Колорадо мужид хүмүүс рүү гал шүршигчээр халдсан этгээд “Палестиныг чөлөөл” гэж орилжээ

АНУ-ын Колорадо мужид Боулдэр хотод нэгэн этгээд хүмүүс рүү гал шүршигчээр халдаж, зургаан хүнийг бэртээсэн хэрэг гарчээ. Цагдаа нар хэрэгтнээр 45 настай Мохамед Сабри Солиманыг баривчилсан байна. Газын зурваст буй Израил барьцааны хүмүүсийн асуудлыг олон нийтэд хүргэхээр цугларсан олон руу Солиман халдаж, Палестиныг чөлөөл гэж орилжээ.
Холбооны мөрдөх товчоо тус хэргийг террорист халдлага гэж авч үзэн шалгаж байгаа аж. Боулдэр хотын цагдаагийн албаны дарга Стивен Редферн ням гарагт /2025.06.01/ мэдэгдэл хийхдээ “Хэргийн газар дээр очиход түлэгдэлттэй ижил гэмтэлтэй олон хохирогч байсан” гэсэн юм. Холбооны мөрдөх товчооны захирал Каш Пател тус явдлыг зорилтот террорист халдлага гэж тодорхойлжээ. Мөн Колорадо мужийн Ерөнхий прокурор Фил Вайзер хэлэхдээ, онилсон бүлэг хүмүүсийг харвал энэ хэрэг нь үзэн ядах гэмт хэрэг бололтой гэсэн байна. Уг хэрэг Газын зурваст болж буй дайны улмаас АНУ-д хурцадмал байдал нэмэгдэж буй үед болов.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.