Туркийн шүүх ерөнхийлөгчийг доромжилсон гэж Швед сэтгүүлчийг яллажээ

Туркийн шүүх Йоаким Медин нэртэй Швед сэтгүүлчийг Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганыг доромжилсон гэх хэргээр 11 сарын тэнсэн харгалзах ял оноосон байна. Гэхдээ тэр өөр хэргээр шүүгдэх тул цагдан хоригдсон хэвээр байх юм. Шведийн “Dagens ETC” сонинд ажилладаг Медин гуравдугаар сарын 27-нд Туркт өрнөж байсан жагсаалыг мэдээлэхээр очихдоо баривчлагдсан байна.
Түүнийг ерөнхийлөгчийг доромжилсон мөн террорист бүлэгтэй хамааралтай гэх хоёр хэргээр баривчилж, Истанбул дахь Силиври шоронд хорьсон юм. Прокуроруудын хэлж буйгаар Медин 2023 оны нэгдүгээр сард Стокхолмд болсон эсэргүүцлийн жагсаалд оролцжээ. Тус жагсаалд хүмүүс Эрдоганы зургийг ашигласан юм. Үүнээс сарын дараа Стохолмд болсон ЛГБТ парадын үеэр Курд идэвхтнүүд Эрдоганы тэрхүү зургийг ашигласан байна. Прокуроруудын мэдэгдсэнээр Медин цахим орчинд нийтэлсэн хэд хэдэн мэдээндээ тэрхүү зургийг ашиглажээ.
Мединд тэнсэн харгалзах ял оноосны дараа шүүгч түүнийг суллах тушаал гаргасан байна. Гэвч тэр террорист бүлэгтэй хамааралтай гэх хэргийн шүүх хурлаар орох тул суллаагүй байгаа юм. Тэрбээр Силиври шоронгоос шүүхэд оролцохдоо нэгдүгээр сард жагсаал болох үед Шведэд байгаагүй гэжээ. Мөн Медин нэмж хэлэхдээ “Би тэр арга хэмжээнд оролцоогүй. Германд ажлаар очсон байсан. Тус арга хэмжээ ямар төлөвлөгөөтэй явагдсаныг би мэдээгүй. Мөн энэ талаар ямар ч зураг, бичлэг олон нийтийн сүлжээнд хуваалцаагүй. Би ерөнхийлөгчийг доромжлоогүй. Нийтлэлийг бичих даалгавар надад өгсөн. Зургийг редакторууд сонгосон. Би зүгээр л ажлаа хийж байсан” гэсэн юм.
Эх сурвалж: The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.