Top StoriesНИЙГЭМ

Сурвалжилга: Есөн жил яригдсан “дүүжин тээвэр”-ийг Францын хөнгөлөлттэй зээлээр барьж эхэллээ

Есөн жил яригдсан "Дүүжин тээвэр" ирэх оны хоёрдугаар улиралд ашиглалтад орно.

2014 онд анх Улаанбаатар хотод дүүжин тээвэр барина гэх санаа улс төрчдөөс гарч байв. Гэвч ажил хэрэг бодголгүй явсаар 2019 онд хотын дарга асан С.Амарсайхан "Дүүжин тээврийг барьж байгуулах боломжтой. Энэ хавраас нэвтрүүлнэ" гэж ам нээв.

Барилгын талбайн одоогийн дүр зураг

Үүний дараагаар 2020-2021 онд Францын хөгжлийн засгийн газрын санхүүжилтээр "Cable car" буюу дүүжин тээврийн үйлчилгээг нэвтрүүлэх дүүжин замын  тээврийн хэрэгслийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж дууссан байна. Гэхдээ тухайн үед Засгийн газар, "Сангийн яам зөвшөөрвөл хавар ажлаа эхлэнэ" гэж байв.

Одоогийн нөхцөл байдал

Дараад нь дүүжин тээврийн байгуулах зорилгоор 300 саяар дүүжин тээврийн ТЭЗҮ-д зөвлөх үйлчилгээ авах тендер зарлаж байжээ. Энэ нь их сайн дэмжигдэж, захиргааны алба байгуулагдсан ч удалгүй татан буугдсан юм. Хэсэг чимээгүй байсны эцэст тухайн үеийн дарга нар 2022 онд дүүжин тээврийн талаар дахин сөхөж, "2023 оны хавар барилга угсралтын ажлаа эхлүүлнэ. 2024 онд ашиглалтад оруулна" гэж ам гарцгаав. Энэ нь ажил хэрэг болоогүй ч 2023 онд "Дүүжин тээврийг нэг жилийн дотор ашиглалтад оруулна" гэж дуугарав. Гэхдээ энэ үг ч мөн адил ажил хэрэг болоогүй. Харин өнгөрсөн жил хотын дарга Х.Нямбаатар "Дүүжин тээвэр 2025 оны арванхоёрдугаар сард нээлтээ хийнэ" гэж ам өчгөө өгсөн ч нээлтээ хийгээгүй юм.

Газар шорооны ажлын процесс явагдаж байна

Есөн жилийн турш яригдсан цааснаас цаас дамжиж, амнаас ам дамжсан "Дүүжин тээвэр"-ийн барилга угсралтын ажил энэ сарын 10-ны өдөр эхэллээ.

Ийнхүү угсралтын ажил эхэлсэнтэй холбоотойгоор ХУД-т байрлах Арцат дахь барилгын талбайгаас сурвалжилга бэлтгэлээ.

Биднийг очиход Арцатад барилгын ажил эхлэхийн өмнөх бэтгэл болгож, газар тэгшилжж байв. Тус талбай дээр ажиллаж байсан төслийн барилгын инженер Г.Түвшинсанаатай ярилцаж, угсралтын ажлын талаар тодрууллаа.

-Юун түрүүнд дүүжин гүрний төслийн талаар мэдээлэл өгөөч?

Эхний ээлжид Яармаг Арцатаас Өнөр хороолол гэсэн чиглэлийн дагуу 7.5-42 метрийн өндөртэй 19 тулгуур багана, 2 буудалтай, оргил цагийн үед 2320 хүн тээвэрлэх хүчин чадалтай, тус бүр 10 хүний багтаамжтай нийт 98 кабинтай дүүжин тээвэр барина. Дараад нь Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Соёл амралтын хүрээлэн хүртэл дүүжин тээвэр байгуулна.

-Эхний ээлжид баригдах төслийн дүүжин тээвэр 4.2 метрийн зайг хэдий хэр хугацаанд туулж, ямар байдлаар ажиллах вэ?

-Трассын нийт урт 4.2 км-ийг 22 км/цагийн хурдтайгаар 11 минутанд туулах ба энэ нь секундэд 6 метрээр урагшилна гэсэн үг. Манай төслийн хувьд Яармаг Арцат талдаа үндсэн нэг мотортой байна. Тус мотор нь системийн ган татлагыг гүйлгэх үндсэн үүрэгтэй бөгөөд эргэх хөдөлгөөний зарчмаар ажиллах юм.

-Ажлын явц ямар шатанд хэрэгжиж байна вэ?

-Гуравдугаар сарын 10-нд барилгын талбай дээрээ ажиллаж эхэлсэн. Төслийн хүрээнд 30 метрээс өндөр тулгуур баганууд босгох болохоор “Өндөр барилгын тухайлсан объектийн тусгай зөвшөөрөл” авах шаардлагатай. Тухайн зөвшөөрлийг Барилгын хөгжлийн төвийн дэргэдэх “Өндөр барилгын мэргэжлийн зөвлөл”-өөр ажлын даалгавруудыг дүгнүүлж “Барилгын ассоциаци”-аас зөвшөөрөл авах шатыг дамжина. Одоогоор төсөл уг зөвшөөрлийг авах шатанд явж байгаа ба гуравдугаар сарын 01 гэхэд ажлын зураг магадлуулж дуусгаад барилга эхлүүлэх зөвшөөрлөө авсан байх шаардлагатай. Тулгуур багануудын хийцлэл нь хүнд хэлбэрийнх биш, Монголчуудын хийж сурсан бүтээц учраас урт хугацаа шаардахгүй, богино хугацаанд босгох бүрэн боломжтой.

-Францын компани барьж, гүйцэтгэхээр болсон. Хэрхэн яаж, сонгож, гүйцэтгэх эрхийг нь өгсөн бэ?

-Францын Пома, Австрийн Доппелмэйр компаниуд дэлхийд дүүжин замын тээврийн систем үйлдвэрлэлээр тэргүүлдэг, олон оронд уг системийг барьж байгуулсан туршлагатай. Ерөнхийдөө энэ хоёр компаниас сонгохоор ажилласан. Тэгээд Франц улсын 70 хувийн буцалтгүй тусламжаар эхний төслийг барьж, байгуулахаар хэлцэлд хүрсэн гэх үү дээ.

-Монгол шиг эрс тэс уур амьсгалтай улсад хэр зохицох тээврийн хэрэгсэл вэ?

-Хамгийн ойр жишээг дурдъя л даа. Гүйцэтгэгч Пома групп манайхтай ижил төстэй уур амьсгалтай ОХУ-ын Нижний Новгород хотод Волга мөрний дээгүүр үйлдвэрлэлийн бүс болсон Бор хотыг төвтэй холбосон 3.6км урттай дүүжин замын тээврийг барьж байгуулсан. Тэнд туршигдсан болохоор аливаа асуудал үүсэхгүй гэж харж байна. Мөн хүйтэн цаг агаартай улс оронд нийцсэн байдлаар буюу кабины суудал нь халдаг шийдэлтэйгээр хийж байгаа. Ингэснээр зорчигчид өвлийн улиралд доороосоо халдаг суудалтай бүхээгт даарахгүйгээр зорчих юм. Мөн дүүжин замын тээвэр нь хөрсний бохирдол, нүүрстөрөгчийн давхар исэл болон дууны бохирдол үүсгэхгүйгээр нийтийн тээврийн төрөл хүртээмжийг нэмэгдүүлэх эко технологи гэдгээрээ онцлогтой.

-19 баганыг босгох ажил хэдийнээс эхлэх вэ. Манай улс газрын гүнээсээ усны ундарга ихтэй. Ийм тохиолдолд тэдгээр багануудыг хэрхэн ямар аргаар барих вэ. Үүн дээр хийсэн судалгаагаа танилцуулбал?

Монгол Улсад мөрдөгдөж байгаа дүрэм, стандартын дагуу үндсэн хийцлэлийг барьж байгаа. Европын Холбооны хүн тээвэрлэх зориулалт бүхий дүүжин замын тээврийн ашиглалтын 15 багц стандартыг Монголын үндэсний стандарт /MNS/ болгон баталсан.

Тулгуур баганын хамгийн өндөр нь 42 метр. Бидний ашиглах арматур нь найман баллын газар хөдлөлтөд тэсвэртэй. Мөн хийцлэлийн хувьд бүх тулгуурууд шон суурьтайгаар хийгдэх ба тулгууруудын байршлаас шалтгаалаад 9-15 метрийн гүнд суурилуулах юм. Бүгд адилхан технологиор баригдах ч Туул голын ай сав дотор байрших дөрвөн тулгуур баганад усны урсацаас хамгаалах тоноглолууд нэмэлтээр хийж бэхэлнэ. Тус дөрвөн баганыг усны урсац эхлэхээс өмнө буюу 2025 оны хавар хийнэ.

-Дүүжин тээврийг ажиллуулах эх үүсвэр бол яахын аргагүй эрчим хүч. Гэхдээ манай улс эрчим хүчний хомсдолтой. Ийм байхад цахилгаан эх үүсвэрийг хэрхэн гаргах вэ. Ямар нэгэн станц барих уу?

-Нөөц генератор бидэнд бий. Иргэд дүүжин тээвэрт зорчиж байхдаа, тог тасарвал гацна гэх айдастай байгаа байх. Хэрэв тог тасарвал нөөц генератораа ашиглана.

Аюулгүй байдлыг хэрхэн ханган ажиллах вэ?

Бүрэн хүчин чадлаар буюу 98 кабинтайгаар ажиллахад аюулгүй, асуудалгүй байхаар тооцоолон гаргаж ирсэн татлагыг ашиглана. Төслийн хувьд 6 ширхэгээс бүрдсэн сүлжмэл томоостой, нэг томоос нь 36 утастай, техникийн нөхцөл, стандартын шаардлага хангасан нийт 216 ширхэг бүхий ган татлагатай байна. Татлага халуун хүйтнээс хамаарч агшиж сунах ба тохируулж шалгадаг төхөөрөмж буудал дээр байршина. Байнгын хяналтанд ажиллана. Дүүжин замын тээврийн үйл ажиллагаа, засвар шинэчлэлийн ажлыг Пома групп хариуцна.

Ерөнхийдөө дүүжин замын тээвэр гэдгийг бидний өдөр тутам суудаг цахилгаан шатаар төсөөлж ойлгож болно. Энгийнээр хэлбэл, босоо чиглэлийн цахилгаан шатыг хөндлөн чиглэлийн буюу дүүжин замын тээврийн хэрэгсэл болгочихож байгаа хэлбэр юм.

-Тэргэнцэртэй иргэд зорчих боломжтой юу?

-Дүүжин замын тээврийг тэргэнцэртэй, хүүхдийн тэрэгтэй болон дугуйтай хүмүүст зориулсан стандартаар зохион бүтээсэн байдаг. Кабин болон тэргэнцэр нэг түвшинд байрлах учир тэргэнцэртэй иргэн өөрөө орох боломжтой, мөн байнгын хянагчаар туслуулан суух боломжоор ч хангана. Кабин нь тэргэнцэртэй болон дугуйтай, хүүхдийн тэрэгтэй иргэд орж суух талбайг шийдэж хангасан байна. Тэгэхээр дугуйтай болон хүүхдийн тэрэгтэй, тэргэнцэртэй иргэд аюулгүй байдлаа ханган бүсэлгээгээ хийгээд зорчих боломжтой.

-Дүүжин замын тээврийн чиглэлийг яагаад Яармагаас Өнөр хороолол руу барихаар сонгосон юм бол. Яармагаас шууд хотын төв рүү байвал гэсэн саналыг хүмүүс илэрхийлсэн байсан?

-Дүүжин замын тээврийн трасс шулуун тавигддаг онцлогтой. Ямар нэг байдлаар хазайж муруйх боломжгүй. Яармагаас хотын төв рүү хазайлтгүй шулуун тавих боломжгүй. Мөн 7-8 км ч юм уу урт, хол зайд нэг үргэлжилсэн замаар тавигддаггүй. Бидний төлөвлөснөөр Арцатаас Өнөр хороолол хүртэлх дүүжин замын тээврээр Яармаг болон Сонсголонгийн гүүрний түгжрэлийг бууруулна гэж үзэж байгаа. Энэ хооронд оргил үедээ хоёроос дээш цаг зарцуулж байгааг 11 минутад нэвтрэх боломжтой. Дүүжин замын тээвэр нь Яармагийн түгжрэлийг 15 хувиар бууруулна гэсэн тооцоолол ч бий. Наадамчдын замыг Энхтайвны өргөн чөлөөтэй холбож өгсөн. Туул, Дунд голын сав газрыг гүүр байхгүй л бол автомашинаар гатлах боломжгүй. Мөн үргэлжлээд төмөр зам, үйлдвэрийн бүс бий. Байгалийн болон барилга хийцлэлийн онцлогтой эдгээр саадыг дүүжин замаар 11 минутад гатална. Энхтайвны өргөн чөлөөгөөр ойролцоогоор нийтийн тээврийн 80 орчим чиглэл явдаг. Өөрөөр хэлбэл, хамгийн их түгжирдэг хэсгийг дүүжин замын тээврээр 10 минутад нэвтрээд Энхтайвны өргөн чөлөөнөөс нийтийн тээврийн бүх чиглэлд суух боломжтой.  

-Энэхүү төслийг Францын хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлнэ. Гэхдээ хөнгөлөлттэй зээлээ эргэн хэзээ, хэрхэн төлөх вэ?

-Монгол, Францын Засгийн газар хоорондын санхүүгийн хэлэлцээрийн хүрээнд 60.7 сая еврогийн нэн хөнгөлөлттэй зээлээр дүүжин замын тээврийг барьж байгуулахаар тусгасан. Нэн хөнгөлөлттэй зээл гэсний учир нь 40 жилийн хугацаанд эхний 12 жил хүүгүй, 13 дахь жилээсээ 0.0076 хувийн хүү төлөхөөр байгаа. Санхүүгийн хэлэлцээрийн дагуу дүүжин замын тээврийн хоёр шугам барих ёстой. Хоёр дахь шугамын хувьд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн авто машины зогсоолоос Соёл амралтын хүрээлэн” хүртэл 2.6 км шугам тавихаар төлөвлөж байна.  

-Бүтээн байгуулалт хэр хугацаанд өрнөж, тоног төхөөрөмж хэзээ орж ирэх бол. Та бүхний төлөвлөснөөр монголчууд хэзээнээс дүүжин замын тээврээр зорчиж эхлэх вэ?

-Төслийн шон суурийн буюу өрөмдлөгийн ажил эхэлсэн. Гүйцэтгэгч компанийн хэлж байгаагаар суурийн ажил дууссаны дараа нэг буудлын угсралтын ажилд сар хагасын хугацаанд, нэг тулгуур баганын угсралтын ажилд 20 гаруй хоног зарцуулна. Гүйцэтгэгчээс ирүүлсэн төлөвлөгөөгөөр 2025 оны дөрөвдүгээр улиралд багтааж барилга угсралтын ажил хийгдэж дуусах юм. Ингээд 2026 ондоо зүгшрүүлэлтийн ажил хийгдэж ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна. Техник тоног төхөөрөмжүүдийг Франц улсад үйлдвэрлэж байна. Эхний ээлжинд буудал болон тулгуур баганын холболтын боолт бүхий хоёр контейнер ачаагаа хүлээж авсан. Дараагийн ээлжийн нийт 46 контайнер ачаа дөрөвдүгээр сарын дундуур Монголд бууна. Нийт 46 контейнер ачаа орж ирэх юм. Долоо хоногт 25 кабин үйлдвэрлэнэ гэж тооцохоор манай авах 98 кабин сар хагасын хугацаанд үйлдвэрлэгдэж дуусна. Энэ оны гуравдугаар улиралд кабинуудыг Улаанбаатарт авчирна. 

-Гүйцэтгэгч компанийг хэрхэн сонгосон бэ?

-Ерөнхий гүйцэтгэгч компани өөрсдөө туслан гүйцэтгэх компаниа сонгосон. Одоогоор барилгын талбайд Моннис ажиллаж байна. Яаж, хэрхэн, ямар байдлаар сонгосныг нь бид мэдэхгүй юм.

-Дүүжин тээвэрт зорчих үнийг хоёр мянган төгрөг гэж зарласан байсан. Хэрхэн энэхүү үнэлгээг гаргасан бэ?

-Эдийн засгийн тооцоолол хийгээд хамгийн боломжит үнийн дүн гэж тооцоолсон.

-Дүүжин замын тээврийг нийтийн тээвэртээ ашигладаг улс орон байдаг. Энэ талаар?

-Хамгийн сайн жишээгээр Колумбын Меделлин, Лондон, Боливын Ла Пазыг дурдаж болно. Меделлин хот зургаан шугам ашиглалтанд оруулсан ба дүүжин замын тээвэр тухайн хотод эрс шинэчлэлийг авчирсан бодит түүхтэй. Хотын зах нь уулын энгэрт байрладгаас тэр орчмын оршин суугчид хотын төв рүү ороход олон цагийг зарцуулдаг, дээрэм тонуул ихтэй аюултай бүсээр зорчдогоос болоод ажилгүйдэл, сурлагын түвшин муу байсан. Дүүжин замын тээвэр ашиглалтад орсноор хүмүүс аюулгүйгээр хурдан хугацаанд хотын төвөөс гэр лүүгээ явах боломжтой болсон. Үүнийгээ дагаад боловсролын түвшин, ажил эрхлэлт, дэд бүтцүүд нэмэгдсэн байдаг.

-Нийтийн тээврийн хэрэгслийг орлож чадах уу гэдгийг иргэд ихээр асуудаг?

-Нийтийн тээвэр гэдэг ойлголт нь олон системүүдийн цогц. Нэгдсэн байдал байж нийтийн тээврийн систем хангагдана гэдэг болохоос бид дүүжин замын тээвэр бариад уг системийг бүхэлд нь орлоно гэж болохгүй. Нийтийн тээвэр цогц байж илүү хүртээмжтэй, хурдан шуурхай үйлчилнэ. Дэлхийн улс орнууд үндсэн гол тээврийн хэрэгслийн шугамтай тал талаас бусад тээврийн хэрэгсэл нийлж уулзах системтэй байдаг. Бид яг энэ жишгийн дагуу төлөвлөөд ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Нүүрэс
Нүүрэс
3 сар 18, 2025 20:55

Гаднаас дааж давшгүй өр доллараар тавьж түүгээрээ гавьяархаж сонгуулийн коко юу

Зочи
Зочи
3 сар 18, 2025 22:03

Овоо гарууд юм аа. Ажил болгож байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button