ЭДИЙН ЗАСАГ

Ковидын үеийн инфляцийн өсөлт, үнийн дарамтыг давтах гэж байна

Он гарснаас хойш инфляци өмнөх оны мөн үеэс 1.3 хувиар өссөн бөгөөд өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 9.7 хувьтай байна.

2024 оны төгсгөлд 12 дугаар сард төв банкнаас бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах шийдвэр гаргасан. Мөн энэ оны инфляцийн төсөөллийг оны сүүлээр алгуур буурна гэсэн билээ. Өнгөрсөн оны сүүлээр инфляци улсын хэмжээнд 8.1 хувь, Улаанбаатар хотод 7.9 хувьтай гарсан. Инфляцийн өсөлтөд голлох нөлөөг цахилгааны үнийн нэмэгдэл нөлөөлсөн хэмээн Монголбанкны зүгээс тайлбарласан бөгөөд үнийн нэмэгдэлтэй холбоотойгоор 1-1.5 хувийн өсөлт мэдрэгдэнэ гэж байсан ч оны эхэн үеийн нэгдүгээр улиралын байдлаар инфляци 10 хувьд хүрвэл уг тооцооллоос давахаар байна.

2020 оны эхэнд инфляци 5.6 хувьтай байсан бол 2020 оны төгсгөлд 2.3 хувь болтлоо буурсан. Харин 2021 оны эхэнд 2.4 хувиас 13.4 болтлоо огцом өссөн юм. Улмаар энэ өсөлт эрчимжсээр 2022 оны нэгдүгээр сард инфляци 14.6 хувьтай эхэлсэн бөгөөд оны төгсгөлд өсөлт саарахгүй хэвээр байсаар 2023 оны эхний сард 12.6 хувь болж буурсан. 2023 оны 10 дугаар сараас инфляци харьцангуй буурсан нь ковидын жилүүдийн дараах гадаад худалдааны эргэлт сайжирч, эдийн засгийн өсөлт сэргэж эхэлсэн нь нөлөөлсөн бөгөөд нүүрсний экспортын гарц ч нэмэгдсэнтэй холбоотой байв.

Эх сурвалж: Монголбанк

2024 оны эхний сард инфляци 7.6 хувьтай буюу харьцангуй тогтвортой байсан ч эргээд ийн өссөн нь ковидын үед эдийн засгийн өсөлт саарч, инфляци өссөний дараа үнийн дарамт үүссэн шиг нөхцөл үүсэх эрсдэлтэй.

Эдийн засагчдын үзэж буйгаар цахилгааны үнийн өсөлт нь тооцоологдож байсан 30 хувиас даруй 2-2.5 дахин нэмэгдсэн нь инфляцийн өсөлтийг ийн эрчимжүүлэхэд хүргэж байгааг онцлов.

Хэрвээ цагаан сарын өмнө “Эрдэнэ Тавантолгой”-н хувьцааны ногдол ашиг бэлэн хэлбэрээр иргэдийн гар дээр тараагдвал цагаан сарын үеэр инфляци 10 хувь руу орох нөхцөл байдал үүсэхээр байна. Инфляцийн өсөлтийн нөлөөгөөр ковидын үеийнхтэй ижил үнийн дарамтын нөлөөллөөр иргэдийн амжиргааны түвшин буурах, цаашлаад төгрөгийн ханш суларна гэсэн үг.

Нүүрсний үнийн уналт болон Хятадын эдийн засгийн өсөлт саарч байгаа энэ үед инфляци хоёр оронтой тоо руу орвол цаашид буурах нөхцөл үүсэх боломжгүй л болов уу.

Т.БАТСҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button