Гаднын орнуудад их дүйчэн өдрийг хэрхэн тэмдэглэдэг вэ

Бурхан багшийн их дүйчэн өдөр буюу Вэсак нь буддын шашинтай хүмүүсийн хувьд хамгийн чухал шашны баяруудын нэг юм. Энэ өдөр Сиддхарта Гаутама мэндэлж, гэгээрэлд хүрч, мөн таалал төгссөн гурван чухал үйл явдлыг тэмдэглэдэг. Тэгвэл одоо дэлхийн улс орнууд уг өдрийг хэрхэн тэмдэглэдэг болохыг харцгаая.
Япон
Японд их дүйчэн өдрийг Хана Мацүри (Цэцгийн баяр гэсэн утгатай) эсвэл Канбуцүэ гэж нэрлэдэг. Эдгээр нэршил нь Буддагийн төрсөн өдөр тэнгэрт луу гарч ирээд, түүний бие рүү “сома” цацсан гэх домгоос улбаатай.
Өмнө нь Япон Хана Мацүрийг сарны тооллын дөрөвдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг байсан ч XIX зуунд Мэйжигийн засаглалын үеэр нарны тооллоор дөрөвдүгээр сарын 8-нд тэмдэглэдэг болгосон аж.

Энэ өдөр сүсэгтнүүд сүм, хийдийн талбайг өнгө өнгийн цэцэгсээр чимэглэдэг байна. Талбайн голд нялх Буддагийн жижиг хөшөө бүхий аягатай ус тавьж, сүсэгтнүүд хөшөөний толгой дээр цай дусаадаг аж. Мөн Будда Лумбини сүмд мэндэлсэн үеийг дуурайлган хийдэг Камбүцү-э ёслолыг лам үйлддэг байна.
Непал
Непалд энэ өдрийг Будда Жаянти гэж нэрлэдэг. Уг өдрийг улсын хэмжээнд өргөн тэмдэглэдэг бөгөөд Индонез болон Монгол Улс шиг үндэсний амралтын өдөр болгожээ.

Энэ өдөр хоёр тусгай газар хүмүүс олноороо цугладаг. Эхнийх газар нийслэл Катмандугаас 234 км зайд орших Буддагийн төрсөн газар болох Лумбини сүм юм. Хүмүүс мөн их дүйчэн өдрийг нээх үйл ажиллагаа явагддаг Сваямбү сүмд олноороо цугладаг байна. Катманду бүсээс болон гаднын орнуудаас сүсэгтэн олон энэ хоёр ариун газрыг зорьж, мөргөл үйлддэг. Мөн баярын өдөр ядуу буурай хүмүүст хүнс, хувцас хандивлах, сүм хийд, сургуулиудад мөнгө хандивлах нь элбэг.
БНХАУ

Хятадад сүсэгтнүүд Буддагийн төрсөн өдрөөр тусгай угаах ёслол үйлддэг. Энэ ёслолыг үйлдэхдээ баруун гарын долоовор хуруу нь тэнгэр рүү зааж, зүүн гарын долоовор хуруу нь газар луу заасан нялх Буддагийн баримал дээр анхилуун үнэртэй, адислагдсан ус цутгаж үйлддэг. Домог бол ёсоор Будда төрмөгцөө дахин төрөл авахгүй гэдгээ зарлаж, тэнгэрийн луустай хамт цэвэр усанд угаалгасан гэдэг учир энэ ёслолыг үйлддэг байна.
Шри Ланка

Шри Ланкад бүтэн долоо хоногийн турш Буддагийн амьдралын гурван чухал үеийг дурсан тэмдэглэдэг. Энэ долоо хоногт согтууруулах ундаа, мах худалдахыг хориглож, нядалгааны газруудыг хаадаг. Харин үүний оронд хүмүүс сүсэг бишрэлийн үйл ажиллагаанд оролцож, хандив өргөдөг байна. Мөн Жатака үлгэрүүдийг дүрсэлсэн тайз тавцан барьж, өнгө өнгийн дэнлүү гудамж, байшингийн үүдэнд өлгөдөг аж. Жатака үлгэрүүд нь Буддагийн өмнөх төрлүүдийг өгүүлдэг үлгэрийн цуглуулга юм. Үлгэрүүдэд ёс суртахууны номлол, сургаалыг тусгаж өгсөн байдаг.
Индонез
Индонез улсад ч мөн адил дэлхийн хамгийн том буддын сүм болох Боробудур байдаг. Тус сүмд их дүйчэн өдрийг тохиолдуулан томоохон ёслолын арга хэмжээнүүд болдог байна.

Их дүйчэн өдөр орон нутгийн болон бусад улсын олон мянган лам Боробудур сүмийн эргэн тойронд Прадэксина хэмээх мөргөл үйлдэж, маань уншин бясалгал хийдэг. Үүний дараа тэд даруу байдлыг илэрхийлэх ариун ус савлаж, гэрэл ба гэгээрлийг бэлгэдсэн ариун галтай ёслол үйлддэг юм.
Мөн ард иргэдээс хандив хүлээн авдаг Пиндапата нэртэй арга хэмжээг зохион байгуулдаг. Их дүйчэн өдрийн гол арга хэмжээ болох Дарма Шанти ёслол нь Боробудур дахь Лумбини цэцэрлэгт болдог. Тус ёслолын дараа мянган дэнлүү хөөргөх, нийтээрээ залбирдаг байна.
Өмнөд Солонгос
Өмнөд Солонгост их дүйчэн өдрөөр бүх нийтээрээ амардаг. Сөүлд их дүйчэн өдрийг тэмдэглэж буй сүсэгтнүүдийн хүлээдэг үйл ажиллагаа бол Ёндунхуэ ёслол юм. Тус ёслолын үеэр олон мянган сүсэгтнүүд дэнлүүгээ нэг ёсны парад хийдэг байна. Эдгээр дэнлүү нь ихэвчлэн бадамлянхуа цэцгийн хэлбэртэй байдаг юм. Ийнхүү гэрэлт дэнлүүгээр парад хийх нь Буддагийн сургаалын гэгээрлийг бэлгэддэг хэмээн үздэг.Хүмүүс мөн сүм хийд болон гудамж талбайг чимдэг байна. Энэ өдөр олон сүм хийдүүд зочдод үнэгүй цай, хоолоор үйлчилдэг. Сүмийн хашаа болон цэцэрлэгт хүрээлэнд уламжлалт тоглоом, урлагийн тоглолтууд явагддаг байна.

Хойд Солонгост Буддагийн төрсөн өдөр нь албан ёсны баяр биш ч, 1988 оноос хойш сүм хийдүүдэд энэхүү өдрийг тэмдэглэж иржээ. 2018 онд хоёр Солонгосын хооронд улс төрийн уур амьсгал намжсаны дараа, умард ба өмнөдийн лам нар хамтарсан мөргөл үйлдэж байсан юм. Гэвч сүүлийн жилүүдэд Умард Солонгосын цөмийн хөтөлбөртэй холбоотой зөрчлөөс болж ийм төрлийн солилцооны хөтөлбөрүүд зогсжээ.
Эх сурвалж: VOA, MSIG
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.