Нийгэм мэдээ

Шинэ жишиг: Байгальд ээлтэй хөгжмийн наадам

Азийн тэргүүлэх хөгжмийн наадам болохоор зорьж буй "Playtime Festival" нь байгаль орчныг хамгаалах, тогтвортой хөгжлийг дэмжих үзэл санааг хөгжмийн наадмын соёлтой хослуулан, олон улсын жишигт нийцсэн “ногоон наадам” болох зорилтын хүрээнд үе шаттайгаар бодит санаачилгуудыг хэрэгжүүлэн ажиллаж буй билээ.

Тус фестиваль нь “earth.music.art.love” уриан дор байгаль дэлхий, урлаг соёл, энх тайван, хүн төрөлхтний сайн сайханд үнэ цэнийг бүтээж, хөгжмийн баяр баясгаланг байгальд ээлтэй хэлбэрээр хүргэхийг эрхэм зорилгоо болгодог. Энэ хүрээнд наадмын талбайн хүрээлэн буй орчныг нөхөн сэргээх, сэргээгдэх эрчим хүч ашиглах, тогтвортой ногоон амьдралын хэв маягийг дэмжин ажиллаж байна.

-Playtime Festival 2025: Мод тарих бодит ажлууд-

2025 онд тус наадам нь Европын Холбоо болон ХБНГУ-ын Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн яам /BMZ/-ны дэмжлэгтэй STREAM+ төсөлтэй хамтран ажиллаж, Сэлэнгэ аймгийн Мандал суманд үржүүлсэн 70 см орчим өндөртэй 120 ширхэг гацуур модыг Playtime Festival-ийн "Bunkr" тайзны хэсэгт суулгасан байна. Мөн мод бүрийг бүртгэлжүүлж буй Treelings платформын хамтаар 2 метр өндөртэй, бортогогүй 100 ширхэг бургасыг тус талбайд нэмэлтээр тарьжээ. Уг ажил нь байгаль орчныг нөхөн сэргээх, ургамлын төрөл зүйлийг нэмэгдүүлэх, үзэгчдэд байгальд ойр, тав тухтай орчныг бүрдүүлэхэд чиглэж буй юм.

Түүнчлэн тогтвортой хөгжлийн түнш байгууллага болох Coca-Cola компанийн "Coca-Cola Area" орчимд салхины нөлөөллийг бууруулах, бичил уур амьсгалыг тогтворжуулах зорилгоор 50 гаруй цагаан улиас тарьжээ. Энэ нь хурдан ургалттай, агаар шүүж, хөрс тогтоох өндөр чадвартай мод бөгөөд байгальд ээлтэй наадмын зохион байгуулалтын бодит жишээ болсон байна.

2025 оны хувьд  Playtime Festival нь нийтдээ 2500 ширхэг улиас, 5000 ширхэг бургас нэмж тарьсан нь Playtime Festival-ийн үлгэр жишээ ногоон хөгжмийн наадам болох болох зорилтыг улам бататгаж буй үйл ажиллагаа боллоо.Эдгээр санаачилга нь нэг жилийн хүрээнд хийгдсэн үйлдэл биш бөгөөд хөгжмөөр дамжуулан залуусыг байгаль дэлхийгээ хайрлах эерэг хандалгад уриалдаг Playtime Festival нь 2024 онд  шинэ талбайдаа 20 төрлийн нийт 56,000 орчим модыг шинэ талбайдаа тарьж, байгальд ээлтэй наадмын үндэс суурийг тавьсан билээ.

-Тогтвортой ногоон хүрээлэн: Байгальд ээлтэй бүтээн байгуулалт-

Playtime Festival нь байгальд суурилсан шийдлүүдийг урлаг, соёлын орчинд нэвтрүүлж, Тогтвортой Ногоон Хүрээлэн нэртэй экосистемд ээлтэй бүтээн байгуулалтыг албан ёсоор эхлүүлээд байна.Тогтвортой ногоон хүрээлэнгийн хүрээнд:

  • Монгол орны таримал ойн санг нэмэгдүүлэх
  • Монголд ургадаг бүх төрлийн модыг тарьж ургуулан жишиг ботаник хүрээлэн байгуулах
  • Цөлжилт, хөрсний доройтол, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг бодит хувь нэмэр оруулах
  • Нэн ховор ургамал, моддыг тарималжуулан хамгаалах
  • Үзэгчид, залуусын дунд байгальд ээлтэй сэтгэлгээг төлөвшүүлэх

Тус хүрээлэнгийн хүрээнд 140 гаруй төрлийн 1 сая мод таригдахаар төлөвлөгдсөн бөгөөд мод бүрийг бүртгэлтэй, хяналттай, ил тод байдлаар модны бүртгэлийн системээр удирдах юм. Мөн энэхүү хүрээлэнд байгалийн нэн ховор ургамлын цэцэрлэгт хүрээлэн байгуулж, хамгаалалт болон нөхөн сэргээлийн зориулалт бүхий генобанк үүсгэхээр төлөвлөж байна.

-Playtime Festival: Урлаг ба байгалийг нэгтгэх шинэ хандлага-

Playtime Festival-ийн хэрэгжүүлж буй эдгээр санаачилга, бодит үйл ажиллагаа нь байгальд ээлтэй хөгжмийн фестивалийн шинэ соёл, шинэ хандлагыг төлөвшүүлж буй бодит жишээ юм. Фестивалийн үзэгч, оролцогч бүрийн сэтгэлд зөвхөн хөгжмийн аялгуу төдийгүй байгальд ээлтэй амьдралын уриалга, хандлага үлдээхийг зорьсон энэхүү санаачилгууд цаашид улам өргөжиж, тогтвортой байдлаар үргэлжлэх юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button