Унаач хүүхдийн сарын цалин 800 мянга, хурдан морины сарын зардал хоёр сая төгрөг

Монгол улсын Засгийн газар хүүхдийн эрхийг хангахад ухралт хийсэн шийдвэрийг өчигдөр хуралдаанаараа танилцуулсан. Эл шийдвэрийг хүүхдийн эрхийг бүдүүлгээр зөрчиж буй явдал хэмээн Eguur News агентлаг редакцийн бодлогоор эсэргүүцэж “Унаач хүүхдийн эрхийн төлөө” хурдан морины уралдааныг тойрсон тал бүрийн асуудлыг хөндөн бичиж байгаа билээ.
Энэ хүрээнд унаач хүүхдийн цалин хөлсийг уяачийн мориндоо зарцуулж буй зардалтай харьцуулан хүргэж байна.
Ингэхдээ тавдугаар сарын 01-нээс арваннэгдүгээр сарын 01-ны өдрийг хүртэл хурдан морины эзэн мориндоо хэдэн төгрөг зарцуулаг. Унаач хүүхдэд хэдэн төгрөг зарцуулдаг талаар уяач болон хүүхдээ морь унуулдаг гэр бүлээс асууж үнийн дүнг дундажлав.
Морин уралдаан зохион байгуулах таван сарын хугацаанд уяж буй мориндоо хэдэн төгрөг зарцуулдаг. Унаач хүүхдээ хэдэн төгрөгөөр цалинжуулдаг талаар говийн аймгийн уяачаас асуухад дараах хариултыг өгсөн юм.
-Зурим уяач нар унаач хүүхдэдээ байр хүртэл өгдөг болсон. Харин зарим нь хүүхдэд хуурамч бичиг баримт бүрдүүлээд цалингүй ажиллуулдаг-
Сумын алдарт уяач Ж.У
-Та айлын хүүхдээр морь унуулдаг уу. Өөрийн хүүхдээр морио унуулж байгаа юу. Хэрэв айлын хүүхдээр унуулдаг бол унаач хүүхдийн цалинг хэдэн төгрөгөөр тогтоодог вэ. Говийн аймгуудаар ер нь дундаж цалин хэдэн төгрөг байгаа вэ?
-Манай хүүхэд морь унах насанд хүрээгүй учир айлын хүүхэд гуйж морь унуулдаг. Эхлээд хүүхдээ олно. Дараа нь аав, ээжтэйн гэрээ хийх маягаар хүүхэд хөлсөлдөг. Би бол зун морио унуулдаг хүүхдийнхээ аав, ээжтэй нь гурван жилийн гэрээ байгуулчихсан. Цалингийн хувьд би 800 мянгаас сая төгрөгийн хооронд өгдөг. Сардаа хэдэн уралдаанд орохоос хамаараад цалин нь арай өөр байна. Хамгийн багадаа 800 мянган төгрөг өгдөг. Гадуур ч гэсэн дундаж цалин иймэрхүү байгаа.
-800 мянган төгрөгөөс бага цалингаар унаач хүүхэд хөлсөлдөг уяачид байдаг уу?
-Байлгүй яах вэ. 300-400 мянган төгрөг өгч байвал их юм гэж хэлж болмоор уяачид бий. Бас тэр бүр улсын уралдааныг зорьдоггүй хүмүүс бол хүүхэдтэй гэрээ хийсэн бичгээ хуурамчаар үйлдээд, цалингүй унуулаад явдаг тохиолдол ч одоо мэр сэр байдаг. Эсрэгээрээ бас хүүхдээр нь морь унуулсаар байгаад ар гэрт нь байр аваад өгчихсөн том уяач нар ч байна. Ер нь янз бүр л байдаг даа.
Бас нас нь хэтэрчихсэн хүүхдүүд орон нутгуудаар надаар үнэгүй унуулаач гээд явж байдаг шүү. Тэд нарыг бол сунгаа, үсэргээ зэрэг нэг удаагийн уралдаануудад морь унуулж л байгаа.
-Унаач хүүхдэдээ амь насны даатгал хийлгэдэг үү. Аав, ээж нь гэрээндээ ийм шаардлага оруулдаг уу?
-Амь насны даатгалыг жилийн хугацаатай хийлгэдэг. Одоо ер нь уралдаанууд дээр хүүхдийн эрхийн байгууллага, шалгалтын комисс ирсэн л бол угаасаа даатгалгүй хүүхдээр морь унуулдаггүй. Даатгал шалгахдаа бас унаач хүүхдийн гэрээг хардаг учраас том уралдаануудад гэрээгүй, даатгалгүй орно гэж байхгүй. Орон нутгийн жижиг уралдаанууд л хяналтгүй болдог хэвээрээ. Бусад нь бол хувцас хэрэглэлээс эхлээд уг нь сайжраад, нарийн болоод л байна.
-Амь насны даатгал нь хэдэн төгрөг байдаг вэ?
-Жил бүр 150 мянган төгрөгөөр даатгуулдаг. Өөр мөнгөн хувилбар угаасаа байдаггүй. Тавдугаар сараас эхлээд л хүүхдүүдээ даатгуулж эхэлдэг.
-Харин мориндоо хэдэн төгрөг зарцуулдаг вэ?
-Бас л янз бүр. Моринд хэр их арчилгаа орохоос л хамаарна. Ямартай ч таван сарын хугацаанд 5-10 сая төгрөг бол орно. Тэгэхээр сард нэг сая төгрөгөөс дээш гэсэн үг. Манай морь арчилгаа бага. Хивэг, овьёос өгнө. Дусал тариа хийлгэнэ. Тамирын шар өгнө. Эдгээрээс өөр янз бүрийн юм нэг их хэрэглэхгүй. Бие нь өвдөхгүй яг сая хэлсэн юмнуудаа хэрэглээд явбал сард нэг сая гаруй төгрөг зарцуулдаг. Том уяачид бол сард хоёр сая төгрөгөөс дээш зардал гаргаж байгаа. Тэгээд бүр нэмээд уяач хөлсөлдөг бол бүр их зардалтай.
-Жишээлбэл нэг морь сард хэдэн шуудай хивэг болон овьёос иддэг вэ. Шуудай тутамд үнэ нь хэд гэх үү?
-Сард нэг морь гурван шуудаа хивэг, 3-4 шуудай овьёос иднэ. Үнийн хувьд хивэг 30 мянгаас эхэлж байгаа. Овьёос орон нутагт 50 мянган төгрөгөөс эхэлдэг.

-Ах дүүгийн хүн болохоор хүүхдээ үнэ төлбөргүй морь унуулдаг-
Харин хүүхдээ морь унуулдаг хоёр эцэг, эхтэй холбогдож цалин хөлсний талаар асуухад дараах хариултыг өглөө.
Унаач хүүгийн ээж О.Б
-Та яагаад хүүхдээ морь унуулдаг вэ?
-Өөрөө моринд дуртай. Бас ойрын ах дүүгийн ах маань гуйдаг болохоор найдаад хүүхдээ явуулдаг.
-Хүүхэд нь морь унахдаа хэдий хугацаагаар явдаг вэ?
-Зуны гурван сар явна.
-Хүүхэд нь морь унаад цалин авдаг уу?
-Цалин гээд байх юм байхгүй ээ. Өөрийнх нь гарыг 300 мянган төгрөгөөр цайлгаад, хичээлийн хэрэгслийг нь бэлдэж өгөөд явуулсан байдаг.
-Хүүхдээ морь унахад амь насны даатгал хийлгэдэг үү. Гэрээ байгуулдаг уу?
-Олон хүнтэй, том уралдаан зорьдоггүй учир тийм юм хийж байгаагүй.
-Хүүхдээ морь унуулахад уяачтай нь гэрээ хийж, цалин тохирдог-
Унаач хүүхдийн ээж Г.Э
-Та яагаад хүүхдээ морь унаалдаг вэ?
-Багаасаа морь унаж сурсан учир хүүхэд маань өөрөө их дуртай байдаг. Тиймээс явуулдаг.
-Хүүхэд нь морь унахдаа хэдий хугацаагаар явдаг вэ?
-Зуны гурван сар явна.
-Хүүхэд нь морь унаад цалин авдаг уу?
-Авдаг. Өгч явуулахдаа уяачтай нь гэрээ хийнэ. Тэгэхдээ цалинг нь ярилцаж, тохироод явуулдаг.
-Хэдэн төгрөгийн цалин авдаг вэ?
-Сарын 800 мянган төгрөг.
-Хүүхдэд нь уяач амь насны даатгал хийж өгдөг үү?
-Заримдаа бид хоёр өөрсдөө хийлгэнэ. Заримдаа уяач нь хийлгэнэ. Угаасаа даатгалгүй бол уралдаанд ордоггүй болохоор аль нэг нь заавал хийлгэдэг.
Уяач болон хүүхдээ морь унуулдаг гэр бүлийнхний ярианаас дүгнэхэд унаач хүүхдийн нэг сарын дундаж цалин 800 мянган төгрөг, нэг сард уяач мориндоо зарцуулах дундаж зардал хоёр сая төгрөг байна.
Түүнчлэн дээрх ярианд орон нутгийн морин уралдаан хяналт багатай болдог тул хүүхдийг хуурамч бичиг баримтаар оруулдаг гэх асуудлыг уяач дурдав. Мөн хүүхдээ морь унуулдаг нэг гэр бүл гэрээ байгуулдаггүй, цалингүй гэж хэллээ. Энэ нь хяналтгүй болдог уралдаануудад л тухайн хүүхдийг хөлсөлсөн уяач оролцдог гэсэн үг юм.
Гэтэл хаврын морин уралдаан зохион байгуулахад аймаг, орон нутгийн ИТХ зөвшөөрөл гаргадаг болох шийдвэрийг өчигдөр /2024.01.30/ Монгол Улсын Засгийн газар гаргасан.
Өөрөөр хэлбэл уралдаан хамгийн эрсдэлтэй, хяналтгүй болдог орон нутгуудын ИТХ-д нь уралдааныг хавар зохион байгуулж болно гэх эрхийг өгчихсөн. Хэрэв энэ шийдвэр албажвал орон нутагт болох уралдаан, түүнээс гарах эрсдэлд хэн хариуцлага хүлээсэн нь мэдэгдэхгүй. Хүүхдийн эрх тэнд яригдахгүйгээр дуусна гэсэн үг.
Сануулахад, Дүнжингарав морин уралдааны үеэр жил бүр 10 гаруй хүүхэд унаж бэртсээр хамгийн сүүлд 2018 онд харанхуйд уралдааныг зохион байгуулсаны улмаас олон хүүхэд унаж бэртсэнээр 2019 онд Засгийн газрын тогтоол гарч хаврын уралдааныг хорьсон юм.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.