Улс төрийн мэдээ

С.Магнайсүрэнгийн сонсголыг мөн л хаалттай явуулахаар тохирчээ

ҮАГ-ын дарга буюу Ерөнхий аудиторт нэр дэвшигчийн сонсголыг энэ лхагва /2025.05.07/ гарагт Төсвийн байнгын хороогоор явуулна. Ингэхдээ “Хаалттай” гэж тодотгожээ.

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан бүрэн эрхийн хүрээнд С.Магнайсүрэн гэгчийг Ерөнхий аудиторт нэр дэвшүүлсэн. Өнгөрөгч сард, нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулъя гэдэг шийдвэрт Төсвийн байнгын хороо мөн хаалттай хуралдаж, хүрсэн юм.

Хамгийн сүүлд УЕП, АТГ-ын даргын томилгооны сонсголыг байнгын хороогоор нээлттэй явуулсан. Гишүүд нэр дэвшигчээс юу асууж, нэр дэвшигч юу гэж хариулж байгааг олон нийт нээлттэй харж, сонсож байх ёстой. Хамгийн гол нь, санал хураалт хэрхэн явагдав гэдэг ч чухал асуудал юм.

Харин С.Магнайсүрэнгийн томилгоо хаалттай явагдсаар байгаа нь анхаарал татлаа.

Түүнээс гадна анхаарал татах хэд хэдэн өнцөг бий.

Тухайлбал,

Нэгт, намтар маш ярвигтай. Төрийн нарийн бичгийн дарга бол улстөрчдийн татаасны албан тушаал байсаар ирсэн. Мэргэжил, туршлага харгалздаггүй. Атал С.Магнайсүрэн сүүлийн арав гаруй жилд дандаа яамдын ТНБД-ыг сэлгэн хийж ирсэн байх юм. Хамгийн сүүлд гэхэд АҮЭБ-ийн яамны ТНБД-аар ажиллаж байгаад, өнгөрсөн есдүгээр сард чөлөөлөгдөж. Мэдээж сайд нь солигдсон учраас. Улстөрсдийн татаас гэж иймэрхүү. Хаана оч гэнэ, тэнд очиж явдаг, очсон хойноо хамгийн их улс төрийн томилгоо хийхийг шахаж шаарддаг албан тушаал, амьгүй албат бол төрийн нарийн бичгийн дарга нар болж хувирсан. С.Магнайсүрэн тэдний нэг болох бэлэн намтартай байна.

Хоёрт, ялтан болох эсэх асуудал шийдэгдэхээр хүлээгдэж буй. Хөгжлийн банкны хэрэгт С.Магнайсүрэн холбогдсон. Шүүхээр цагаадсан байв. Харин оны өмнө Улсын дээд шүүх хуралдаад, цагаатгасан шийдвэрийг нь хүчингүй болгосон. Одоо хэргийг ахин шалгана гэсэн үг. УИХ-ын гишүүн Б.Найдалаа яг ийм кэйстэй. Хэрэв Хөгжлийн банкны хэргийг ахин шалгаж, ял өгөхдөө тулбал Б.Найдалаа Дав.Цогтбаатарын араас орно. Өнөөдөр Дав.Цогтбаатарын асуудалд УИХ, УИХ-ын дарга Д.Амарбаясгалан өөрөө тун буруу жишиг тогтоож байгаа. Хуулийг өөрсдийнхөөрөө тайлбарлаж, хамгаалан үлдэж байна. Энэ асуудал Б.Найдалаа, араас нь нөхөр С.Магнайсүрэн дээр давтагдвал яах вэ. Д.Амарбаясгалан хамгаалсаар байж чадах юм уу. Хөгжлийн банкны хэргээр ял сонссон хүн Ерөнхий аудитор хийж болох уу гэдэг асуудал тавигдах ирээдүйг үгүйсгэх газар алга. Нөгөө талаас, ял сонсох эсэх нь шийдэгдээгүй байгаа хүнийг урьдчилаад томоохон албан тушаалд томилбол, хэрэг шударгаар шийдэгдэхгүй байх нөхцөл байдал үүсвэл хэрхэх вэ?

Гуравт, нутгийн хань хамаарал. С.Магнайсүрэн бол дээр дурдсанчлан Говь-Алтайн хүн, Д.Амарбаясгалантай нэг нутаг. ТНБД-ын алба сэлгэхэд нь ч Д.Амарбаясгалан ихээхэн дэмжлэг үзүүлж ирсэн гэгддэг. Нутгархдаг байдлыг хална гээд л Үндсэн хуулиа өөрчилж, холимог тогтолцоог нэвтрүүлж, бүсийн хөгжил ярьж яваа байтал начир дээрээ зүгээр л үргэлж дэмжиж, “татаж” ирсэн нутгийн хүнээ Ерөнхий аудитор болговол зөв үү? Өнөөдөр Ерөнхий аудиторын ажлыг хийх чадамжтай, санхүү болон хууль эрх зүйн өндөр мэдлэгтэй, шударга боловсон хүчин Монголд олон байна. Шинэ дүр хэрэгтэй байна. Аудит сайн ажиллавал төрийн бүх булхай луйвар илчлэгддэг болно. Шударга нийгэм бүтээх эрмэлзэл эндээс эхэлнэ. Гэтэл С.Магнайсүрэн очоод Д.Амарбаясгалан УИХ-ыг толгойлж байгаа цаг үед улс төрөөс хамааралгүй, бие даан ажиллаж чадах уу? Зэрэг асуудал анхаарал татсаар байгаа юм.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин

хуулийн дагуу нээлттэй явуулахад юу нь саад болдог юм бол

Холбоотой мэдээ

Back to top button