“ЯПОН ЦЭЦЭРЛЭГИЙН НУУЦУУД” номоос онцлох ТАВАН санаа

Заримдаа үнэхээр л эцэж цуцаадаг хүүхэд асрах “ажлын” талаар та юу боддог вэ. Би хувьдаа, хүүдээ хоолны ширээний ард тавагнаасаа амаараа биш халбагаараа идэж заншихыг бараг мянган удаа хэлж өгсөн байх. Тэгсэн ч маргааш нь ахиад л тавагнаасаа хоолоо шууд ам руугаа түрж хийхийг хараад дотроос уур бухимдал асаад л ирдэг. Үнэхээр туйлддаг биш гэж үү? Гэр хүйтэн болдог учир хаалгаа сайн хааж хэвших, өглөө босоод гэрлээ асаахын оронд хөшгөө татах нь мөнгөнд хэмнэлттэй, цүнхнийхээ амыг хааж сурвал дүү нь харандааг нь авч алга болгохгүй гэж бас л “мянган зуун” удаа хэлсэн ч байдал дээрдэхгүй. Тэр бүү хэл хүмүүс бидний өдөр тутамдаа хийдэг энгийн бүх үйлдлийг тэр бяцхан хүмүүст нэг бүрчлэн зааж, заах бүртээ дээрэхтэй ижил замыг туулсаар сургаж “хүний дөртэй” болгож авдаг бусуу.
Энэ хүчир ажлыг хуваалцдаг газар бол яах аргагүй цэцэрлэг, цэцэрлэгийн багш нар. Бидний хувьд том хүүгийнхээ цэцэрлэгийн боловсролыг япон улсад эзэмшүүлэх завшаан тохиосон бөгөөд сэтгүүлчийн хувьд яахан энэ бэлэн мэдээллийг зүгээр өнгөрүүлэх билээ. Хүүтэйгээ хамт япон цэцэрлэгт дөрвөн жил гаруй суралцсан тэмдэглэлээ ном болгон өнгөрсөн намар Монголдоо нээж уншигчдын хүртээл болгоод байгаа юм. Ингээд танд Пинкицүгийн “Бэйби шарк” япон хувилбарыг сонсонгоо, өөрийн номоос онцлох таван санааг товчлон хүргэж байна.

1.ЯПОН ЦЭЦЭРЛЭГИЙН УУР АМЬСГАЛЫГ МЭДРҮҮЛНЭ
Япон цэцэрлэг яг л кинон дээрээ гардаг шигээ эгдүүтэй, цэмцгэр, эмх цэгцтэй, эд зүйлсээр дүүрэн байдаг. Гэвч харагдах байдал гэдэг нэг хэрэг. Цэцэрлэгт байгаа хүүхдүүд, аав ээж нарын хоорондын харилцаа, багш нарын хандлага, хэрэглэгдэхүүн гээд олон зүйлс нэгдэж байж япон цэцэрлэгийг бүрдүүлдэг шиг санагдана. Үгээр шууд оноогоод хэлчихэж болохгүй тэр нэг мэдрэмжийг та энэ номыг уншиж дуусахдаа мэдэрсэн байх болно.

2. ЯПОН БАГШ НАРЫН АРГА БАРИЛЫГ ДҮРСЭЛНЭ
Хүү бид хоёр монголд байх хугацаандаа хоёр ч цэцэрлэг дамжиж үзсэн болохоор монгол багш нарын талаар багахан ойлголт бий. Элгэмсэг халуун дотно багш монгол цэцэрлэгийн багш. Хүүг цэцэрлэг дээрээ халуурсан өдөр нь духан дээр нь хүйтэн алчуур тавиад энгэртээ тэвэрч суусан багш бол монгол багш юм. Харин япон багш нар үргэлж инээмсэглэн бөхөлзөх авч ёс журмыг ягштал баримтлахын сацуу, хүндлэлийн шугамыг өчүүхэн ч болов давахгүй бас давуулахгүй. Хүүхэд өвдсөн үед монгол багш шиг энгэртээ тэврээд, эмнэлэг рүү дагуулж явах гээд сууж байх биш харин эцэг эхийг ямар ч ажилтай байсан хүүхдээ ирж авахыг эелдэгээр тулган сануулж, халуун буусан өдрөөс хойш 24 цаг цэцэрлэг дээр ирэх ёсгүй гэх дүрмээ сануулаад амжих нэгэн юм. Бусад хүүхдүүдийг ч өвдөхөөс сэргийлж буй ухаалаг зохицуулалт юм. Тиймээ, аль аль улсын цэцэрлэгт авах бас хаях зүйл бий биш гэж үү. Энэ мэтээр хүүхдийг өвдсөн, гунигласан, сахилгагүйтсэн, муудалдцсан үед япон багш нар ямар арга барилаар ажиллаж байдгийг өөрийн анзаарч мэдсэнээр буулгасныг та унших боломжтой.

3. ХОЁР ХЭЛТЭЙ БОЛЖ ӨСГӨХ ГЭЖ БАЙГАА БОЛ ХЭРЭГ БОЛНО
Гадаадад өсөж өндийж байгаа хүүхэд бүр хос хэлтэй болох уу, байгаа улсынхаа хэлээр л ярьдаг болох уу гэх том асуудалтай нүүр тулдаг. Гэвч орчин үед зөвхөн гадаадад байгаа хүүхдүүд биш монголд байгаа хүүхдүүдэд ч энэ асуудал тулгарч байх шиг санагдана. Хархан багаасаа л англи хэл дээрх хөтөлбөрүүд үзэж өсөж буй бүтэн нэг үе. Авч болохгүй, хаяж ч болохгүй шиг. Нэгэнт биеэ даагаад сураад байгаа англи хэлийг нь нэмж дэмжээд, хос хэлтэй болгож өсгөж байгаа эцэг эхчүүд олон байгаа гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ яаж тэнцвэрийг нь олох вэ, яаж аль нэгийг нь орхигдуулчихгүйхэн өөрийгөө илэрхийлэх чадвартай болгох вэ.
Хүү маань хоёр настайдаа яг л юүтүб үзэж англиар дуржигнатал ярьдаг болсон байв. Энэ л үедээ японд ирж, япон монгол англи гурван хэлний дунд хэлний шоконд орохдоо түүнийгээ хэрхэн даван туулсан тухайгаа энэ номонд дурьдсан буй. Танд нэгийг бодуулах болов уу гэж бодож байна.

4. ЯПОНД АНХ ИРЖ БАЙГАА ЭЭЖҮҮДЭД ХЭРЭГТЭЙ
Япон улсад жил бүр олон гэр бүл амьдрах, суралцахаар ирдэг болон олон ч гэр бүл эх орон руугаа буцах шийдвэр гаргаж, ирэх буцахын урсгал тасрахгүй. Эндэхийн цэцэрлэгийн систем ажилтай, хичээлтэй аав ээжүүдэд ээлтэй байдаг учраас хүүхдээ цэцэрлэгт өгөхөд багахан хугацаа шаардах ч нэг өгчихвөл сайн хэрэг. Гэвч энд болдог олон өдөрлөгүүд, ядаж л элсэлт төгсөлтийн баяраар эцэг эх нь юу өмсөж очдог, юу болдог гэдгийг ч мэдэхгүй байх нь наад захын асуудал. Спорт өдөрлөг гэж юу болдог юм, эцэг эхийн хурал яаж болдог, юу хийх ёстой гээд асар их мэдэхгүй зүйлстэй тулгарна. Энэ бүхнийг би өөрийн номондоо өөрт тулгарсан асуудлууд дээрээ тулгуурлан бичиж өгсөн учир таны туслах болно гэдэгт итгэлтэй байна.

5. АДАЛ ЯВДАЛД ДУРЛАГЧ БОЛ...
Тиймээ. Энэ ном бол бүхэлдээ манай гэр бүлийн дөрвөн жилийн цэцэрлэгийн адал явдал, дурсамж юм. Анх л хүүтэйгээ япон хэлний захгүй ирчхээд хэрхэн хоёул, хоёулаа япон цэцэрлэгээр “хүмүүжин” сургуульд орж байгаа түүх юм. Ээжийн бүтэлгүйтлүүд, хэл мэдэхгүйгээс буруу ойлголцож, гэнэт л цэцэрлэг дээр багш болох гээд зогсож байсан тэр өдрийн хэцүүхэн өнгөрсөн таван цаг. Хүүгийн ганцаардлын өдрүүд. Хэл мэдэхгүй учраас найзгүй, найзгүй учраас цэцэрлэг дээрээ ганцаараа цааш харан тоглож суух бяцхан үр минь. Анхны найзууд, анхны зугаалга, анхны гэсэн бүх нандин дурсамж минь энд бий тул цаг хугацааны талаар танд нэгийг бодуулна гэж бодном.
УГ НИЙТЛЭЛИЙГ СОНСОХ БОЛ ЭНД ДАРНА УУ
“Япон цэцэрлэгийн нууцууд” – Монгол хүү япон цэцэрлэгт суралцсан тэмдэглэл ном ИНТЕРНОМ номын дэлгүүрт худалдаалагдаж байна. Мөн 99080408 дугаарт холбогдож хэрхэн хүргүүлэх авах талаар зөвлөлдөж болно.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Өгөөжтэй бүтээл бололтой. Цэцэрлэгийн насны хүүхэдтэй ээж аавуудад гарын авлага болох байх аа.
Өвөө, эмээ яагаад гарцгүй газраар зам гардаг хэрнээ улс хөгжихгүй, манай ирээдүй болохгүй байна гээд яриад байдаг вэ?