Б.Дуламхорлоо: Суваг нь л байвал сэтгүүл зүй гэх гээд байна. Үүнтэй санал нийлэхгүй

"Сэтгүүл зүйн инновац хөгжлийн Үүр төв" ТББ-ын тэргүүн Б.Дуламхорлоотой ярилцлаа.
"Ноорог"-ийн найман ажилтныг ямар үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагаа явуулан саатуулсан тухайд хариултгүй хэвээр. Үйл явдлыг дагаад салбар дотроо ч талцан маргалдах тэргүүтэй цөөнгүй асуудал үүссэн. Бид нэгдмэл ойлголтод хүрэх, хаана хаанаа бүтээлчээр бодох нь хамгийн чухал байгаа учраас цаг үеийн асуудлаар салбарын төлөөллүүдтэй ярилцъя гэж шийдсэн юм.
-“Ноорог”-ийн найман ажилтнаас мэдүүлэг авдаг өдөр танай байгууллага мэдэгдэл гаргасан, түүнээс хойш уг асуудалд хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Иргэний нийгмийн байгууллагын хувьд бидний хийж чадах зүйл юун түрүүнд албан мэдэгдэл гаргах байлаа. Үүний дараа, өнгөрсөн таван жилийн хугацаанд хэвлэлийн болон үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хамгаалах чиглэлд хамтран ажилласан олон улсын байгууллагууддаа хандсан.
“Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллага өнгөрсөн долоо хоногийн сүүлээр мэдэгдлээ гаргаж, байр сууриа илэрхийллээ. Мөн олон жил манайхыг дэмжиж ирсэн АНУ-ын “Society for Professional Journalism” нийгэмлэгт хүсэлт гаргаснаар, “Ноорог”-ийн Гүйцэтгэх захирал О.Уламсайханыг ярилцлагад урьсан. “Focus Mongolia” ажиглалтын платформд ч зочин нийтлэл бичлээ.
Ер Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн кейсээс хойш “Тас”-ын А.Баярмаа, “Asu”-гийн У.Уранцэцэг гээд ижил асуудал тулгамдсан манай салбарын төлөөлөл олон байна. Мөн шүүхийн шатанд очоогүй ч ямар нэг байдлаар дарамтанд орж байгаа сэтгүүлчид ч цөөнгүй бий.
-Олон улсын байгууллагууд мэдээлэл аваад, процесст тодорхой дүн шинжилгээ хийсний дараа мэдэгдэл гаргах эсэхээ шийддэг үү, та бүхэн түүнд нь хэрэгцээтэй фактуудаар хангаж өгдөг байх?
-Бидний хувьд “Монголд ийм зүйл өрнөлөө. Та бүхэн хэрхэн харж байна вэ?” гэх байдлаар тэдний санал шүүмжлэл, байр суурийг авдаг. Өөрөөр хэлбэл, өөрсдөө асуудлыг эцэслэн дүгнээд, тэднийг байр сууриа илэрхийлээч хэмээн шахдаггүй, тэгэх боломжгүй гэсэн үг.
Энэ бол нэг редакцын найман ажилтныг шөнөжин саатуулсан асуудал. Наад зах нь үндэслэлээ тайлбарлалгүй, прокурорын зөвшөөрөл хүлээх нэрээр өмгөөлөгчгүй байхад нь саатуулна гэдэг залхаан цээрлүүлэлтийн шинжтэй. Процессуудыг тодорхой мэдээлнэ, хэрэв асуудал мөн гэж үзвэл олон улсын байгууллагууд байр сууриа илэрхийлдэг.
Бидний хувьд “Ноорог” гэдэг нь ямар байгууллага талаарх танилцуулгыг ч бэлтгэж өгсөн. Саатуулагдахаасаа өмнө хийсэн, бэлтгэсэн контентуудыг нь хавсаргасан.
-ХЭҮК-оос уг асуудалд гурван дүгнэлт гаргахдаа, сүүлд нь “Олон нийтийн мэдээлэл авах эрх хангагдаагүй байна” хэмээн онцолсон. Бидний зүгээс ч цэгцтэй мэдээлэл өгөх боломж хомс байв. Тухайн өдрийн өглөө Эрүүгийн хуулийн 19.9.1 буюу “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэсэн заалт гарч ирсэн. Дараа нь албан байдлаар үгүйсгэгдсэн. Ингээд л төөрөлдөж эхэллээ шүү дээ?
-Саатуулагдсан хүн хамгийн түрүүнд ямар хэрэгт сэжиглэгдэж буйгаа сонсох эрхтэй. Энэ бол заавал хийгдэх ёстой үйл ажиллагаа. Хийгдсэн гэж үзвэл, тэр нь 19.9.1 заалт байх магадлалтай. Энэ тухай мессежийг өмгөөлөгч анх задруулсан. Тэр мессежийг авснаар өмгөөлөгч өмгөөллийн үйл ажиллагаагаа эхлүүлсэн.
19.9.1 гэдгийг О.Уламсайхан зохиосон гэж үзэх үү, эсвэл цагдаа нарын хамгийн анх тулгахыг хүсэж байсан, хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэл нь байв уу?
2022 онд “Thomson Reuters”-оос олон улсын сэтгүүлчдийн хамтарсан тайлан гарсан. Үүндээ хэвлэл мэдээллийн байгууллагыг цензурдэхэд түгээмэл ашиглаж буй хуулийн найман гаргалгааг танилцуулсан. Энэ дунд “Үндэсний эв нэгдлийг бусниулах” заалт багтсан байгаа.
Тэгэхээр энэ туршигдан батлагдсан нэр томъёо байна. Иймд цагдаагийн байгууллагаас тухайн үед дурдсан байхыг үгүйсгэхгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиа харахад, мэдүүлэг авахаар саатуулсан үед ямар нэгэн заалт хэлэгдсэн байж таарах гээд байдаг. ЦЕГ-аас тухайн өдөр мэдээлэл хийх хүртэл бид 19.9.1 гэдгээс өөр мэдээлэлгүй байлаа шүү дээ.
-Нөгөө талаар энэ нь цагдаа биш тагнуулын байгууллагаас шалгадаг заалт байсан?
-Харин тийм. Үнэхээр процессын алдаа гарсан гэдгийг ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хүлээн зөвшөөрөх шиг болсон. ХЗБХ-ны хуралдааны төгсгөлд дүгнэж үг хэлсэн гишүүдийн байр суурь ч тийм байлаа.
Сэтгэл хөдлөлөө дарж, хойш хоёр алхам ухраад харвал олон асуулт үлдэж байна.
А.О-гийн мөрийтэй тоглоомын хэрэг, О.У-д холбогдох бусдыг амиа хорлоход хүргэсэн гэдэг хэрэг өмнө нь шалгагдаж байсан юм байна. Тэгвэл “Ноорог”-ийн нөгөө зургаа нь яагаад шөнөжин байцаагдав? Үүнд хэн ч хариулж чадаагүй. Өөрөөр хэлбэл, тэднийг цөм хэрэгт хэрхэн холбогдож байгаа талаар мэдээлж чадахгүй байна.
Нөгөө талаар “Ноорог”-ийн бүх материалыг төсөөлж үзэхэд ихдээ 30-40 терабайт байх боломжтойболомжтой. Хуулж авахад хэдхэн хоног зарцуулна. Гэтэл яагаад өгөхгүй байна.
Энэ бүгдийг авч үзэхгүйгээр зөвхөн 9.3 тэрбум гэдэг тоонд итгэх нь гэнэн. Товчхондоо хүний эрх зөрчигдсөн нь илэрхий байна. Өмнө нь шалгагдаж байсан хэргүүд тэр өдөр л гэнэт хойшлуулшгүй ажиллагаагаар нэгтгэгдэх ямар үндэслэл байв? Эргэлзэх зүйлс олон байна.

-Олон нийт эрх чөлөөний сэрэмжээ хадгалж, нэгдэж чадсан. Эргэлзэх, өөрөөр бодох эрхээ ч бас эдэлсэн хэсэг бий. “Хувийн асуудлаар шалгагдчихаад түүнийгээ хэвлэлийн эрх чөлөө болгон ярьж, хамгаалалт авав уу?” гэсэн эргэлзээ зарим хүнд төрсөн байна лээ. Нөгөө талд, ЦЕГ-аас “Энэ үндэслэл нь” гээд мэдээлж байгаа хэргүүд угтаа 2024 оноос хойш шалгагдаж байснаас гадна “Ноорог” гэдэг байгууллагад хамаагүй байна. Атал сая Togosoo TG гэж хүн чат бичингүүт, “Ноорог”-ийн бүх ажилтан дээр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан гэхээр яах аргагүй эргэлзээ төрүүлээд байдаг?
-Бид өнөөдөр субъектив хандлагаа хойш тавьж, гол суудлаа л харах ёстой. Иргэн би жагсаал, цуглаан хийж үзэл бодлоо илэрхийлье гэвэл зөвшөөрөл авах шаардлагагүй, мэдэгдэх л үүрэгтэй. Хуулиар ийм, гэтэл бодит байдалд хэрхэж байгаа билээ? Эргэн тойронд юу болж байна, сэтгүүлчид чөлөөтэй хэвлэн нийтэлж чадаж байгаа бил үү?
Хоёрдугаарт, эргэлзэх нь хүний эрх ч миний хувьд “Ноорог”-ийн залуусаас тийм хэмжээний санаа гарна гэхээр итгэмгүй. Төсөөлөөд үз дээ, оройн 22.00 цагаас үүр цайтал унтаагүй, холбоо харилцааны хэрэгсэлгүй, өмгөөлөгчтэйгөө ч ердөө мөрдөгчийн утаснаас холбогдож байсан хүнээс тийм уран мэх гарах уу.
Нөгөө талаас сайдаа байг гэхэд ЦЕГ нь хүртэл яагаад энэ асуудалд эцсийн тайлбар өгч чадахгүй байна вэ. Прокурорын зөвшөөрөл гэдгээр хаацайлж байгаа. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явц л нууцлагддаг. Харин яг яагаад хойшлуулшгүй ажиллагаа явуулах үндэслэл бүрдэв, ямар хэргээр “Ноорог”-ийн хоёр биш найман ажилтанг бүгдийг нь байцаав, байгууллагын техник хэрэгслийг хураав гэдэг нь нээлттэй өгөх ёстой мэдээлэл.
Мөн “Ноорог”-т эргэлзэх нь хүртэл бидний өнөөдөр хамгаалж байгаа үзэл бодлоо илэрхийлэх эрх гэдгийг мартаж болохгүй.
-Сэтгүүлч бол үргэлж үл итгэх ёстой мэргэжил ч салбарын асуудал хөндөгдсөн ийм цаг үед ёс зүйн өөр хэм хэмжээ үйлчлэх юм уу. Өөрөөр хэлбэл, өмнө нь биднийг тэнцвэртэй мэдээл хэмээн номлож ирсэн атлаа энэ кэйс дээр “Тэнцвэртэй царайлан хойш суулаа” ч гэцгээв шүү дээ?
-Миний заалгасан онол бол тэнцвэртэй байх мөн. Шинээр өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд ч тэнцвэртэй байх зарчмыг оруулсан байна лээ. Гэхдээ бид үүнийг эсэргүүцэж байгаа.
Учир нь энэ зарчим үеэ өнгөрөөж байна. Өнөөдөр мэдээлэл нээлттэй болж, техник технологи хөгжих хэрээр хөдөлшгүй баримтаар, нээлттэй өгөгдлөөр, датагаар, практикаар нотлогддог зүйлс олширлоо.
“Улаанбаатарын утаа буурсан” гэж төр хэллээ. Гэтэл буураагүйг судалгаа баталжээ. Судалгаа, тайланд үндэслэн уг асуудлыг хөндөхдөө заавал “Утаа буурсан” гэдэг яриаг тэнцвэр хэмээн оруулах ёстой юу. Улайм цайм худал ярьж байгаа хүнд эфирийн цагаа, сайтын зай талбайгаа зарцуулах албатай юу гэдэг асуудлыг эргэж харах болж байна. Энэ тухай Мариа Рессагийн “Дарангуйлагчтай хэрхэн тэмцэх вэ” номд бий.
Олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагууд улс төрийн үзэл баримтлалаа зарлаж, тэр агуулгаар дагнан мэдээллээ бэлтгэж байгаа. Тэдний хувьд нөгөө талын байр суурийг заавал хангах шаардлагагүй. Дэлхий нийтэд энэ стандарт үеэ өнгөрөөж байна.
Харин нийгмийн олон янз бүлгийн оролцоог хангах чиглэл рүү хандан өөрчлөгдсөн.
Тухайлбал, “Монголын эдийн засаг үнэндээ ямар байна вэ?” гэсэн сэдвээр материал бэлтгэвэл нийгмийн олон янзын бүлэг, тэдгээрийн байр суурийг багтаавал оновчтой.
Нөгөө талд бид олон нийтийн мэдэх эрхэд л үйлчилж буй тул хэрэглэгчдийнхээ хүслийг анхаарч харгалзах ёстой болдог. Иймд эцсийн бүлэгт энэ редакцын өөрийнх нь сонголт. Харин алийг нь ч үгүйсгэж болохгүй. Өнөөдөр намайг хэн нэгэн тэнэг гэж хэлэх эрхийг нь бид хамгаалаад л, ийн ажиллаж байгаа.
“Ноорог”-ийг MCS-тэй холбосон мэдээллийг зохион байгуулалттай түгээсэн 27 сайтыг зарласны дараа биднийг Худалдаа хөгжлийн банкных мэтээр зарлаж, нэр төрд халдсан. Бид гомдол гаргах бүрэн үндэслэлтэй. Гэвч тэдний өөрсдийнх нь ингэж бичих эрхийн төлөө ажиллаж байгаа учраас гомдол гаргах бодолгүй байна. Гаргасан ч иргэний хуулиар явна. Учир нь бид Эрүүгийн хуульд 13.14 буюу “Худал мэдээлэл тараах” заалт байх ёсгүй гэж үздэг.
-Тэнцвэр хангах гэдэг зарчим практик дээр зарим тохиолдолд хязгаарлалт болдог тул санал нийлж байна. Гэхдээ бид ийм нөхцөлд ер яаж ажиллавал зүйтэй гэж үзэх юм бэ?
-Манай байгууллагын үйл ажиллагааны нэг хэсэг нь тусламж болж хувирсан гаднын татвар төлөгчдийн мөнгийг дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагууддаа “авчирч” өгөх.
Ингэхдээ хариуцлагатай хандах хэрэгтэй болдог, бидний л адил хөдөлмөрлөн төлж буй татварын мөнгө шүү дээ. Гэтэл сонголт хийхийн өмнө хувийн туршлагадаа үндэслэх биш датанд суурилсан индикатор хэрэгтэй болдог. Олон хүн хамтран хэлэлцвэл нотолгоо руу дөхөх ч хангалттай биш.
Харин “Хил хязгааргүй сурвалжлагчид” байгууллагын “Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга” нэртэй ISO стандарт бий. Энэ бол зөвхөн ХМБ-д зориулсан ISO стандарт.
Үйлдвэрлэгчид ISO стандарт нэвтрүүлэх ямар амаргүйг мэднэ. Харин манай салбарын хувьд хүний нөөцөө захиргааны шинж чанартай ажилд хуваарилах боломж хомс шүү дээ. Энэ нөхцөл боломжийг сайтар тооцож бэлтгэсэн стандарт юм билээ. Хэрэгжүүлэхэд төдийлөн хүнд биш атлаа өдөр тутмын үйл ажиллагааг сайжруулах боломжтой механизм байна.
Бид дотооддоо шинэчлэл хийх гэхээр өөрөө өөрсдийгөө хянах болдог, хатуухан хэлэхэд хэвлэж ханандаа наачхаад мартдаг. Харин энэ стандартыг хоёр жил тутам хөндлөнгийн байгууллагын аудит орж баталгаажуулдаг. Санхүүжилт хүсэхэд асар том давуу тал болдог. Адаглаад энэ стандартыг нэвтрүүлбэл бидний зүг чигийг гаргахаас гадна нэр хүнд, итгэлцүүрийн баталгаа болно.
-Дараагийн асуулт бол танай байгууллагаас сүүлд хийсэн баримт шалгалтын тухай юм. Хэвлэлийн албад хариулт өгөхгүй нууцлах үед сэтгүүлч итгэл хүлээсэн эх сурвалждаа хандаж, өөр түвшний мэдээлэл олж авах нь бий. Түүнийг “гэх мэдээлэл байна” гэсэн үгээр тодотгон бичиж, эх сурвалжаа хамгаалдаг. Нөгөө талд, “Ноорог”-ийг MCS-тэй холбосон нь ийм замаар олж авсан мэдээлэл байлаа гэж төсөөлье, түүнийг шууд “Худал мэдээлэл” гэж хөндлөнгөөс тамгалах зөв үү. Дурдагдсан сайтуудын дургүйцлийг хүргэсэн шалтгаан энэ гэж харсан?
-Бид мэдээний агуулга юм уу хэлбэрт үндэслэж дүгнэлтийг гаргаагүй. Зохион байгуулалттай, нэг чиглэлд түгсэн байдалд нь анхаарсан.
Мэдээ ямар ч түвшний эх сурвалжид үндэслэж болно. Гэхдээ хэзээ ч яг ижилхэн A Copy мэдээ бичигддэггүй. Нэг хэвлэлийн хуралд 20 хэвлэл очлоо гэхэд 20 өөр мэдээ, өнцөг гарч ирдэг.
Харин тухайн кэйсийг авч үзэхэд маш богино хугацаанд, нэн төстэй найруулга, хэв маягаар, адил зургаар түгсэн. Мөн групп шэйр идэвхтэй хийгдсэн. Иймд мэдээлэл тархсан зан төлөвт нь үндэслэж гаргасан дүгнэлт гэсэн үг.

-Харин тролл хаягийн асуудал ил цагаандаа гарчээ. “Киног нь үзэх гээд Засгийн газар цагдаагийн байгууллагаа хөдөлгөлөө” гэвэл хэтэрхий бодит байдлаас хол хэмээн эргэлзье гээд ч нүдний өмнө тролл хаягууд бужигнаж байна шүү дээ. “Ноорог”-той холбоотой пост бүрд харлуулсан, ЗГ-ыг өмөөрсөн сэтгэгдэл бичигдсээр. Энэ бол ямар нэгэн зохион байгуулалт, зорилго бийг баталж байгаа. Ер нь тролл хаягийг цэгцлэх ямар боломж бий вэ?
-Ямар нэгэн хуулийн зохицуулалтаар хязгаарлах нь оновчтой биш. Эргээд үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилох шалтаг болно.
Харин хүмүүс хэрсүүжиж, тролл хаягийг таньдаг болох тусам түүний зах зээл хумигдана.
Троллуудын ажлаа хийдэг арга барил өөрчлөгдөж байгаа. Хойноос нь элдээд байхаар шинэ зах зээл хайж байна. Хууртдаг хүн л байхгүй болчихвол санхүүжүүлэгч нь үр дүнгүй ажилд мөнгөө үрэхийг хүсэхгүй.
Би жирэмсний амралттай хугацаандаа шинэ ээжүүдэд зориулсан Facebook группүүдэд ажлын зар олж хардаг л байсан. “Өдөртөө цалингаа авдаг пост түгээх ажил байна” гэх мэт. Надад боломжийн л санагдаж байсан, тэр үед юу л байна зав шүү дээ. Харин энэ эхлээд бүтээгдэхүүн сурталчлуулна, дараа нь үзэл бодол түгээнэ, тархи угаалгаж эхэлнэ. Тэр үед би түүнийг ажил гэж л хардаг болчихсон байх болно. Цаана нь ийм л энгийн харилцаа бий.
Тийм учраас зах зээлийг нь бид өөрсдөө хумих боломжтой. Харин хуулийн шийдэл байх дэмий гэж үздэг. “Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах хууль” энэ тэр гээд л нэг юм гаргаад ирэх эрсдэлтэй.
-Манай сошиал хэрхэн талцдагийг бид хангалттай мэднэ. Харин одоо салбар дотроо талцаад эхэлсэн. Сэтгүүлч, редакц мөн бишдээ туллаа. Байнга мэдээний урсгал дунд буцалж явдаг хүмүүсийн тэр үгийг миний хувьд ойлгож байна. Гэхдээ саяхан төлбөртэй жагсаал зохион байгуулдаг хүмүүс ч сайт нээжээ. Одоо тэд хэвлэлийн эрх чөлөөг урдаа барих нь. Иймд “Ноорог”-ийн кэйсээс эс хамааран хэнийг сэтгүүлч, хэнийг ХМБ гэхээ тодорхойлох шаардлага үүсээд байна уу?
-Ийм учраас стандарт чухал байна. Энэ бол урт хугацааны шийдэл байх.
Тухайн ХМБ-ын бэлтгэж буй материал таны мэдэх эрхийг хангаж байна уу. Түүнд баримтыг нягтлан шалгаж уу, датанд үндэслэж үү, ёс зүйн хэм хэмжээг баримталж уу. Энэ гол шалгуур.
Гэтэл бид өнөөдөр сувгаар нь тодорхойлоод байгаа. Сайт, сэтгүүл, сонин, телевиз гээд. Суваг нь байвал хэн ч сэтгүүлч гэх гээд байна. Үүнтэй би хэзээ ч санал нийлдэггүй.
Надад суваг байхгүй байж болно. Гэхдээ би хөөж хөөж сардаа нэг эрэн сурвалжилсан агуулга гаргадаг байя, би сэтгүүлч мөн. Мөн гэж үзэгдэх ёстой.
Сувгийг чухалчилбал өнөөдөр хэн ч сайт хийж, нээж чадна. Тэгээд л ХМБ болчих гэж үү.
“Ноорог”-ийн хувьд ХМБ мөн гэж хэлнэ. 2021 онд Splice Media-тай хамтарч, судалгаа хийсэн. Үүгээр Монгол дахь ХМБ-ын зах зээлийн боломжийг эрэлхийлсэн. Монголын хүн ам тархан суурьшсан, ялгаатай сонирхолтой, контентоо экспортлох боломжгүй буюу монгол хэлээр, монголчууддаа л зориулж бэлтгэх онцлогтой байна. Товчхондоо, гурван сая хүний мэдээлэл авах эрх хангагдах ёстой, арга хэрэгсэл нь сэтгүүл зүй. Энэ эрэлт, нийлүүлэлт хэрхэн уулзах вэ.
Ингэхээр дүгнэлт нь: Тодорхой бүлгийн мэдээлэл авах хэрэгцээг бүрэн дүүрэн хангаж чаддаг, том байх албагүй, тухайн бүлэгтээ л нийцэж редакцын бодлого нь төрөлжсөн олон ХМБ бий болох.
Тухайлбал, зөвхөн хүүхдийн эрхийг бичдэг, боловсролын асуудлаар дагнадаг гэх мэтээр төрөлжих хэрэгтэй юм байна л даа. “Ноорог”-ийг харахад харьцангуй залуу бүлэгт үйлчилдэг, шүүмжлэлт сэтгэлгээг өдөөсөн, нэг шугамын мэдээллээс залхсан хүмүүсийн хэрэгцээг хангасан ХМБ юм. Түүний цаана 140 мянган хүний мэдэх эрх хангагдаж, нийгмийн хэлэлцүүлэгт орох боломж бий болж байна.
Харин энэ бол салбар дотроо талцах цаг хугацаа биш. Бид “Ноорог”-ийн төлөө биш, Монгол Улсын хэвлэн нийтлэх эрх чөлөөг хамгаалж үлдэх ажлыг л хийж байгаа.
Би 1992 онд төрсөн, манай улсын анхны Үндсэн хууль 1992 онд батлагдсан. Миний хувьд ардчилалтай хамт өсөж торнисон. Гэтэл Вьетнам, Сингапурт ойрхон хугацаанд очоод би бүр бачимдсан. Тэнд сайхан амьдрал байж болно. Гэвч үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө байхгүй. Бүх хүний хариулт хэвэнд цутгасан мэт нэгэн ижил.
“Амьдрал сайхан байгаа. Манай аялал жуулчлал сүүлийн жилүүдэд хөгжиж буй” гээд 10 хүн нэгэн адил хариулангуут надад аймаар санагдсан. “Дахиад саяын хүнтэйгээ уулзчихав уу” гэж өөртөө эргэлзэхэд ч хүрч байлаа. Сингапурт очоод хуурамч мэдээллийн тухай хуулийг нь шүүмжилж, Хууль зүйн сайдынх нь өрөөнөөс бараг хөөгдөөд гарсан. Би тэгж хэлж чаддаг хүмүүжилтэй байна шүү дээ. Монголд ардчилал, үзэл санааны эрх чөлөө бий учраас би тэнд тэгж чадлаа. Би дотор буглаад байсан юмаа хэлж чадлаа. Харин цаашид больчихвол яах вэ? Ярих төдийд л амьсгалах агаар бүгчим санагдаад ирж байна. Бид бүгдээрээ үүнийг л хамгаалж байгаа.
Асуудал энэ удаад “Ноорог” дээр илэрч байна. Гэхдээ ялгаатай байр суурийг хүндэтгэх ёстойг залуу үе маань ойлгох ёстой. Залуусын дуу хоолой чанга байж болох ч туйлын зөв гэсэн үг биш. Нэгэнт зорилго чинь энэ бол ялгаатай үзэл бодол бүрийг хамгаалж, хүндэтгэлтэй хандах ёстой. Чи ийм асуулт тавьж байгаа нь ч үүнд өөрийн хувь нэмрийг оруулж, нийгэмд “Энхийн хэлэлцээр” байгуулахад түлхэц үзүүлнэ гэж бодож байна.

-Чөлөөт сэтгүүлч Б.Халиун “Та нар Н.Өнөрцэцэгийн кэйс дээр дуугарахгүй яасан юм бэ?” гэсэн сэдвийг гаргаж тавина лээ. Танай байгууллагын нэр ч цохогдсон?
-Н.Өнөрцэцэгийн кэйс их “саарал” байсан. Түүнд зориудаар хэрэг тохож буй шинж тэмдэг илэрхий байв. Монголын хамгийн олон дагагчтай хуудас бүхий сэтгүүлчийг ингэж чадаж байгаа бол, нийт салбарын хэмжээнд яах бол гэдэг айдас, түүний үр дагавар нь аймшигтай.
Бид процесс нь буруу байна гэдэг дээр тодорхой хүрээнд байр сууриа илэрхийлжгийг мэдээлж, олон улсын байгууллагууд ч олон удаа мэдэгдэл гаргасан. Бидний хийж чадсан зүйлс тэр. Хийж чадаагүй юмс ч байгаа.
Шүүх хурлаас хойш идэвхийлэн ажилласан. Тодорхой мэдээлэл авах хүсэлт “Төрийн нууц” гэдгээр халхдагдаж байсан. Одоо ч тийм байна.
Тухайлбал, Н.Өнөрцэцэг Ерөнхийлөгчөөс уулзалт хүсэн захидал бичсэн бол тэр гэм буруугаа хүлээсэн гэх ойлголт нийгэмд төрүүлж байна. Үүний үр дагавар бараан. Иймд захидлынх нь агуулгыг мэдэхээр хандахад “Захидал харилцааны нууц” гээд халгаасангүй. Ийм учраас дахиад л орхиход хүрсэн.
Бид олон улсын хурал чуулган, хэлэлцүүлэг бүрд оролцохдоо уг кэйсийг дурдан ярьсаар байсан. Гэхдээ энэ Н.Өнөрцэцэг юм уу, О.Уламсайхандаа байгаа асуудал биш. Энэ утгаар Б.Халиуны дэвшүүлсэн санааг ойлгож байна.
Илтэд санаа зорилготой, удаан үргэлжилсэн “төлөвлөгөө” хэрэгжээд байгаа учраас миний, таны Н.Өнөрцэцэгт дуртай дургүй хамаагүй шүү дээ. Процесс нь л анхаарал татдаг.
-Бидний үүрэг даалгавар бүр ч хэцүү болоод байх шиг. Төр, иргэн хоёрын итгэлцэл суларсан нөхцөл байдлыг хэвлэл улам дэвэргэх юм уу, тодорхой бодлого барих уу гэх мэтээр бодох асуудал гарсаар. О.Одбаяр хүүг цэргээс ирээд мэдэгдэл хийсний дараа эх сурвалж хаанаас тодорхойгүй цагдаагийн рапорт мэт хуудас сошиалд гараад ирсэн. Түүнийг олон нийт “Манай төр ийм ш дээ” гэж хүлээн аваад л шуугьцгаасан. Угтаа энэ МАН доторх фракцын хагарлаас үүдэлтэй, гуравдагч талын зорилготой “сэвээ” байсан нь батлагдаад байх жишээтэй. Өөрсдийн мэдэлгүй зохион байгуулалттай манипуляцад өртөөд, төр иргэн хоёрын итгэлцэл суларсан орон зай дээр гадны бодлого орж ирэх вий гэсэн айдас төрдөг?
-Ийм асуултыг ҮАБЗ юм уу Ерөнхийлөгчид тавимаар санагддаг. Бидний санаа зовдог асуудал мөн. Бид засаглалд итгэх хэрэгтэй байгаа. Цагдаа биднийг хамгаална гэдэгт итгэмээр байна. Өнөө орой манай гэрт хулгай орвол би цагдааг дуудахаас “Ноорог”-ийг дуудахгүй. Гэхдээ энэ оролдлого хоёр талаасаа явах ёстой.
Эргэлзэх шалтгааныг нь төр өөрөө хийж өгч байна. “Ноорог” үүний л жишээ шүү дээ.
Манай мэдээллийн орчинд гаднын зохион байгуулалттай манипуляц явагддаг. Ялангуяа хоёр хөршийн үйл ажиллагаа байна гэдэг дүгнэлт гарсан. Анхан шатанд урд хөршөөс удирддаг хэчнээн цахим хуудас байгааг таамаглаж барагцаалах боломжтой. Үүн дээр төрийн хар хайрцагны бодлого ямар байдаг нь бидний ч анхаарлыг татдаг. Төрдөө итгэх итгэл байхгүй бол нийгэм тэр чигтээ хаос буюу эмх замбараагүй байдалд шилждэг. Мариа Ресса ч бичсэн. Нэг нэгэндээ итгэхээ болино, дараа нь системд эргэлзэнэ. Улмаар ардчилал хамгийн сайн загвар биш юм биш үү гэдэг рүү явбал яах вэ. Ийм зорилго байхыг үгүйсгэхгүй, зарим нь ч санамсаргүй үйлдэгддэг байх.
“Freedome House”-ын судалгаанд дэлхий дээрх 10 хүн тутмын найм нь авторитар, хагас чөлөөт нийгэмд амьдарч байгаа нь дурдагджээ. Газрын зураг дээр үүнийг харахаар Монгол ганцаараа ногоон, тойроод нил ягаан өнгөөр дүрслэгддэг нь гайхалтай. Гэтэл хэдхэн хоногийн өмнө “V-Dem” байгууллагаас “2024 онд Өмнөд болон төв Азид хоёр орон ардчиллаа алдлаа: Энэтхэг болон Монгол” гэсэн тайлан гаргачихлаа. Эрчимтэй автократжиж байгаа 45 улсын жагсаалтад Монгол багтчихлаа. Ийм нөхцөлд эргэлзээ төрж байна, төр өөрөө ч хичээмээр байна.
-Ярилцлагын үеэр дурдагдсан ХМБ-ын ISO стандартыг авахын тулд хэрхэх талаар товч мэдээллээр дуусгая?
-Их хялбар шүү. www.jti-app.com вэбд хандан, бүртгэл үүсгэж, мэдээ бэлтгэх процесс, редакцынхаа ёс зүйн талаар 130 асуултад хариулаад өргөдлөө ил тод байдлын тайлангаа нийтэлдэгявуулдаг. Үүний дараа хөндлөнгийн аудитаар баталгаажуулалт хийлгэнэ. Энэ тал дээр манай байгууллага нээлттэй зөвлөх боломжтой.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шударга сайхан асуусан байна. Ингэж асууд�##�д хандах хэрэгтэй шүү дээ. Нухацтай сэтгүүл зүйн ажил гэж энэ шүү.
Аваад хэрэг н илрээд бөөн юм болоод яваад бн ш дээ мэдэн будилагчаа