Танилц: УИХ-ын үйл ажиллагаа саатаж байнгын хороо, ажлын хэсэгт гацсан хуулийн төслүүд

МАН Бага хурал өнгөрсөн тавдугаар сарын 21-ны /2025.05.21/ шөнө хуралдаж “Засгийн газарт хамтран ажиллах гэрээ”-г зөрчсөн улс төрийн намыг оролцуулахгүйгээр Засгийн газрыг бүрэлдүүлэх шийдвэр гаргасан.
Үүнээс хоёр долоо хоногийн дараа буюу өнгөрсөн долоо хонгийн даваа гарагт /2025.06.02/ УИХ Ерөнхий сайдад “итгэл үзүүлэх” тогтоолын төслийг дэмжилгүй, унагаад буй. Одоо эрх баригч МАН шинэ ерөнхий сайдаа тодруулж, УИХ-аар дэмжүүлснээр шинэ засаг байгуулагдана.
Энэ хүрээнд МАН-ын Удирдах зөвлөл өнгөрсөн долоо хонгийн баасан гарагт /2025.06.06/ хуралдаж, шинэ ерөнхий сайд тодруулах Бага хурлынхаа товыг гаргасан. Хурал өнөөдөр 11:00 цагт эхэлнэ. Эндээс гарсан шийдвэр хуулийн дагуу УИХ-аар дэмжигдэж, албажих ёстой. Ингээд дараа нь Шинэ Засгийн газар байгуулагдана. Үүнд бас нэг долоо хоног шаардагдана.
Ерөнхийд нь эрх баригч нам Засгийн газраа унагаж, холио солио хийх гэж улсын ажлыг нийтдээ нэг сар гацаагаад буй үйл явцыг тоймлон харвал ийм.
Энэ хугацаанд УИХ-ын үйл ажиллагаа ч саатаж, хуулийн төслүүд байнгын хороон дээр гацав. Бас дайны хажуугаар дажин гэгчээр ганц нэг хуулийн төсөл хоосон шахуу танхимд анхны хэлэлцүүлгээс шууд эцсийн хэлэлцүүлэгт шилжин, батлагдаж харагдсан. Энэ талаар бид өмнө нь мэдээлж байв.
Өмнөх мэдээллийг ЭНД дарж харна уу.
Ингээд ямар хуулиуд Байнгын хороодод гацаж, ямар төслүүд бүр мартагдаад буйг сануулъя.
Тавдугаар сарын 22, 23 өдрүүдэд хуралдсан чуулганаар хэлэлцсэн, үр дүнд хүрээгүй хуулийн төслүүд:
- Цусны донорын тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд болон Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд хэлэлцэх эсэх дээрээ гацсан. Төслийг УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн нарын дөрвөн гишүүн 2025.03.31-ний өдөр өргөн мэдүүлсэн.
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд анхны хэлэлцүүлэг дээрээ гацсан. Хуулийн төсөл өмнөх хоёр долоо хоногт орж ирээгүй. Харин энэ долоо хоногт дахин хэлэлцэх эсэхийг нь хэлэлцүүлэхээр нэгдсэн чуулганд орж ирнэ. Төслийг УИХ-ын гишүүн Ж.Алдаржавхлан 2025.05.02-ны өдөр өргөн мэдүүлсэн.
Тавдугаар сарын 29, 30 өдрүүдэд хуралдсан чуулганаа хэлэлцсэн, үр дүнд хүрээгүй хуулийн төслүүд:
- “Эрчим хүч-3 төсөл”-ийг хэрэгжүүлэх Монгол Улс, Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк хоорондын Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл соёрхон батлахаар оруулж ирсэн ч энэ чигтэй гацсан. Уг төслийг энэ долоо хоногт мөн соёрхон батлахаар нэгдсэн хуралдаанд оруулна. Төслийг Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн.
- Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хэлэлцэх эсэх дээр гацсан. Дахин оруулж ирэх тов гараагүй. Төслийг Засгийн газар 2025.05.16-ны өдөр өргөн мэдүүлсэн.
- Энэ долоо хоногт мөн чуулганаар хэлэлцүүлсэн “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу дараах гурван жилд утааг арилгах бодит ажлуудын талаарх чиглэлийг Засгийн газарт өгөхөөр Б.Жаргалан нарын гишүүд боловсруулсан. Гэвч улс төрийн нөхцөл байдлаас үүдэж уг асуудал хаягдаад байна.
Зургаадугаар сарын 5-ны чуулганаар ганц хуулийн төсөл хэлэлцүүлээд энэ долоо хоног дахин нэгдсэн чуулган хуралдаагүй.
- Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд хэлэлцүүлэх эсэх дээр гацаж явсаар энэ өдрүүдэд нэгдсэн хуралдаанаа анхны хэлэлцүүлэг хэмээн орж ирсэн. Хуулийн төслийг энэ долоо хоногт мөн хэлэлцүүлнэ. Төслийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар нарын есөн гишүүн 2025.01.23-ны өдөр өргөн мэдүүлсэн.
Харин энэ долоо хоногт нийт дөрвөн хуулийн төсөл хэлэлцэнэ.
Түүнчлэн энэ хугацаанд УИХ дээр гацсан Ухаа худаг төслийн ажил мөн сураг тасрав.
“Ухаа худаг”-ын лиценз хуулийн дагуу олгогдсон эсэхийг Засгийн газраас томилогдсон ажлын хэсэг дүгнэсэн. Ингээд ажлын хэсгийн ахлагч ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл дүгнэлтээ УИХ-д хүргүүлсэн ч хэлэлцэлгүй сар гаруй болсон. Тиймд О.Алтангэрэл сайд “Ухаа худаг”-ын асуудлыг хоёр боть ном болгож хэвлээд УИХ-ын гишүүдэд тараасан.
Үүний дараа УИХ-аас “Ухаа худаг” төслийг явуулах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн П.Мөнхтулгаар ахлуулж, байгуулсан. Гэвч өнгөрсөн сарын хугацаанд тус ажлын хэсэг нэг ч хуралдсангүй. Хуралдааны тов энэ долоо хоногт ч алга.
Мөн Улаанбаатар хотын автотээврийн хэрэгслийн албан татварын нэмэгдлийг цуцлах талаар гаргасан нийтийн өргөдлийг судлан үзэж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан өнгөрсөн долоо хоногт болохоор төлөвлөгдсөн байсан ч уг асуудал Төсвийн байнгын хороогоор орж ирсэн, хэлэлцсэн эсэх нь тодорхойгүй орхигдов.
Д.ЦЭГЦ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.