НИЙГЭМСурвалжилга

Сурвалжилга: Цахим, цаасан хослуулж, 34 жил иргэдээ өмөөрсөн, найдвартай эх сурвалж "Зууны мэдээ"

"ТҮЦ"-үүдийг нүүлгэн шилжүүлэхэд сонин борлуулдаг цэгүүд хамт ачигдаад явчихсан. Үүнийг тогтмол хэвлэл авч уншдаг хүмүүс л анзаарсан байх. Ингэж хэлж буй нь цаасан хэвлэл, тэр дундаа сонин унших уншигчдын тоо хумигдаж байгаатай холбоотой. Иргэд "тамхи зардаг цэгүүдийг маань ачаад явчихсан, хэцүү байна" гэж дуугарснаас биш сонины тухай үг унагаагүй. Эл үйл явдал өдөр тутмын сониныхонд хөнгөн тусаагүй нь мэдээж.

Цахим сүлжээнд өдөрт хэдэн мянган мэдээ цацагдаж, үнэн худлыг нь ялгаж, салгахад бэрх болсон. Энэ их мэдээллийн илүүдэл дунд хэрсүү уншигчид ханатай байж чадаад байгаа хэдий ч нийт массаараа төөрөөд удлаа. Төөрөгдлийн голыг маш олноор бий болсон, цахимд түшиглэсэн мэдээний хуурамч сайт, фeйсбүүк хуудас, сувгууд зангидаж байна. Жишвэл шоргоолжны арми шиг л олуул болжээ. Үүний дүнд иргэд хохирч, сөргөөр цэнэглэгдэж байна.

Харин үүний эсрэг талд чиг шугамаа үргэлжид барьж, өдөр тутам шинэ дугаар гаргаж, уншигчдаа урвуулахгүй авч үлдэж чадсан тоотой хэдхэн сонин манайд бий. Тэдний нэг бол 34 жилийн арвин түүхтэй "Зууны мэдээ" сонин.

Нас насны төлөөллийг эгнээндээ багтааж, цаасан хэвлэлийг цахимтай хослуулж, хамгийн найдвартай хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдөж, эх сурвалжийн хүйсийн тэнцвэрийг хадгалдаг гэхчлэн дагуулах, гайхуулах зүйл олонтой чимээгүй энэ хамт олныг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрөөр уншигч тантай уулзуулж байна.

Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр: Ковидоос хойш цаасан хэвлэл, сонин унших уншигчдын тоо сэргэсэн

-Зууны мэдээ сонин хэзээ, хэрхэн үүсэн байгуулагдаж байв. Тэр цаг үеэс яриагаа эхлүүлье?

-Энэ түүх Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөний тухай хуультай болсон түүхтэй холбогдоно. 1998 онд Монгол Улсад хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль батлагдсан. Энэ хуулиар тухайн үед төр засгийн мэдэлд байсан Ардын эрх, Засгийн газрын мэдээ гэдэг хоёр сониныг хувийн хэвшилд шилжүүлэх тодорхой үе шаттай арга хэмжээнүүдийг авсан байдаг. Сонины маань үүсэл гарал, түүх 1991 онд гарсан "Засгийн газрын мэдээ" гэдэг сонинтой холбогддог. Харин 1998 оны хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар төр өөрийн хэвлэлээсээ татгалзаж "Засгийн газрын мэдээ" сониныг олон нийт, хувийн хэвшлийн мэдэлд шилжүүлэх ийм процесс явагдсан. Энэ нь их хурлын тогтоолоор гарсан байдаг. Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэрэгжүүлэх тухай УИХ-ын тогтоол 1998 онд гарсан. Тэрхүү тогтоолын хавсралтад заасны дагуу "Ардын эрх", "Засгийн газрын мэдээ" сонинууд хувийн хэвшилд шилжсэн.

Төр, засгийн хэвлэл байсан үүсэл гарлаасаа гэж үзэх юм бол 1991 оноос, яг "Зууны мэдээ" гэдэг нэрээр бол 1999 оны нэг сараас гарсан түүхтэй. Өөрөөр хэлбэл төр өөрөө өөрийнхөө хэвлэл мэдээллийн хэрэгслээс татгалзсаны жишээ энэ юм. Үүний суурин дээр "Өдрийн сонин", "Зууны мэдээ" гэдэг ийм хоёр хувийн хэвшлийн сонин үүсэн бий болж гарсан түүхтэй. 

Видео:

-Та "Зууны мэдээ" сониныг үүсэн байгуулагдахаас нь эхлээд ажилласан уу?

-Би 1998 онд Засгийн газрын мэдээ сонинд сэтгүүлчээр ажилд орж байсан. Дараа нь "Зууны мэдээ" сонин үүсэн байгуулагдаж эндээ ажилласан. Үргэлжлүүлээд дунд нь өөр сонинуудад бас ажилласан. Эргээд 2010 оноос хойш өнөөдрийг хүртэл Зууны мэдээ сонины эрхлэгчээр ажиллаж байна.

-Өнөө цагт цаасан хэвлэл унших хүмүүсийн тоо тогтмол буурч байгаа гэгдэж байна. Цахим руу нийтээр төвлөрч буйтай холбоотой энэ асуудал мэргэжлийн сонины байгууллагад ямар байдлаар нөлөөлж, ямар шинэчлэлүүдийг хүсэж байна?

-Технологийн хөгжлийг дагаад уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл шинэ нөхцөл байдалд дасан зохицож юм уу, аль эсвэл өөрчлөгдөж хувирах ийм процессууд явагдаж байна. Уламжлалт хэвлэл мэдээлэл сонин, сэтгүүлд тулгарч байгаа асуудал гэдэг бол зөвхөн Монголын ч юм уу, "Зууны мэдээ"-ийн асуудал биш. Дэлхий дахинд л яаж хэлбэрээ өөрчилж, шинэ нөхцөлд дасан зохицох вэ гэдэг асуудлууд тулгарч байна. Энэ чиглэлд янз бүрээр л эрэл, хайгуул хийж байна. 

Манай сонины тухайд уламжлалт хэвлэл мэдээллийг орчин үеийнхтэй хослуулсан загвар жишгийг бий болгочих юм сан гэдэг байдлаар ажиллаж байгаа. Энэ хүрээндээ бид олон улсын төсөл хөтөлбөрт хамрагдсан. Олон улсаас манайхыг бизнесийнхээ хувьд хэвлэл мэдээллийн салбарын чөлөөт хэвлэлийн салбарын уламжлалыг орчин үетэй хослуулсан жишиг болоосой гэдэг үүднээс тодорхой хэмжээгээр дэмжиж байгаа. Гурван жилийн хугацаатай хөтөлбөрт Монголын зургаан хэвлэл мэдээллийн байгууллага хамрагдаж байгаагийн нэг нь манайх. Энэ зургаан хэвлэл мэдээллийн байгууллага чиглэл чиглэлээрээ өөр байгаа. Вэбсайт, телевиз, сонин гэх мэт. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллага манай салбарыг дэмжихдээ чиглэл чиглэлд нь тодорхой жишиг загваруудыг бий болгочихъё гэдэг бодлоготойгоор ажиллаж байгаа гэсэн үг. 

Хамгийн нэгдүгээрт хийж байгаа ажил нь цахим руу яаж шилжих вэ гэдэг асуудал. Цаасаар сонин уншаад сурчихсан уншигчдаа бид цахимаар яаж уншуулж сургах вэ гэдэг ийм ажлыг хийгээд, янз бүрээр туршиж байна. Энэ хүрээндээ цахим захиалгынхаа веб сайтыг сайжруулж байгаа. Онлайн дэлгүүрээс хүмүүс авах гэсэн зүйлээ сагслаад, сагслаад худалдаад авчихдаг шиг сониныг ч гэсэн манай вэтсайт руу ороод өнөөдрийн дугаарыг авах уу, өчигдрийн дугаарыг авах уу, сарын өмнөхийг авах уу гэдгээ сонгоод сагслаад авчихдаг дижитал хувилбараа бий болгоод байна. Тэгэхээр дэлхий дахинаа, Монгол Улсад тулгамдаж байгаа энэ асуудлыг өөрсдийнхөө хэмжээнд шийдээд, өөрсдийн гэсэн хэв маяг загвараар ажиллаж байна.

-Хэвлэл мэдээллийг, сэтгүүлчийг харлуулах гэсэн зохион байгуулалттай зүйл маш их байдаг юм болов уу гэж боддог-

-Тулгамдаж байгаа тодорхой асуудал гэвэл?

-Манай уламжлалт хэвлэл сонин нэлээн хүнд замыг туулж байгаа. Сонины хэвлэдэг цаасыг доллароор авдаг гээд л эхэлнэ. Мөн хүргэлтийн систем маш хэцүү. Монгол шуудан компани маань ажиллаж байгаа ч хүргэлтийн зардал нь дандаа алдагдалтай байдаг. Манай сонины хүргэлт дээр өндөр төлбөр авдаг. Сүүлд дахиад нэмэгдэж байх жишээтэй. Монгол шуудан үнээ нэмж байгаа нь бензиний үнэ, инфляц гээд олон зүйлээс шалтгаалж байгаа. Шуудан үнээ нэмж байгаад хамгийн түрүүнд өртөж, мэдрэг байгаа нь сонинууд байна. Энэ мэтээр дурдаад байвал сонинд бэрхшээл их. 

-Нөгөө талд моод эргэнэ гэдэг шиг сонин унших уншигчдын тоо нэмэгдэж байгаа гэдэг агуулга ч хөндөгддөг. Өөрөөр хэлбэл энэ их мэдээллийн шуурганд үнэн, худлыг дэнслэх, хэнд нь итгэх вэ гэдэг улам л хэцүү болж байна. Тэгэхээр эргээд хамгийн бодитой, барьцтай, баримттай нь сонин буюу цаасан хэвлэл гэдгийг олон хүн илэрхийлдэг болж. Энэ тухайд?

-Хоёр янзын зүйл сүүлийн жилүүдэд анзаарагдсан. Нэгдүгээрт ковидын үе. Энэ үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чадлаараа хичээгээд мэдээллийг авах гээд, олон нийтэд хүргэх гээд  ажилласан. Хязгаарлалтууд маш их байсан. Мэдээлэл авч болохгүй, ганцхан яамны мэдээллийг хараад сууж байдаг гэдэг ч юм уу хүнд хэцүү нөхцөлд хэвлэлийнхэн ажилласан шүү дээ. Энэ үед хуурамч мэдээ гэдэг зүйл гаарсан. Зөвхөн Монголд ч биш дэлхий дахинд аль нь үнэн, аль нь худал мэдээ юм бэ гэдгийг ялгахад маш хэцүү нөхцөл байдалтай байсан. Яг энэ үеийг дагаад цаасан уламжлалт хэвлэлд итгэх итгэл бага зэрэг сэргэж эхэлсэн. Өөрөөр хэлбэл тэр олон шуураад өнгөрч байгаа мэдээлэл дотроос яг аль нь үнэн, бодитой юм бэ гэхээр эргээд барьж үзэхэд цаасан нь арай бодитой байж таарсан гээд.

Энэ нь уламжлалт цаасан хэвлэлд илүү итгэх итгэлийг гаргаж ирж, бий болгосон юм шиг санагддаг. Нөгөө талаараа бид зөвхөн сонин гэдэг хувилбараа бариад байхаас илүү сониноо олон янз байдлаар уншуулах гэдэг хувилбар руугаа одоо орж байгаа. Бидний туршиж байгаа зүйлс ердөө энэ. Хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг сэргээхэд уламжлалт хэвлэл, сонин чухал үүрэгтэй байна аа гэж бид нар хардаг. Лайв дамжуулалт, шууд дамжуулалт гээд шуураад өнгөрч байна шүү дээ. Тэр олон мэдээллийн урсгал, илүүдэл дотор амьдарч байгаа хүмүүс мэдээллээ тоймлоод, багцлаад, бодитойг нь авчихъя гэвэл сонин байна аа гэдэг итгэл бага багаар бий болж, нэмэгдэж байна гэж бодож, харж байгаа. 

Саяхан "ТҮЦ"-үүдийг нүүлгэсэнтэй холбоотойгоор "Өдрийн сонин" дээр нэг нийтлэл гарсан байсан. Тухайн нийтлэлдээ ТҮЦ ачигдахад сонин борлуулдаг цэгүүд хамт ачигдаад явчихсан асуудлыг хөндсөн байна лээ. Нийтлэл дотор сонин уншдаг хүнийг олон улсад чанартай эрүүл хүнс хэрэглэдэг хүнтэй жишиж харьцуулдаг юм шүү гэж бичсэн байсан. Би тэрийг хараад гоё үнэлэлт, харьцуулалт байна гэж бодсон. 

-Салбарын тухайд асуулгүй өнгөрч болохгүй. Олон жил энэ салбарт ажилласан, одоо хэвлэлийн байгууллага толгойлж байгаа хүний хувьд өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн хардаг вэ. Яагаад нийтээрээ муу, муухай гэж цоллуулаад байгаа юм бол?

-Монголын хэвлэл мэдээллийн салбар маш их хувирч өөрчлөгдөж байгаа. Сайн тал ч байгаа, муу тал ч байгаа. Сайн тал нь яагаад муугаасаа илүү гарч ирдэггүй юм бэ гэхээр хэвлэл мэдээллийг, сэтгүүлчийг харлуулах гэсэн зохион байгуулалттай зүйл маш их байдаг юм болов уу гэж боддог. Тэгээд нэг сэтгүүлч рүү дайрч байгаа тэр дайралт өөрөө нийт сэтгүүлчдийн толгой дээр очиж буудаг. Түүнээс биш 1990 оноос хойш өсөөд, хөгжөөд явж байна. Энэ хугацаанд бид нийгэмд үүргээ гүйцэтгэсээр л ирсэн.

Нөгөө талд нь сэтгүүл зүй өөрөө хүчгүй, муу байх гэдэг хэн нэгэнд ашигтай л байж таарна шүү дээ. Тиймээс энэ талын нийтэд нь харлуулах технологи маш их байна. Манай салбарынхан өнөөдөр хэвлэлийн эрх чөлөөний шинэ хуулийн тухай яриад байгаа. Бид энэ тухай хуульчидтай уулзаж ярилцаад шинэ хуулийн төсөл дээр ямар санаа, оноо өгөх үү гээд ярилцаад, зөвлөсөн зүйлүүд байгаа л даа. Одоо мөрдөж байгаа 1998 онд баталсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль бол дөрөвхөн заалттай. Тэр дөрвөн заалтын нэг нь бид нараас хамаардаг. Хэвлэл мэдээлэл өөрийн нийтэлж нэвтрүүлсэн зүйлийнхээ төлөө хариуцлагаа хүлээнэ ээ гээд. Бид нар хүлээдэг. Хүлээгээд шүүхэд дуудагдаад гэхчлэн ямар ч байсан өөрсдийнхөө нийтэлж, нэвтрүүлсэн зүйл дээр хариуцлагаа хүлээсээр ирсэн. Харин эсрэгээрээ нөгөө гурван заалт нь төрөөс хамааралтай. Төр өөрөө энэ хуулиа биелүүлдэггүй. Тиймээс төрөөс бид хуулийнхаа хэрэгжилтийг шаардаж, хэрэгжүүлдэг болгоё. Мөн шинээр батлахаар яриад байгаа 40 гаруй заалттай хуулийг хэрэгжүүлэх баталгааг нь мөн шаардъя. Үүн дээр бид нэгдмэл байр суурьтай байх ёстой.

Хариуцлагатай нарийн бичгийн дарга Х.Мөнхжаргал: Манайх өглөөний шуурхайгаа таван жил цахимаар хийж байна

-"Зууны мэдээ" сонин өглөөний шуурхайгаа цахимаар хийдэг гэлээ. Эерэг үр дүн үзүүлж байгаа нь сонин байна?

-Ковидын үед зайлшгүй шаардлагаар гэр гэрээсээ ажиллаж эхэлсэн. Тэр үеэс өглөөнийхөө шуурхайг цахимаар хийдэг болсон. Цахимаар хийж эхэлсэн энэ ажлаа яагаад өнөөдрийг хүртэл хэрэгжүүлж байгаа вэ гэхээр сэтгүүлчдэд өглөөний ажлаа амжуулах, ар гэртээ анхаарал тавих, үр хүүхдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгөх боломжийг бий болгож өгч байгаа юм. Хоёрдугаарт, өглөө замын хөдөлгөөн маш ихээр ачаалж, түгжрэл үүсдэг. Тиймээс тэр түгжрэлд орохгүйгээр ажлаа амжуулах боломжийг олгоё гэдэг үүднээс өглөөний шуурхайгаа цахимаар хийдэг байдал тав дахь жилдээ үргэлжилж байна.

Ингэснээр олон давуу талтай. Байгаа газраасаа хуралдаа оролцоод, ямар үйл явдалд явахаа мэдсэн сэтгүүлчид тухайн үйл явдал руугаа шууд очиж сурвалжлаад, өдөр нь оффистоо ирээд бичих зэргээр цагийн зохицуулалт хийх боломж бүрдсэн. Мөн бид хамт олноороо олон сургалт хөтөлбөрт хамрагдаж, энэ хэмжээгээрээ өсөж дэвшиж мэргэжлийн түвшинд ажиллахыг хичээж байдаг. Үүний нэг тод жишээ бол бидний хамрагдсан нийтийн эрх ашгийн төлөөх төсөл хөтөлбөр. Энэ хөтөлбөрт хамрагдсанаараа цаасан сониноос цахим руу шилжих алхмаа хийж эхэлсэн байгаа. Энэ хүрээнд өдөр тутмын цаасан сониноо хийхээс гадна видео контентууд хийх, цахим сүлжээнд өөрсдийн мэдээ мэдээллийг хүргэх, уншигчдыг татах ажлууд дээрээ илүү анхаарч байгаа. 

-Сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн салбарт ажиллах хүний нөөцийн асуудал толгойны өвчин болчхоод байх шиг. Сонины тухайд ямар байдаг юм бол?

-Энэ салбарт учирч байгаа зовлон, бэрхшээлийг бид мэдээж тойроогүй. Уншигчид цөөрч, сэтгүүлчид өдөр тутмын сонинд ажиллах нь багасаж байна. Гэхдээ нэг онцлог нь манайд ажилладаг сэтгүүлчид маш тууштай байдаг. Дор хаяж 10-20 жил ажилласан олон сэтгүүлч манайд бий. Гэхдээ жил бүр сургуулиа төгссөн шинэ сэтгүүлчид манайд ажиллахаар орж ирдэг. Үүнд их баярладаг. Залгамж халаа бэлдэх, бие биедээ туршлагаа хуваалцах гээд зааж, чиглүүлэх тал дээр их найрсаг байдаг учраас залуу сэтгүүлчид манайд ажиллах сонирхолтой байдаг болов уу гэж боддог. Сонинд ажилласан сэтгүүлч бичиж сурдаг. Мөн олон чадварыг давхар эзэмшиж чаддаг учраас мэргэжилдээ илүү сайжрах сонирхолтой залуус манайд их ажилд ордог. Бид аль болох бүхий л талаар зааж, сургахаас гадна сурах боломжоор нь хангадаг. Жишээлбэл найман сард ажилд ороод одоо ажлынхаа хажуугаар магистрт сурч байгаа хүн ч байна. Гэх мэтчилэн хувь хүнийх нь өсөж хөгжих боломжид илүү анхаардаг. Нэмээд ажлын цагийн тухайд уян хатан байдаг учраас төвөгшөөхгүй ажиллах боломж бүрддэг болов уу гэж боддог. 

Хоёрдугаарт, одоо үед сэтгүүлчээр ажиллахаар орж ирж байгаа шинэ, залуу хүүхдүүд онцлогтой. Тэдний онцлог байдлыг ажиглаж, суралцах зүйлээ суралцаж, сургах зүйлээ сургаад харилцан ойлголцох байдлаар ажилладаг. Тиймээс одоогоор хүний нөөцийн хувьд хүнд асуудалтай тулгарахгүй л байна. 

-BBC агентлагтай 50/50 төсөл хөтөлбөр дээр хамтарч ажилласнаас хойш эх сурвалжаа хүйсийн тэнцвэртэй байлгахад анхаарч байна-

-Сонин бол баталгаатай эх сурвалж. Эх сурвалж гэдэг үнэн, бодит мэдээлэл. Танайх энэ чиглэлд мэргэжлийн байхаас гадна хүйсийн тэнцвэртэй байдлыг хангах тал дээр илүү чухалчилдаг газар шүү дээ. Энэ тухайд?

-Сонин бол сайтар судлагдсан, олон эх сурвалжтай, батлагдсан баримттай бүтээл. Үүгээрээ онцлог гэж хэлж болно. Хүмүүс өнөөдөр болсон үйл явдлыг маргаашийн сонин дээр хэдэн эх сурвалжтай гарах нь уу. Батлагдах нь уу. Үнэн байна уу. Худлаа байна уу гэдгийг нягтлах гэсэн, хамгийн баталгаатай мэдээллийг авах гэж сонин захиалж уншдаг. Тийм учраас илүү тоймлосон, сайн материал хийх гэдэг дээр бид түлхүү анхаарч ажилладаг. Нөгөө талаас бүх салбарын мэдээллийг нэг сониноос авч болдог. Тиймээс шинэ залуу уншигчид төлөвшүүлэх, унших дадлыг суулгах илүү чухал байгаа. Энэ хүрээндээ цахим руу бас хөрвүүлж байна. 

-Эх сурвалжийн тухайд?

-Хэвлэл мэдээллийн салбарынхан мэдээлэл авахад төвөгтэй болоод байгаа. Мэдээлэл өгөх эх сурвалж яагаад багасаж байгаа вэ гэвэл уншигчдын зүгээс тэр эх сурвалж руу дайрах дайралт их болсонтой холбоотой. Ялангуяа эмэгтэй эх сурвалжийг гадаад байдлаар нь шүүмжилж, сэтгэгдэл ихээр бичдэг. Үүнээс шалтгаалж хүмүүс мэдээллийн эх сурвалж болохдоо цааргалдаг болсон.

Нөгөө талаасаа тухайн асуудлыг яг мэдэж байгаа мэргэжлийн эх сурвалжийг гаргаж ирэх нь сэтгүүл зүйн үүрэг. Ялангуяа эмэгтэй эх сурвалжийг гаргаж ирэх ёстой юм байна аа гэдэг дээр төсөл хөтөлбөр хүртэл явагдаад улс орнууд үүнд нэгдсэн байдаг. Манай сонины тухайд BBC агентлагтай 50/50 төсөл хөтөлбөр дээр хамтарч ажилласнаас хойш эх сурвалжаа хүйсийн тэнцвэртэй байлгах тал дээр анхаарч ажиллаж байгаа. Үүнтэйгээ уялдуулж өнөөдөр сонинд маань хэдэн эх сурвалж орох юм. Түүний хэд нь эмэгтэй байх юм бэ гэдгээ тооцдог.

Энэ нь өнөөдрийн сонины тэнцвэртэй байдалд чухал үүрэгтэй. Маргааш нь гарсан сонин дээрээ ахиад ярина. Энэ нь эх сурвалжуудынхаа хүйсийн тэнцвэртэй байдлыг 50/50 хангадаг болохын төлөө хичээж байгаагийн илрэл юм. Хоёрдугаарт бид өнгөрсөн хугацаанд олон эмэгтэй эх сурвалжийг бэлдэж гаргасан байдаг. Эмэгтэй эх сурвалжийн хувьд тухайн асуудлыг гардаж хийсэн, хамгийн сайн мэддэг ч гэсэн өөртөө итгэлгүй ч юм уу байдлаасаа болоод өөр эрэгтэй хүнийг яриулах зэрэг дутагдалтай тал байдаг. Тиймээс эмэгтэй хүнийг л эх сурвалжаар авна гэдэг дээр хэвлэл байр сууриа хамгаалдаг байвал энэ чиглэлд ахиц гарах байх гэж боддог.

-Хамгийн найдвартай, итгэж болох Монголын анхны хэвлэл мэдээллийн хэрэгсэл болж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн "Зууны мэдээ"-

"Зууны мэдээ" сонины тоймч Б.Нямсүрэн: Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд дундаас анх удаа JTI /Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга/-д нэгдсэн хамт олон манайх болсон

-"Зууны мэдээ" сонин Монголын хэвлэл мэдээллийн байгууллагууд дундаас анх удаа Journalism Trust Initiative-JTI /Сэтгүүл зүйн итгэлцлийн санаачилга/-д нэгдсэн шүү дээ. Гол ач холбогдол юу вэ?

-Тэгэхээр JTI буюу /Journalism Trust Initiative/-ыг "Хил хязгааргүй сурвалжлагчид" олон улсын байгууллагаас санаачилсан байдаг. Одоогоор дэлхийн 130 гаруй орны 2,000 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага нэгдчихээд байгаа. Энэ санаачлагад хамгийн анх Монголоос "Баримт шалгах төв" нэгдэж байсан. "Зууны мэдээ" сонины хувьд хэвлэл мэдээллийн салбарын анхдагч буюу Монголоос хоёрдогч болж нэгдсэнээрээ маш их бахархдаг.

Нөгөө талаар энэ санаачилга гэдэг өөрөө маш их хариуцлагыг үүрүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, биднийг илүү уншигч үзэгчдэд найдвартай эх сурвалж, найдвартай хэвлэл мэдээлэл юм аа гэдгийг баталгаажуулдгаараа хариуцлага нэмэгдүүлдэг онцлогтой. Мэдээж энэ сертификатыг авахын тулд тодорхой хэмжээний шалгуурыг хангаж, давах ёстой. Хамгийн гол шалгуур үзүүлэлт бол ил тод байдал. Мөн энэ хэвлэл мэдээллийн хэрэгслийн мэдээлж байгаа мэдээлэл нь хоёроос дээш эх сурвалжийг баталгаажуулж, эх сурвалжийн хувьд найдвартай гэдгээ илэрхийлдэг учир зөвхөн ил тод байхаас гадна мэргэжлийн бусад шалгууруудыг хангасан байх шаардлагыг тавьдаг. Нэмээд санхүүгийн хувьд ил тод байх гэдэг ч юм уу. Энэ мэт олон шалгуурыг давдаг. Олон шалгуур байснаараа хүнд хэцүү гэсэн үг бас биш. Мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг бусад хэвлэл мэдээллийн байгууллагууд ч нэгдэх боломжтой. Манай араас ч гэсэн зарим хэвлэл мэдээллийн байгууллагууд маань нэгдэх хүсэлтэй өгч байгаа юм байна лээ. 

Энэ стандартад нэгдсэн дэлхийн 2,000 гаруй хэвлэл мэдээллийн байгууллага технологийн салбарын хувьд хэвлэл мэдээллийн хэрэгслийг илүү дэмжиж, дэмжлэг үзүүлээч ээ гэдэг уриалгыг "Хил хязгааргүй сурвалжлагчид" байгууллагын тэргүүн энэ сард баталгаажуулсан. Манай сонин ч бас энэ уриалгад нэгдсэн гэсэн үг. Сүүлийн үед хуурамч, худал мэдээлэл их болсонтой холбоотойгоор асар их төөрөгдөл бий болоод байгаа. Үүнээс үүдээд энэ их мэдээллийн урсгал дундаас аль нь үнэн, аль нь худал гэдгийг мэдэх боломж уншигч, үзэгчийн хувьд хумигдсаар байна. Тиймээс энэ хуурамч мэдээллийг аль болох бууруулах, нөгөө талаар яг энэ эх сурвалж маань зөв юм шүү гэдгийг хэрэглэгчдэд илүү хурдан, ойлгомжтой байдлаар илэрхийлэхэд энэ сертификат маань гол нөлөө үзүүлдэг. Эргээд энэ найдвартай эх сурвалжаа санхүүгийн хувьд дэмжих, гүүгл хайлт дээр найдвартай эх сурвалжийнхаа мэдээллийг түрүүлж харуулах гэдэг ч юм уу.

Тиймээс дэлхий нийтээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн хуурамч мэдээлэлтэй тэмцэж байгаа энэ тэмцэлд технологийн салбарын нөлөө маш их байгаа учраас үүн дээр нэгдээч ээ гэдэг уриалгыг гаргасан. Энэ маань эргээд одоогийн мэдээллийн эринд бид зөв мэдээллийг олж авахад зөвхөн хэвлэл мэдээллийн салбарыг дэмжиж байгаа биш хүлээн авагчдыг дэмжиж байгаа нь том дэмжлэг болж байгаа. Тиймээс манай сонин нэгдсэн. Энэ стандартыг фейсбүүкийн цэнхэр тэмдэглэгээтэй адилтган, тайлбарлаж болох юм.

-Эдийн засаг, маркетингийн албаны сэтгүүлч,тоймч Ц.Мягмарбаяр: Дата мэдээлэл дутмаг байхад нэг бүтээл гаргахын тулд жил, цаашлаад таван жилийг зарцуулдаг байсан

-Манай Зууны мэдээ сонины эрэн сурвалжлах алба орлогч, эрхлэгчээрээ ахлуулсан бүх сэтгүүлчдийг хамруулсан ийм алба байдаг. Жилийн эхнээс төлөвлөгөөний дагуу эхний хагас жилийнхээ төлөвлөгөөг гаргаад сар болгон ямар сэдвээр хийх вэ гэдгээ ярилцдаг. Эрүүл мэнд, боловсрол, байгаль орчны сэдвээр  нийтийн эрх ашиг хаана хөндөгдөж байна тэр асуудлыг тухайн сэтгүүлч өөрөө олдог. Цаашлаад ямар үр дүнд хүргэх, гарц шийдэл нь юу байгаа юм гэдгээ ярилцаад хэрвээ боломжтой, цаг хугацааны хувьд тохирсон байвал тухайн сэдвийг сонгоод сэтгүүлч маань 14 хоногийн хугацаанд ажлынхаа хажуугаар хийдэг. Төлөвлөгөө гаргачхаж байгаа учраас хийх хугацаа хангалттай байдаг. 

Өнгөрсөн жилийн тухайд нийтийн эрх ашиг хамгаалж хөндсөн 24 бүтээл хийсэн. Онцолбол, Сэлбэ дунд голын бургасыг нүүлгэхгүйгээр үерээс хамгаалж чадахгүй гэдэг асуудлыг хөндөж тавьсан. Үр дүнд нь Сэлбэ голын үерийн далангийн байгууламжийг хийгээд явж байна. Мөн 10 км үргэлжлэх бургасыг зөөж дуусгаад, доторх нь барилга байгууламж нь гараад үр дүнд хүрсэн. 

Энэ жилийн тухайд буюу он гарснаас хойш эрэн сурвалжлах найман бүтээл гараад байна. Өнөөдрийн тухайд энэ сарын сүүлийн эрэн сурвалжлах материал буюу "Чимээгүй хотод борооны цэцэрлэг байгуулъя" гэсэн нийтлэл маань хэвлэгдэж гарсан байгаа. Энэ нийтлэлийн сэдэв бол аль ч хэвлэлд хөндөгдөөгүй. Миний тухайд энэ сэдвийг сарын өмнөөс  эрэл хайгуул хийж сурвалжлаад өнөөдөр бэлэн болгож гаргасан. 

Миний хувьд эрэн сурвалжлах нийтлэлээр дагнаж ажиллаж байсан. Хориод жил сэтгүүлчийн ажлыг хийснээс хойш яг үр дүнд хүргэсэн тав, зургаан бүтээл бий. Ихэвчлэн уул уурхай, байгаль орчны сэдвээр дагнасан. Манайхан сэтгүүл зүйд эрэн сурвалжлах гэдгийг хоёр хүний ч юм уу нэг компанийн эсвэл авлига хээл хахуулийн араас явснаараа үнэлэгддэг гэж ойлгогддог. Гэтэл сэтгүүлчийн эрэн сурвалжлах бүтээл гэдэг нийтийн эрх ашиг хаана хөндөгдөж байна. Яагаад хөндөгдөж байна гэдгийг тал талаас нь гаргаж ирж тавьж байгаагаараа, хэсэг бүлэг хүмүүсийн  эрх ашгийг хамгаалж байгаагаараа ч ялгарч болдог. 

Өмнө нь уламжлалт сэтгүүл зүйгээр ажиллаж байхад, дата мэдээлэл дутмаг байхад нэг бүтээл гаргахын тулд бараг нэг жил, цаашлаад хууль шүүхийн байгууллагаар явсан бүтээл бол таван жил үргэлжилж байж гарч ирдэг байсан. Харин сүүлийн үед дата сэтгүүл зүй хөгжсөнөөр өмнөх мэдээллүүдийг цахимаар эрж хайж олж авахын зэрэгцээ бусад уламжлалт аргуудаа бас хослуулж байгаа. Мөн бичгийн эх сурвалжаар их баталгаажуулдаг. Бичгийн эх сурвалж бол баримт болж үлддэг үнэт материал. Мөн сонины эрэн сурвалжлах материал гэдэг өөрөө бодит баримт болж үлддэг учир хэзээд үнэн байх ёстой. Энэ бол том онцлог. Тиймээс үргэлжид баримтыг л чухалчилдаг. 

-Тоймч, СГЗ Д.Цэрэннадмид: Сониндоо 32 дахь жилдээ ажиллаж байна

-Би Дундговь аймгийн Дэрэн сумын харьяат хүн л дээ. Аравдугаар ангиа төгсөөд аймгийн сонинд ажилд орсон. Тэндээсээ цэрэгт яваад, эргэж ирээд сониндоо дахиж ороод. Үүний дараа МУИС-д элсэд сэтгүүлч мэргэжил эзэмшсэн. Ингээд Дундговь, Булганы сонинд ажилласан. Хотод "Хөдөлмөр", "Улаанбаатарын мэдээ", сэтгүүлчдийн холбоо зэрэг газруудад ажиллаж байгаад 1993 онд "Засгийн газрын мэдээ" гэдэг сониныг анх байгуулагдаад жил болж байхад нь орсон. Түүнээс хойш "Засгийн газрын мэдээ" сонины маань залгамж халаа "Зууны мэдээ болсон". Энэ сониндоо үргэлжлүүлэн ажилласаар өдий 32 дахь жилээ болж байгаа хүн. 

Манай сонин "Иргэдээ өмөөрч бичнэ" уриатай ажилладаг. Энэ олон жил бид уншигчдаа алдалгүй, итгэлийг нь хүлээсэн, өдөр тутамдаа гаргасан хэвээр өдийг хүрлээ. Сүүлийн үед цаасан хэвлэлийн үе дуусаж, цахимд шилжиж байна гэх болсон. Гэхдээ цаасан хэвлэл уншдаг хэсэг уншигчдын дунд хэвээр байгаа. Тэд бол тасрахгүй. Тиймээс цаасан хэвлэл, цахим хэвлэлтэйгээ зэрэгцэн оршсоор л байна. Тэр ч утгаараа манай сонин хүртэл дэргэдээ хоёр сайттай. Мөн телевизэд тоймоо нийлүүлж, видео контент хүртэл хийдэг болсон. Энэ бол бидний сүүлийн үеийн хөгжил. Иймд бид яагаад ч байр сууриа алдахгүй, найдвартай байх гэж би боддог. 

Миний хувьд соёл урлаг, спорт тал руугаа түлхүү бичдэг. Манай сонин Бөх гээд дөрвөн нүүр сонин хийдэг байх үед хариуцаж ажилладаг байлаа. Нэг үе гэрэл зурагчнаар дагнаж хэсэг ажилласан. 

-Сэтгүүлч П.Лхагважаргал: Хэл шинжлэлийн мэргэжилтэй ч сэтгүүлчээр ажиллаж байгаадаа баяртай байдаг

-Би МУИС-ийг Монгол хэл, уран зохиолын мэргэжлээр төгссөн. Одоо сэтгүүлчээр ажиллаж байна. Манай сонин арын нүүрэндээ монгол бичгээр уран зохиолын өгүүллүүд болон зурхай гаргадаг. Үүнийг оюутан байхдаа анзаарч, олж хараад гоё санагдсан. Харин их сургуулиа төгсөх жилийн хавар сониндоо монгол бичгээр юм бичих завшаан тохиосон. Урт хугацаанд гэвэл өнгөрсөн жилийн хоёрдугаар сараас эхлээд Гэсэрийн туужийг монгол бичгээр бичиж эхэлсэн. Ингэхдээ тав дахь өдөр бүрийн орой дараагийн долоо хоногт хэвлэгдэх таван хуудас Гэсэрийн туужийг гараараа бичиж авчирч өгчхөөд явдаг байсан. Харин найман сараас сониндоо ажиллаж болно гэдэг санал ирээд өдийг хүртэл ажиллаж байна. Одоо бол зурхай болон Гэсэрийн тууж, Т.Галсан гуайн ертөнцийн гурвыг давхар бичдэг. 

Хүүхэд байхдаа "ааваа би танаас яриа авч байна шүү" гэж сэтгүүлч болж их тоглодог байсан. Надад энэ бичих, унших гэдэг сэтгүүлчийн ажил хэл шинжлэлийн салбартай ойролцоо санагддаг. Нэг талаасаа сэтгүүлчээр ажиллахад хэл зүйн дүрэм, найруулга талаасаа мэргэжилтэй маань илүү ойр байсан. Доторх нарийн процессуудыг бол ажлын талбарт гарч ирээд албаны дарга нар, сэтгүүлч эгч нараасаа суралцаад мөн бие даан сонирхож судалсны үндсэн дээр ажиллаад явж байгаа. Ажлынхаа хажуугаар өөрийгөө хөгжүүлэх, сурах ахих дэвших боломжоор хангадаг учраас дуртай байгаа. Жишээ нь би ажлынхаа хажуугаар магистрын зэрэг эзэмших гээд суралцаж байна. Би энэ салбартаа олон жил ажиллах хүсэлтэй. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Д. Мөнхбат

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. МҮОНР-ийн Урлаг соёлын алба болон МҮОНТ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакцад сэтгүүлчээр ажиллаж байсан. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жилдээ ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Уншигч
Уншигч
5 сар 4, 2025 08:58

Зууны мэдээ бусдын захи�##�гаар зөвхөн нэг т�##�ыг баримт�##�ж хүнийг гутаан доромжилдог, бас л шантааж хийдэг газар шүү.

Холбоотой мэдээ

Back to top button