БНСУ-ын хоёр тагнуултай уулзсан хүн нь монголын тагнуулын ажилтан байсныг Солонгосын хэвлэл баталж, ҮБХЯ нь үгүйсгэв

Монголд тусгай ажиллагаа явуулахаар ирсэн Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг манай улсын ТЕГ баривчилж нутаг буцаасан талаар бид өмнө нь мэдээлж байв. Өмнөх мэдээллийн ЭНД дарж үзнэ үү.
Тодруулбал, Өнгөрсөн 2024 оны арванхоёрдугаар сарын 27-нд БНСУ-ын хэвлэлүүдэд Хойд солонгостой холбогдох тусгай даалгавартай Өмнөд Солонгосын хоёр тагнуулыг Монгол Улсын тагнуулын байгууллага баривчилсан. Улмаар БНСУ-ын Тагнуулын командлагч Мүн Сан Хог тэднээс өөрөө тайлбар авахаар эх оронд нь буцаах хүсэлтийг манай талд гаргасан гэж тус улсын hani korea сайт мэдээлж байв.
Мөн тус мэдээлэлд 2024 оны арваннэгдүгээр сарын сүүлээр Монголын тагнуулд баригдсан БНСУ-ын дэд хурандаа А, хошууч Б нарыг тус оны арванхоёрдугаар сарын 26-нд сулласан нь нотлогдоод байгаа талаар дурдсан.
Харин тэдний Монгол Улсад ирсэн шалтгааныг тус улсын хэвлэлүүд "Хойд Солонгосыг Өмнөд Солонгосын хилийн шугам руу довтлоход өдөөх" зорилгоор монголын төрийн албаны нууц ажилтнуудаар дамжуулан Хойд Солонгостой холбоо тогтоох даалгавар авсан байсан.
Учир нь тэднийг шалгах явцад дээрх агуулга бүхий баримт олдсон. Мөн Монгол Улсад жуулчны визээр нэвтэрсэн тус ажилтнууд нь БНСУ-ын нууц ажилтнууд буюу “Хар агент” байсан бөгөөд тэдний талаарх мэдээлэл задарсны дараа нууц ажилтнуудыг гадагшаа томилолтоор явахыг бүр мөсөн хориглосон байсан.
Тиймээс тэднийг маш нууц онцгой даалгавар аваагүй л бол Монгол Улс руу томилолтоор явуулах боломжгүйг тус улсын хэвлэлүүд мэдээлж байсан билээ.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Монгол Улсаас баривчлагдсан БНСУ-ын нууц тагнуулын ажилтнуудын талаар хоёр мэдээлэл шинээр цацагдав. Үүний нэг нь БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яамны албаны мэдээлэл байв. Харин нөгөөх нь эх сурвалжуудаас тодруулж эрэн сурвалжилж бэлтгэсэн Өмнөд Солонгосын MBC телевизийн мэдээлэл байлаа. Ингээд тус мэдээллүүдийн агуулгыг товчлон хүргэе.
2025 оны хоёрдугаар сарын 13-нд БНСУ-ын MBC телевизийн сурвалжлагч Ли Деок Ён тагнуулын ажилтнуудтай холбоотой мэдээлэл нийтлэв.
Дээрх мэдээллийн мөрөөр сурвалжлах явцад сэтгүүлчид Өмнөд Солонгосын Тагнуулын албаны ажилтан дараах мэдээллийг өгсөн байна. Тус ажилтан MBC-д хэлэхдээ, “Манай улсын тагнуулын хоёр нууц ажилтны монголд очоод уулзсан хүмүүс нь Монгол Улсын тагнуулын газрын ажилтнууд байсан. Тэдний нэг нь Өмнөд Солонгосын Тагнуулын нууц албатай 10 гаруй жил хамтран ажилласан цол хэргэмтэй хүн байсан. Харин нөгөөх нь Өмнөд Солонгос нууц ажилтнаараа шинээр элсүүлэх гэж байсан бас нэг төлөөлөгч байсан. Манай Улсын тагнуулын хоёр ажилтан тэдэнтэй ямар зорилгоор уулзсан нь одоогоор тодорхой болоогүй байгаа. Гэхдээ манай тагнуулууд Хойд Солонгостой холбоо тогтоох гэж явсан хэр нь шууд Элчин сайдын яаман дээр нь очилгүй монголын хүчний төлөөлөгчидтэй уулзсан тул манай тагнуул тэднээр дамжуулан Хойд Солонгосчуудтай холбоо тогтоох гэж байсан гэж таамаглаж байгаа” гэжээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Харин БНСУ-ын Үндэсний Батлан хамгаалах яам 2025 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр дээрх хэргийн талаар анх удаа албан ёсны мэдэгдэл хийв.
Ингэхдээ “Өмнөх өдөр /2025.02.13/ хэвлэл мэдээллийн хэрэгслээр “”Монголоос баривчлагдсан манай улсын хоёр тагнуул Хойд Солонгосын эсрэг үйл ажиллагаа явуулахаар Монгол дахь орон нутгийн тагнуулын ажилтнуудтай холбогдож байхдаа баривчлагдсан” гэх мэдээлэл гарсан. “Энэ нь худлаа Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард манай тагнуулын хоёр ажилтны Монголд хийсэн томилолт нь ердийн журмын дагуу явуулсан гаднын албан ёсны үйл ажиллагаа байсан. Энэ нь Хойд Солонгостой холбоо тогтоохтой огт хамаагүй” гэж мэдээллээ. Мэдээллийн дэлгэрэнгүйг ЭНД дарж харна уу.
Эндээс харахад БНСУ-ын MBC телевизийн эрэн сурвалжлах мэдээллийн зарим хэсгийг буюу Өмнөд Солонгосын тагнуулууд Монгол Улсад Хойд Солонгостой холбоо тогтоох гэж ирээгүй гэдгийг тус улсыг Үндэсний тагнуулын алба онцлон үгүйсгэв. Харин тагнуулын ажилтнууд нь Монгол Улсад ирээд хоёр тагнуулын ажилтантай уулзсан гэх мэдээллийг үгүйсгээгүй нь анхаарал татаж байна.
Д.ЖАРГАЛМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
МАНАЙД ТАГНУУЛ БАЙДГЫН БАЙНА Ш ДЭЭ. КИНО ХИЙВЭЛ Ч ГОЁ КИНО БОЛНО ДОО
ХУДЛАА ШААГААЛ