НИЙГЭМ

"Цагаан сар Монгол үндэстний ондоошлыг агуулдаг учир ач холбогдол өгч тэмдэглэдэг"

Цагаан сар бол өвлийг өнтэй давж, хавартай хавтай сайхан золгон, нэг нас нэмсний баяр. Тэр ч утгаараа үеэс үед өвлүүлэх, өвлөгдөх ёстой бидний уламжлал билээ. Иймд бид удахгүй болох цагаан сарын баярт зориулан Улсын Драмын Эрдмийн Театрын уран бүтээлчдийн цагаан сартай холбоотой дурсамж хийгээд хэрхэн тэмдэглэдэг талаар ярилцлаа.

-МУАЖ Ж.Оюундарь: Гадаадын бохь, уут хоёрыг нэг цагаан сараар өгсөн. Ховор учир түүнээс л сайхан бэлэг үгүй мэт санагдаж байсан-

- Цагаан сарын баярт хэр ач холбогдол өгч тэмдэглэдэг вэ?

Цагаан сар гэдэг бол дан ганц миний бус Монгол хүн болж төрсөн хэн бүрийн эрхэмлэн дээдэлж явах ёстой өв соёл, үнэт зүйл билээ. Мөн тусгаар тогтнолоо олж авсныг тодотгож буй нэгэн хэлбэр яах аргагүй Цагаан сар.

Үүнээс гадна ахан дүүстэйгээ тухтай сайхан сууж, тухайн жилдээ хэн ямар амжилт үзүүлсэн гэх зэрэг яриа хөвөрнө.

-Таныг хүүхэд байхад цагаан сар хэрхэн өнгөрдөг байв. Тухайн цагийн бэлэгний тухайд?

-Намайг жаахан байхад Цагаан сарыг тэмдэглүүлдэггүй байлаа шүү дээ. Хар үүрээр золгочхоод 06.00 цагийн сонсголдоо явдаг байлаа, ижий аав минь. Харин бид хичээлдээ явдаг байв.

Ижий аавыг бага байхад ул боов, ёотон зэргийг бэлэглэдэг байсан гэсэн. Харин бид нарыг хүүхэд байхад 12 хуудастай дэвтэр өгдөг байсан. Үүний дараагаар нэг төгрөг өгдөг болж билээ. Тэр бэлгээ аваад л хагартлаа баярладаг байсан. Дэлгүүр орж чихэр жимсээ авах гээд шүү дээ.

Дараагаар нь харин ч нэг гадаад дотоодын хачин ховор зүйлсийг бэлэгт авдаг болох нь тэр. Цэндцэрэн эгч минь гадагшаа дотогшоо явахдаа цагаан сараар хүмүүст өгөх бэлгээ зэхээд ирдэг байлаа. Тэр үед гадаадын бохь, уут хоёрыг нэг цагаан сараар өгсөн. Ховор учир түүнээс л сайхан бэлэг үгүй мэт санагдаж байсан юм даг.

-Одоо хүмүүс бууз, баншаа худалдан авдаг, аль эсвэл гэр бүлийнхээ хүрээнд хийдэг шүү дээ. Харин таныг бага байхад бууз ажиллагаа хэрхэн өрнөдөг байв?

-Дээр үед бид олуулаа цуглаад ээжийг минь өсгөсөн хоёр буурлындаа очиж цагаан сарын буузаа хийдэг байлаа. Ингэхдээ 12 ширхэг төгрөгийг буузанд хийгээд олж авсан хүн нь тухайн жилдээ аз хийморьтой яваг гээд чимхдэг байлаа. Буузнаас мөнгө олно гэдэг чинь сайхан зүйл шүү дээ.

-Та буузнаас мөнгө олж байв уу?

-Ололгүй яах вэ, гурав, дөрвөн удаа олж байлаа. Гэхдээ цагаан сараар гал тогоонд ажиллахаар аз тохиол гэхэд хэцүү байдлаар хэдэн төгрөг олох нь бий шүү. Банш, буузнаасаа унаад жигнүүрт наалдаад үлдчихсэн байдаг. Өөрийн азаар олсон гэхэд хэцүүхэн учир өөр банш руу хийчихдэг. Ялангуяа хүүхдүүдийн идэх гэж буй банш руу. Үгүй бол тэд чинь цадсан хэр нь төгрөгөө хайгаад гэдсээ мэдэхгүй идээд байдаг юм л даа.

-Таны хамгийн дурсамжтай цагаан сарын баяр хэзээ тохиож байв. Тэрхүү дурсамжаасаа хуваалцахгүй юу? 

-Тэр нэг жилийн цагаан сарын битүүний өдөр гэрийн ажил, угаалга цэвэрлэгээ гэсээр ээж бидэн хоёрын ажил үүрийн 04.00 цагт дуусав аа. Нэг, хоёр цаг унтсан байх. Өглөө сэрээд толинд харсан чинь миний нүд тэв тэгшхэн болчихсон байсан. Тэгтлээ ядарсан байгаа юм чинь. Шууд эмнэлэгт очоод үзүүлтэл эмч нь "та хэнтэй зодолдсон юм бэ" гэдэг байгаа. /инээв/. Эргээд бодоход ,тэгж их ач холбогдол өгч, ядартлаа л бэлддэг байж.

-МУСТА М.Тогтохжаргал: Цагаан сарын баяр бол бидний мартаж боломгүй өв соёлыг шингээсэн сайхан баяр. Ач холбогдол өгөхөөс өөр аргагүй-

-Цагаан сарын баярт хэр ач холбогдол өгч тэмдэглэдэг вэ?

-Цагаан сар гэдэг бол маш утга учиртай баяруудын нэг. Ахмад настнууд дээрээ зорин очиж, тохойг түшиж амар мэндийг нь мэднэ. Нуулгүй хэлэхэд холын газрын садангууд хийгээд ахмадууд дээрээ жилдээ нэгээс хоёр удаа л очих боломж тохиож байна. Үндэсний их баяр наадам, Цагаан сарын баяраар. Иймд ач холбогдол өгч тэмдэглэн өнгөрүүлэхээс өөр аргагүй.

-Таны хамгийн дурсамжтай цагаан сарын баяр хэзээ тохиож байв. Тэрхүү дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Намайг зургаан настай байх үеийн цагаан сарын баяр юм уу даа. Аавын маань ижий манай гэрт байдаг байсан тул аав минь залуугаасаа сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг байв. Тэр утгаараа шинийн нэгний өдөр хөл тасрахгүй. Гэтэл бид айл хэсэж мөнгө, бэлэг цуглуулмаар байдаг. Тэгж тэгж орой болохын алдад гоё барашик хийдэг эгчийнхээ гэрт гуйж, гуйж очиж байлаа.

Ер бага байхад айлд очно гэдэг хачин гоё мэдрэмж. Эгч нар том болонгуутаа айл хэсэхгүй гэнэ. Харин би бол явъя, явъя гэсээр ижий аавыгаа дагаад л явчихна. Айлын өгсөн бэлгийг авч ирж үлдсэн хэддээ гайхуулна гээд л, одоо санахад бүгд л сайхан дурсамж.

-Цагаан сарын баяраар авч байсан хамгийн сайхан бэлэг?

-Бохь л санаанд орж ирж байна. Намайг дөрвөн настай байхад аав ээж минь бидэнд зориулан бэлэг бэлддэг байсан л даа. Нэг удаа өнгө өнгийн сунадаг бохь бэлэглэсэн. Бохь гэж юу болохыг ч мэдэхгүй ээжээс юу вэ гээд асуухад "задлаад амандаа хийгээд үз" гэхээр нь чихэр гэж бодоод шууд залгичихсан. /инээв/

-МУГЖ О.Гэрэлсүх: Хүүхэд байхад нагац эгчийн минь оёж өгсөн нударгатай хөх дээл хамгийн сайхан бэлэг-

-Таны хувьд цагаан сард хэр ач холбогдол өгч тэмдэглэдэг вэ?

-Монголчууд бидний хувьд хамгийн эрхэм баяр бол яах аргагүй Цагаан сар болоод Наадам. Яагаад гэвэл эзэн богд Чингис хаан Бөртгөлжин хатныг бэр болгож авсан цагаас эхлэн Онон голын хөвөөнд эсгий туургатан Монголчууд есөн хөлт цагаан тугаа мандуулсан цагаас эхлэн цагаан сарыг тэмдэглэдэг байсан. Тухайн үед намар цагт буюу айраг цагаа бялхаж байх үедээ тэмдэглэдэг байсан. Ингэхдээ эрийн гурван наадмаа хийхийн сацуу ан гөрөөгөө хийдэг байсан юм билээ.

Хожим 18 дугаар зуунаас эхлэн хаврын баяр буюу өнтэй өвөлжсөний баяр болгон тэмдэглэдэг болсон. Үүнээс гадна бүх хүмүүсийн нас нэмсний баяр буюу төрсөн өдөр байв. Ер ургаж дэвжиж буй юм бүхний баяр билээ. Иймд ач холбогдол өгөхгүй байх аргагүй.

-Хүүхэд байх үеийнхээ хамгийн сайхан цагаан сарынхаа дурсамжаас хуваалцахгүй юу?

-Дэнжийн мянгад буй эмээгийндээ цагаан сар болохоос урьтаж очдог байлаа. Бууз хийх үйл ажиллагаанд нь оролцоно, усыг нь зөөж, түлээ модыг нь хөрөөдөж өгнө гээд ажил их.

Тоглох газар олдохгүй болохоор төмөр орны доогуур орчихно, жаахан хүүхдүүд л болсон хойно. Тэр доор цагаан сард зориулан бэлдсэн ундаа, амттан ихээ. Задлаад л хэд хэд "шумбалдчихаад" буцаагаад тавина./Инээв/

Тухайн цагт хөргөгч үгүй тул ор гэдэг бол агуулах газар байлаа шүү дээ.

-Таны хамгийн дурсамжтай цагаан сарын баяр хэзээ тохиож байв. Тэрхүү дурсамжаасаа хуваалцахгүй юу?

-Цагаан сарын бэлэг бүхэн сайхан. Тэр дундаа ахмадуудын минь гараа гарган урласан бэлэг их сайхан. Булган аймгийн Хутаг-Өндөр суманд ээжийн минь төрсөн эгч амьдардаг байсан юм л даа. Багадаа нэг жил тэнд өвөлждөг цагаан сараар надад нударгатай хөх дээл бэлэглэж байсан юм. Тухайн үедээ хөдөөний хүүхэд болчихлоо гэж жигтэйхэн баярлаж байсан юм даг. Хотын хүүхэд учир хөдөөний хүүхэд болох чин хүсэлтэй байж л дээ. Гэрээс гараад л нударгаа хаялаад, хөдөөний хүүхдүүдтэй нийлээд "одоо би адуучин боллоо" гэж хөөрөөд л. Тэр л хамгийн гоё бэлэг байж дээ.

-МУГЖ М.Түвшинхүү: Дотоодынхоо бүтээгдэхүүнийг нэгэндээ бэлэглэж, архи дарсны хэрэглээ ч буурсан харагддаг. Энэ бидний ололт шүү-

-Цагаан сард хэр ач холбогдол өгч тэмдэглэдэг вэ?

-Цагаан сарын баяр гэдэг бол Монгол хүмүүсийн дархлаа болоод тогтчихсон зүйл л дээ. Энэ баяр байж гэмээн бид өөрсдийнхөө үнэ цэн, түүх соёл, ёс заншлаа хадгалж, уламжлан авч явна. Тиймд ач холбогдол өгөхөөс яах вэ.

-Хүүхэд байхад нь цагаан сарын баяр хэрхэн өрнөдөг байв. Одоогоор хэр ялгаатай байсан юм бол?

-Ялгаатай байлгүй яах вэ. Би чинь социализмын үеийн хүүхэд шүү дээ. Нусаа хацартаа наагаад л айл хэсэж гарна. Нэг цагаан тор барьчхаад нохойг нь харж байгаад л дуртай айл руугаа давхиад орно.

Бидэнд мэдээж суудал, ширээнд тухлах боломж байхгүй. Ормогц тавын дэвтэр, балын харандаа, 24-ийн чихэр өгнө, тэр гоё бэлэг шүү. Айлаасаа гараад найзууддаа зарлана. "Тэр айл гоё бэлэг өглөө очоорой, харин нөгөө айл онцгүй бэлэгтэй юм билээ. Битгий оч" гээд л.

Харин одоо бол өмсөж хэрэглэж буй зүйлс, бэлэг, хандлага гээд бүгд өөрчлөгдсөн. Аль болох дотоодынхоо бүтээгдэхүүнийг нэгэндээ бэлэглэж, нэг их идээ будаа гэхээс илүүтэйгээр ёс уламжлал гэх утгаар нь хүлээн авч тэмдэглэн өнгөрүүлж байна. Мөн архи дарсны хэрэглээ ч буурсан харагддаг. Энэ бидний ололт шүү.

-Цагаан сараар авч байсан хамгийн сайхан бэлэг юу байв?

-Эмээгийн өгдөг байсан бэлгүүд л юм даа. Дархан хотод эмээ минь байдаг байлаа. Цагаан сараар хот, хөдөөгийн хаанаас ч гэсэн яаж ийгээд эмээдээ очиж золгоно. Эмээ ч хамгийн гоё, ховор бэлгийг бэлдэж намайг хүлээдэг байсан л даа. Одоо санахад тэр л хамгийн дурсамжтай хийгээд сайхан бэлэг юм байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
2 сар 27, 2025 22:04

Ямар ч ач холбогдолгүй, хотын хэдэн хужаагийн хурли йзаас яриа авсан бна, сэтгүүлч ажлаа гурилджээ !

Зочин
Зочин
2 сар 27, 2025 23:49

Утгагүй баяр. Соц үед тэмдэглэдэггүй байсан. Тэмдэглээгүй гээд монгол биш болох уу ? Сайн бод. Бусад баяраар хүн сайхан амарна дуртай холоо хийж иднэ. Юу идэх вэ тиймэрхүү бодолтой байдаг бол цагаан сар гэвэл хээлжийн ажилд гарч байгаа мэт хүнд ажил �##�батай юун амрах. Дээрээс нь маш заваан орчинд байна. Баахайн өвчтэй өвчгүй нь мэдэгдэхгүй амьтны шүлс юман дунд- Сайхан баяр биш. Нэгэнт 1-р сарын 1-нийг тэмдэглэж буй бол цагаан сараа болих хэрэгтэй. Сарын зайтай 2 адилхан баяр тэмдэглэх утгагүй. Баахан олон тусгаар тогтнолын өдөртэй байдаг шиг. Утгагүй.

Холбоотой мэдээ

Back to top button