Улс төрийн мэдээ

Ирцгүй хуралдаанаар хуулиудыг анхны хэлэлцүүлгээс нь шууд эцэслэн баталж байна

Өчигдрийн даваа гарагт УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан 11.22 цагт эхэлсэн. Албан мэдээнд бол ирц 79.4 хувь байсан гэж дурдсан байна.

Гэвч хөгжлийн төлөвлөгөө хэлэлцэх үеэр асуултад хариулах сайд нар нь байхгүй, санал хураах гэхээр ирц дутаад өдрийн дундуур нэг удаа завсарлага авахад хүрсэн.

АН-ын бүлэг удаан хуралдаж, Засгийн газрын бүрэлдэхүүнд үлдэх эсэх дээр маргасан. Ингээд УИХ-ын чуулганд АН-ын жигүүр бүхэлдээ хоосон шахуу байв.

Ийм нөхцөлд өчигдөр хуулийн төслүүдийг шууд л анхныхаас эцсийн хэлэлцүүлэг рүү бэлтгүүлэн алх цохижээ.

Тухайлбал, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн  анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Анхны хэлэлцүүлгийг хийсэн атлаа Дэгийн тухай хуульд үндэслэн, шууд эцэслэн баталсан байна.

Дараа нь СЕХ-ны гишүүнээс Д.Дэлгэрсайханыг өөрийнх нь саналаар чөлөөлсөн. Нууц санал хураалт явуулаад, мөн л чөлөөлөхийг дэмжсэн.

Цаашлаад Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийсэн.

Мөртлөө шууд эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр байнгын хороо руу шилжүүлжээ.

Сүүлд нь “Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөө батлах тухай” тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийхэд чуулганы хуралдааныг Х.Булгантуяа удирдаж байлаа.

Нэлээд нухацтай ярилцах, эргэлзээтэй хэд хэдэн сэдэв гарч ирсэн ч сайд нар байсангүй. Ингээд зарчмын зөрүүтэй 141 саналын томъёоллоор санал хураасан. Энэ дунд ихэнхийг нь дэмжээгүй. Нарийн өнгийвөл салбар салбарт хамаатай, төсөв мөнгөний чухал сэдэв энд хэлэлцэгдэж байсан.

Ингээд л тал нь шахуу байхгүй хуралдаанаар санал хурааж, 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр шилжүүлсэн юм.

Засаг төр нь төвхнөж, нэг тийш болж чадахгүй бужигнаж, хүлээлт үүсгэж байх зуур УИХ-ын чуулган энэ долоо хоног дөрвөн өдөр хуралдахаар товлосон. Олон нийтийн анхаарал бөгөөд ирц сул үеэр хуулиудыг шууд анхны хэлэлцүүлгээс эцсийнх рүү шилжүүлж, эсвэл эцэслэн баталж байгаа нь анхаарал татаж байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 27, 2025 21:02

Арай дэндүү байна шүү.

Холбоотой мэдээ

Back to top button