ОХУ Ватиканыг хэлэлцээ хийх газар гэж үзэхгүй байгаа гэв

ОХУ Ватиканыг Украинтай хэлэлцээ хийх газар гэж харахгүй байгаа гэж ОХУ-ын гурван дээд албан тушаалтан “Reuters” агентлагт хэлжээ. Тэдгээр албан тушаалтан хэлэхдээ Ватикан нь католик шашны төв байрладаг, НАТО болон Европын холбооны гишүүн Италиар хүрээлэгддэг учир хэлэлцээ хийх газар гэж үзэхгүй байгаа гэсэн аж. Мөн барууны тавьсан хоригийн улмаас ОХУ-ын албан тушаалтнууд Ватикан руу нисэх боломжгүй гэдгийг тэд онцолсон байна.
АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп өнгөрсөн долоо хоногт ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтэй утсаар ярьсныхаа дараа Ватикан Киев, Москвагийн хэлэлцээг зохион байгуулж болно гэжээ. Италийн Ерөнхий сайд Жоржиа Мелони өнгөрсөн долоо хоногт хэлэхдээ пап XIV Лео хэлэлцээг зохион байгуулах хүсэлтэй гэдгээ илэрхийлсэн гэсэн юм.
Тэгвэл Кремлийн дээд түвшний бодлого боловсруулалтын талаар мэдээлэлтэй эх сурвалж “Reuters” агентлагт хэлэхдээ “Ватикан ийм нарийн асуудлыг шийдэх хүчин гэж ОХУ огт үзэхгүй байгаа” хэмээжээ. Харин өөр нэг эх сурвалж хошигнон хэлэхдээ Ватиканаас дээр байх цорын ганц газар бол Олон улсын эрүүгийн шүүх (ICC) байрладаг Хааг хот гэсэн байна. “ICC” ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинийг баривчлах тушаал гаргасан байгаа.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.