хэмжээнүүдэд дагуулж очно. Мундаг жүжигчдийг дэргэдээс нь хараад ирэхээр л хүүхэд их үлгэр жишээ авч, дурладаг юм байна. Тийм нөлөө л байсан байх. Надад бол хүүхдээ хүмүүжүүлэх бүү хэл хагас, бүтэнсайнд барааг нь ч хардаггүй байсан. 365 хоногийн талд нь л гэртээ байдаггүй ажилтай явсан. Харин хийж яваа ажил өөрөө хүүхдэд нөлөөлдөг юм байна л даа.
-50 гаруй жил театрын тайзан дээр амьдарсныхаа дараа та “Би тийм ч авьяастай хүн биш” гэж даруу дуугарч байна. Гэхдээ “Энд л миний мастерство гарсан” гэж хэлэх, тэмдэглэх уран бүтээл юу вэ?
-Монголын театр өөрөө 90 жилийг насаллаа. Талаас илүүд нь миний амьдрал холбогдсон. Алтан үеийнхнийг амьд сэрүүн байхад нь анх хөл тавьсан. Энэ ахмад үетэй хамт байсных, тэдний хүчээр би төлөвшиж хүн болсон. Жүжигчин болсон. Үүний хүчинд 100-гаад жүжгийн гол ба туслах дүрд ажилласан. Ардын жүжигчин болтлоо үзэгчдийн санаа сэтгэлд нийцсэн цөөхөн л жүжиг байдаг байх гэж боддог. “Найрын ширээний нууц” жүжиг бол яах ч аргагүй миний хайртай уран бүтээл. Хэд хэдэн бүтээл бий, бий. Нэрлээд байвал гарын таван хуруунд багтахаар дүр бол бий шүү.
-Туршлагын хувьд өнөөдөр харахад, театрын яг ямар бүтээлийг сайн бүтээл гэж үнэлэх вэ. Сайн бүтээлийн хэмжүүр, үнэлэх үнэлэмж?
-Ядаж гурван дүрээс жүжигчний үйл ажиллагаа тодорч гарсан байх ёстой. Найруулга, тавилт, дуу хөгжмийн шийдэлдээ орчин үеийн хөгжилд алхаа нийлүүлсэн байх шаардлагатай. Тэгж чадвал сайн бүтээл болж гэж би дотроо таашаана. Тэгж чадахгүй бол... Театр бол музей биш. Амьд урлаг учраас үргэлж шинэчлэгдэж, өөрчлөгдөж байх ёстой. Урьд нь хүний түүхийг хүнээр дамжуулж үзүүлэх тухай ярьдаг байсан. Өнөөдөр дүрийн мэдрэмжээс жүжигчний, тэгээд үзэгчийн мэдрэмжийн асуудал ярьж байна, улам нарийссан. Энэ бол театрын нарийн хэл, хэллэг юм л даа.
-Орчин үеийн элемент орох ёстой гэлээ.
-Заавал орох ёстой.
-Театр музей байж болохгүй.
-Музей байж болохгүй.
-Энэ хугацаанд “Манай театр музей болчих вий” гэж санаа зовж байсан уу?
-Байлгүй яах вэ, байна. Театр хэзээ ч хуулбар байж болохгүй. Энэ бол хатуу зарчим шүү. Орос, Герман, Английн театрын жүжгийг үзэж ирчхээд хуулж тавьж болохгүй ээ. Тархийг эс ажиллуулж, ингэж хандах бол бүр хориотой. Театр найруулагчаараа овоглодгийн учир энэ. Нэг агуу хүн “Би хэдэн зуун жүжиг тавьсан. Харин “Гамлет”-ыг насан туршдаа мөрөөдсөн. Шийдлээ олж чадаагүй учраас л “Гамлет”-д хүрч чадаагүй” гэж хэлсэн байдаг. Агуу байгаа биз. Театр, найруулагч гэдэг энэ. Хуулж ер болохгүй. Уншаад, яг зохиолд нь хөтлөгдөөд л хийчихнэ гэж байхгүй. Шинээр, шинэ өнцгөөр харж байж бүтээл болдог учиртай.
-Хэдий үеэс театр эзгүйрэх вий гэсэн зовнил арилсан бэ?
-Одоо дахин сэргэлт явагдаж байна. Хойно төгсөж ирсэн залуусыг хараад яг энэ үеэс дахин сэргэлтийн салхи сэвэлзлээ гэж харж байна.
-Шинэ салхийг нээлттэй хүлээж авч буй сэтгэлгээ байгаа нь өөр зүйл л дээ. Шинэ шийдлүүд танд таалагдахгүй байсан бол яана. “Залуус ч дургиж байна даа” гэж харсан бол?
-Ёстой үгүй. Би олон орны театрыг очиж үзэж байсан. Ленинградын театрын мэдээллийг манай хүү, ач хоёр өгдөг. Би театр л ярьдаг хойно. Тийм учраас шинэчлэл надад их ойрхон. “Шинэ салхи салхилах ёстой, ийм юм руу явах ёстой” гэдгийг би өөртөө эрт нээсэн байсан. Тийм учраас би энэ шинэчлэлийг мөрөөдөж, хүлээж байсан. Өөрийгөө магтаж буй хэрэг биш.
-Театраас бусад олон салбарт ийм шинэ дуу хоолой хэрэгтэй байгаа. Хүн хоцрогдохгүйн тулд яах хэрэгтэй юм бэ?
-Ер нь бид үзэгчдээ голдог байсан, голмооргүй юм билээ. Бид өнөөдөр шууд гар утсаараа Бродвэйн театрыг үзэж болж байна. Залуус ийм болчихсон байхад үзэгчдийг голж бодохын аргагүй юм байна. Харин театрууд нь, уран бүтээлчид нь л хоцрогдоод байгаа юм уу гэж бодогддог шүү. Социализмын үед дүрслэх урлаг Монголд шинэчлэлийн салхийг маш хүчтэй авчирсан. Манай үзэл суртал түүнийг хааж, боож байсан. “Битльз” өөрийн эрхгүй, баруун хойноосоо салхилж байгаа мэт орж ирсэн. Бидний үеийнхэн тэгж гадаад ертөнцийг төсөөлж, мөрөөдөн хүсдэг байлаа. Үүний хүчинд урлагийн олон төрөл, жанрууд орж ирсэн. Ер нь манайх урлагаар Азидаа дээгүүр шүү дээ. 50, 60, 70, 80-аад онд мэргэжлийн урлагийг хаа очиж бодлогоор айхавтар хөгжүүлсэн юм байгаа юм. Сүүлийн 30 жилд л чиг зүггүй болчихлоо. Гэхдээ одоо бол сэргэж байна. Хүн бүхэн талх, давс мөрөөсөөд байхааргүй болчихлоо. Оюуны талх хүсэж байна. Ингэж байж улс хөгжинө. Иллиад, Одиссейг хэзээ туурвиж байлаа даа. Театр заавал хүний оюун санааны эрэлт хэрэгцээ байж, театр үзэж байж амьдралын үлгэр жишээ, бахархал дуурайлыг авдаг юм байна. Театр гэдэг бол тийм л нөлөөтэй зүйл юм даа. Одоо бол энэ эрчээрээ театр хөгжинө. Сайхан хөгжинө.
-Сэтгэлгээ хоцрогдохгүй байхын тулд... Театрыг онцолж хэллээ, ерөнхий хүрээнд бол?
-Би дүрслэх урлаг, яруу найраг, ялангуяа хөгжмийг их анхаарч, харж явдаг. Манай язгуур урлаг дэлхийд өөрийн өнгө аясаар, орчин үеийн хэл хэллэгээр сонирхол татаж байна. Хөөмий, хархираа, морин хуур, цохивор хөгжмүүд дэлхийн анхаарлыг татах бүрэн боломжтой, тэгж ч байна. Үндсэн үндсийн манай язгуур урлаг шүү дээ. Н.Жанцанноровын “Уртын дуу бол аргагүй сонгодог урлаг юм” гэж хэлээд байдаг үнэн шүү дээ.
-Нэг хэсэг таны бие тэнхээрхэж байна гэж дуулдаад сэтгэл чилээж байлаа, давгүй юу?
-Театрын 90 жилийн ой болохын өмнө, есдүгээр сард нь ходоодны хорт хавдрын улмаас эмчлүүлсэн. Алтан гартай эмч нарын хүчээр босож ирсэн. Хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж байна, дажгүй.
-Дажгүйгээр барахгүй тайзнаа гарах нь ээ?
-Харин тийм. Бас л миний хүүгийн ач гэж хэлж болно. Миний хүүгийн эмч найз нар тойрч зогсож, шинжилгээний бичиг үзээд л “За, аавд чинь би хагалгаа хийнэ, энэ хүн нойрсуулна, энэ хүн эмчилгээний дараах асаргаа, сувилгааг хариуцна” гэж тохироод, намайг зоригжуулаад л орсон. Энэ хүүхдүүдийн авьяас чадварт бүрэн итгээд, үхсэн ч харамсахгүй гэж орсон. Одоо дажгүй. Хүүдээ “За, Батболд оо. Миний хүүгийн найзууд, чи л намайг аварлаа. Аав нь чиний хэдэн алдааг уучилна” гэж хэлсэн /Инээв/. Одоо дажгүй ээ, дажгүй. П.Лхагвадулам найруулагчийн нэг кинонд тоглож ч дууслаа.
-“Сэр сэр салхи”-ийг хэлж байх шиг байна. Түүний “Есдүгээр сарын цас” Венецийн кино наадмаас арслан хүртчихлээ шүү дээ.
-Яг тийм. Их сайхан. Тэндээс их урам зориг авлаа. Энэ мэтчилэн, яах вэ. Хүүхэд залууст тоогдож, бүтээлд нь орж л явна. Нийгэмд өвгөн хүн байдаг л юм чинь, урлаг, уран бүтээлд нь хүртэл байх л юм.
-Тээж буй эмзэглэл харин байна уу?
-Сошиал ертөнцөөс харахад бухимдуулсан зүйл их л байх юм. Залуусын жагсаалыг хараад, очиж хамт зогсмоор л байлаа. Үнэнээ хэлэхэд их тусгүй юмс харагдаж байна. Гайхамшигтай амьдрах боломж энэ гуравхан сая монголчуудад бий. Үүнийг зөв удирдах толгой л хэрэгтэй байна. Хэрэв тэгвэл Монгол Улс хоромхон зуурт босож ирнэ. Хятадын вокзал дээр холхиж байх хэмжээний л хүн ам байна. Зөв сонгууль, зөв сонголт хийх ёстой юм байна гэдгийг мэдэрлээ. Нэг хэсэг нь бясаа шиг таргалж, нөгөө хэсэг нь ийм өрөвдөлтэй амьдралтай байж болохгүй. Энэ бол гутамшиг. Тийм учраас бид энэ шинэчлэл, өөрчлөлтөд итгэж, залуу үеэ дэмжих хэрэгтэй. Олон ургальч үзлийг төрийн цөмд оруулж ирэх хэрэгтэй. Нэг нам, нэг хэсэг бүлэг хүн дагнан авч явна гэдэг худлаа юм гэдгийг сүүлийн 10 жил харлаа. Энэ бол миний эмзэглэл. Байсан. Одоо тэртэй тэргүй нийгэм өөрөө шаардаж байна.
-Үүнд театр түүчээлнэ биз?
-Театр хамгийн түрүүнд хашгирна. Үүн дээр хүү бид хоёр санал нийлдэг.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Цаг үетэйгээ цуг а лхаж чадсан хүн юмаа ! Уран бүтээл чийн мэдрэмж сэтгэлгээ нь энэ хүнд ийм эрч хүч, заяа тавиланг оноосон болов уу !
та нар 11 нд т�##�байд жагс , бүү хүний хойно суу.......