"Түймрээр эхээсээ өнчирсөн хоёр янзагыг хариуцлагатай айлд хүлээлгэн өгнө"

Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын ойн түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг өөрсдийн нутагт нь амьдардаг хариуцлагатай айлд хүлээлгэж өгөхөөр болсон байна.
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд гарсан ойн түймрийн үеэр түймэрт өртөж, эхээсээ өнчирсөн 2 янзагыг ОБЕГ-ын алба хаагчид олсон талаарх мэдээлэл бүхий зураг цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл уг хоёр янзагыг алба хаагчид Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газарт хүлээлгэн өгсөн ба Байгаль орчны хяналтын газрын улсын байцаагч болон бусад ажилчид тэднийг хамгаалалтандаа авч, угжаар хооллож байгаа юм.

Бид энэхүү хоёр янзагын цаашдын талаарх нөхцөл байдлыг тодруулахаар Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газартай холбогдлоо.
Сэлэнгэ аймгийн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Онон хэлэхдээ, “Одоогийн нөхцөл байдалд Байгаль орчны газар буюу бидний хариуцсан түймрийн цэг "Худгийн гуу" хэмээх газарт гарсан галыг бүрэн унтраасан байдалтай байна. Эрсдэл үүсэхээс сэргийлж, цурмыг манаж, ажиглаж байгаа. Хоёр янзагын хувьд гэвэл, гурван өдрийн өмнө ОБЕГ-ын ажилчид надад хүлээлгэн өгсөн. Тэд түймэр унтрааж явахдаа олсон юм байна лээ. Хоёр зэрэг олдсон боловч ихэр биш. Биеийн харьцаа нь үл ялиг том, жижиг. Нэг нь эр, нөгөө нь эм. Тухайн нутагт өвөлжиж, зусдаг, тэднийг өсгөж, том болгох чадвартай, хариуцлагатай айлд хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй байгаа. Өнөөдрийн байдлаар бол Сэлэнгэ аймгийн Байгаль орчны газрын асаргаа, хяналтан дор аюулгүй байгаа. Цурмыг ажиглаж байгаад, харьяа сум нь хүлээн авах боломжтой болбол аймаг дээрээс хоёр янзагаа очиж аваад, сонгосон айлд өөрийн биеэр хүргэж өгнө” хэмээн мэдээллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.