Допингийг зөвшөөрдөг тэмцээн ирэх жил Лас Вегаст явагдана

Ирэх жилийн тавдугаар сард Лас Вегас хотноо допингийг зөвшөөрдөг тэмцээн зохион байгуулах гэж байна. Тус тэмцээн нь усанд сэлэлт, хөнгөн атлетик, хүндийн өргөлтүүдийн төрөлтэй явагдана. Тавдугаар сарын 21-24-ны хооронд явагдах “The Enhanced Games” нэртэй тэмцээнд аварга авсан хүмүүст 250 мянган ам.долларын шагнал өгөх юм. 100 метрийн гүйлт, 50 метрийн усанд сэлэлтийн дэлхийн рекордыг шинээр тогтоосон тохиолдолд сая ам.доллароор шагнана.
Тэгвэл Олон улсын допингийн эсрэг байгууллага (WADA) тус арга хэмжээг эрх баригчид зогсоохыг уриалсан байна. “WADA”-ын ерөнхийлөгч Витольд Банка олимпын спортын байгууллагуудын хурлын үеэр хэлэхдээ “АНУ-ын албан тушаалтнууд энэ арга хэмжээг хууль ёсны аргаар зогсоохыг уриалах болно. Энэ арга хэмжээ аюултай байж болзошгүй бодисын хэрэглээг хэвийн зүйл мэт харагдуулах зорилготой. Тамирчдын эрүүл мэнд, спортын цэвэр ариун байдлын үүднээс мэдээж үүнийг зогсоох ёстой” гэжээ.
Банка нэмж “Гол зүйл нь энэ арга хэмжээ АНУ-д зохион байгуулагдах тул АНУ-ын Допингийн эсрэг агентлаг (USADA) хүчтэй үүрэг гүйцэтгэх ёстой гэж би бодож байна” хэмээсэн юм. Үүний хариуд “USADA”-гийн гүйцэтгэх захирал Трэвис Тигарт “Хэрвээ тэр АНУ-ын албан тушаалтнуудыг арга хэмжээ авахыг уриалах хүсэлтэй бол Конгресст ирээд сенатуудаас асуух хэрэгтэй” гэсэн байна.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.