Долоо хоногийн дотор "хайрцаглагдсан" бол өнөөдөр ҮХЦ-ийн 04 дүгнэлтийг хүлээн авахгүй

Үндсэн хуулийн цэцийн 04 дүгээр дүгнэлтийг өнөөдөр УИХ-аар үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Өнгөрсөн долоо хоногт уг асуудлыг хэлэлцсэн ч гишүүдийн байр суурь хуваагдмал байв. Дэмжинэ, дэмжихгүй гэсэн байр суурь тэнцүү шахуу илэрхийлэгдсэн. Ингэтэл УИХ-ын дарга “Гишүүд ойлголт, байр сууриа нэмэгдүүлэх шаардлагатай юм байна. Санал хураалтыг ирэх долоо хоногт үргэлжлүүлье” хэмээн алх цохисон юм.
Цэцийн дүгнэлтийн гол агуулга нь: УИХ-ын сонгуулийн үеэр сонгогч хэдэн ч хүн дугуйлж болно. Сонгох эрхийн асуудал. Харин одоо 10 мандаттай тойрогт заавал 10 хүн дугуйлна, дутуу дугуйлсан бол санал хүчингүй гэж хуульчилсан. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байна.
Өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдааны үеэр ахмад гишүүдээс Ц.Даваасүрэн, залуу гишүүдээс О.Номинчимэг, Х.Баасанжаргал нар цэцийн дүгнэлтийг хүлээж авах нь зүйтэй гэдэг байр сууриа ил тод илэрхийлсэн юм.
Тодруулбал, тухайн сонгогч нэг л хүнийг дугуйлмаар байж болно. Энэ эрхийг нь хязгаарлаж болохгүй гэж байлаа.
Харин нөгөө талаас, мандатын тоогоор дугуйлахгүй бол мөнгөний улстөрч гарч ирэх магадлалтай. Өөрөөр хэлбэл, “Ганцхан намайг дугуйлаарай” гэж санал худалддаг, мөнгөтэй, бэл бэнчинтэй улстөрч гарч ирдэг, танигдаж амжаагүй шинэ нэр дэвшигчид улмаар бага санал авах, эн тэнцүү өрсөлдөж чадахгүй байх эрсдэл үүснэ. Манайдаа бол их төвөгтэй асуудал гэцгээж байв.
Тухайлбал А.Ариунзаяа, П.Сайнзориг, Л.Мөнхбаатар нарын гишүүд ийм байр суурь илэрхийлсэн.
УИХ-ын даргын хувьд гэхэд тэдний байр суурийг дэмжиж байгаа дүр зураг харагдсан юм. Учир нь саналын хуудсыг бүрэн бөглөх нь МАН, АН-д ашигтай тусдаг. Ялангуяа багцаараа, багаараа хүчээ нэгтгэн орж ирж танигддаг МАН-ынхан илүү хождог юм.
Долоо хоногийн дотор гишүүдийн байр суурь хэрхэн өөрчлөгдөв. Тэд цэцийн дүгнэлтийг хүлээж авахгүй буцаах тал дээр хайрцаглагдав уу гэдэг өнөөдөр харагдах юм.
Ер нь цэцийн дүгнэлтийг УИХ хүлээж авдаггүй хандлага удаа дараа давтагдаж байгаа.
Угтаа УИХ-ын гишүүдийн “шүүх” нь Үндсэн хуулийн цэц. Цэцийн шийдвэр заавал хэрэгжих ёстой. Эхний удаад УИХ-ын гишүүд хүлээж аваагүй бол ҮХЦ-ээс Их суудлын хуралдаан зарлаж, асуудлыг дахин хэлэлцдэг. Харин энэ шийдвэр эцсийнх байх юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.