Менингококкийн эсрэг вакцин ХӨСҮТ-д хоёр жил хийгдээгүй, “СОС медикал Монголиа"-д ₮1 саяар хийгдээд дуусжээ

Менингококкийн халдвар дэгдэж олон нийт тус өвчнөөс сэргийлэх вакцины эрэлд гарчээ. Бид аль эмнэлэгт тус вакциныг хийлгэх боломжтой талаар тодруулахад, ХӨСҮТ-д сүүлийн хоёр жил нийлүүлэгч байхгүйн улмаас хийгдээгүй байна. Харин хамгийн сүүлд “СОС медикал Монголиа" гэх хувийн эмнэлэг менингококкийн вакциныг хийж байсан гэх.
ХӨСҮТ-ийн лавлах утас руу холбогдон менингококкийн вакцин хийж байгаа юу хэмээн асуухад "Нийлүүлэгч байхгүй гэх шалтгаанаар тус халдварт өвчний эсрэг вакцин манайд хийгдэхээ болиод хоёр жил гаруй болж байна. Эргэн хэзээ хийгдэхийг мэдэхгүй байна. Одоогоор “СОС медикал Монголиа" гэх хувийн эмнэлэгт хийгдэж байгаа" гэх хариултыг өгсөн юм.
Харин “СОС медикал Монголиа" эмнэлэгтэй холбогдон вакцин хийж байгаа эсэхийг тодруулахад "Манай эмнэлэгт менингококкийн менингит өвчний вакциныг 1 сая төгрөгөөр хийж байсан. Менингококкийн халдвартай хүүхэд Монголд бүртгэгдсэнтэй холбоотойгоор хүмүүс вакцин асуух нь нэмэгдсэн. Тэдний дийлэнх нь цэцэрлэгийн насны хүүхдүүд байсан юм. Бид Бельги улсаас “Нименрикс” вакциныг авчирч хийж байсан юм. Одоогоор вакцин хийгдэхгүй байгаа" хэмээсэн юм.
Менингококкийн вакцин хэвийн хийгдэж байсан үед болох 2022 онд хэдэн төгрөгийн өртөгтэй хийгдэж байсан талаар судлахад Энэрэнгүй Үйлст ӨЭМТ-ийн цахим хуудастаа оруулж байсан мэдээллээс харахад хоёроос дээш насны сайн дурын дархлаажуулалтад хамрагдах иргэд 22 мянган төгрөг төлөн вакцинд хамрагдах боломжтой байжээ.
Тэгвэл одоогоор тус халдварт өвчний эсрэг дархлаажуулалтыг хийж буй газар байхгүй байна.
О.ОНОН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар муухай эмнэлэг бэ
Товлолт вакциндаа оруулаачээ эргүү м�##�нуудаа