"Онтрэ"-гийн асуудал шинэ Засгийн газрыг хүлээж, төлөвлөгөөт уурхайн ажил нь саатаад байна

Оюу толгойн ашиглаагүй бөгөөд баялаг нөөцтэй хоёр шинэ талбай дээр “Онтрэ” компанитай ойлголцох шаардлага үүсээд байгаа. Энэ оны хоёрдугаар сараас хойш тулаад ирсэн сэдэв боловч дунд нь Л.Оюун-Эрдэнийн ЗГ огцорч, шинэ Ерөнхий сайд Г.Занданшатар танхимаа ч байгуулж амжаагүй байна.
“Онтрэ” нь өөрийн эзэмшил дэх хоёр талбайгаа “Оюу толгой” ХХК-д шууд шилжүүлэх хэлцлийг Монголын Засгийн газрын оролцоогүй хийчихсэн. “Оюу толгой” ХХК-ийн 66 хувийг эзэмшдэг “Рио Тинто” групп давхар “Онтрэ”-гийн томоохон хувьцаа эзэмшигч. Түүнчлэн Гүйцэтгэх захирал нь ажлаа өгч, шинэ нь томилогдоогүй байгаа.
Нэг ёсондоо Монголын шинэ Ерөнхий сайд, “Рио Тинто”-гийн шинэ Гүйцэтгэх захиралтай “Онтрэ”-гийн хэлцлийг хийнэ гэсэн үг.
“Онтрэ”-гийн талбай нь “Рио Тинто”-той хийсэн 2009 оны Хөрөнгө оруулалтын гэрээ зэрэг бүх баримт бичгээр тусдаа асуудал гэдгийг УИХ, ЗГ-аас байгуулсан ажлын хэсэг тогтоогоод байгаа билээ.
Тийм ч учраас “Онтрэ”-гийн хоёр талбайг “Оюу толгой” ХХК-ийн үйл ажиллагааны хүрээнд ашиглуулахын тулд тусдаа гэрээ байгуулах, тусгай зөвшөөрөл эзэмшигч болох “Онтрэ”-гийн 34-өөс доошгүй хувийг ЗГ авах шаардлагууд үүсдэг.
Ямартай ч хэлцэл удааширч байгаатай холбоотойгоор “Оюу толгой”-д шилжүүлэх “Шивээ толгой” төсвийн ажил саатсан байна. Гүний уурхайн төсөл энэ талбайд үргэлжлэх ёстой. Иймд уурхайн хөгжүүлэлтийн ажил ч тодорхой хэмжээнд саатаад байгаа аж.
“Шивээ толгой” болон “Жавхлант” талбайд нийт ордын зэсийн нөөцийн 24 хувь, алтны 42 хувь, мөнгөний 29 хувь, молибдений металлын 94 хувь нь агуулагддаг.
Нэг талаас хамтарсан ЗГ огцорсон нь асуудал удаашрахад нөлөөлж байна. Нухацтай авч үзэх ёстой сэдэв ч гэлээ зургадугаар сарын төлөвлөгөө улмаар тодорхойгүй хугацаанд хойшилж байгаа нь сөрөг үр дагавартай. Гэхдээ бас шинэ Ерөнхий сайд буюу Монголын Засгийн газрын байр суурийг сайтар тусгах нь ч Монголын эрх ашигт нийцэх юм.
Ерөнхий сайд Г.Занданшатарын хувьд томилогддог өдрөө уг асуудлаар “Байр сууриа ил тод илэрхийлэх эрт байна. Хувь хүнийхээ хувьд “Онтрэ”-тэй тусдаа гэрээ байгуулах нь зүйтэй гэж боддог” хэмээсэн юм.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.