Олон улсын туршлага: Байгаль болон инженерчлэлийг хослуулж, үерээс сэргийлдэг

Урин дулаан цаг ирэхтэй зэрэгцэн үер усны гамшгийн эрсдэл нэмэгддэг. Тэгвэл ийм төрлийн гамшгаас сэргийлэх үр дүнтэй аргуудын талаар авч үзэцгээе. Youtube дээр инженерчлэлийн талаар бичлэг хийдэг Practical Engineering сувгаас харвал инженерчлэлийн аргаар үерээс хамгаалах гурван үндсэн арга байдаг аж.
Эргийн далан

Үерийн эрсдэлээс сэргийлэх хамгийн түгээмэл, энгийн арга бол голын эрэг хавийн далан юм. Инд мөрний хөндий, эртний Египет, Месопотами болон Хятадад соёл иргэншлүүд бүгд хөрсөөр далан босгодог байжээ. Далан нь хиймэл хөвөө байдлаар голыг тодорхой бүсэд тусгаарлаж үерийн эрсдэлээс сэргийлдэг.
Суваг
Үер усны эрсдэлээс сэргийлээх өөр нэгэн түгээмэл арга бол их хэмжээний бороо орох үед илүүц урсцыг өөр бүс рүү чиглүүлэх суваг юм. Суваг нь газар доор эсвэл дээр байж болно.
Ус нөөцөлдөг далан
Ус нөөцөлдөг далан нь үерийн үед голын урсгалд нэмэгдэж буй их хэмжээний усыг хэсэг хугацаанд хадгалж, дараа нь бага хэмжээгээр урсгал руу цутгадаг. Ихэнх ус нөөцөлдөг далан нь өөрөөр цахилгаан эрчим хүч гаргаж авах, хот болон тариалангийн талбайг усаар хангах зэрэг зорилгоор ашиглагддаг юм. Далангууд цахилгаан эрчим хүч гаргаж авах, усаар хангах болон үерээс хамгаалах гэх үүргүүдийг зэрэг гүйцэтгэх боломжтой. Үүний тулд байнга нөөцлөх усны хэмжээг тогтоож өгдөг байна. Тэрхүү нөөцөлсөн усаа ашиглан далан эрчим хүч үйлдвэрлэн, усаар хангадаг юм. Харин үлдсэн багтаамжийг үерийн үерийн ус хадгалахад ашигладаг.

Сүүлийн үед дэлхийн хэд хэдэн хот үерийн эрсдэлээс сэргийлэхийн тулд Sponge City буюу Хөвөн хот гэх ойлголтыг ашиглаж эхэлсэн. Энэ нь үерийн үед аливаа хотыг хөвөн мэт усыг шингээдэг болгох тухай юм. Тус санааг Хятад эрдэмтэд анх 2000-аад оны эхэн үед гарган ирж, 2014 онд БНХАУ-ын эрх баригчид хотын дэд бүтцэд оруулах зөвшөөрчээ. Хөвөн хотыг энгийнээр тайлбарлавал голын ойролцоо намаг, цөөрөм байгуулж ургамал ногоо тарьж, мөн ус шингэдэггүй цемент, чулуун зам дээр хөрс болон ургамал бүхий хэсгүүд үүсгэснээр үерийн үед тэдгээр нь усыг шингээж авах юм. БНХАУ-ын Шанхай, Нанчан, Бээжин гэх мэт олон хот хөвөн хотын загварыг нэвтрүүлжээ.
Гэхдээ хөвөн хотын загвар нь үерээс 100 хувь сэргийлж чадахгүй. Хөвөн хотын ногоон байгууламжуудад үерийн үед шингээж чадах усны дээд хэмжээ гэж бий. Тэрнээс нь хэтэрсэн үед үер усны гамшиг нүүрлээд болно. 2021 онд БНХАУ-ын Жэнжоу хотод нэг жил орох хэмжээний бороо гуравхан өдөрт орсны улмаас томоохон үер нүүрлэсэн. Тус хот хөвөн хотын загвартай байсан. Мөн хөвөн хотын загвар нь томоохон хэмжээний газар нутаг шаарддаг учир зарим хотуудад байгуулахад хүндрэлтэй. Ийм учир хөвөн хот гэх мэт үерээс сэргийлэх байгалийн аргыг инженерчлэлтэй хослуулан ашиглах нь чухал юм.
Эх сурвалж: World Economic Forum, Practical Engineering
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.