2030 оны X сард Толгойтоос Амгалан өртөө хүртэл метрогоор зорчино

Улаанбаатар метро 30 мвт-ын эрчим хүчээр ажиллах учир цахилгаан зарцуулалтад хэт ачаалал өгөхгүй.
Бид таван жилийн дараа Толгойтоос Амгалан өртөө хүртэл нийт 17,7 км үргэлжлэх замыг метрогоор туулна.
2023 оны арваннэгдүгээр сард засгийн газрын шийдвэрээр метро барих төсөл хэрэгжиж эхэлсэн. Өнгөрсөн онд тус төслийн олон улсын нээлттэй тендер зарлаж, БНСУ-ын "Dohwa Engineering" компани зөвлөх үйлчилгээг үзүүлэх болж, өрөмдлөг хийх байршлуудаа ч тэмдэглээд авсан. Энэ жил метроны зураг төсөл, судалгаа шинжилгээг нарийн нягталж тооцоолоод, ирэх жилийн хавраас бүтээн байгуулалтын ажил эхлэх юм байна. Харин барилга, байгуулалтын ажлыг 2029 онд дуусгаж, нэг жилийн хугацаанд туршилт, зүгшрэлтийн ажлыг явуулах юм. Ингэснээр 2030 оны аравдугаар сард бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж.
Улаанбаатар метро өслийн захирал Т.Мөнхдалайгаас "Метро төсөл"-ийн төсвийн талаар тодрууллаа.
Тэрбээр, "Төслийн төсөвт өртөг бодит зах зээлийн судалгаагаар хийгдсэн. Метроны 15 өртөөний 14 нь газар доогуур хийгдэнэ. Тэгэхээр өртөөнүүдэд нийтдээ 150-200 жижиг дунд үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээ явуулах орон зай гарч ирнэ гэж тооцоолж байна. Ингэснээр эдийн засгийн эрчимтэй таталцал бий болох учир нийслэлд төвлөрүүлэх орлого ч нэмэгдэнэ. Тиймээс нийт төсөвт өртгөө 11 жилийн хугацаанд нөхнө гэж үзэж байгаа. Түрээс, зар сурталчилгаа, тасалбарын орлого зэргээс 29-30 жилийн хугацаанд төслийн өөрийн өртгөө бүрэн нөхнө гэсэн санхүүгийн тооцоолол гаргасан. Мөн метроны ажлыг гүйцэтгэх хүрээнд 700 орчим ажлын байр бий болно. Дээрээс нь метроны төсөлтэй зэрэгцээд мэргэжилтэн бэлтгэх ажлыг эхлүүлсэн. Энэ хүрээнд 2025 онд ШУТИС-д метроны дөрвөн анги элсэлт авахаар бэлтгэл ажлыг хангаад явж байна. Мөн ШУТИС-ийн найман багшийг метроны чиглэлээр мэргэжил дээшлүүлэхээр БНСУ-д сургахаар явуулаад байна" гэв.
Улаанбаатар хотыг анх 1950 онд 600 мянган хүн амтай байхаар төлөвлөсөн. Харин одоо хүн амын тоо нэмэгдэж, нэг саяыг давсан. Хүн төвлөрсөн хотод автозамын түгжрэлийг бууруулахаар олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй. Үүний нэг томоохон ажил нь "Метро" төсөл юм. Ийнхүү бид таван жилийн дараа хот дотроо метрогоор зорчиж, автозамын түгржэлийг бууруулах л үлдлээ.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.