Ярилцлага

"Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Рессаг Монголд урьсан. Түүний номыг энгийн иргэд илүү уншаасай"

Нобелийн шагналт сэтгүүлч Мариа Рессагийн "Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?" номын орчуулагч, Сэтгүүл зүйн хөгжлийн үүр төв ТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоотой ярилцлаа.

-Мариа Ресса гурван ном бичсэнээс яагаад “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?”-г сонгож, монголчууддаа хүргэхээр зорив?

-Түүний өмнөх номууд 10-20 жилийн өмнө хэвлэгдсэн, агуулга нь цаг үеийн хувьд тодорхой хэмжээгээр хоцорсон байхыг үгүйсгэхгүй юм. Харин энэ номыг Мариа Ресса Нобелийн шагнал хүртсэнийхээ дараа бичиж хэвлүүлсэн онцлогтой. Сошиал мэдиа хөгжсөн өнөөдрийн цаг үед түүний алгоритм яг хэрхэн ажиллаад байна вэ. Нөгөө талд төр засгийн мэдээлэл түгээх стратеги тун боловсронгуй болж байгаа. Энэ хоёр нийлэхээрээ ямар хор хөнөөлтэй вэ гэдгийг маш тод томруун бичиж үзүүлсэн. Монголчуудын дүр зураг Филиппинтэй тун төстэй, тэд маш их цагийг сошиал мэдиад өнгөрүүлж буй ч хэвлэл мэдээллийн боловсрол муутай. Энэ утгаар монголчуудад өгөөж нь их хэмээн харж, сонгосон.  

-Хэвлэл, мэдээллийн салбарынханд мэдээж олзуурхууштай тусах ч нэгж иргэний тухайд энэ бүтээл ямар өгөөж, ач холбогдолтой вэ?

-Миний хувьд энэ номыг энгийн иргэд илүү уншаасай гэж хүсэж байгаа. Учир нь манай салбарынхан мэдээллийн урсгал хэрхэн явдаг, хаана ямар манипуляц өрнөж байгааг таамаглан мэдэх чадвартай. Харин иргэд өөрөө ч мэдэхгүйгээр зохион байгуулалттай операцын нэг хэсэг болж, тухайн мэдээллийг цааш өргөн хүрээнд түгээж, хорт нөлөөллийг нь дэвэргэдэг. Тиймээс энгийн иргэдэд илүү ач холбогдолтой ном юм.

Дээр нь, хэвлэл мэдээллийн салбарыг гутал юм уу савласан ус үйлдвэрлэдэг бизнесийн салбаруудтай ижилсүүлж ойлгох нь өрөөсгөл юм. Зүгээр ч нэг дөрөв дэх засаглал гэдэг нэртэй болоогүй шүү дээ. Үйл ажиллагааны шинж чанараас хамаарч, зайлшгүй өгөгдсөн бөгөөд бусдад байхгүй хүч, давуу тал сэтгүүлч бидэнд бий. Талх идэхэд гэдэс цаддаг шиг, мэдээлэл бол тархины хоол гэлтэй. Мэдээллийг уншихад шууд сэтгэл хөдлөлд, шийдвэр гаргалтад нөлөөлнө, уурлах бухимдах эсвэл урам зориг авах нөлөө үзүүлнэ. Бидний үйл ажиллагаа бусдад тийнхүү нөлөөлж буйг үгүйсгэх боломжгүй, хариуцлагыг давхар үүрэх ёстой. Харин энэ онцлог чанараа яаж эерэгээр ашиглаж болох вэ гэдгийг энэхүү номонд тодорхой дурджээ. Нөгөө талд, хэвлэл мэдээллийн салбар үүргээ ухамсарлан ажиллаж чадахгүй бол нийгэм бүхэлдээ хэрхэн доройтдогийг харуулсан. Зүүн Өмнөд Азийн олон орны жишээн дээр тайлбарласан байна.

Филиппинд далайн шуурга их болдог. Шуурганы үеэр аюулаас хамгаалж, сэргийлэх мэдээлэл дутмагийн улмаас гурван оронтой тоогоор тоологдох хэмжээний хүн амь үрэгддэг байна. Харин сэтгүүлчид онцгой байдлын албатайгаа хамтарч, сүлжээ байдлаар мэдээллийг маш хурдтай түгээж эхэлснээр богино хугацаанд тухайн статистикийг хоёр оронтой тоо руу оруулж чадсан байна. Гэтэл Филиппиний Засгийн газар солигдсоны дараа тэрхүү хамтын ажиллагаа зогсож, мэдээлэл түгээх суваг ажиллахаа больсон ба нас баралт эргээд гурван оронтой тоо руу шилжсэн. Мэдээллийн хүч, нөлөөг зөв ашиглавал нийгэмд эерэг өөрчлөлт авчрах боломжтойг энэ ном олон жишээгээр тайлбарласан байна.

-Та өөрөө орчуулсны хувьд Нобелийн шагнал хүртсэн хүний бичлэгийн онцлог чанар хэрхэн мэдрэгдсэн бэ?

-Тэр аливааг ихээхэн бодож тунгаадаг, бүр багаасаа л хүрээлэн буй орчиндоо болж байгаа зүйлсийг том хүрээнд зураглаж эрэгцүүлж ирсэн хүн гэдэг нь харагдсан.  Маш философилог. Үгийн ард үг дайж бичих юм. Түүнийг монгол хэл рүү орчуулна гэдэг амаргүй байлаа. Энэхүү онцлог бичигдсэн хэл дээр нь уншихад сонирхолтой, харин монгол хэл дээр хэрхэн буусны нь уншигчид маань дүгнэж хэлэх болов уу.

Макро болон микро түвшний үйл явдал, тэдгээрийн нөлөөллийг харьцуулж бичсэн. Микро түвшинд гэвэл өөрийн бага насны амьдрал, дурсамж, туулж өнгөрүүлсэн зүйлсээ. Харин макро түвшинд нийгэм, эдийн засгийн амьдралд гарч буй өөрчлөлтүүд. Эдгээрийг хооронд нь холбох замаар бичсэн. Бид эх орондоо, дэлхий дахинд болж буй үйл явдлын нөлөөллөөс салангид орших боломжгүй. Тийм жаахан хүүхдэд ч Филиппиний улс төр, нийгмийн байдал хэрхэн нөлөөлснийг унших сонирхолтой байлаа. Тэр 2021 онд Нобелийн шагнал хүртэж, 2022 онд номоо хэвлүүлжээ.

Өөрийнхөө амьдралыг эртний Грекийн Касандра, Сизиф хоёртой зүйрлэж бичсэн нь сэтгэл татсан. Сизиф бул чулууг уулын өөд арай ядан гаргав ч буцаад л өнхрөх, улмаар дахиад л уул өөд өгсөх мөнхийн тавиланд хараагдсан бурхан. Касандра асар зөн совинтой ч хэлсэн үгэнд нь хэн ч итгэхгүй байхаар хараагджээ. Дэлхий нийтэд хэвлэл мэдээллийн итгэлцэл маш их буурч байна. Мөн хамтарч ажиллах биш өрсөлдөж, нэгийгээ харлуулах байдлаар ажиллаж байна. Нийгмийн сайн сайхны төлөө хэчнээн ажиллаж, нэг алхам урагшиллаа ч төр засгийн бодлого шийдвэр, гадаад орчны нөлөөгөөр буцаад хоёр алхам ухраад байна. Энэ нөхцөл байдлаас гарахын тулд манай салбарынхан хамтын хүчээр урагшлах хэрэгцээ байна. Бидний өмнө тулгамдаад буй асуудлыг ганцаар, дангаар шийдэх бололцоо алга гэдгийг Мариа Ресса үзжээ.

-Өөрөө сэтгүүлч, мөн сүүлийн жилүүдэд салбарын хөгжлийн төлөө ТББ байгуулан ажиллаж буйн хувьд номын аль хэсэг сэтгэлд илүүтэй хоногшин үлдсэн бэ?

-Мариа Рессагийн намтар боловч хэвлэл мэдээллийн салбар технологийн хувьд хэрхэн хувьсан өөрчлөгдсөнийг давхар олж харах боломжтой байсан. Миний хувьд сүүлийн жилүүдэд шуурхай мэдээний өрөөнөөс хол ажиллалаа. Энэ мэдрэмжийг санасан байсан. Мариа Ресса анх PTV4 гэж телевизэд ажиллаж эхэлж буй тэр хэсэг миний дурсамжийг өдөөж, сэтгэлд үлдсэн. Редакцын халуун уур амьсгалыг уншиж мэдрэх сайхан байсан. Мөн мобайл сэтгүүл зүй өнөөдрийнх шиг өргөн хэмжээнд хөгжихөөс өмнө Мариа Рессагийн баг төмрөөр, өөрсдөө хэрэгсэл бүтээж, гар утастайгаа холбоод ганцаараа, шуурхай, шууд дамжуулалт хийж эхэлснийг унших сонирхолтой байв. Цаашлаад ер Зүүн Өмнөд Азийн орнуудад шуурхай редакц, 24 цагийн мэдээний өрөө хөгжиж төлөвшихөд ямар хувьсал, өөрчлөлтүүд туулсан талаар тодорхой, сонирхолтой өгүүлсэн байна лээ.

Мөн нэг удаа, сонгуулийн байгууллагатайгаа хамтарч, Филиппиний иргэдийн сонгуульд бүртгүүлэх үйл явцыг хялбарчлах аян өрнүүлжээ. Ингэхэд сонгуулийн байгууллагын сервер нь хүртэл унаж, “Түр энэ үйл ажиллагаагаа зогсоож байгаач” гэж хүсэхэд хүрсэн байна.

Мэдээлэл дамжуулахын тулд сэтгүүлчид асар хүнд хэцүүг туулдаг. Мариа Ресса дайны, хурцадмал нөхцөл байдалд олонтой ажилласан. Филиппин ч хэд хэдэн удаагийн төрийн эргэлт үзсэн орон. Тийм үймээнтэй бүсэд ажилласан туршлага надад жишээ нь байхгүй. Буу барьсан хүмүүсээс нуугдахын зэрэгцээ мэдээллээ шуурхай дамжуулахыг хичээх ямар байдгийг мэдэрсэн. Эсэргүү бүлгээс ярилцлага авахын тулд орны даавуугаар цагаан туг хийж, машиныхаа цонхоор гаргаад болгоомжлон буумагц хөл дор нь зөөлөн юм мэдрэгдсэн ба харвал хүний тасарч унасан гар байжээ. Индонезид ажиллах үеэр хүүхдүүд хөлбөмбөг тоглож байхыг хараад бярлан очтол бөмбөг биш хүний толгой байсан гэх мэт. Энэ бүхнийг сэтгүүлч хэрхэн даван туулж, иргэдийн мэдэх эрхийг хангахаар ажилладгийг тод томруунаар харах боломжтой. Кинон дээр л гардаг зүйлийг ажлаа хийж яваа сэтгүүлч бодитоор харна гэдэг ардчилсан оронд амьдарч буй бидэнд аймшигтай тусмаар.

-Та Мариа Рессатай уулзаад ирсэн байна, ямар яриа өрнөв?

-Миний хувьд түүнтэй гурван удаа уулзсан. Нэг нууц гэх үү, мөрөөдөл гэх үү зүйлийг задлахад бид Мариа Рессаг Монголд урьсан. Тэр зөвшөөрсөн ба цаг хугацаа нь хараахан тодорхой болоогүй байна.

Эхний уулзалт 2022 онд, ХБНГУ-ын Бонн хотод болсон Deutsche Welle-гийн “Global Media Forum” арга хэмжээний үеэр танилцсан юм. Нээлтийн арга хэмжээнд үг хэлэхэд нь би зураг авч, редакц руу нь явуулж байв. Тайзнаас буухад нь албан ёсоор танилцсан, удаан ярилцах боломж үүсээгүй. Дараа нь зочид буудал руу нь хамт алхангаа Монголын нөхцөл байдлын талаар ярилцсан. Тэр Монголыг маш их сонихрдог. Орос, Хятад хоёрын дунд байгаа танай улс яаж ардчиллаа өнөөг хэр хадгалж үлдсэн бэ гэдгийг сонирхдог, үүний үнэ цэнийг надад ч чухалчлан сануулдаг. “Үүнийг чи үргэлж санаж, ярьж яваарай” гэж хэлдэг.

Хоёр дахь удаа, номыг нь орчуулах эрхийг авсныхаа дараа Сингапурт болсон “Trusted Media Summit” хэлэлцүүлэгт бид хоёр панелистаар суусан. Энэ үеэр Мариа Ресса зритлийн анхаарлыг Монгол руу чиглүүлж, “Орос, Хятад хоёрын дунд байршилтай танай орон энэ сэдэвт хэрхэн ажиллаж байна вэ?” хэмээн асууж байсан.

Гурав дахь удаа өнгөрсөн оны есдүгээр сард уулзсан. Олон нийтийн эрх ашгийн хангах, хэвлэл мэдээллийг дэмжих олон улсын сан гэдэг байгууллага байгуулагдаад удаагүй байна. Мариа Ресса үүсгэн байгуулагчдын нэг. Энэхүү байгууллага НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы үеэр салбар хуралдаан зохион байгуулсан. Бид уг хуралдааны үеэр уулзаж, номоо өөрт нь дурсгасан.

Одоогийн байдлаар түүнийг Монголд урих асуудлаар харилцаж байгаа. Манай сэтгүүлчид түүнтэй уулзаад, мададгүй анх энэ мэргэжлийг сонгож байх үеийн сэтгэл хөдлөлөө ахин мэдрэх болов уу гэж бодож байна.

-“Дарангуйлагч” гэдгээр тэр юуг хэлсэн бэ?

-Товчхондоо Родриго Дутертег хэлсэн. Тухайн үед Филиппинийн ерөнхийлөгч байсан нэгэн. 2008 оноос хойш Мариа Ресса сум нэвтрүүлдэггүй хантааз өмсөж явдаг болсон. Хэзээ ч халдлагад өртөж болзошгүй нөхцөл байдал тийм бодитой болж ирж. Харин тийм нөхцөл байдлыг үүсгэх хэмжээнд хуулийг өөрт ашигтай хэлбэрээр ашигласан хүн бол Родриго Дутерте юм. Тэр хүний бий болгосон авлигажсан, танил талын системийг л Мариа Ресса илчилсэн, үүнтэй тэмцсэн. Тэмцэх хэрэгсэл нь сэтгүүл зүй байв. Харин арга нь хамтран ажиллах байжээ. Үүндээ “Мангастай тэмцэхийн тулд мангас болж болохгүй” гэсэн зарчим барьсан.

Бидний хувьд баримт шалгадаг байгууллага. Хортой мэдээллийг зохион байгуулалттайгаар, асар хурдтай түгээх арга механизмыг бид сайн мэдэж байгаа. Тэгвэл, энэ механизмаар бид сайн мэдээллийг түгээж болох уу? Мариа Ресса болохгүй гэсэн. Ардчилсан, нээлттэй аргаар тэмц гэсэн. Удаан байж болох ч үр дүнтэй бөгөөд эцийн дүнд өөрийгөө алдахгүй байх боломжийг олгодог.

Хэрэв бид ардчилсан үнэт зүйлээ хадгалж хамгаалж чадахгүй байж, мөн чанараа алдах юм бол дараа дараагийн дарангуйлагч нар гарч ирэхийг үгүйсгэхгүй. “Freedom House” байгууллагаас жил бүр улс орнуудын ардчиллын нөхцөл байдлыг тооцдог 2024 оны эхээр, дэлхийн нийт хүн амын 10 хувь буюу 10 хүн тутмын нэг нь хагас эрх чөлөөтэй, эсвэл автократ нийгэмд амьдарч байна. Бид ардчилсан улсад амьдарч буй учраас, дэлхий ч мөн тийм гэж боддог. Гэтэл ардчилал гэдэг зүйл сүүлийн 16 жилийн турш багассаар байна. Ардчилал буурах хэрээр хэн нэгэн өөрийн үзэмжид тулгуурлан шийдвэр гаргах боломж нэмэгдсээр.

Номын агуулгыг өргөжүүлж ярихад, тэлсээр буй автократ нийгэм, түүгээр бэлтгэгдэж буй дараагийн дарангуйлагч нарыг ч “Дарангуйлагч” хэмээн нэрийдсэн гэж хэлж болно.

-“Үүр” паблишингийг яагаад үүсгэн байгуулах болов, дараагийн номоо танилцуулж болох уу?

-2019 онд би “Үл үзэгдэх эмэгтэйчүүд” гэдэг ном уншсан. Монгол хэл дээр орчуулмаар санагдаад, хэд хэдэн паблишингд эрхийг нь авч өгөөч гэж хүсэлт гаргасан л даа. “Зах зээлийн хувьд амжилттай борлуулах ном биш байна” хэмээн татгалзаад байсан. Улмаар хувь хүнээрээ хандтал зөвхөн бие даасан паблишингд л эрхийг өгнө гэсэн. Ингээд л номын эрх авахын тулд ААН байгуулсан нь “Үүр” юм. Хүйс бол бидний хүн төрлийг олж төрөөд хамгийн түрүүнд олж авдаг тодорхойлолт шүү дээ. Жирэмсэн боллоо гэхэд л эрэгтэй юу, эмэгтэй юу гэдгийг сонирхдог. Бидний хамгийн нэг дугаарын тодорхойлолт, тэмдэг нэр. Гэтэл жендерийн хувьд манай нийгэм хэр тэнцвэртэй хөгжиж байгааг энэ номонд датанд суурилсан хэлбэрээр, маш оновчтой өгүүлсэн. Ингээд “Үл үзэгдэх эмэгтэйчүүд” номоо орчуулж, амжилттай хэвлүүлсэн. Манай хоёр дахь ном Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ?” боллоо.

Бид нийгэмд хэрэгтэй шинэ мэдлэгийг л авчиръя гэж зорьж байгаа. Мэдлэг түгээх олон арга хэрэгсэл бий. Рийлс, подкэст, постер гэх мэт. Харин ном бол даацтай суурьтайгаас гадна хүний итгэл үнэмшилд нөлөөлөх хэмжээний мэдээллийг багцалдаг. Энэ хэмжээнд тайлбарлах шаардлагатай агуулгыг гаргаж байя гэж зорьсон.

Бидний дараагийн орчуулахаар бэлтгэж буй ном бол “Gutenberg Parenthesis”. И.Гутенберг бол дэлхийд хамгийн анх олноор хэвлэн олшруулах машиныг бүтээсэн хүн. Гутенбергийн машин үүссэнээр анх мэдээллийг олон нийтэд түгээх боломж бий болсон, энэ бараг л хэвлэл мэдээллийн салбарын суурь юм. Тэгвэл 21-р зуунд энэ орчин хэрхэн өөрчлөгдөж буйг хөгжлийн үүднээс тодорхойлж, томъёолохыг оролдсон ном л доо. Жеф Жарвис хэмээх АНУ-ын томоохон хэвлэл, мэдээллийн байгууллагуудад менежментийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хүн бичсэн. 

М.ТЭНГИС

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button