Улс төрийн мэдээ

УИХ нь ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээн авдаггүй жишиг гаарлаа

Үндсэн хуулийн цэцийн дээр хөх тэнгэр л бий гэлцдэг. Улс төрөөс хараат гэж шүүмжилсээр ирсэн ч УИХ-ын гишүүдийн баталсан хууль өөрөө Үндсэн хуульд нийцэв үү гэж "шүүдэг" байгууллага бол энэ. Өөрөөр хэлбэл УИХ-ын хяналт гэсэн үг.

Гэхдээ сүүлийн үед Үндсэн хуулийн цэц дүгнэлт гаргахад түүнийг УИХ хүлээн авахгүй тохиолдол гарах боллоо.

Хамгийн сүүлд Хууль зүйн байнгын хороогоор Үндсэн хуулийн цэцийн 2025 оны 04 дүгээр дүгнэлтийг мөн л хүлээн авах боломжгүй гээд үзчихлээ. Энэ нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсгийн холбогдох заалт Үндсэн хууль зөрчсөн тухай дүгнэлт байв.

Түүний өмнө мөн л УИХ-ын сонгуулийн тухай хуульд холбогдох дүгнэлт орж ирсэн. Үүгээр бие даан нэр дэвшигчид нь нам, эвслээс нэр дэвшигчидтэй адил тооны гарын үсэг иргэдээс цуглуулдаг нь Үндсэн хуулийн зарчимд харшилж байна гэж дүгнэсэн байдаг. УИХ хүлээж аваагүй.

Мэргэжлийн хуульчдын хувьд Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт өндөр түвшинд бичигддэг болсон талаар цохон тэмдэглэж байгаа. Харин УИХ хүлээж авахгүй гээд л түдгэлзчихдэг бол Цэцийн хэрэг байна уу. УИХ баталсан хуулиа хэнээр хянуулах юм, ер нь хяналт тавиулах юм уу гэсэн эргэлзээтэй асуулт үүсдэг.

Энэ талаарх асуудлыг ҮХЦ-ийн маргаан хянан шийдвэрлэх тухай хуульд заасан байдаг юм байна.

Тухайлбал, 30-р зүйлд:

1.Маргааныг дараахь үндэслэлээр хуралдаанд бэлтгэх шатнаас эхлэн дахин хянан шийдвэрлэнэ:

1/Цэцийн дүгнэлтийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй;

2/урьд шийдвэрлэсэн маргааныг дахин хянан шийдвэрлэх талаар Цэцийн гишүүдийн олонхи санал гаргасан;

3/шинэ нөхцөл байдал илэрсэн.

2.Цэцийн дарга маргааныг дахин хянан шийдвэрлэх тухай тогтоол гаргана гэжээ.

Өөрөөр хэлбэл УИХ хүлээж аваагүй бол Үндсэн хуулийн цэц өөр бүрэлдэхүүнтэйгээр, дахин хуралдах хуультай аж. Ингээд хэрэв Цэцийн байр суурь өөрчлөгдөөгүй бол, энэ эцсийнх гэж хөлбөрөлтгүй хүлээн зөвшөөрөгдөх юм байна.

Тэгэхээр УИХ хүлээн аваагүй дээрх дүгнэлтүүдийг анхааралтай ажиглах шаардлага бий болж байна. Үндсэн хуулийн цэцийн шийдвэр УИХ хүлээн аваагүй тохиолдолд дахин өөрчлөгдөх үү. Ялангуяа ихээхэн сайн үндэслэл шаардлагатай бичигдсэн гэгдэж байгаа УИХ-ын сонгуулийн тухай хуульд холбогдох дүгнэлтүүд өөрчлөгдөх үү? Улстөрчдийн эрх ашиг, үзэмж, ашиг сонирхол илтэд нөлөөлж байгаа энэ сэдэв л Үндсэн хуулийн цэц хараат бусаар ажиллаж чаддаг эсэхийг магадлан нягталж өгөх болов уу.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цунами
Цунами

ҮХЦ-ийн 2025 оны 01 дүгнэлтээ мэргэжлийн өндөр түвшинд шийдвэрлэсэн. ҮХЦ-ийн гишүүдийн х�##�дашгүй байдлыг хамга�##�ж одоо буй ҮХЦ-ийн гишүүд Баясг�##�ан, Өлзийсайхан, Гангабааатар, Мөнхсайхан, Цолмон, Эрдэнэбулган зэрэг эдгээр мэргэшсэн хуульчидаа насан туршид нь ажиллуулж, Үндсэн хуулиа намчдаас хамга�##�ах шаардлагатай байна...

Холбоотой мэдээ

Back to top button