НИЙГЭМНийгэм мэдээ

Зөвлөх мал зүйч Д.Ренчиндорж: Малын тоонд биш чанарт нь анхаарах хэрэгтэй байна

Таван хошуу мал гэдэг нь Монгол Улсын хувьд эдийн засаг, нийгэм, соёлын амин чухал салбар билээ. Нүүдлийн мал аж ахуй нь монголчуудын олон мянган жилийн амьдралын хэв маяг, ахуйн соёлын суурь болж ирсэн. Орчин үед ч мал аж ахуй нь хөдөө аж ахуйн голлох салбар хэвээр байгаа бөгөөд хөдөлмөр эрхлэлтэд онцгой байр суурь эзэлж байна.

Сүүлийн жилүүдэд малын тоо толгой эрчимтэй өсч, 2024 оны жилийн эцсийн байдлаар Монгол Улсад 71.1 сая мал тоологдсон. Үүнээс ямаа 30.2 сая, хонь 25.3 сая, адуу 5.2 сая, үхэр 4.9 сая, тэмээ 0.5 сая толгой байна. Тоо толгойн хувьд энэ өсөлт нь сайн мэдээ мэт харагдаж болох ч нөгөө талаар зарим чанарын асуудлыг дагуулж буй.

Олон малтай байх нь малчдын орлогыг богино хугацаанд нэмэгдүүлж болох ч малаас гарах түүхий эд болох ноос, ноолуур, арьс шир, мах зэрэг зүйлс чанараа алдах эрсдэлтэй юм. Малын тоо толгой нэмэгдэж буй нь эдийн засгийн хувьд боломж мэт боловч зөв менежмент, чанаржуулалт, байгальд ээлтэй хандлага үгүй бол энэ өсөлт ирээдүйд экологийн хохирол, эдийн засгийн эрсдэл дагуулах аюултай. Иймд малын чанарыг хэрхэн өсгөх, үүний үндэс юунаас эхэлж байгаа талаар Монгол Улсын зөвлөх мал зүйч, дэд профессор Д.Ренчиндоржтой зөвлөгөө мэдээлэл авах зорилгоор ярилцлаа.

Тэрбээр ХААИС, МАА биотехнологийн сургуульд 45 жил багшилж, одоо зөвлөх мал зүйчээр ажиллаж байгаа юм.

-Ургамал ургалтын хугацаа нэг сараар хойшилсон байдалтай байна-

Гэрэл зургийг О.Улсболд

-Юуны өмнө яриагаа энэ жилийн зуншлага хэр байгаагаас эхэлье гэж бодож байна.

-Энэ жилийн хувьд Монгол орон даяар ургамлын ургалт муу байгаа. Говийн аймгууд харьцангуй эрт ногоорсон. Зүүн гурван аймгийн хувьд харьцангуй гайгүй. Гэхдээ Дорнод аймгийн хэд хэдэн сумын нутаг ногооны ургалт муутай, гандуу шинжтэй байгаа. Баруун зүгийн Увс, Ховд, Баян-Өлгий, Завханы баруун талын сумууд харьцангуй гандуу байна. Харин төвийн аймгууд бас л янз бүр. Ерөнхийдөө л энэ жилийн зуншлага жигд бус байна. Өнгөрсөн жил говийн аймгууд зуншлага гайгүй байсан учраас энэ жил яг тэр зуншлага гайгүй байсан хэсгүүдэд бороо орж, дахин гайгүй болгож байна. Зуны эхэн сар дуусгавар болж дунд сар эхлэх гэж байгаа энэ үед өдөр шөнөгүй салхилж буй. Ингэж байнга салхилж байснаа, өдөр нь их халуун нар гараад ургамал ургах зай өгөхгүй нь.

-Зуншлага тааруу байгаа нь юутай холбоотой бол?

-Нэгдүгээрт дэлхийн дулааралтай холбоотой. Зүүн аймгуудад 2.5-3.2 градус илүү халж байх жишээний. Хоёрдугаарт хөрсний чийг хангалтгүй байна. Өмнөх жил нь ногоо эрт ургасан газрын хөрс нь чийгээ барьж бороо ороход дөхөм болгож байхад, эсрэгээрээ ногоо хожуу ургасан газрын борооны үүл нүүгээд байгаа юм. Дараагийн зүйл бол бэлчээрийн малд идэгдэх ургамлын тоо харьцангуй цөөрсөн. Нэг ноцтой зүйл нь ургамал ургалтын хугацаа нэг сараар хойшилсон байдалтай байна.

-Энэ нөхцөл байдлууд юунд хүргэж, ямар нөлөө үзүүлэх үү?

-Ногоо муу ургах, бэлчээрийн малд идэгдэх ургамлын тоо цөөрөх нь хаврын отор хийх, малаа махлуулах буюу тарга тэвээрэг авхуулах боломжийг олгохгүй байна. Нөгөө талаараа төв суурин газраа тойроод өвөлжөө, хаваржаатай эсвэл олон малтай айлуудад тулгамддаг асуудлаас болоод хаврын отрыг хийхээ больсон. Энэнээс болоод мал хур тарга авч чадахгүй байна. Хур тарга авахгүй учраас халдварт бус өвчин их гарах нөхцөл үүснэ.

-Цаг агаар, өвсний ургалтаас хамаарч малын дархлаа муудна-

-Малчдын хувьд цаг агаарын нөхцөл маш чухал. Цаг агаарын нөхцөл байдал болон бусад хүчин зүйлээс болоод халдварт өвчин их гарч байгаа гэлээ шүү дээ. Энэ нь малын дархлааны асуудалтай холбоотой юу?

-Тийм ээ зөв. Цаг агаараас хамаарч өвс, ургамлын ургалт хамаарна. Энэ нь отор хийх нөхцөлийг бүрдүүлнэ. Харин отор болон өөр авч болох арга хэмжээг авч, малчид нэмэлт зүйлс хийхгүй бол мал эрдэс тэжээл, уураг, витаминаар дутагдана. Энэ малын бодисын солилцоог алдагдуулж дархлааг нь муутгана. Үүнээс үүдэж устсан халдварт өвчнүүд шинээр голомтлох, гаднаас халдварт өвчин зөөвөрлөгдөн ирэх гэх зэргээр малын халдварт өвчнүүд олноор гарах эрсдэл нэмэгдэж буй. Малчдын зүгээс энэ бүх зүйлийг бодитоор мэдэрч, харж, сэрэмжилж байгаа нь ойлгомжтой. Тийм учраас өөрсдийн зүгээс нэмэлт тэжээл, витамин авч өгч болно.

-Малын дархлаа муудах нь өвчин гаралт болон ашиг шимд нөлөөлөх нь ээ?

-Мэдээж тэгнэ. Жишээлбэл сүүлийн 20 жилийн судалгаагаар үхрийн амьдын жин 18-22 кг, хонины амьдын жин 3-4 кг буурсан. Харин ноолуурын гарц нэмэгдсэн. Гэхдээ ноолуурын микрон нь стандартаараа 15-16 байх ёстой байхад 18-20 болчихсон. Малаас хамаарах, түүнээс гарах бүр түүхий эд энэ дархлаа, отор, тарга тэвээрэгтэй зайлшгүй холбоотой учир дурдахгүй байх аргагүй юм.

-Ноолуурын талаар нэгэнт ярьсных танаас асуух зүйл байна. Малын амьдын жин буурсантай холбоотойгоор ноолуурын чанар мууддаг гэсэн үг үү?

-Тийм ээ, малын амьдын жин нь ноолуурын гаралт болон чанарт тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Үүнийг мал аж ахуйн шинжлэх ухаанд олон судалгаагаар нотолсон байдаг. Нарийн ноост хонины ноосны хэмжээнд ямааны ноолуурын ширхгийн бүдүүн оччихоод байна. Энэ нь ихэнх үйлдвэрийн стандартад тохирохгүй зүйл юм.

-Энэ асуудлуудад малчдын зүгээс авч болох арга хэмжээ нь юу вэ?

-Тэжээлээр хангах явдал юм. Гар тэжээл бэлтгэж болно. Дээхэн үед бэлчээрт байх малын тоо цөөн байсан. Алс газруудын зам харгуйг засаж бэлчээрийг ашиглах ажил тусгайлан явагддаг байсан. Энэ гэхдээ малын тоо 25-26 сая байх үеийн арга хэмжээ шүү дээ. Одоо бол малын тоо 2.8 дахин нэмэгдээд байна. Малын чанар муудаж, бэлчээрийн ургац, бэлчээрийн шинж чанар муудсан учир малчид малын тоогоо цөөлж малаа чанаржуулах нэн шаардлагатай, чухал асуудал болоод байна. Мөн нэг малаас ах ашиг шимээ нэмэгдүүлэх, ашиг шимийн чанар сайн байх хэрэгтэй. Яагаад шууд ингэж хэлээд байна вэ гэхээр сүүлийн үеийн тоо баримтыг харахад арьс ширний үйлдвэрт өгч байгаа нийт арьс ширний 80 хувь нь стандартад тохирохгүй гэсэн үзүүлэлттэйгээр буцаагдсан байсан. Малын тарга тэвээрэг, ашиг шим нь багасах нь олон зүйлд нөлөөлдөг. Энэ буцаагаад байгаа шалтгааны нэг нь мал маш их гууртаж байна. Энэнээс болоод арьс цоорч, ашигтай талбай нь багасаж үйлдвэрүүд арьс шир хүлээж авахад хүнд болжээ.

-Гууртах нь малын шим тэжээл муудсантай холбоотой байдаг санагдаж байна. Тэгэхээр бэлчээрийн даац, цаг агаар, дархлаа гээд энэ олон зүйлүүд бүгд ашиг шимийг муутгаад байна аа даа?

-Тийм ээ. Энэ асуудлыг дээр үед хэрэгжүүлж байсан аргаар өөрчлөх боломж бас бий. Одоогийн нөхцөл байдлыг арай дээрдүүлж болох юм.

-Ямар аргаар?

- Хуучинд худалдаа бэлтгэлийн анги мал аж ахуйн бүтээгдэхүүнийг хүлээж аваад ноолуурыг гэхэд гурван янзаар зэрэглээд, өнгөөр нь ялгаж цааш нь дамжуулах эсвэл хэрэгцээт зүйлсийг бэлтгэх, үйлдвэрлэх, солилцон арилжих зэргээр дамжлагаар ажилладаг байсан. Одоо бол зарим орон нутаг цөөн тооны хоршоонууд үүнийг хэрэгжүүлж байгаа. Энэ аргыг ерөнхий санаанд нь тулгуурлан илүү боловсронгуй болгож, орчин үеийн санаа, судалгаатай хавсруулан хэрэгжүүлэх боломжтой шүү дээ.

-Хэрэгжүүлж буй хоршоонуудыг дурдвал?

-Увс аймгийн Өмнөговь сум, Завхан аймгийн Дөрвөлжин сум, Дундговь аймгийн Адаацаг сум, Хэнтий аймгийн Баян-Овоо сум гэх мэт эдгээр сумдын хоршоонууд бий. Өнгөрсөн жил хоршоодын хөдөлгөөн өрнөж малчид хоршоонд их хамрагдсан. Хөдөө аж ахуйн яамны Хоршоологчдын холбооны дүгнэлт гарсан. Нийт хоршооны 30 гаруй хувь нь тодорхой бус үйл ажиллагаатай, 25-30 гаруй хувь нь яг заасан үүргийн дагуу идэвх, чармайлттай ажиллаж байна. Энэ нь цаашдаа хоршооллын байгууллагууд жижиг дунд үйлдвэрлэлийг хөл дээр нь босгох гол арга гэж харуулж байгаа юм. Хоршоо гэдэг анх бий болж байсан үед Эд хэрэглэгчдийн хоршоо гэж байсан. Энэ цаашлаад худалдаа бэлтгэлийн анги, Худалдааны яам болсон. Хоршоо байна гэдэг нь малчдын хувь хөгжих эхлэл гэж харж болно.

-Одоо цагт хоршоогоор дамжуулахгүй бидний хэлдгээр ченжүүдийн гараар дамждаг шүү дээ. Энэ ямар сөрөг болон сайн талтай бол?

-Ченжийн гараар дамжина гэдэг нь ямар малын ямар мах гэдгийг мэдэхгүй идэх цаашлаад эрүүл мэндээрээ хохирох асуудлын эхлэлийг тавьж байгаа юм. Тодорхой яривал малын хулгайчид янз бүрийн мах нядалгааны газруудтай хуйвалдан малыг гарал үүслийн бичиггүй, чанарын гэрчилгээгүй дамнуулан зарж байна. Энэ асуудалд малчид гэлтгүй нийслэлийн иргэд ч гэсэн санаа тавих хэрэгтэй. Орон нутгийн хамаатан садантай хүмүүс наад зах нь тэжээл бэлтгэхэд нь тусалсан ч болно.

-Тэжээл бэлтгэх хамгийн энгийн арга юу вэ?

-Хоршооны аж ахуй байгууллаа гэхэд худгийн дэргэдэх хашааг бариад тэндээ ногоон тэжээлээ тарьж болно. Эсвэл өвөлжөөний бууцан дээр ногоон тэжээлээ тарьж бэлтгэх боломжтой.

-Гарал үүслийн бичиггүй малын мах ямар үр дагаврыг дагуулах уу?

-Гарал үүслийн бичиггүй малын мах гэдэг баталгаагүй, хэзээ сүүлд тариа тарьсан, ямар өвчтэй байсан нь тодорхойгүй махыг хэлнэ. Малын вакцин тариаг дур мэдэн хийх, дутуу хийгээд тухайн малыг ченжүүдэд борлуулдаг. Энэнээс болоод малын мах антибиотиктой, эрүүл бус болно гэсэн үг. Хүмүүс идээ шиг зүйл идсэн байна, энэ юу вэ гэж асуух тохиолдлууд байдаг. Тэр бол вакцин, цагаан тариа ч юм уу нэмэлт зүйлээс үйдэлтэй зүйл юм.

-Бусад улсуудад энэ асуудлыг хэрхэн шийддэг бол?

-Би 2006 онд Францад явж байхдаа фермийн үйл ажиллагаатай танилцаж байсан юм. Францад фермүүддээ хатуу төлөвлөгөөг өгчихдөг юм байна лээ. Нэг малд тарих тарилга, өвчтэй байсан бол эмчилгээний явцад хэрэглэсэн эм бэлдмэл, тарилга нь бүгд бүртгэлд ордог. Орсон бүртгэлийн мэдээллийн тухайн малын бүтэн мах буюу манайхны хэлдгээр гулууз махтайгаа цааш нь дамжуулдаг. Тухайн бүртгэлд оруулаагүй малыг хүн амын хүнсэнд ашигладаггүй. Нэг ёсондоо идэх махаа анхнаас нь бэлдээд байна шүү дээ. Фермийн үйл ажиллагаа ингэж явдаг. Монгол малчид өмнө нь одоогийн арга барилаар болоод ирсэн ч гэсэн юм хөгжихтэй зэрэгцээд асуудал бас давхар хөгжиж байна. Хүнсний аюулгүй байдал бол маш олон зүйлийн эхлэл бөгөөд хамгийн чухал зүйл.

-Одоогийн нөхцөл, цаг уурт малаа чанаржуулах аргыг малын бэлчээрээс эхлэх нь зүйтэй юу?

-Тийм ээ. Малаа эрт бэлчээ, өглөө эрт гаргаад сайтар цатгах, өдөртөө дэнж газар юм уу голын зүлэг дээр амраагаад дахин бэлчээрлүүлэх зэргээр анхаарал тавьж бэлчээх нь зүйтэй. Зарим тэргүүний малчид шөнө бэлчээж байсан туршлага зөндөө бий. Хангай газрын малчдад энэ боломж их бий. Харин төвийн аймгуудад зарим талаараа боломж бага. Гэхдээ орон нутагт тохирсон аргууд бий. 1980 оноос эхлээд 1990 он хүртэл хийсэн судалгаагаар мал маллах технологийн бүх заавар зөвлөмж гарсан. Одоо үед тэрийг хоцрогдсон гэдэг юм уу яагаад ч юм баримталхаа больсон. Өнөө үед малын тооны араас биш малын ашиг шимийг авахын тулд малаа маллаарай гэж л хэлмээр байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Өлзиймаа

СУИС КТМУС-ийг 2021 онд төгссөн. Сэтгүүл зүйн салбарт анхны жилээ ажиллаж байгаа. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button