Нягталъя: НДШ-ийн хувь өөрчлөгдөхгүй, суурь цалин өсөх тул төлөх дүн дагаад нэмэгдэнэ

2025 оны дөрөвдүгээр сарын 1-нээс хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 792 мянган төгрөг болж, нэмэгдэнэ.
Үүнтэй холбогдуулж, НДШ-ийн хувь хэмжээ давхар өснө гэх мэдээлэл олон нийтэд түгээд байна.
Татварын багц хуулийн шинэчлэл хийгдэх болоогүй, хэлэлцүүлгийн шатандаа үргэлжилж байгаа. Өөрөөр хэлбэл, НДШ-ийн хувь хэмжээг хөндсөн алив шийдвэр гараагүй.
Харин хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдэнэ гэдэг, суурь цалин өснө гэсэн үг. Товчхондоо, НДШ-ийн хувь хэмжээ хэвээрээ ч НДШ-ийг суутган бодох цалин өөрөө өсөж байна. Тэгэхээр авагдах НДШ-ийн хэмжээ уялдаад өсөж таарна.
Үүнийг НДШ-ийг нэмлээ гэж ташаа ойлгох үзэгдэл газар авчээ.
Энэ НДШ-ийг нэмээд буй хэрэг биш, нэгэнт суурь цалин нь өссөнөөр суутгах дүнгээ дагаад өсөх л энгийн ойлголт юм.
Тухайлбал, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660 мянган төгрөг байсан үед 89,100 төгрөгийн НДШ төлөгддөг байсан. Харин одоо 792 мянга болсноор энэ дүн дагаад 106.9 мянга болж өсөх нь.
Түүнчлэн, энэ зөвхөн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинждаг хүмүүст л хамаатай өөрчлөлт юм. Тэдний цалин өсөж, дагаад төлөх НДШ нь нэмэгдэнэ. Харин бусад шатлалаар цалинждаг хүмүүст төдийлөн хамааралгүй юм. Ер цалин нэмэгдвэл дагаад илүү НДШ төлөх нь ойлгомжтой зүйл билээ.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сайн шулах юмаа та нар