О.Цогтгэрэл: Шатахуун цэнэглэх цогцолборын асуудлыг УИХ зөвхөн соёрхон батлах учир, энэ үед ярихгүй бол өөрчлөх аргагүй

УИХ дахь АН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэд хэдэн асуудлыг хэлэлцсэн талаар сэтгүүлчдэд өгөх мэдээллийнхээ эхэнд хэллээ.
Нэн тэргүүнд ОХУ-аас Монгол Улсад агаарын хөлгийн түлш нийлүүлэх асуудлыг хэлэлцсэн бөгөөд энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл,
“Хэлэлцээрийн асуудал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын чуулганаар орж ирж, хэлэлцэгдсэн бөгөөд маргааш Эдийн засгийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороогоор хэлэлцэгдээд нэгдсэн чуулганд оруулахгүйгээр Засгийн газрын хооронд гарын үсэг зурах ёстой. Засгийн газрын хоорондоо гарын үсэг зурчихвал УИХ-ын нэгдсэн чуулганаар зөвхөн гэрээг соёрхон батална. Яг энэ үе шатанд асуудлыг ярихгүй бол цаашид өөрчлөх аргагүй нөхцөлд орно гэсэн үг. Энэ гэрээ хэт нэг талыг барьсан байна. Зарим нь орчуулгын алдаа гэж тайлбарласан. Нефть нийлүүлэх гэж буй компани Чингис хаан олон улсын нисэх буудлыг бүхэлд нь ашиглах агуулга харагдаж байгаа.
Хэрэв энэ агуулга буруу зөрүүгээр ойлгогдвол ОХУ-ын арбитраар шийдвэрлэнэ. Олон улсын хэлэлцээрийг бид ийм түвшинд байхад нь зөвшөөрч болохгүй. Засварлах, буцаах ёстой гэсэн байр суурь бий. Мөн удахгүй ашиглалтад орж магадгүй байгаа дотоодын үйлдвэрийн нефтийн бүтээгдэхүүнийг энэ гэрээгээр хамгаалж чадахгүй байна. Уг нь бид нээлттэй эдийн засагтай улс. Үндэсний аюулгүй байдлаа бодсон ч нефть хангамжийн системийг олон эх үүсвэртэй болгох бодлого баримаар юм. Зөв бодлого баривал ойрын хугацаанд гурван эх үүсвэртэй болох боломж байна. Гэтэл үндсэн хоёр гарцаа хаагаад 20 жил нэг л сонголттой байна гэдэг үндэсний аюулгүй байдлын бодлого биш. Тэр тусмаа ОХУ-аас одоо авч буйгаас илүү чанартай нефтийн бүтээгдэхүүнийг БНХАУ-аас авах боломжтой байгааг одоог хүртэл ашиглахгүй байна. Мөн урд хөршөөс нарийн царигаар авдаг болчихвол онгоцны түлшийг нааштай шийдэх боломжтой. Уг асуудлыг АН-ын бүлэг дэмжихгүй" хэмээсэн юм.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Daisogiinhan hovdiin must sumiin guuligachinguud