АНУ Сири улсад тавьсан хоригоо цуцлах болов

АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп мягмар гарагт /2025.05.13/ Персийн булан дахь айлчлалаа эхлүүлсэн. Тэрбээр эхэлж Саудын Арабад айлчилсан юм. Трамп айлчлалынхаа үеэр АНУ Сири улсад олон жилийн турш тогтоосон хоригоо цуцалж, Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийх амлалт өгсөн гэдгийг зарлажээ.
Мөн Цагаан ордон мэдэгдэл хийхдээ АНУ Саудын Арабад 142 тэрбум ам.долларын үнэ бүхий зэвсэг худалдах тохиролцоо хийсэн байна. Энэхүү тохиролцоог Вашингтоны хийсэн хамгийн том батлан хамгаалахын гэрээ гэж Цагаан ордон мэдэгдсэн юм.
Эр-Рияд хотод болсон хөрөнгө оруулалтын чуулганы үеэр Трамп үг хэлэхдээ Саудын Арабын угсаа залгамжлагч Мохаммед бин Салманы хүсэлтийн дагуу Сири улсад тавьсан хоригийг цуцалж байна гэжээ. Тэр “Угсаа залгамжлагч ханхүүгийн төлөө би юу хийдгийг хар л даа” гэж чуулганд оролцож буй хүмүүсийн өмнө хошигносон байна. Трамп нэмж хэлэхдээ хориг арга хэмжээ чухал үүрэг гүйцэтгэсэн ч одоо урагшлах цаг нь болсон гэжээ.
Сирийн эсрэг тавьсан хоригийг цуцлах нь арав гаруй жил үргэлжилсэн иргэний дайны улмаас сүйдсэн тус улсад томоохон дэмжлэг болно. АНУ нь 1979 онд Сирийг терроризмыг дэмжигч улс гэж тодорхойлж, 2004 болон 2011 онд тавьсан хориг арга хэмжээгээ чангаруулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.